Найруулагч Б.Даваасүрэн: Хүүхэлдэйн театр жүжигчин хүний тайзан дээр хийж чадахгүйг хүүхэлдэйгээр дамжуулж бүтээдэг
Монголын театрын урлагийн салбарт шинэ салхи, шинэлэг мэдрэмжийг өгч буй залуу найруулагч, жүжигчин Б.Даваасүрэнтэй ярилцлаа.
Түүний хувьд ОХУ-ын Санктпетербургийн театрын урлагийн академийг жүжигчин, тус улсын зүүн Сибирийн урлагийн их сургуулийг найруулагчаар төгссөн бөгөөд ОХУ-ын ГИТИС-ийн магистрантыг дүүргэсэн байна. Сургуулиа төгсөж ирээд Монголын Хүүхэлдэйн театрт жүжигчин, ОХУ-ын Улаан-Үд хотын “Үлгэр” театрт жүжигчин, найруулагч, 2022 оноос PRO театрын найруулагчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй. Мөн Монгол болон Оросын Холбооны Улсын театрт 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрд ажилласан, “Зараа”, “Баавгайн түүх”, “Хамгийн шилдэг аав” зэрэг хүүхдийн жүжгийн найруулагчаар ажилласан туршлагатай уран бүтээлч юм.
Тэр хамгийн сүүлд "Хөхөө Намжил" Монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн "МОРИН ХУУР" хүүхэлдэйн драмын найруулагчаар ажилласан бөгөөд энэ сарын 13-нд үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ.
-Миний бага нас театрт өнгөрч, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл минь тэндээс л ассан-
-Таны мэргэжил сонголтоос яриагаа эхлүүлье. Анх яагаад хүүхэлдэй театрын жүжигчин, найруулагч мэргэжлийг сонгох болсон юм бол?
-Би 2010 онд 10 жилийнхээ сургуулийг төгсөөд мэргэжлээ сонгох үйл явц дээрээ “ОХУ-руу хүүхдүүд явуулах гэж байна” гэсэн мэдээллийг аваад бэлдэж эхэлсэн. Түүнээс хойш шалгалтдаа ороод, тэнцээд Санктпетербург хотын хүүхэлдэйн чиглэлийн жүжигчний ангид эхлээд орсон. Мэргэжлээрээ суралцаж дуусаад Улаан-Үүд хотод найруулагч мэргэжлээр суралцаад, түүний дараагаар найруулагчаараа Москвад магистраа хамгаалсан.
-Тэгэхээр 10 жилдээ урлагийн авьяастай байжээ?
-Ээж аав минь театрт ажилладаг хүмүүс байсан л даа. Ээж минь Орхон аймгийн Эрдэнэт чуулгын найруулагч хүн саяхан тэтгэвэртээ гарсан. Тэр ч утгаараа миний хүүхэд нас театрт өнгөрсөн. Бас хүүхэд насандаа бүхий л төрлийн дугуйлан секцэд хамрагддаг байсан. Энэ мэтчилэн зүйлүүдийг намайг жүжигчин, найруулагч мэргэжлийг сонирхоход нөлөөлсөн юм байна.
-Та Санкт-Петербургт суралцаж төгссөн шүү дээ. Ямар аз, од, тохиолоор тэнд суралцах боломж олдож байсан юм бэ?
-2010 онд БШУЯ-аас ОХУ руу жүжигчний мэргэжлээр хүүхдүүд явуулах зар тараасан. Би Эрдэнэт хотоос тэр шалгаруулалтад орох гээд ирсэн юм. Миний аав, ээж хоёулаа урлагийн хүмүүс бий. Ээж минь Эрдэнэтийн театрт 30 гаруй жил найруулагч хийж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Тиймээс бага нас минь театрт өнгөрч, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөл минь тэндээс л ассан. Мөн ОХУ-ыг зориход том түлхэц болсон зүйл нь миний хэлний мэдлэг байсан. Учир нь би Орос хэлний сургуульд сурдаг байсан юм. Тухайн үед 400 гаруй хүүхэд шалгалт өгөхөд 17-г үлдээсэн. Харин эдгээр хүүхдээ сарын хугацаанд бэлдсэний эцэст Санкт-Петербург хотоос багш нар ирж шалгаад 10-ыг нь авсан. Санкт-Петербург хотын театр урлагийн сургууль нь ОХУ дотроо их том ялгаатай. Учир нь илүү баруунтай ойр гэдэг утгаараа аж амьдрал, хүмүүс нь европжсон байдаг байлаа. Театрын урлаг нь ч ялгаагүй илүү хөгжингүй байсан санагддаг юм.
