Хуулийн мэдлэгт #10: УИХ-ын үндсэн зорилт, чиг үүрэг, гишүүний бүрэн эрхийн тухай
Хуулийн мэдлэгт цувралын арав дахь дугаарт Улсын Их Хурлын үндсэн зорилт, чиг үүрэг, гишүүний бүрэн эрхийн тухай мэдээллийг хүргүүлж байна.
Иргэдийн хувьд Улсын Их Хурлыг хууль тогтоох чиг үүрэг бүхий байгууллага гэсэн ерөнхий ойлголттой байдаг бол нөгөө талаасаа ард түмний төлөөлөл болон сонгогдож байгаа учир өдөр тутам тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гэж ойлгох нь ч бий.
Монгол Улсын Их Хурал нь ард түмний төлөөллийн дээд байгууллага болохынхоо хувьд зөвхөн хуулийг баталдаг бус төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. [1]
Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэдэг. [2]
Бидний мэдэж байгаачлан Улсын Их Хурал нь нийгмийн амьдралыг зохицуулж буй хуулийг баталж, өөрчилж, хүчингүй болгож, Ерөнхий сайд, хуульд зааснаар тус байгууллагад ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүрэлдэхүүнийг томилж, огцруулж, мөн улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Өөрөөр хэлбэл улс орны хөгжил, ард иргэдийн амьдрал ямар байхыг бодлогын түвшинд тодорхойлдог чухал чиг үүрэг бүхий байгууллага юм.
Ард түмний төлөөлөл болж сонгогдсон гишүүд нь хууль тогтоомжийн төсөл санаачлах, байнгын хороонд заавал харьяалагдан ажиллах, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор асуулт асуух, санал гаргах Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуульд заасан журмаар гаргах, хууль тогтоомжийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан хариу өгөх, хууль тогтоомжийн төсөл санаачлах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх гэх мэтчилэн хуульд заасан бүрэн эрхийг эдэлж ажиллана. [3]
Харин Монгол Улсын Их хурлын дарга нь ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах, Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах, хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх, шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах гэх мэт хуульд заасан бусад эрхийг хэрэгжүүлж товчоор хэлбэл их хурлын үйл ажиллагааг удирдан, дэгийг сахиулах үүргийг хүлээдэг. [4]
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байх ба чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын, дэд, хянан шалгах түр хороо, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаан хэлбэрээр явагддаг. [5]
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхээр [6] Монгол Улсын Үндсэн хуульд заасан ба ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлж, Улсын Их хурлаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаарддаг байх нь иргэн бүрийн хариуцлагатай сонголтоос эхлэлтэй юм.
Эх сурвалж:
- [1] Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг
- [2] Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг
- [3] Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйл
- [4] Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйл
- [5] Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг
- [6] Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйл
Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК
Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.