Нийгэм мэдээ

Хуулийн мэдлэгт #14: Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхгүй

Хуулийн мэдлэгийн 14 дэх дугаарт зээлийн гэрээний талаар мэдээллийг танилцуулахаар бэлтгэлээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө эсвэл бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.[1] Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.[2]

Иймд, зээлийн гэрээг доорх хэлбэрээр байгуулж болно. Үүнд:

  • амаар;
  • бичгээр;
  • цахимаар

Зээлийн гэрээг цахимаар байгуулах тохиолдолд талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. [3]

Зээлийн гэрээг бичгээр байгуулах бол дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгасан байх шаардлагатай. Үүнд:

  • Зээлийн үнийн дүн;
  • Зээлийн хүү;
  • Зээл болон хүүгийн эргэн төлөгдөх хугацаа;
  • Алданги, торгууль г.м.

Иргэд хоорондоо амаар зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү болон зээл төлөх хугацааг амаар тохиролцдог. Амаар зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд хүү шаардах эрхээ алдана. [4] Иймд, та зээлийн гэрээнд хүү тохирсон бол заавал бичгээр зээлийн гэрээ байгуулах шаардлагатай.

Мөн зээлийн гэрээнд эргэн төлөгдөх хугацааг тохирсон бол зээлдэгч гэрээний дагуу зээлийн үнэ, хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ. Харин зээлийн гэрээнд хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. [5] Мөн зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч зээлийг хугацаанаас өмнө буцаан өгч болно. [6]

Зээлдүүлэгч зээл өгөхөөс татгалзах, зээлийг нэн даруй шаардах эрхтэй. Тухайлбал зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй шаардаж болно. [7] Мөн зээл авах гэж байгаа талын эд хөрөнгийн байдал доройтсоны улмаас зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл бий болохоор байвал зээл олгохоор амласан этгээд зээл олгохоос татгалзах эрхтэй.[8]

Ирээдүйд зээлийн гэрээ байгуулсан эсэх талаар маргаан үүсэхээс сэргийлэх зорилгоор мөнгө шилжүүлэхдээ мөнгийг дансаар шилжүүлж, гэрээг нотариатаар гэрчлүүлж болно. Мөн зээлийг бэлнээр олгох бол “Мөнгө хүлээлцсэн акт/баримт” үйлдэх нь энэ төрлийн маргаан үүсэхээс сэргийлэх давуу талтай.                  

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

Эх сурвалж:

  • Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дахь хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.2 дахь хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэг
  • Монгол Улсын Иргэний хуулийн 285 дугаар зүйлийн 285.1 дэх хэсэг

Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК

Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 05:51

Орон сууц, машины зээлээ төлөх явцад т�##�ууд зээлсэн хийгээд зээлдүүлсэн хөрөнгийг буцаах, зээлийг цуцлах тохиолдол гардаг. Энэ хооронд зээлдэгч нэгэнт төлчихсөн зээлээ яах вэ? Хөрөнгий нь буцаан өгч байгаа, төлсөн мөнгөө буцааж авч болох уу?

Холбоотой мэдээ

Back to top button