Top StoriesНийгэм ярилцлага

Д.Жаргал: "Монгол төрийнхөө тугийг залаг" гэж зүс ижил есөн шарга морио төрд бэлэглэсэн

Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслолд голлон үүрэг гүйцэтгэдэг төрийн торгон сүрэгт зүс ижил, нас чацуу есөн шарга морио бэлэг болгоод буй Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач Дэмэгийн Жаргалыг бид энэ удаа онцлон ярилцлаа. Түүний хувьд удам залгасан адуучин бөгөөд төрдөө хүндэтгэл үзүүлж, морьдоо төрийн ажнай болгохоор бэлтгэн Зэвсэгт хүчний жанжин штабт хүлээлгэн өгөөд байгаа юм.

Иймд бид Д.Жаргалтай адуун сүрэг болон түүний төрд өргөж буй бэлгийг морьдын талаар ярилцлаа.

-Өөрийн сүргээс зүс ижил есөн шарга морийг Монгол төрдөө бэлэглэх шийдвэрийг хэзээ, яагаад гаргах болсон талаар яриа эхэлье.

-Сүүлийн үед төр ард түмний холбоо их холдсон шүү дээ. Ард түмний төрдөө итгэх итгэл алдарч төрийн нэр хүнд суларсан. Тиймээс нас ахиж яваа хүний хувьд яаж зөв үлгэр дуурайлал болох уу, ард түмэн болоод төрийн холбоог яаж эвцэлдүүлэх үү, хойч үе, үр хүүхэд болон ах дүүстэй ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ гэж үргэлж бодож явдаг. Тэгсэн гурван жилийн өмнө манай том хүү төрдөө есөн шарга адуу бэлэглэвэл яасан юм гэсэн санаа гаргасан. Би ч тааламжтай хүлээн авч бид гурван жилийн өмнөөс энэ ажилд бэлтгэж эхэлсэн.

-Ямар насны морьдыг Монгол төрийн Есөн хөлт цагаан тугийг залах үйлд гурван жилийн турш бэлтгэв?

-Хамгийн түрүүнд морьдоо нэгэн жил шарга зүстэй болгож, насыг нь ижилсүүлэн бага адуунуудаа үрээ болгон бэлтгэсэн. Хэдий манайх шарга зүсмийн адуу олонтой ч гэсэн яг нас нь ижил, бүгдээрээ улаан шарга байх ёстой гэж үзээд, жигдлэхийн тулд анхаарч ажилласан. Тэгээд морьд маань ч бэлэн болж энэ жил бас манай сумын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор морьдоо энэ зундаа багтаан бэлэглэхээр болсон юм. Бид ч таньдаг мэддэг хүмүүсээрээ дамжуулан Жанжин штабтай холбогдсон. Дараа нь сонгуулиас өмнө Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярт учир явдлаа уламжилсан. Сайд бидний саналыг маш дуртай хүлээж авсан. Гэхдээ сонгуулийн дараа хүлээлцэхээр болж, сайд сонгуулийн дараа биднийг дуудаж, Жанжин штабтай уулзуулснаар бид ярилцаж өдөр судраа товлосон. Тэрнээс хойш нэг их удаагүй ээ. Ярилцсаны дагуу Намрын тэргүүн сарын шинийн 3-нд манайд Зэвсэгт хүчний жанжин штабаас хүмүүс ирж, есөн шарга морийг маань ёс төртэй хүлээн авсан.

-Ийм гайхалтай явдлын гэрч, өглөг барьж буй эзэн нь болоход ямар санагдаж байв? 

-Маш сайхан байдаг юм байна. Адуун сүргээсээ морьдоо бариад бүгдийг нь нэгэн ижил тоноглоод зогсож байхад омогшиж байсан нэг зүйл нь есөн шаргийн маань зүс үнэхээр сайхан жигдэрсэн байсан. Бүгд улаан шар нэгэн жигд харагдаж байсан. Тиймээс бидний сэтгэл ч өндөр байсан. Морьдыг маань хараад хүлээж авахаар ирсэн хүмүүсийн сэтгэл ч хөөрч баярлан хүлээж авсан. Тэд “Үнэхээр сэтгэл гаргасан байна. Зүсийг нь гоё жигдэлсэн байна. Бид ингэж жигдэлж чаддаггүй юм” гэж байсан. Тэр үед би ч их баярлаж, омогшиж байсан.