ОХУ-ын театраас бид таван уран бүтээлчийг ирж ажиллаач гэж урьсан юм. Эргэж очоод тодорхой хугацаанд ажиллалаа. Цаашдаа ч үргэлжлүүлээд ажиллах боломж бүрэн байсан боловч ярилцаж байгаад эх орондоо ирэхээр шийдсэн. Учир нь анх явахдаа л төгсөж ирээд өөрсдийн театрыг байгуулж, Монголдоо ажиллана гэсэн зорилготой явсан болохоор тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр “PRO” театраа байгуулсан.
-Очоод орчинд нь суралцаад ирсэн чинь энд бодож байсан гэгээлэг бодлууд өөрчлөгдсөн үү?
-Бидний очсон хот яг л музейд явж байгаа юм шиг их гоё үлгэрийн хот. Байшин барилгын архитектур нь олон жилийн өмнө баригдсан түүхийн өв байсан л даа. 10 жилээ Эрдэнэт хотод сурч төгсөөд шууд тийм содон хотод очсон учраас эхлээд маш сонирхолтой сайхан байсан. Очоод ч их хурдан дассан.
-Театраа байгуулаад мөрөөдөж ирсэн уран бүтээлээ тайзан дээр амилуулж байгаагийн хувьд хамгийн сайн ойлгосон зүйл нь баг бүрдүүлэлт-
-PRO театр үндсэн хэчнээн уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Гаднаас мөн уран бүтээлчид урьж тоглуулдаг юм билээ?
-Нэг ангийн зургаан залуу уран бүтээлч нийлж театраа байгуулсан. Тэгээд бид нэмж залуу таван уран бүтээлч театртаа авсан.
Театраа байгуулаад хүсэж мөрөөдөж ирсэн уран бүтээлээ тайзан дээр амилуулж байгаагийн хувьд хамгийн сайн ойлгосон зүйл нь баг бүрдүүлэлт юм билээ. Зөв хүмүүсээ бүрдүүлж, зохион байгуулалттайгаар ажиллаж чадвал өдөр хоногууд тэгтлээ хэцүү өнгөрдөггүйг анзаарсан шүү.
Мэдээж аливаа уран бүтээлд 100 хувь төвлөрч орсон үед цаг завгүй байх нь гарцаагүй. Зөвхөн энэ бүтээлээр амьсгалж, унтаж сэрэхдээ ч жүжгийнхээ талаар л бодож эхэлнэ. Ингээд ирэхээр хувийн амьдрал алдагдаж байгаа юм л даа. Азтай нь гэвэл гэр бүлийнхэн маань энэ бүгдийг ойлгож, ээж, гэрийн эзэгтэйн үүргээс намайг маш сайн чөлөөлж өгсөн.
-Та бүхэн их олон талт байдлаар ажилладаг юм билээ. Өмнөх найруулагч энэ удаа гол дүр. Та гол дүр байсан бол энэ удаа найруулагч. Өмнөх зураач одоо тайзны засал чимэглэл гэх мэт олон төрөлд хөрвөөх чадвартай харагдсан
-Бидний анхны мэргэжил бол жүжигчин. Дараа нь өөр өөр газруудад найруулагчаар сурцгаасан. Боломж нь гэх үү, шаардлага нь гэх үү, хүсэл нь гэх үү байгаад байгаа.
Зураачийн хувьд гэвэл, манайд тайзны зураачийн мэргэжилтэй хүн их ховор л доо. Хоёрт, бидний төгссөн мэргэжил хүүхэлдэйн театрын жүжигчин. Тийм болохоор оюутан байхдаа бараг бүх юмаа өөрсдөө хийдэг байсан. Адаглаад даавуу авчраад хайчилж, будаж, зүүж, наагаад л. Хүүхэлдэйгээ ч өөрсдөө хийдэг, тийм хичээл ордог байсан. Иймд зураачаар ажиллах туршлага бүрдсэн гэх үү дээ. Бас нэг юм гэвэл, бид оюутан цагаасаа хамтдаа ажиллачихсан, нэгнээ ойлгодог болсон.
-Найруулагч гэхээр л ууртай, ширүүн хүмүүс төсөөлөгдөөд байдаг юм. Таны хувьд ямар арга барилаар ажлаа хийж, багаа чиглүүлж ажилладаг вэ?
