Испани дууны О.Баяржаргал: Яагаа ч үгүй байж “Би, би” гэж зүтгэх дэмийг олон гавьяатаас харлаа
“Испани дууны” хэмээх тодотголыг хүлээсэн дуучин О.Баяржаргал бол үргэлж шинийг эрэлхийлэгч, зогсолтгүй хөдөлмөрлөгч. Мөн мэргэжлийн ур чадварын хувьд өөрийн гэсэн мастерствод хүрсэн нэгэн юм.
Түүнд стиль, имиж гэдэг хамгийн гарамгай удирддаг зүйл нь. Жазз ч дуулна, дууг электро, твист ч болгоно. Харин испани хэлт, латин америк төрлийн дууг сүүлийн 10-аад жил дагнан дуулахдаа өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон. Ур чадвар, авьяас, хөдөлмөр зүтгэл нь үргэлж анхаарал татдаг ч амбицлаад байдаггүй Elastico О.Баяржаргал удахгүй бие даасан тоглолтоо UB Palace-т хийх гэж байна. Тоглолтыг угтан түүнтэй ярилцлаа.
"С.Батсүх гуай "СУИС төгсөгчид гудамжид явж байна" гэж хэлснийг уншаад хүчтэй эмзэглэсэн"
-Монголд испани, латин америк дуугаар дагнадаг хүн цөөн, та яагаад?
-Би угтаа СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Төгсөөд, эрэл хайгуул хийж хэсэг явсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад ч ажиллаж үзэхдээ олон адал явдалтай нүүр тулсан. Тэгэхэд, цайны газраас ч бил үү дээ, МУАЖ С.Батсүх гуайн сонин дээрх ярилцлагыг олж уншсан юм. “СУИС төгсчихөөд гудамжид яваа залуус байна” гэж хэлсэн байсан. Надад их эмзэг туссан л даа.
Харин 2014 онд латин бүжгийн “Moon Dance” хамтлагийн ДАШТ-д оролцоход эгшиглэх дууг би дуулсан. Сайхан завшаан тохиосон. Энэ маань өнөөдөр намайг испани дуу дуулахад голчлон нөлөөлсөн.
-Испани хэлт дууны ялгарал юу вэ?
-Хэл нь хэцүү ч яруу тунгалаг. Дуудлага бол амархан. Испани хэл сурч байгаа хүн аялга дуудлага тал дээр төдийлөн санаа зовох шаардлага үүсдэггүй. Дуу хөгжмийн хувьд гайхамшигтай. Энэ зөвхөн Испани орны бус латин америкийн бүх орны хэл шүү дээ. Маазраад хэлэхэд асар секси хэл л дээ.
-С.Батсүх гуайн ярилцлага таныг “Би хэн байх вэ?” гэдэг асуултын өмнө аваачжээ?
-Оюутан нэр зүүж явах нэг өөр мэдрэгддэг. Төгссөн хойно бол “Энэ нөхөр юу хийж явна” гэсэн асуултын тэмдэг зүүж явах болно. Ийм үедээ тийм эмзэг зүйл уншчихаар, “Би яг хаачих вэ” гэдэг асуулт хүчтэй тавигдсан. Д.Банди багшийн маань хэлсэн нэг үг одоо хэр уяатай явдаг. Би С.Жавхлан, Б.Баясгалан хоёрын ид мандан бадарч байсан, монголчууд нийтийн дуунд хошуурч байсан үед оюутан явлаа. Тэдний жишгээр хоёрдугаар курст бид нар студид очиж хоолой бичүүлдэг энэ тэр юм бий. Багш нарын чихэнд хүрчихнэ. Д.Банди багш тамхи татаж хэсэг сууснаа, “Өөртөө таалагдаж байж өрөөлд таалагдах тухай бодоорой” гэж хэлсэн. Энэ үг намайг өдий дайнд авч яваа. Хүн учиргүй карьерын араас хөөцөлдөхөөс илүү таван үгэндээ ороогддоггүй болж байж тайзан дээр гарвал бусдад өөрийгөө ойлгуулна. Хүнд өөрийгөө олох, бүтээн тодорхой хугацаа хэрэгтэй шиг байгаа юм. Хэдийнэ танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн итгэмээргүй, нүднээс далд үйлдлийг харах бүрд багшийн үг толгойн орой руу харвадаг.