-Төрд уяачид нэг шарга морь бэлэглэсэн талаар сонсож байсан ч олноор нь бэлэглэлээ гэж дуулаагүй. Есөн шарга морь нэг сүргээс бэлэглэж буй анхны тохиолдол болсон уу?

-Тиймээ. Энэ анхны тохиолдол нь гэсэн. Зэвсэгт хүчний жанжин штабт 1990-ээд оноос эхлэн алдарт уяачид нэг нэг шарга адуу бэлэглэсэн байж. Тэрнээс хойш нэг, хоёроор нь шарга зүсмийн адуу худалдан авч сэлгэдэг байсан юм байна лээ. Энэ мэтчилэн шарга зүсмийн адууны эрэл хайгуул хийдэг байсан гэсэн.

-Төрийн их есөн хөлт тугийг залах хүндэтгэлийн ёслолд оролцох морьд учир бэлтгэхэд нэлээд хугацааг зарцуулах байх. Таны сүргийг хэдэн жил бэлтгэж, хэзээ олонд ил гаргах боломжтой вэ. Энэ талаар цэргийнхэн дурдсан уу?

-Би анх есөн шарга морио бэлэглэх үедээ “та бүхэн гурван жилийн дотор бэлтгээд гаргахыг бодоорой” гэж хэлж байсан. Харин яг адууг маань ирж хүлээж авахдаа зүс ижилсүүлж бэлдсэн байдлыг хараад тэдний сэтгэл хөөрч “бид гурван жил хүлээхгүй. Хоёр жилийн дотор морьдыг нь бэлтгэж төв талбайд туг өргүүлнэ” гэсэн. Бас есөн шарга морь маань бүгдээрээ туг өргөхгүй. Найм нь өргөнө. Бид өгөхдөө бол есөөр нь өгсөн. Тэр дотор нэг засаагүй үрээ явуулсан. Тэгсэн туг өргөхдөө бол найман шарга морь байдаг. Хоёр загал түрүүлж явдаг юм байна. Тиймээс найман шаргийг маань бэлтгэж, нэг шарга үрээгээр маань азарга тавьж, уламжлал болгон үр төлөөр нь төрийн тугийг өргөх морьдыг бэлтгэж байхаар болсон. Маш сонин тохиолдол бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болж байна. Найман шарга маань төрд зүтгэж, нэг шарга маань төрийн их есөн хөлт тугийг өргөх адуун сүргийн манлай азарга боллоо. Цаашдын туг өргөх хүндэт үүргийг хүлээсэн морьд бүгдээр манай азарганы төлүүд байна гэсэн үг шүү дээ. Манай гэрийнхэн энэ үйл явдлыг маш их бэрхшээн хүлээж авсан.

-Морьдоо туг өргөх анхны ёслолыг гэр бүлээрээ Улаанбаатарт ирж үзэх үү?

-Очиж үзнэ дээ гэж бодож байгаа. Манай гэр бүл, хамаатан садан гээд хүлээж байгаа хүн их бий. Бүгдээрээ л очиж үзэхийг хүсэж байгаа. Батлан хамгаалах яамнаас бас тухайн үед нь хэл дуулгана гэсэн.

-Нэгэн ижил зүсмийн есөн шарга адуу нэг айлд байна гэдэг ховор үзэгдэл. Хос морьд гэдэг адуучин бүрийн хүсэл, адууны чимэг нь байдаг. Тиймээс ч танай адуун сүрэг маш их сонирхол татлаа. Шарга зүсмийн адуутай болсон түүхээ бидэнтэй хуваалцаач?

-Манайх хул шарга азаргатай. Сүхбаатар сумын Манлай уяач Аюушийн Ухна гэдэг хүний удмын хурдан азарга л даа. Тэр азарганыхаа төлөөр би Өвөрхангай аймагтаа ч олон айраг түрүү хүртсэн. Хурдан хүлгүүд минь тэр шарга азарганы маань төл, бас тэрний төл шарга гүүнүүд ч бий. Манай морьд мундаг хурдан удамтай, шарга зүстэй. Цэвэр монгол адуунууд байдаг.