-Залуу хүний хувьд ажлын арга барилаа олох гээд судалж, суралцсаар л байна. Сүүлийн үед хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээс маань намайг хэтэрхий зөөлөн байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Миний хувьд захирангуй байдлаар багаа удирдахаас илүү нэг сэтгэлтэй, нэг зорилготой хамт олныг бий болгох нь хавь илүү үр дүнд хүргэнэ гэж боддог юм. Тиймдээ ч өөрийн арга барилаар ажлынхаа ард гарчихсан явж байна.
Гэхдээ зөөлөн гэдгийг зөв ойлгох хэрэгтэй болов уу. Зарим өдөр ажил огт бүтэхгүй байх тохиолдол бий. Тэр үед өөрөө хатуужилтай байж, хамт олныхоо хүсэл эрмэлзлийг унтраахгүйгээр харилцах хэрэгтэй. Мэдээж орой нь гэртээ хариад ямар гарц гаргалгаа байгааг тунгаан бодоод маргааш нь маш хөнгөхөнөөр шийдлүүдээ ярилцаж, асуудлаа шийдээд явдаг.
-Манай уран бүтээлчид гаднын уран бүтээл, театрын хөгжлийг сонирхож, хуулбарлах бус тэндээс суралцах нь зөв-
-Залуу найруулагчид цөм л гаднын зохиолыг барьж авч байна. Гэхдээ Монголын олон сайхан сонгодог зохиол бий шүү дээ. Таны хувьд тэдгээрээс тавьж, үзэгчдэдээ хүргэх бодол бий болов уу?
-Театрт өөрийн гэсэн хэтийн зорилго, жил жилээр гаргасан уран бүтээлийн төлөвлөгөө гэж байгаа. Яг энэ дуу хоолойг бид өнөөдрийн нийгэмд хүргэхийг хүссэн. Залуус талбай дээр гараад тэмцэж байгаа шиг бид хийж дадсан ажлаараа дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байгаа юм. Тэгэхээр манай PRO театрын хувьд “Инээмтгий хүн” зохиолоор энэ нийгмийн дүр төрхийг дамжуулан илэрхийлсэн. Харин Ёндоо ахын хувьд “Сычуаны сайн хүн” жүжгээ тавиад, дараа нь “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтраад “Шөнө буусан аадар” монгол жүжиг найруулсан. Үүнтэй адил бидний төлөвлөгөө жагсаал дотор монгол уран бүтээл бий. Аль болох сөөлжлөөд явахыг бодож байгаа.
-Өнөөдөр Монголын урлагт олон төрлийн театр бий болж, уран бүтээл хийж байгаа нь авууштай. Түүнийг нь ч бид алгаа ташаад л магтаж байна. Гэтэл өнөөдрийн энэ хөгжлийг олон улс, ялангуяа ОХУ-ын театруудтай харьцуулахад дутуу болоод давуу тал нь юу юм бол?
-Давуу талаас нь эхэлье. Манай монгол жүжигчид их харизмтай. Нэг текст хэлээгүй ч бай нүдний илэрхийлэмж, биеэс цацарч байгаа харизмаараа тэс өөр. Тийм ондоошил монгол хүний генд байдаг байх. Харин ялгаатай сул тал гэхээс илүү манай уран бүтээлчид бусдаас өөр байж, хаана ч дахин давтагдахгүй ондоошлоо л гаргаж ирэх нь чухал гэж бодож байна. Мөн гадны уран бүтээл, театрын хөгжлийг сонирхож, хуулбарлах бус тэндээс суралцах нь зөв юм болов уу.
-Сүүлийн 20 гаруй жил эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулж театрын уран бүтээлийг хамтдаа үзэх нь маш ховор болсон-
-Та хүүхэлдэйн театрын жүжигчин, найруулагч шүү дээ. Энэ төрлийнхөө онцлогоос дурдвал?
-Хүүхэлдэй театр гэхээр манайхан ихэнхдээ хүүхэдтэй л холбож ойлгоод байдаг. Манай хүүхэлдэйн театр зөвхөн хүүхдэд зориулахаас гадна насанд хүрэгчдэд зориулсан нэлээн хэдэн уран бүтээл хийсэн. Бид ч гэсэн цаг хугацаа өнгөрхийн зэрэгцээ ахиж дэвжээд яваад байгаа гэсэн үг.
