Сурвалжилга: Төрснөөс өнөөдрийг хүртэлх түүх өгүүлэх 2600 үзмэртэй гэр музей

Баянхонгорын аймгийн Өлзийт сумын иргэн Б.Төмөрбаатар гэр бүлийн хувийн цуглуулгаараа музей байгуулжээ. Сумын төвөөсөө 3 км, аймгийн төвөөс 9 км зайд эднийх “Өгөөж булаг” жуулчны бааз байгуулж, эндээ монгол гэрийн загвар бүхий байшинд 2600 эд зүйлсийг байршуулан олны хүртээл болгож байгаа нь энэ.
“Музейн үзмэр бүгд ажилладаг байх ёстой гэж боддог, тэр ч утгаараа энд байгаа бүх үзмэрийг засч янзалж ажилладаг болгосон” гэсээр биднийг урилаа. Музей гэх нийтлэг ойлголтоос огт өөр орчин ахуй угтав. Ёстой л нөгөө “ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь бий” гэх үгийг санагдуулна.

Он, оны эдгээр мотоциклуудын банканд бензин хийж, түлхүүрийг зоон асахад бэлэн болгож. Дээр үеийн төгөлдөр хуур, баянхуур хөгжмийг тэр өөрөө тоглож, эгшигт хайрцагт пянз эргэлдэж, магнитофон хөгжим асахад Банзрагч гуайн дуу эгшиглэв. Хүсвэл тэр “Мечта” плиткаг асааж, дугуй булантай цайгаар өөрсдийнхөө хэрэглэж байсан он цагийг санагдуулах сав, тогоог сонгож цай чанаж ууж болно шүү гэв. Үүд хэсэгт байрлуулсан кино гаргадаг 5 аппаратыг ажиллуулж, эдгээрээр зургийг нь авсан “Энэ хүүхнүүд үү”, “Говийн зэрэглээ” киног дамаран хальсаар нь үзэх болох нь. Хэдэн арван жилийн дурсамжийг хүүрнэх оёдлын машинууд бүгд ажиллах нь урамтай. Эзэн нь бараг тосолсон байх, гар нь маш зөөлөн юм. Яах гэж энд ирснээ умартаж, хэсэг бүрт шунаж үзэв. Бүгд л дуу алдмаар, тэр жижигхэн бугуйн цаг, ханын цаг ч яг ажиллаж байна.
Алгын чинээ дэлгэцтэй зурагт, сүмийн хонх, мөнгөний сейф, улаан бүч, цагаан хормогчтойгоо сурагчийн форм, хүүхдийн ор хөшиг, аравчтайгаа, хөлд нь молоконы лаазан ивсэн нь бөөн дурсамж.
Бид үзмэрээс түр холдож Б.Төмөрбаатартай ярилцлаа.
-Эхэнд нь та энэ сайхан ажлаа ерөнхий танилцуулаач?
-Манай гэр бүлийн хийсэн бүтээл. Надад нэг бодол эртнээс байсан юм. Гадаад орнуудаар ч, монгол орноороо ч аялахдаа бүх музейгээр орсон. Анзаарахад бүгд л адилхан давтамжтай, нийтээрээ дээр үеийн, түүхийг өгүүлэх ажилладаг, ажилладаггүй нь хамаагүй эд хэрэглэлийг музей гээд ойлгож гэж харсан. Хаана ч орсон хуучны үнэ цэнэтэйдүү эд зүйл хоргонд байрлуулчихсан нийтлэг өнгө аястай. Тэгээд 1990 оноос өмнөх аль нийгэм байх нь хамаагүй хүмүүс хэрэглэж байсан эд зүйлийг хайж эхэлсэн. Миний бие Баянхонгор аймагт “Хаан” банкны захирлаар 20 гаруй жил ажилласан болохоор хүмүүс их танина. Сумад, аймгийнхан ялангуяа настайчууд сайн таньдаг болохоор цуглуулга эхлүүлэхэд нэлээд зүйл бэлэглэсэн шүү. Одоогийн байдлаар 2600 ширхэг үзмэр байна. Үзмэр болгон өөрийн түүхтэй, авч ирж өгсөн эдэлж хэрэглэж байсан хүний нэрийг нь нутаг ус цаг хугацаатай нь дээр нь бичиж тэмдэглэсэн байгаа. Цаг хугацааны хувьд 1990 оноос урагш, 1300-1800 он, Чин улс, шинэ чулуун зэвсэг, хүннү, хүрэл зэвсгийн үе гээд өргөн хүрээтэй. 1995-1996 оны хэрэглэж байсан хэдхэн юм бий. Ер нь бол миний 20-иод жилийн хөдөлмөр энд бий. Үүгээрээ бяцхан соёлыг түгээж эхэлсэн болохоор хүмүүс өөрсдөө хадгалж, хамгаалдаг болоод цуглуулгын хүрээ хумхигдаж байгаа.