-“Манайх цэвэр монгол адуутай” гэдгээ онцоллоо. Сүүлийн үед эрлийз адуу олширч, эрийн гурван наадамд уралдах болсон. Уяач хүний хувьд үүнийг та хэрхэн хүлээж авч байна?

-Би монгол адуугаа цэвэр цусаар нь хадгалж явах, монгол адуугаараа наадхыг илүүд үздэг. Үндэсний баяр наадмын тухай хуульд зургаан насны монгол адуугаар уралдана гэж заасан байдаг. Гэтэл сэрвээний өндрөөр уралдана гэдэг журам гаргаж байгаа нь харамсалтай. Журам нь хуулиа давчихсан. Гэсэн ч миний хувьд Үндэсний их баяр наадамд монгол морьд л уралдах ёстой гэдэг дээр байр суурь нэгтэй байдаг. Бас байр суурь нэгтэй хүмүүсийг нэгтгэж байгуулсан “Үндэсний морин уралдаан” гээд монгол морь уралдуулах холбоо байдаг. Би тэр холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байгаа. Монгол адуугаа дэмжих, монголынхоо өв соёлыг дээдлэх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулж, санаа оноогоо хэлэлцэж явна.

-Дээр дурдсан айраг, түрүү амжилтынхаа талаар сонирхуулаач. Морьдоо хэзээнээс уяж эхэлсэн бэ?

-Манайх ер нь хэзээнээс адуу мал сайтай айл байсан. Гэхдээ морь уядаггүй байлаа. Бүр сүүлд буюу 2001 оноос эхлэн морьдоо уяж эхэлсэн. Тухайн үеэс л моринд орж зүүн талаас хурдан угшлын адуу цуглуулах ажилтай болсон. 2003 оноос аймагтаа айраг, түрүү авч эхэлсэн. Энэ чигээрээ морь уяж явсаар 2005 онд сумын алдарч уяач цолыг хүртсэн. Түүнээс хойш нэг хэсэг сайн, хурдан адуу байсан хэдий ч уяагүй. Сүүлийн жилүүдэд цаг муудаж, ногоо сайн гарахгүй адуу мал маань Сүхбаатар, Хэнтийд нутаглаж яваа болохоор уяхгүй байгаа. Харин хүнд бэлэглэсэн унаган адуунууд маань одоо Булган, Архангай, Өвөрхангай аймгуудад хурдалж яваа.

-Монгол төрдөө морь бэлэглэсэн бас нэг шалтгаан нь зөв үлгэрлэх гэсэн. Харин таны энэ буянтай үйлийг хүмүүс мэдсэн болов уу. Түгээсэн үү?

-Морь бэлэглэснийхээ дараа найз нөхдөдөө хэлсэн. Тэгсэн сонссон хүмүүс монголд анх удаа болж байгаа буянтай сайхан үйл хэрэг байна. Энийг түгээх, дэлгэрүүлэх нь зөв гэж намайг их дэмжсэн. Тэгээд би нутаг нэгтэй танил болох Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой уулзаж, нэг хөөрхөн шторк бэлдээд нутгийнхаа ойн наадмаар нийтэд цацсан. Тэрнээс өөрөөр нэг их ил гаргаж чадаагүй. Миний хүсэл бол олон нийтэд хүртэл болоод бусдад зөв үлгэр болоосой. Төрөө хүндлээд төрөөсөө хүндлэл хүртдэг гэх гол санааг минь хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

-Сүүлийн үед хөдөө гарах залуусын тоо буурч, морь уях залуу уяач ховордоод байх шиг. Төрийн наадамд уралдах морины тоо ч жил бүр багсаж байна. Таны бодлоор энэ нь юунаас болж байна гэж харж байна.