Мөн зөвхөн хүүхэлдэйгээр жүжиглэхээс илүүтэй жүжигчид маань өөрсдөө гарч ирж драмын үзүүлбэрүүдээр тоглодгоороо давуу талтай. Ер нь бидний сурсан, бидний ойлгосон хүүхэлдэйн театр бол хүүхэлдэй жүжигчин хүний тайзан дээр чадахгүй байгаа зүйлийг хийнэ. Магадгүй тэнгэр дээр гараад нисэх хэрэгтэй болох юм бол хүүхэлдэйнийхээ тусламжтайгаар тухайн сценийг хийх жишээний. Энэ бие организмаараа тайзан дээр гараад хүн хийхэд бэрхшээлтэй зүйлийг хүүхэлдэй бид нарт хийж өгдөг гээд ойлгочиход болно. Харин хүүхэлдэйний дотоод сэтгэлийг үзэгчдэд илүү ойлгуулахыг хүсэх юм бол жүжигчид өөрсдөө ур чадвараа ашиглах зэргээр хольж жүжиглэлтээ гаргадаг.
-Хүүхдүүд хэр их жүжиг үзэж байна. Мэдээж оюутан байх үеэсээ л ур чадвараас гадна зах зээлийн судалгаанууд хийсэн байх
-Үнэнийг хэлэхэд, үзэгч цөөн байгаа. Гэхдээ санаснаар үзэгчидтэйгээ харилцахад яах аргагүй үзэгч бага байгаа. Иймээс энэ байдалд өөрчлөлт хийхийн тулд хүүхэд театрт ирж, театрын соёлтой танилцах нь чухал. Тэгэхээр театрын үзэгчид бид хүүхэд байхаас нь бэлдэх ёстой юм байна гэсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шинэ жилээр бид хүүхдийн уран бүтээл хийсэн, амжилттай сайхан болж өнгөрсөн. Манай театрын уран бүтээлийн хувьд зөвхөн баяртай холбоотой гэлтгүй сардаа, хоёр сардаа нэг ч юм уу хүүхдийн жүжгийн төлөвлөгөө гарах байх. Мөн онцлон хэлэхэд ганц РНЦК-ийн тайзан дээр гэхээс илүү хүүхдийн төрсөн өдөр, арга хэмжээ, цэцэрлэг, сургууль дээр нь очоод тоглох ч боломжтой. Нэг ёсондоо хаана очиж хүүхдэд театрыг түгээж болохоор байна, тэр газар нь тоглох боломжтой.
-Сүүлийн жилүүдэд Хүүхэлдэйн театрын тайзнаа үзүүштэй уран бүтээл тавигдсангүй гэж шүүмжлэх хүмүүс бий. Театрыг зорин ирэх үзэгчдийн тоо буурсан уу?
-Улсын хүүхэлдэйн театр маань жилд 2-3 уран бүтээл шинээр тавьж, жилд 20-30 уран бүтээлийг үзэгч хүүхэд багачууддаа хүргэдэг. Тус театр нь нэг удаа уран бүтээлээ хүргэхдээ өөрийн байранд 150 хүртэл хүнд үйлчилдэг ба жилдээ 18 мянга орчим хүүхдэд үйлчилж байна. Энэ нь Улаанбаатар хотод амьдарч буй нийт хүүхдийн 3.4 хувь, улсын хэмжээнд 1.43 хувьд үйлчилж байна гэсэн үг. Манай театрын үзэгчийн тоо буураагүй. Харин ч байнгын үзэгчдийн тоо маань өсч байгаа. Энэ нь бид долоо хоног бүрийн хагас, бүтэн сайны амралтын өдрүүдэд өдөрт гурван удаагийн давтамжтайгаар сард найман уран бүтээл хүргэдэг нь байнгын үзэгчийн тоог нэмэх гол үндэс болж байгаа юм.
Шүүмжлэх гэдэг асуудал дээр нэг зүйл байна л даа. Мэдээж иргэдэд хүрч үйлчлэхэд байр маш том асуудал болж байгаа. Нөгөөтэйгүүр сүүлийн 20 гаруй жил эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулж театрын уран бүтээлийг хамтдаа үзэх нь маш ховор болсон.
-Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг та “Хөхөө намжил” Монгол ардын домог үлгэрээс сэдэвлэсэн-
-Ингэхэд маргааш үзэгчдэд хүрч эхлэх гэж байгаа “Морин хуур” хүүхэлдэйн драмныхаа бүтсэн түүхээс яриач?
-Энэхүү жүжгээр дамжуулан морин хуур хөгжмийн үүсэл хөгжлийн талаар үндэсний өв соёл, түүх домгийн тухай хүүхэд багачууд болон бүхий л насны үзэгчдэд урлагаар гоо зүйн боловсрол олгох зорилгоор тайзны уран бүтээлийг туурвиж байна.