-СУИС төгсөгчдийн ажлын талбар өнөөдөр ч төвөгтэй зах зээл хэвээр байна. Трэндийн салхи, шоу бизнес хөөх гэдэг нь зарим хүнд таарахгүй ажил. Энэ он жилүүдээс таагүй, хүнд цаг үеүдээ хуваалцаач?
-Шантармаар, өөрийгөө хэн ч биш юм шигээр мэдрэх тийм цаг үетэй би одоо ч нүүр тулдаг. Гэхдээ би нэг зүйлийг бардам хэлж чадна. “Урлагийн буян их” гэж ярьдаг бол хоосон үг биш. Урлагийг би далай гэж хэлнэ, тэнд сувд нь ч, замаг нь ч бий. Юуг шүүрдэх өөрийн мэдэх хэрэг. Хоёрт, амар хялбараар төсөөлж, өөрийн хоббиг авьяас гэж эндүүрсэн хүмүүс ус тосоор ялгараад явдаг. Тэгэхээр урлагт арын хаалга гэж байх боломжгүй. Авьяастай, сэтгэлтэй хүн бас нэг орчихсон бол гарч чаддаггүй, үнэнч явдаг. Арга, эвийг нь олоод явна гэдэг тухайн хүнээс их ухаан нэхнэ.
-Ямар ухаан?
-Би өөрийгөө мундаг карьертай гэж хэлэхгүй. Үүнд хүмүүс санал нэгдэнэ. Гэхдээ хүн зүхүүлж, хараалгаж үзэх хэрэгтэй. Тэгж байж өөрийгөө өөр өнцгөөс харах боломж нээгддэг. Сургууль төгссөн хойно нэг газар очиж дуулаад, төлбөр мөнгөнөөс муриулаад зогсохгүй үг хэлээр доромжлуулах бол наад зах. Урлаг нэлээд хатуу самар, тэсвэр тэвчээр бөгөөд итгэл үнэмшлээр тэсэж үлддэг салбар. Ойр тойрноо харахад ч хүүхэд нь хөөрхөн авьяастай, дуу хөгжим оролдоод эхэлж байхад шууд таслан зогсоож, өөр чиглэлийн сургуульд оруулж байна. Надад ч ийм эсэргүүцэл байсан. “Манай удамд ийм алиа салбадай байхгүй” гэж төрсөн эгч маань хэлж байлаа. Сүйдтэй карьер үгүй ч би очсон газраа дараагийн үзэгчдээ бэлддэг. Миний репертуар, урын сан давтагддаггүй. Олон залуу дуучидтай тааралддаг, ар араасаа тайзан дээр гарахад алтан үеийн сайхан бүтээлийг дуулцгаадаг. Би гараад тэс өөрийг дуулдаг. Тэнд ус уугаад сууж байсан оюутнууд ч босоод бүжиглэдэг. Латин америк дуу бүжиглэхгүй байхын аргагүйгээр тэгж нөлөөлдөг шидтэй. Хүмүүс босоод бүжиглэхийг харах тэр мэдрэмж энэ арван жилд намайг хөглөж, чимээгүй хөдөлмөрлөхөд минь сэтгэл ханамж авчирсан.
-Карьер гэж юу юм бэ?
-Илүү олон хүнд танигдахыг л хэлэх болов уу. Гэхдээ урлагт зүрх сэтгэлээ өгчихсөн хүн заавал супер карьертай байх албагүй. Чимээгүй хөдөлмөрлөдөг, ард нь, даруухан явдаг хүмүүс зөндөө. Жишээлэхэд л DJ Entertainment-ийн ардах нэгэн гайхалтай эрхэм бий. Олсон орлогоор гэр бүлээ тэжээж, өөрийгөө болгоно гээд наана цаанатай зүйл аливаад бий. Хэрэгцээгээ давж илүү гарвал карьертаа анхаарах боломж нээгддэг гэж ойлгосон. Харин би өөрөө өөрийгөө болгож, бор зүрхээрээ явсаар өдий хүрсэн.