-Ерөөсөө л эцэг өвгөдөөс уламжилж ирсэн энэ малчин ахуй, соёл тасарч байгаа нь морин уралдаантай холбоотой гэж боддог. Монгол морь уралдаж, наадам монголоороо болдог байх үед айл болгон шахуу морь уядаг байсан. Саяхан л улсын наадамд 500-600 морь уралдаж, аймгийн наадамд 300-аад морь уралдаж, сумын наадамд 100-200 гаараа уралддаг байсан шүү дээ. Хуучин монголын уламжлалт малчин ард, монгол хүн бүр өөрийн унаган адуугаараа уралдах сонирхолтой байлаа. Тэр үед хүн болгон морь уядаг. Айрагдаж, түрүүлэхийн төлөө биш. Монгол төрөө хүндэтгэж наадамд оролцдог байсан. Морь уях нь төрийн хэрэг иргэн нь төрөө хүндэтгэж буй хэлбэр гэж үздэг байсан үе. 100 даага уралдахад 90-д орж ирсэн ч хүүхэд, морь сайн уралдаж ирлээ гэж бэрхшээгээд түрүү, үзүүрт баяр хүргэдэг байсан. Тэгсэн гэнэт эрлийз адуу орж ирсэн. Хэний хаанахын ямар адуун мэдэгдэхгүй морьд аймаг, улсын наадамд ороод ирэхээр уяачид, малчдын сонирхол буурч морио уяхаа больсон. Малчид морио уяж, унахаа ч болиод ирэхээр малчдын тоо бас дагаж цөөрөөд байна гэж хардаг. Энэ нь ч бас төр засгийн бодлоготой холбоотой. Үндэсний их баяр наадамд зургаан насны монгол морь уралдана гээд хууль нь байсаар байтал. Засгийн газар, ХААХҮЯ нь журам гаргаад сэрвээний өндөр хэмждэг болчихсон. Эрлийз морь уядаг, эрлийз адуутай хүн ХААХҮЯ-ы сайд болчхоод хувийн ашиг сонирхлоороо шийдвэр гаргаж байгаа учир морь уядаг хүний тоо цөөрч, үзэгчдийн тоо ч багсаж байгаа. Түрүү магнайд хурдалж буй морийг харах гэж түмэн олон шавдаг байсан бол одоо түрүү магнайн эрлийз байхаар “өө эрлийз адуу байна” гээд буцах жишээний. Ийм л болчхоод байна даа.

-Морь уралдааны талаар журам батлахдаа уяачдаас санал авдаг. Тэгэхээр дийлэнх уяачид сэрвээний өндөр хэмжихийг дэмжсэн гэсэн үг үү?

-Монголын уяачдын холбоо бүх сумуудаар явж, уяачдаас санал асуулга авсан. Тэр санал асуулгаар уяачдын 90 хувь нь монгол адуугаараа уралдана, үүлдэр угсаагаар нь ялгана гэж санал өгсөн байсан. Гэвч уяачдын холбооны хурал хийгээд хэдэн том уяачдыг оролцуулж санал хураасан. Маргааш нь сэрвээгээр хэмжинэ гэсэн шийдвэр гаргасан байсан. Тэр үед уяачдын санал бодол зөрөлдөж, Монголын үндэсний морин спорт уяачдын холбоо гээд тусдаа холбоо салсан юм. Шинээр гарсан холбоо маань зөвхөн монгол морь уралдуулах журам гаргасан. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Уулбаян сум монгол адуугаараа уралдлаа. Дундговь аймгийн Өндөршил сум бас монгол адуугаараа уралдсан. Магнай их хурд, Түмний их хурд гээд монгол адуугаараа уралдаж байгаа газрууд байгаа. Гэвч нөгөө холбоо мөнгөтэй, эрх мэдэлтэй учир ихэнх уралдаан тэдний журмаар болж байгаа.

-Таныг сум, орон нутгийн ажилд идэвхтэй оролцож, иргэд рүүгээ чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг гэж сонссон. Тухайлбал ямар ажлуудыг хийж байв?

-Миний хувьд олон нийтийн ажилд зохих хэмжээгээр л оролцож ирсэн. Зарим нэг ажлаасаа яривал 2001 онд аймаг болгонд хаалга гэж байдаггүй байлаа. Тэр үед би хэдэн залуустай нэгдэж аймагтаа хүндэтгэлийг цагаан хаалгыг 2003 онд босгож байсан. Мөн Өвөрхангай аймгийн Уянга сум бол ардчиллын өлгий нутаг. Монголдоо хамгийн их төрийн түшээдийг гаргасан сум л даа. Тэрийг бас алдаршуулах зорилгоор 2004 онд Уянга сумандаа 13 метр өндөр эрх чөлөө, ардчиллын хөшөө босгосон. Тэр хөшөөг одоо ч хүмүүсийн зорьж очоод зургаа даруулдаг, хүндэтгэдэг.

