Дээд лиг: Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн шилдэг тамирчид

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1994 онд манай улсад анх удаа сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед “1+11”, “Азийн чоно”, “Генералууд”, “Алтайн бүргэдүүд”, “Монсоник”, “Угалзын цөөврүүд”, “Хөх тэнгэр” гэсэн долоон баг оролцож байлаа. Тэгвэл дээд лигийн тэмцээн энэ жил 30 нас хүрч байна. Лигт өрсөлдөж буй багуудын түүхэнд энэ улиралд анх удаа аялан тоглолт хийхээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, найрамдлын Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед” баг өөрийн талбайдаа улирлын тоглолтыг хүлээн авна гэсэн үг.
Монголын сагсан бөмбөгийн тамирчдын оролцсон гадна, дотнын олон сонирхолтой, гал гарсан тоглолтууд үзэгчдийг дэлгэцийн өмнө уяхын зэрэгцээ баг, багийн шинэ, шилдэг тамирчид олны анхаарлыг эрхгүй татдаг. Тэгвэл бид энэ удаад дээд лигийн шинэ, шилдэг тамирчдаас онцлон хүргэж байна.
Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын "MVP" Ө.Индра
- Нэр: Өлзийбатын Индра
- Өмсгөлийн дугаар: 9
- Өндөр: 168
- Жин: 58
- Нас: 22
- 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин
Түүний амжилтууд
- Этүгэн их сургуулийнхаа шигшээ багийн хамт Оюутны сагсанбөмбөгийн лигийн хошой аваргаар шалгарсан
- 92 онооны эзэн
- 3х3 сагсанбөмбөгийн Армийн дэлхийн аваргын хүрэл медальт
- Үндэсний Дээд Лиг -ийн 2022/2023 мөнгөн медальт
- Дээд лигийн шилдэг хамгаалан тоглогч
Бишрэлт Металл багийн шинэ цэрэг Э.Энхтэмүүлэн
Түүний хувьд АШИУҮИС-д их эмч мэргэжлээр суралцдаг. Тэрбээр эмч хүн сагс ч тоглож чадна гэдгийг баталсан мундаг тамирчин болохыг хүсдэг.
- Э.Энхтэмүүлэн 21 настай
- 188 см өндөр
- 76 кг жинтэй бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн U-18 шигшээд багтан 2021 оны ДАШТ-д оролцож байжээ. Ийнхүү тэрбээр драфтын 9 дэх сонголтоор "Бишрэлт Металл" багийн эгнээнд нэгджээ.
Үндэсний Дээд Лигийн 2024 оны драфтын тэргүүн сонголт М.Чинхутаг
Мөнх-Өлзийгийн Чинхутагийн хувьд Тайваны CTBC бизнессийн сургуульд санхүүгийн мэргэжлээр суралцаж байгаад ирсэн юм. Түүний өндөр 194 см. Ийнхүү тэрбээр драфтын тэргүүн сонголтоор "TLG ОНДИЛТ" багийн эгнээнд сонгогдлоо.
М.Чинхутаг: "Драфтад оролцож байгаа хүүхдүүдийн хувьд өрсөлдөөн өндөр байгаа болохоор өөрийгөө тэргүүн сонголт болно гэсэн төсөөлөл байгаагүй. Драфт бол амьдралдаа нэг л удаа сонгогдох үйл явдал учраас их онцлог" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байлаа.
“MVP” тоглогч М.Өлзий-Орших
Багануур дүүрэгт төрж өссөн. Багануур дүүргийн 2018 оны төгсөгч. Анхны багш нь одоо тоглож буй Тулнуудын дасгалжуулагч, Багануур дүүргийн БТСХ-ны Б.Үүрдсайхан багшийн удирдлага дор сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн.
- М.Өлзий-Орших 180 см өндөртэй
- 70 кг жинтэй
- Одоогийн клуб- Бишрэл Металл
2023 оны эмэгтэй дээд лигийн аварга Н.Нандинхүсэл
Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улиралд тоглосон хамгийн залуу тоглогч бол (16 нас) Н.Нандинхүсэл юм. Тэрбээр шигшээ цувралын эхний тоглолтод хувийн оноогоор тэргүүлж, хэд хэдэн тоглолтын шийдвэрлэх мөчид хожлын шидэлтийг гүйцэтгэснээр “Улаанбаатар Амазонс” багийн хамтаар Дээд лигт түрүүлсэн билээ. Мөн 2022 онд Үндэсний шигшээ багт дуудагдан, сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах 18 хүртэлх насны “В” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 3х3 төрлөөрх Азийн АШТ-ий 17 хүртэлх насны ангилалд оролцохдоо IV байрт шалгарч байв.
Анх 14 настайдаа үндэсний шигшээ багт дуудагдан карьераа эхлүүлж байсан Н.Нандинхүсэл нь АНУ-д суралцангаа сагсан бөмбөгийн туршлага хуримтлуулах хүсэлтэй байдаг гэдгээ хэд хэдэн удаа дурдаж байсан. Уг зорилгоо ч биелүүлж АНУ-ын Спайр (Spire) академид суралцахаар өнгөрсөн зун АНУ-ыг зорьсон билээ. Эх орондоо эргэн ирж багтаа нэгдэх эсэх дээр тодорхойгүй байсан ч “Улаанбаатар Амазонс” багтаа ахин нэгдэж, улирлын тоглолтоо эхлүүлэхээр боллоо.
Энэ сарын 12-нд хөшгөө нээх лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөх бөгөөд тоглолтууд “UG Arena”-д болох юм.
Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд хөгжлийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Монпоп”-ын бүсгүйчүүд дэвшин орж ирж байгаа бөгөөд 2023-2024 оны улиралд зургаадугаар байрт шалгарсан баг хөгжлийн лиг рүү унасан юм. Нээлтийн тоглолтын хуваарийг хүргэе.
- 13:40 цагт: BHC Knights-Дархан Юнайтед /эр/
- 16:10 цагт: Амазонс-Хасын Хүлэгүүд /эм/
- 18:40 цагт: Хасын Хүлэгүүд-Бишрэл Металл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yuve olzii bishrelt metaldd togldgu shde apes shu de