"Уран бүтээлч хүнд хувь хүний хөгжил, хэв маяг хоёр чухал"
-Elastico гэж ямар утгатай нэр вэ?
-“Moon Dance” хамтлагийн дэлхийн аваргын дууг дуулчхаад, урын сангаа испани дуугаар баяжуулж эхэлсэн. Явцдаа өөрийгөө тодорхойлох нэр бодож олох хэрэгтэй гэж бодсон. “Мэдрэмжтэй зүрх” гэдэг үг испаниар Corazon Elastico гэж орчуулагдана. Corazon нь зүрх гэсэн үг. Elastico нь мэдрэмжлэг, уян хатан гэсэн утгатай.
-Харин өөрийгөө “зовоохгүйгээр” аваад явчих сонголтын өмнө ирж байв уу?
-Тийм зүйлтэй нүүр тулж байгаагүй юм байна. Учир нь би сонгосон замдаа үнэнч байсан. Өөрөөр явах өгөгдөл ч надад байхгүй шиг билээ. Итгэл үнэмшил хаана байна, хүн тэндээ уягдаж явдаг. Орчин үед тав тухтай бүсээс гарахгүй бол хөгждөггүй гэж ярьж байгаа. Би үүнд санал нэгддэг. Сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн сургалтад нэг биш удаа хамрагдлаа. AFA академын үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин гэж хүн бий. Энэ хүний сургалтад суусандаа туйлын их баярладаг. Өвлийн өглөө 05.00 цагт босоод, 05.30 гэхэд Zaisan Hill-ийг үүдэнд очиход зогсоол байхгүй. Тэнд манай урлагийнхан маск зүүгээд оччихсон суудаг. Би нүдийг нь хараад танина. Их зүйл ойлгож авсан. Адаглаад афоризм болж үлддэг. “Би ярьсан гэдэг чи ойлгосон гэсэн үг биш. Ойлгосон гэдэг үйлдэл болгоно гэсэн үг биш. Үйлдэл болгоно гэдэг зөв хийнэ гэсэн үг биш”. “Бантахдаа худлаа хэлж болно. Баригдаад үнэнээ хэлэх хэцүү”. Хувь хүний хөгжилд суралцах, хэв маягтаа анхаарах хоёрыг их чухал гэж би боддог юм. Залуу насны богино хугацаанд их ядраадаг л даа, урлаг. Бүх зүйл хэмжээ, хугацаатай шүү дээ. “Үүнийг хийчихлээ, одоо дараагийнх...” гээд зүтгэхэд хүч тамир хүрэлцэх ёстой. Түүний тулд хүний хөгжил бөгөөд хэв маяг хэрэгтэй.
-Урлагт хүн авьяастай байх ёстой нь гарцаагүй. Авьяасыг та өөрөөсөө хэзээ олж таньсан бэ?
-1987 оны явдал, би жаахан хүүхэд байлаа. Тухайн үед “Соёл эрдэнэ” хамтлаг Монголын эстрад урлагийн ноён оргил байв шүү дээ. Зурагт үзэж суух нь ээ, Баярын Хонгор жаахан хүүхэд, ааваараа зарлуулж гарч ирээд “Хэрвээ би, шидтэн бол...” гээд дуулахыг сонссон юм. Тэгэхэд би ээжийнхээ өврөөс год үсрэн босож ирсэн. Өөрийгөө тэгж анх эстрад урлагт гүн гүнзгий дурласан гэж боддог. Дунд сургуульд З.Хангал гуайн “Аяны шувуу” зэрэг олон дууг дуулдаг байсан. СУИС-д дуурийн дуулаачийн анги гэдэгт ч тэгтлээ ач холбогдол өгөхгүй сонгож орж байлаа. Энэ амаргүй даваа. СУИС гэж өөрөө их том айл. Хүссэн нь орж бас төгсдөггүй сургууль. Одоо ч сургуулийнхаа дэргэдүүр өнгөрөхөд сэтгэлд дулаан санагддаг.