-Санаанд оромгүй, яаж цуглуулсан юм бол гэмээр л эд зүйлс байна?
-Өөрөө мэдрэмжтэй болоод эхэлдэг. Тэднийд л байж магадгүй, тэр хавиас олдох байх энэ тэр гээд чиглэлээ олчихдог. Нөгөө талаас гэрийнхэн, хүүхдүүд, ажлынхан, ах дүүс дагаад ороод ирдэг юм билээ. Хаа ч явсан энэ цуглуулгад нэмэх зүйл эрэлхийлж байдаг. Бэлгэнд ирнэ, худалдаж авна. Айхтар алт, эрдэнэс үнэт эдлэл биш учраас харилцан яриад сайхан тохирно. Бас миний ээж, аав, эмээ өвөөгийн ийм түүхтэй эд танд хадгалуулъя гээд аваад ирнэ. Өдөрт багадаа нэг зүйл ирдэг. Одоо яаж ч чихээд эндээ багтахаа байчихсан. Нэг лангуунд 100 гаруй үзмэр бий. Цаашдаа цугладгаараа цуглаж л байг, хаа хүртэл явах нь уу хүний хэрэглээ баялаг шүү дээ. Би байр саваа томсгох л хүсэл бий.
Энэ музейгээс түүхийн хувьд 1965 оноос өмнө Монгол орон аль улсаас хамааралтай, юу эдэлж хэрэглэж байсныг, мөн энэ оноос хойш Оросыг дагаж тэдний бараа түлхүү, Польш, Чех, Германаас бараа орж ирж байсныг харах боломжтой. Юуг хаанаас импортолж, ямар барааг өөрсдөө үйлдвэрлэж байсан түүхийг эндээс харна. Социализмын үед бүх зүйл чанартай байсан гэдэг. Эндээс сайн харвал зарим бараа дээр үгүйсгэх үндэслэл ч бий.
-Музей амьд байх ёстой-

-Хамгийн үнэ цэнэтэй, ховор эд зүйлсээ нэрлээч гэвэл?
-1980 оноос өмнөх түүхийг өгүүлэх “Говийн зэрэглээ” киноны аппарат байна. Дамран хайрцагт кино нь хальсаараа байж байна. Үзэж болно. Хөгжмүүд бүгд ажиллана. Тэр мөнгөний авдар маш ховор бараг энд ганц байж магадгүй. Номнууд бол дандаа ховор нандин, ер нь номын сангуудаас олдохгүй дээ. Мотоциклуудыг худалдаж авсан, багтахгүй нэг хэсэг нь гадаа байгаа. Бүгдийнх нь эзний нэрийг бичээд зүүчихсэн, бензинтэй, асаагаад унахад бэлэн. Улсын баатар Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ авч явсан зураг тэнд байна. Солонго гээд диско гэрэл өөр хаана ч байхгүй. Гадагшаа яг гаргах гэж байна гэхээр нь өрсөж очоод бараг булааж авсан эд зүйлс энд бий. Миний бахархаад байгаа нь бүгд хүн хэрэглэх боломжтой хэвийн ажилладагт л учир нь бий. Музей гэхээр л хүйтэн шилэн хоргод байх ёсгүй. Музей амьд байх нь, чи энэ бүх зүйлийг ажиллуулаад үзэж байгаа болохоор гоё байгаа биз дээ.
-Засч ажилладаг болгоход нэлээд цаг орно биз?
-Энэ үзмэрүүдийг мэддэг хүмүүс ихэнх нь бурхны оронд явчихсан. Ганц хоёр хүн байдаг. Тэд нартайгаа найзална. Сэлбэг олдохгүй, хайгаад байхаар бас гараад ирнэ. Гоё шүү. Асуудалтай гэж хэлмээр юмнууд байгаа ч бахархал төрүүлэх нь тэрнээс олон. Монголын ард түмэн маш их зүйл хадгалдаг юм билээ. Мөнгөн хадгаламж муутай хэрнээ эд зүйлсээ бол янзын хадгална. Өөрөө хэрэгтэй, хэрэггүйг нь мэдэхгүй ч олон жил болж байнаа гэдэг. Тэр нь надад маш хэрэгтэй зүйл байх жишээний. Дахиж үйлдвэрлэгдэхгүй учир арчилгаа сайн хийх хэрэгтэй.
-Хүнээс олон жил хадгалсан ховор эд зүйлийг авна гэдэг бас л адармаатай ажил байх шүү?
