Засгийн газар бондыг бондоор халхавчилсаар, өгөөж нь буурч байна
Өнөөдрийн байдлаар Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд Хуралдай, Гэрэгэ, Номад, Сentury-1, Сentury-2 гэсэн бондуудыг гаргаад байна.
Бондын өрийг барагдуулсан нэрийдлээр бондыг бондоор халхавчилж байна
Өнгөрөгч 2023 оныг хааж Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын болон Хөгжлийн банк нь 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөр үүсээд байсан ч, 100 хувь зохицуулж 2.6 тэрбум ам.долларын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан” гэж мэдэгдсэн. Түүнчлэн Самурай бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсан хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан билээ.
Гэвч бодит нөхцөл байдал дээр энэхүү төлөлтүүдийг төлж барагдуулаагүй бол манай улс дефолт зарлахад ойрхон байсан. Гэхдээ бондуудын өгөөж бага учир нэг бондын өрийг өөр нэг бонд босгож дарах замаар явж байгаа нь манайд хамгийн том эрсдэл.
Зураглалаар нь харвал Хуралдай бонд 600 сая ам.долларын хэмжээтэйгээр 8.75 хувийн купонтой 3.48 хувийн өгөөжтэй, Номад бонд 600 сая ам.долларын хэмжээтэй 5.12 хувийн купонтой, 6.81 хувийн өгөөжтэй, Гэрэгэ бонд нь 800 сая ам.долларын хэмжээтэй, 5.63 хувийн купонтой байхаар тооцож гаргасан юм. Эдгээрээс Хуралдай бондын 392 сая ам.долларын үлдэгдэл болон 2026 онд барагдуулах 600 сая, 2027 онд барагдуулах Сentury-1 бондын 500 сая ам.долларын өр төлөлтийн ачаалал хүлээж буй.
Хуралдай бондын эргэн төлөлтийг шинэ бонд гаргах замаар таван жилээр хойшлуулсан. Бондын өгөөж зах зээлд сайжирлаа ч эргээд ханш нь унах бодит нөхцлүүд бий. 2021 онд ч мөн Чингис, Гэрэгэ бондын тэрбум ам.долларын өр төлөлт тулахад дахин санхүүжилт хийх байдлаар яг ийн зохицуулж байсан. Эргэн сануулахад, яг энэ онд Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны чанаргүй зээл 57 хувьтай байна гэсэн дүгнэлт гарч, Эрсдэлийн сан байгуулсан удаатай. Шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн акт гаргаж байсан ноцтой дүр зураг бий.
Оны төгсгөлд бондын өр төлбөрийг шийдвэрлэсэн нэрийдлээр Сангийн сайд нь улс төрийн тоглолт хийдэг. Эдийн засгийн ерөнхий зураглалаа бодлогын түвшинд тодрхойлохгүй, нам, бүлгийн ашиг сонирхлыг улсын төсөв дээр сүүдэрлүүлж байгаа нь маш том алдаа. Бондын өрийг бондын өрөөр дарах, төсвийг тэлэх, өрийн таазыг нэмэгдүүлэх зэрэг хүндхэн асуудлуудтай шинэ оныг угтдаг зураглал манайд сүүлийн жилүүдэд зонхилж байна.
Бондын өр төлбөрөө хоолойд тулгаж, өрийн таазыг өсгөх нөхцөл үүсэх вий
Бондын өрийг дарахын тулд бонд босгох арга замыг сонгохдоо Монгол Улсын төлбөрийн тэнцэл тогтмол ашигтай байх ёстой. Экспортын хэмжээ үлэмж өсөж, эдийн засгаа нэмэгдүүлээгүй л бол бондыг бондоор аргалах нь сул зураглал.
Оны эхэнд Номад бонд 6.82 хувийн өгөөжтэй байсан бол сүүлд 6.67 хувь, Хүннү бонд 7.13 байсан бол 6.89, Сentury-1 бонд 7.02 байсан бол 7.00, Сentury-2 бонд 7.15 байсан бол 6.87 хувь болж өгөөжийн хувь хэмжээ буурчээ.
Энэ оны хамгийн сүүлийн мэдээллээс харахад Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсан. Мөн Монгол Улсын Үндэсний Аудитын газраас ирэх оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээр “Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого БНХАУ-ын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс” гэсэн нь манай Засгийн газрын бондын ханшид сөргөөр нөлөөлж болзошгүй.
Бага хэмжээтэй бондын өрийг дарахдаа их хэмжээтэй шинэ бонд гаргаж, үүнийгээ бондын өрийг барагдуулсан мэтээр ярьж улс төрийн оноо авах арга хэрэгсэл болгож байгаа нь хоруу. Ирэх онд дахиад л төсвийг тэлж, өрийн таазыг өсгөхдөө тулбал Төсвийн тогтвортой байдлын хуулийг хөндөх аюул бий.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.