-Таны гэр бүлийн зүгээс энэ сонголтыг яаж хүлээж авсан бэ?
-Би Дундговь аймгийн театрт дагалдан дуучин хийж байгаад СУИС-д орсон л доо. Тэгэхэд манай эгч “Чи ингэж салбаганаж байхаар барилгын өрлөгчинд тусалж, тоосгыг нь зөөж өгвөл арай тохирно доо” гэж хэлсэн. Түүнээс том доромжлол тухайн үед үгүй. Гэхдээ энэ эгчдээ гомдсон биш намайг хурцалсан үйл явдал.
-Та зөвхөн эгчийгээ ярилаа?
-Харин ээж бол миний улаан фен. Эргэлт буцалтгүй дэмжсэн. Гэр бүлд зөрчил үүснэ ээ дээ. “Яах гэж, яагаад урлагийн сургууль?” гэсэн үгүйсгэл бүхэнд ээж дөрвөн мөчөө өргөн дэмжсэн. Одоо ч ээж минь миний ард бий.
-СУИС-ийг дуурийн дуулаачаар төгсөнө гэдэг мэргэжлийн сургалтын оргил стандартад хүрнэ гэсэн үг. Гэвч төгсөгчид нь нэг хэсэг нийтийн дуу руу явсан. Энэ дэг сургуулийн үнэ цэн хувь уран бүтээлчийг ямар хэмжээнд аваачин төлөвшүүлдэг вэ?
-Төлөвшүүлэхээс гадна хүмүүжүүлдэг газар шүү дээ. Аль ангид орох нь хувь хүний сонголт. Харин дуурийн дуулаачаар төгссөн хүн хоолойгоо ядраахгүй дуулах техникийг наад зах нь эзэмшинэ гэдэг аль ч чиглэлд хөрвөж чадахын нэр. Эстрад урлаг өөрөө сэтгэлгээнийх. Хүнийг оролдлого тутам хөгжүүлж байдаг. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багш маань “Чамд тембр гэж юм бий. Дуурийг санаад ч хэрэггүй, сургуулиа эвтэйхэн төгсөхөө бод. Харин чамд гадаад дуу их зохиж мэднэ дээ” гэж хэлсэн. Испаниар дуулж эхлэхээс дөрөв, таван жилийн өмнөх хэрэг. Хувь хүний өгөгдлийг мэдэрчихсэн явдаг том хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй л дээ. Өөрийгөө тоодог насан дээр хүн нисдэг бол хөрсөн дээр буулгаж ирдэг нь СУИС-ийн эрдэмтэн багш нар.
-Үзэгч, сонсогчид өөрчлөгдөж байна. Ялгарал бөгөөд концепц эрдэг, өөрсдийн жанрт үнэнчээр нэгддэг болчихлоо. Та бол жанр “бүтээж” яваа хүн, үзэгчдийг хэрхэн хардаг вэ?
-Тэд маш мэргэжлийн, соргог болчихсон. Тийм учраас манай уран бүтээлчид ялгарах, ялгарахын тулд эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна. Цаг үе бас эргэдэг. Сүүлийн үеийн дуунууд аягүй эсвэл үггүй мэт санагдах боллоо. Би үгүйсгээгүй ээ, нийгэм чөлөөтэй цаг үе. Гэхдээ урлагт хэм хэмжүүр, ёс суртахуун гэдэг зүйл нэгт явах ёстой. Цаг эргэдэг учраас хуучин юм сэргэж, хит болж байна. Амараа багшид “Би хуучин дуу дууллаа гээд зэмлүүллээ” гэж хэлэхэд “Би хэчнээн лектор гээд шинэ юм ярьдаггүй шүү дээ. Би хуучин юм л ярьдаг. Өөрийгөө битгий буруутга. Тэр дотроос шинэ юм хийх өнцгөө олж авна” гэсэн нь санаанд орж байна.