-Би их нийтлэг хүн. Тэр чанар маань их хэрэг болдог. Ахмадууд намайг сайн танина. Хүүдээ нэг юм аваад ирлээ. Хүүхдүүд гар утаснаас өөр юм харахаа байлаа, “чи ав” гэдэг. Энэ оёдлын машин л гэхэд миний ахтай хамт ажиллаж байсан Баянцагаан сумын эгч ээжийнхийгээ өгч явуулсан. Заримыг нь бол худалдаад авчихна. Ямар архины үйлдвэр босгож, газар ухаж байгаа биш. Хүний оюун санаанд үлддэг учраас үнэ цэнэтэй. Бурхны оронд явчихсан настай хүмүүсийн эд зүйлс их бий. Тэд намайг бурхнаас харж байгаа гэж би баярладаг. Хүмүүс орж ирээд суугаад л байх дуртай. Тэр сайхан буурлуудын энерги энд шингэсэн. Бүгдийг нь задгай тавьсан нь хүмүүсийг хүрч мэдэрч, дурсаг гэж боддог. Хөгшчүүл оёдлын машиныг заавал эргүүлж үзнэ. Тэр үеийн дуугаа сонсоно, залуудаа хүүхэд насандаа хэрэглэж байсан бүх зүйлээ барьж үзэхээр дурсамж хөвөрч удаан суудаг.
-Цаашдаа та юуг зорьж байна вэ?
-Надад одоо дэмжлэг хэрэгтэй болчхоод байгаа. Өмнө нь бол өөрөө гүйсээр байгаад босгочихсон юм. Манай улс хуулиараа хувь хүний музейг дэмждэг гэж сонссон. Удахгүй Соёлын яаманд хандаж, хүсэлт тавиад төрөлжүүлж томруулах санаа бий. Одоо та нар дэглээгүй, нэг хүний цуглуулсан эд зүйлс үзэж байна. Дэглээд төрөлжүүлээд ирэхээр жинхэнэ музей болно. Амьдралын түүх илүү тод харагдана. Одоо эндээс хүссэн зүйлээ 20 минут хайж олно. Төрөлжүүлчихвэл шууд л очоод үзнэ. Гэргий маань музейгээ их сайн тайлбарладаг. Өнөөдөр хот явж таарлаа. Товч танилцуулахад 40 минут, яг тайлбарлаад явбал 2-3 цаг болдог. Тэгэхээр их нүсэр байгаа биз. Манай аймаг, Германы хамтын ажиллагааны сангаас дэмжиж, энэ гэрийг барихад 6 сая төгрөг өгсөн шүү.
-Бидний бахархаж болох зүйлсийг өөрсдөө биш гадныхан их дэмждэг шүү?
-Тийм ээ. Монголчуудад энэ бүхнээ ойлгодоггүй цаг үе байсан. Одоо харин цаг өөр болж байна. Музей гэдэг өөрийн чинь төрсөн цагаас өнөөдрийг хүртэлх амьдралын түүх. Одоогоос 60-100 жилийн өмнө хэрэглэж байсан эд юмс ойлгомжгүй байж болно. Шилэн хорго хараад тойрох хажууд нь ирээд гараараа барьж хэрэглэж үзэх огт өөр мэдрэмж төрүүлнэ. Хүний амьдралын түүх бол музей. Гадаадууд ямар эмоцитой үздэг гэж санана. Өөрийнхөө улсад үйлдвэрлэсэн барааг хараад эх орноороо бахархаад орилж байгаа юм. Бид энэ талаараа жаахан хоцрогдсон ч, залуус өөр болж байна. Манайд хүүхдүүдэд зориулсан үзмэр гэвэл 30 гаруй гар утас бий. Нас насныханг нь төрснөөс өнөөдрийн хүртэл түүхээр нь аялуулахыг зорьдог. Энд сургуулийн хүүхдүүдэд хичээл заах боломжтой. Тэд нарт мэдэхгүй зүйлс энд их байгаа.
-Монгол хүний сайхан сэтгэл, өглөгч зан энэ бүхнийг бүрдүүлэхэд нөлөөлсөн болов уу?