Сүүлд гэвэл энэ жил сумынхаа 100 жилийн ойгоор ямар нэг онцлог зүйл хийе гэж бодсон. Морины Ю.Үнэнбүрэн манай сумын уугуул хүн шүү дээ. Түүний хувьд 2019 оноос эхлэн “Арц гурван богдын мөнхийн шүтээн” гэх том цогцолборыг сумандаа барьж, энэ жил сумын ойн наадмын өмнө өдөр нээлтээ хийсэн. Тиймээс би Ю.Үнэнбүрэнтэй ярилцаж, цогцолборынх нь нээлтийн үеэр “100 жилийг үдэж, дараагийн зуун руу шилжиж байгаа учир нутаг ус, ард иргэдээ сайхан ариусгаж, сэтгэлийн дэм больё” гэж шийдсэн. Энэ ажлынхаа хүрээнд “Жинсрэг бүтээх” гэж том үйлийг хийлгэхээр болсон. Улмаар Одсэр ринбүүчи гэх том гэгээнтнийг шавь нарын хамт залж ном уншуулаад уул, ус шүтээнүүдээ ариусгаж, ард түмнээ даатгасан. Түүнээс хойш гандаад удсан нутагт маань үргэлжилсэн бороо хэд хэдэн удаа орж, ойрын жилүүдэд болоогүй их сайхан зун боллоо. Тиймээс нутгийн ард түмэн маань ч их баяртай байгаа. Мөн би өөрөө аймгийн ИХТ-д гурван удаа сонгогдон ажиллаж сумаа дэд бүтэцтэй болгож байсан. Энэ мэтчилэн хийсэн ажил төрөл нэлээн бий.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-09-16 10:36

Сэтгүүлч О.Соёлмаа, бэрхшээх гэдэг үгийн утгыг мэдэж байна уу?

зочин
зочин
2024-09-16 11:30

сэтгүүлч минь зөв бичээчээ, юун бэрхшээх вэ, билэгшээх гэж монгол үг мэдэх үү, мөн адуу нь гэж бичнэ шүү

Basca Feiza
Basca Feiza
2024-09-16 12:04

сайн байцгаана уу. Ямар хайрлам юмбэ.

Jariga.mn
Jariga.mn
2024-09-16 13:04

Ямар муухай мухар сүсэгтэй юм бэ энэний оронд Ариун Сүнсний элчлэлтийг бий болгох ч Хонин Сүргийн Хурганы Цусаар Сатан-ыг ялагч болсон бол.Бүх үндэстний Хүсэл Чуулганы Ариун Сүнсний Мөнх амийн усаар унда�##�ж цангааг аа тайлахгүй.

Зочин
Зочин
2024-09-16 16:51

Pyaldaga zolig ve

Зочин
Зочин
2024-09-16 17:26

Бас "эвцэлдэх" гэдэг үгний утгыг мэдэх үү ? Энд ийм үгийг хэрэглэсэн нь зохимжгүй бна шоо !

Зочин
Зочин
2024-09-16 17:30

2024 онд Монгол Улсын ердөө 2-хон сум л монгол адуугаараа ур�##�днаа гэж тэнэгтсэн юм биз дээ ? Олныхоо урсг�##�ыг дагаж, хөгжлийнхөө замд нийлсэн нь дээршүү дээ, орон нутагтаа их л гай удах бололтой нөхөр юмаа даа !

Алтанзул
Алтанзул
2024-09-16 18:06

Яахнавдээ. Төрд өглөө гэхэд наадуул чин энэ сайхан морьдыг чинь хуваага�##� идчихнэ. Харин төрдөө зарах ёстой байсын.

Зочин
Зочин
2024-09-16 22:19

Умс гита болгуул янзтай даа

Бид
Бид
2024-09-16 22:00

Ямар сайхан үйл вэ, буян нь дэлгэрэх болтугай

Зочин
Зочин
2024-09-17 05:11

Маш их баярлаж байнаа. Сайхан буян хийжээ .

Холбоотой мэдээ

Back to top button