Саяхан хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуайтай хүлээн авалтад таарсан. Намайг испани дуугаа дуулчхаад гараад ирэхийг харчхаж. “Чи миний нэг дууг эд нар шигээ болгоод дуул л даа” гэсэн. Тэгээд надад “Нутгийн хөөрхөн бүсгүй” дуугаа дуулах эрхийг олгосон. Би электро, латин хэв маягт оруулж дуулсан байгаа. Одоо би 2000-аад онд нэлээд хит болж байсан дууг хөгжмийн зохиолчийнх нь зөвшөөрөлтэйгөөр шинэчилснээ цацах гэж байна. Хүмүүсийн дунд бас багагүй маргаан дагуулж магадгүй гэж бодож байна.
-Даруухан хөдөлмөрлөдөг хүмүүсийн хувьд өөр дотроо салбарыг соргогоор ажиглаж явдаг. Дуучин С.Гантогоо саяхан “Монголын урлаг дампуурсан” гэж хэлнэ лээ. Танд сэтгэл дундуур байдаг зүйл юу вэ?
-Нэрлэвэл олон дайсан хураана. Хэзээ нэгэн цагт зоригтойгоор ярина гэж боддог. С.Гантогоо миний хуурай дүү. Хэлсэн үгийг нь сонссон. Монголын урлаг дампуураагүй. Монголын нүүрийг урлаг нь л тахалж байгаа. Харин дампуу хэсгий нь өлгөж аваад, сонсоод буй иргэдийг л бүр багаас нь бэлтгэх хэрэгтэй юм шиг байна. Тэр бүүвэй, морин хуур, Гэсэр, Жангараа сонсгож бэлтгэх ёстой. Урлагт хэм хэмжүүр, ёс суртахуун нэгт учраас С.Гантогоогийн үгийг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм хэсгийг сонсдог, сонсдоггүйн ялгаа олон нийтэд бий. Иймд бэлтгэх гэдгийг чухалчлаад байгаа юм.
-Яагаад хэзээ нэгэн цагт гэж?
-Энд тэнд дуулахад салбарынхантайгаа байнга л таардаг. Ижил төстэй, нэг хэвэнд цутгасан мэт зүйлийг багагүй олж хардаг. Нэрлэхэд арай эрт. Урлагт артист болж чадаагүй хүн шүүмжлэгч болдог гэж нэг хүн хэлэхийг сонссон. Шүүмжилж буйдаа биш, нөгөө л хэм хэмжүүрийн тухай ярьж байгаа юм. Захаас нь сонсоод таньдаг, танигддаг болчихлоо шүү дээ. Уран бүтээлч хүн өөрөөсөө зугтаж явах нь хамгийн гол. Өнөөдөр хийснээ маргааш давтаад явбал горьгүй. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр багшийн дуу давтагддаггүй. Учир нь тэр үргэлж өөрөөсөө зугтаж явдаг.
"Өөрийгөө хайж олно гэдэг маш том цаг хугацаа юм даа"
-Хөдөлмөр дутаад буй санагдах тал бий. Нэг дуу нь хит болбол нэг хэсэг юм хийхгүй байх жишээтэй. Хүндлэгдсэн уран бүтээлчдийн олонх угтаа сүүлийн 10-20 жил нэг ч шинэ уран бүтээл хийгээгүй байна шүү дээ?
-Саяхан нэг жүжигчин мөртлөө дуу дуулж байгаа хүн хэлнэ лээ. “Тайзан дээр бол нэг юмаа олон давтан тоглож болдоггүй шүү дээ. Харин дууг болдог юм байна” гэж. Тэр дуугаар ашгаа олсон, өөрийн төлөвлөгөөг биелүүлсэн гээд зогсвол, дахиад түүнд мөрөөдөл байхгүй юм байх даа гэж бодоход хүрч байна шүү дээ. Зогсолтгүй хөдөлмөрлөнө гэдэг хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүст болгоомжлол авчирдаг байж магадгүй.