-Би ч тэгж боддог. Монголчууд гэр бүлсэг, найрсаг, эвсэг хүмүүс. Өгсөн, авсан хоёуланд нь сайхан дурсамж үлдээдэг. Би хурдан тэмдэглэж аваад, нэрийг нь бичнэ. Цаашдаа нэг бүрчлэн бүртгэлжүүлж улсын санд бүртгүүлэх юм. Харин энийгээ өгчих, худалдчих гэдэг хүмүүст дургүй. Би өгөх гэж цуглуулаагүй. Намайг манай найзууд өв тээгч гэдэг. 1990 оноос өмнөх монголчуудын хэрэглээний эд зүйлсийг хадгалж үлдсэнээрээ би өв тээж байгаа юм байна гэж ойлгодог. Бас хүмүүстээ хандаж хэлэхэд та манай гэр музейд эд зүйлсээ өгснөөр түүх бүтээж байгаа гэж хэлмээр байна. Таны үр хүүхэд, ач зээ ирж үзнэ. Одоо надад 1960-1980 онд хүүхдүүд тоглодог байсан тоглоом бас тамхины хайрцаг бас байхгүй байгаа. Судлаад үзэхээр тэр үед 20 гаруй тамхины хайрцаг байсан байна. Музей чинь өөрийн тань төрснөөс өнөөг хүртэлх түүх учраас хүн орж ирээд өөрийнхөө дуртай, дадсан юмаа хайдаг. Одоо манай гэр музей хүүхдийн тоглоом, тамхины хайрцагтай болчихвол дутуу юм байхгүй дээ. Үүнийг уншиж байгаа хүмүүст хүүхдийн тоглоом, тамхины хайрцаг байвал надад өгөөрэй, би худалдаж авна гэж хэлмээр байна.
Түүнийг нутгийнхан нь “Хаан” Төмөрөө гэдэг. “Хаан” банкны захирлаар 22 жил ажиллаж, олонд танигдсан болохоор тэр. Мөн аймгийнхаа ИТХ-д 16 жил төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. Түүний аав, ээж Их богдын нуруудаа хэдэн үеэрээ нутагласан уугуул хүмүүс. Харин өөрөө эхлээд аав, ээжийнхээ гар дээр, дараа нь лам айлд, хожим нь тэднийхээ хүүхдийнд өсөж өндийсэн баялаг түүхтэй эр. Гарахын алдад фээсбүүкээр танилцсан нэг залуу Алма-Атагаас надад энэ цагийг явуулсан. Баян-Өлгий рүү онгоцоор дайж, тэндээсээ хотын автобуст тавиулж, Улаанбаатараас нааш замын унаад дайгдаад надад ирсэн. Энд байгаа 2600 үзмэр бүгд өөр өөрийн ийм түүхтэй гэж онцлов. Гэр музейн ард улсын арслан М.Бадарчийн авга ахын урласан нэг ч хадаас ороогүй үхэр тэрэг байв. Музейгээ томруулахаараа холбогдолтой эд зүйлсээр баяжуулж нүүдэлчин амьдралын хэв маягийг харуулахаар төлөвлөжээ. Амьдрал бол цуглуулга, дурсамж, түүх. Юу ч цуглуулаагүй бол тааз ширтээд санааширч хэвтэх байх гэж нэмж хэлэв.
Эцэст нь тэмдэглэхэд, энэ гэр музей Баянхонгор аймаг руу орох замд Өлзийт сумаас 3 км зайд зам дагуу байдаг. Хэнд ч хэзээ ч нээлттэй музейг “Өгөөж булаг” амралтад амрагчид 5000 мянган төгрөгөөр, харин аялагчид 10 мянган төгрөгөөр үзэх боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаха санаатай оорк
Сэтгэл хөдөлж, Б.Төмөрбаатараар бахархаж байна. Ямар их хөдөлмөр, гуйгаггүй ажиллагаа шаардагдсан болоо. Маш сайхан сэтгэсэн байна. Музейнүүд үнэндээ тийм шүү. Амьд музей гэж үүнийг хэлнэ дээ. Одоо Төмөрбаатарыг аймаг, сумаас сайн дэмжих хэрэгтэй. Музейгээ төрөлжүүлээд, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад �##�бажуулаад авб�##� Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох музейн хэмжээнд хүрч болох юм. Зориуд очиж үзнэ ээ. Б.Төмөрбаатартаа сансан бүхэн нь сэтгэгчлэн бүтэж, музей нь дотоод, гадаад аял�##� жуулчл�##�ынханыг татсан �##�дар нэртэй төв болох болтугай хэмээн ерөөе.
Банкны барьцаанд хураагаад өөрөө авчихсан бнх шт их з�##�ьтай нөхөр вэ банкнаас яагаад хусагдав
Ишшшш чааваа�####�аа
Мэдрэл гар вэ юу ч ойлгооп бн уншиж ойлгох ухаан �##�га уу
Хаха бас улсаас санхүүжилт авах санаатай баахан хог ямлхан байхдан цуглуулчааад одоо са�##�иин үнээ болгохнээ бузрын з�##�тай л�##�ар
Атаархаад байгаа юм уу вахахаха атаач юмаа
Хаха мэдрэлээ сэтгэхүй гэж олгой юмааа
Сну ах ямар гоё юм хийсэн юм бэ ах мундаг шүү ажилт