Морин хуур хэмээх гайхамшигт хөгжим үүссэн сэтгэл хөдөлгөм түүхийг та “Хөхөө намжил” Монгол ардын домог үлгэрээс сэдэвлэсэн.
Хөхөө намжилын хувьд бол хүүхэлдэйн театрын анхны уран бүтээлээрээ юу хийх вэ гэж их бодсоны үндсэн дээр “Морин хуур гэдэг зүйлийг айл болгон гэртээ хүндэтгэн залсан байдаг. Хүүхэд багачууд түүнийг нь хараад “Аан нэг ийм хөгжим байдаг даа” гээд анхан түвшинд мэднэ шүү дээ. Бид тэр ойлголтыг илүү гүн рүү нь “Морин хуур хөгжим анх яаж үүсэн юм, энэ хөгжим яаж дуугараад байгааг, бид энэ хөгжмийг хэрхэн хүндэтгэх ёстой” зэрэг хүүхдүүдийг зөвхөн гаднаас нь хараад өнгөрөх бус үүх түүхийг нь мэдээсэй гэж хүссэндээ найруулсан. Хүн болгон гэртээ залсан морин хуураа ямар нэгэн тэмдэглэлт баяраар гаргаж ирээд тоглочтидог байгаасай, тоголж сурах хүсэл эрмэлзэлтэй болоосой гэсэн мессежүүдийг хүргэх нь манай баг хамт олны гол зорилго.
-Хүүхэлдэйн театрт жүжигчдээс гадна, арын албаныхан чухал үүрэгтэй байх
-Энэхүү жүжиг дээр багийг их цөөхөн бүрэлдэхүүнтэй бүрдүүлье гэсэн санаатай байсан. Гэвч хүүхэлдэйн театр бол цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй байхад маш хэцүү байдаг. Яагаад гэвэл хүүхэлдэйг дор хаяж 1-3 болон түүнээс дээш хүн тоглуулдаг учраас тоо цөөхөн байх хэцүү байдаг. Гэхдээ яаж ийж байгаад үүнийг цөөхүүлээ хэр нь хүүхэлдэйний чанар алдагдахгүй байдлаар яаж ард нь гарах вэ гэсэн хайлт явагдаж байна. Тэгээд яг тайзан дээр байгаа уран бүтээлчдээс гадна үйлдвэр анги болон зураачийн баг, маркетинг, гэрэл техник гэсэн маш том багууд ажилладаг. Ингээд яриад үзэхээр энд цөөхөн биш их олон хүний хөлс хөдөлмөр шингэж хийгдэж байна.
-Ер холын амбиц хэр том бэ. Бусад театруудтай өрсөлдөх, харьцуулагдах агуулгыг хэрхэн хардаг вэ?
-2026 он хүртэлх төлөвлөгөөгөө ерөнхийдөө ярьчихсан байгаа. Энэ бол амбицын багахан илэрхийлэл болов уу. Маркетинг талаасаа эхний жилүүдэд монголчуудад боломжийн хэрээр танил болсон зохиолуудыг барьж авах бодолтой байгаа.
-Холын алсдаа?
-Өөрийн гэсэн театртай, байнга жүжиг тоглогдож байдаг, хүмүүс төлөвлөгөө хуваарийг харж, билетээ захиалж байдаг, ийм орчин үеийн том театр болоосой гэж хүсдэг. Сүүлийн жилүүдэд театрын урлагт өөрчлөлт орж байна. Тэр өөрчлөлтийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь байгаасай гэж хүсэж байна. Эргээд харахад хувь нэмрээ оруулсан байгаасай, түүх үлдээсэй гэсэн зорилготой.
-Ярилцсанд баярлалаа
Театр бүр нэг сэдэв, нэг өнгө төрх, нэг хэллэгтэй байх аргагүй бөгөөд тэгэх ч ёсгүй. Харин бусдын үзүүлж чадахгүй, өөрсдийн онцлогт тохирсон төрөл, хэлбэрээр дагнах хэрээр театрын соёл бий болдог.
“Про” театрын хувьд онцлог нь мөнөөх хүүхэлдэйн театрын суурь юм. Оюутан байхдаа хүүхэлдэй төдийгүй бусад хувцас, хэрэгслүүдээ ч өөрсдөө хийдэг байсан туршлагадаа үндэслэн, тэд Монголд төдий л ойлгогдоогүй байгаа хүүхэлдэйн театрын сонирхолтой элементүүд дээр ийнхүү ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.