-Хорон гэмээр стратеги ашиглаж бас танигдаж, гарч ирээд байгаа тал хөшигний ард сонсогдож л байдаг. Жаахан муу хүн байчихвал тодрох авьяас нь байна, яагаад зальжин байж болохгүй гэж?
-Хүний алдаа дутагдлыг өөрт нь хэлэх илүү дээр. Наадхыг тань орчин үед сенсац тарих гэж хэлж байна. Уран бүтээлч хүмүүс амь нэгтэй байх ёстой. Мөн шүүмжлэл доромжлол хоёр тусдаа асуудал. Хэн нэгнийг доромжлоод эхэлбэл бусад дундаа ам дамжин яригдаж, ховын сэдэв болно. Би бол алдаа дутагдлыг зөвхөн өөрт нь хэлээд явдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө, алдар нэртэй нэгэн дуучин миний хөтөлж байсан хурим дээр ам барьчхаад яваад өгсөн. Би “Миний хөгшин, кафед битгий ам барьж бай” гэж хэлсэн. Найз гэж явсан ч одоо харьцахаа байчихсан байна лээ.
Хүн үнэнээрээ байсан нь дээр дээ. Башир аргаар, хэн нэгний мууг үзэж байгаад өөртөө оноо цуглуулна гэдэг байж боломгүй хэрэг.
-Өнгөрсөн зун Төв цэнгэлдэх хүрээлэнд олон тоглолт болсон ч шинэ дуу сонссонгүй. Носталжи маягтай л салбар урагшлаад байна уу гэж харахад хүрмээр. Энэ салбар зогсонги байдалд орчихлоо гэвэл?
-50, 50 хувьтай. Миний найз Н.Батмягмар буюу Батух цоо шинэ юм хийж байна. Гурван дуу хийгээд, гурвуулаа хит болсон. Манай дунд үеийнхэн шинэ юм хийхгүй байгаа нь үнэн. Нөгөө л нэг дуу, нөгөө л носталжи гэдэг... Ер нь хуучинтайгаа зууралддаг, эргэж буцсан сэтгэлгээ гэдэг яс юман дээрээ шинэ зүйл юм биш үү. Хүн дурсамжаараа амьдардаг. Дурсамж дахь нэгэн гэрэл гэгээтэй мөчид нь тохиосон дуу хөгжимд хүн үргэлж татагдсаар явдаг. Яг шинэ юм хийхээр ойлгохгүй нь ч бас байна шүү дээ. Гэхдээ дандаа шинэ дуу хийж байна.
-Үргэлж шинийг эрэлхийлдэг хүмүүсийн нэг бол та мөн. Харин шинэ уран бүтээл нэг их явахгүй байгаа асуудлыг юу гэж хардаг вэ?
-Мөнгө эсвэл ивээн тэтгэгч байхгүйдээ биш, сэтгэл дутсандаа байх. Судалгаа, эрэл хайгуул хангалтгүй, сэтгэл хөдлөл дийлчихээр. Дээр нь шинэ юм хийхээр “Яах бол?” гэдэг болгоомжлол үүсдэг л дээ. Хүний мэддэгийг эхэлж хийж танигдъя гэдэг стратеги хэн хүний толгойд орно. Шинэ юмаар бусдыг байлдан дагуулж байгаа нь гэвэл The Hu хамтлаг байна. Шинэ юм гэдэг угтаа давтагдах ёсгүй. Нөгөө л гармони, нөгөө л аранжировка биш. Нэгэн шинэ содон юм сонсогдож байж тэр гогцоог татна.
-Таны урын санд хэчнээн дуу байна вэ?
-Өөрийнхөө уран бүтээлийг хайрцагт барилгүй хийхийн тулд, ашиг харалгүй студи байгуулсан. Тоолж үзээгүй ч багагүй юм бий. 50 дотор байгаа. Мөн дахиад латин америк дуунууд маань бий. Эдгээрээс шилж, шигшиж тоглолтоо хийх гэж байна.
-Бие даасан тоглолт өмнө нь хийж байсан уу?
-10 жилийн өмнө жижигхэн танхимд ойр дотнын хүмүүс дундаа хийж байсан. Манай нэг эгч АНУ-д амьдардаг юм. Намайг сургууль төгсөхөд ирчхээд, “Бөхийн өргөөнд ч тоглолт үзлээ. UB Palace гэдэгт ч тоглолт үзлээ. Миний дүү тэгээд эд нар шигээ болох уу?” гэж хэлсэн. Энэ маш том шүүмж байсан л даа. “Чи яг юу хийх гэж байна. Арай өөр байж болохгүй юу?” гэсэн асуулт шүү дээ. Тэгж эрэл хайгуул хийж явсаар Moon Dance хамтлагтай холбогдож, испани дуунд хөл тавьсан маань аз юм.
-Энэ тоглолт ямар онцлогтой болох вэ?
-Хүмүүс “Бааранд тоглохгүй яасан юм” гэж их хэлж байна л даа. Илүү олон хүнд энэ зүйлийг мэдрүүлмээр байна. Үзэгчээ уйдаахгүй, доргио, халуун уур амьсгалтай тоглолт хиймээр байна. Үзэгчдийг бүжиглэсээр байгаад гарч ирээсэй гэж нэгдүгээрт хүссэн. Мөн МУГЖ Ч.Батболд ах маань найруулагчаар ажиллаж байгаа. Амьд хөгжмийн “Хилчин” хамтлаг тоглоно. “Moon Dance” хамтлаг дэмжиж ирнэ, “Royal Dance” хамтлаг бүжиглэнэ. Дээр нь би өөрөө аятайхан шүлэг тааралдвал ая хийчихдэг. Миний зарим зохиосон дуу дуулагдана гэсэ үг. Тоглолт таван хэсгээс бүрдэж байгаа. Латин, каунтри, жазз, твист, электро. Нэлээд нүргээнтэй тоглолт болно. Ч.Батболд ах яаж найруулах вэ гэдэг том сюрприз хүлээгдэж байна. Маш өөр мэдрэмж мэдрэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн амлаж чадна.
-Та тайзан дээр дуулаад буухдаа юу мэдэрдэг вэ?
-“Өчүүхэн авьяас чамдаа баярлалаа” гэж хэлдэг. Надад жаахан ч болов авьяас байгаагүй бол энэ бүхэн байхгүй шүү дээ. Өөрийгөө хайж олно гэдэг маш том цаг хугацаа юм даа. Хүн яагаа ч үгүй байж, би би гэж зүтгэх нь дэмий юм гэдгийг олон гавьяат, артистуудаас харлаа. Аль хэдийнэ хүмүүст танил болж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс “Чааваас даа” гэмээр мэдрэмж авч л байсан.
-Та өөрийгөө ер олсон гэж боддог уу?
-Өөрийнхөө 50 хувийг л олсон гэж боддог.
-Үлдсэн хувиа олох гэж хичээх үү?
-Юмыг эхлүүлнэ гэдэг зориг, тэвчээр хоёрт тулгуурладаг. Тэндээс барьж авах барьц дээрээ дээр тулгуурлаж энэ 50 хувь нэмэгдэх байх гэж бодож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асуултууд сайн байлаа. Тун сонирхож уншлаа.
Карьер гэдгийг буруу тайлбарлажээ
Ухаантай з�##�уу байна шүү. Мэргэжлийн хүмүүс л ийм соргог байдаг. Анх тайзан дээр хараад япон хүн юмуу гэж бодсон шүү. Өөртөө зохисон гоё стильтэй сонирхолтой л дуучин юм
Зөв з�##�уу байна, чамд амжилт хүсэе
Сэтгүүлч,дуучин хоёрын ярилцлага маш их та�##�агдлаа...
Зөв.