Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийж, Оросын эдийн засгийг дэмжих үү
Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев 10 дугаар сард манай улсад айлчлах үеэрээ Монголыг Евроазийн эдийн засгийн холбоонд түр элсүүлэхээр тогтоолын төслөө бэлтгээд ирсэн талаар тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлж байсан бөгөөд Казахстаны ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Монгол Улсыг ЕАЭЗХ-нд элсэхийг бүх талаар дэмжинэ" хэмээн хэлснийг бид өмнө нь хүргэж байсан билээ.
Орос, Монголын төрийн тэргүүний хооронд хэлэлцэгдсэн асуудал
Харин уг асуудлаар албан ёсоор Монголын талаас мэдээлэл, тайлбар өгөөгүй. Гэтэл ойрын өдрүүдэд Монгол Улсыг уг холбоонд элсүүлэх асуудлыг яаравчлуулж буй талаар хэвлэлүүдээр яриад эхлэв.
Энэ талаар Армени улсын хэвлэлд “Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг бий болгоно. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон нь манай улсын хоёр талын худалдааны орчинг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой шинэ боломжийг бий болгоно гэж үзэж байна” хэмээнбичжээ. Улмаар хоёр улсын төрийн тэргүүний түвшинд яриа хэлэлцээ хэдийнэ хийгдсэн гэсэн үг юм.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ) нь 2015 оны 1-р сарын 1-нд албан ёсоор байгуулагдсан бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны бүс байгуулахад чиглэсэн олон улсын байгууллага юм. Одоогоор дараах таван улс гишүүнээр оролцдог:
- Орос -146 сая
- Казахстан-20 сая
- Беларусь- 9.5 сая
- Армени- 3 сая
- Киргиз- 7 сая хүн амтай бөгөөд Евроазийн эдийн холбооны гишүүн орны хэрэглэгчийн зах зээл 200 орчим сая гэж үздэг.
Дээрх орнуудаас гадна Вьетнам, Иран, Хятад, Серби зэрэг улсууд ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм.
ЕАЭЗХ нь дан ганц худалдааны эргэлт бус ажиллах хүч нийлүүлэх асуудал ч багтдаг
Энэ зах зээл нь эдийн засгийн хамтын ажиллагаа болон худалдааны урсгалаар тогтохгүй чөлөөт хөдөлмөрийн зах зээлийг оруулбал ажиллах хүч нийлүүлэх асуудал ч мөн багтана гэсэн үг.
Монголын талаас тайлбарлаж байгаа нь манай улсад ашигтай, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохдоо импортын татвараас чөлөөлнө, чөлөөт худалдааны онцгой боломж бүрдүүлнэ гэж буй. Гэтэл үнэн хэрэг дээрээ манай улсаас аль ч зах зээл рүү нь нэвтрэхэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл манайхаас экспортын асуудал яригдах нь дотоодын томоохон үйлдвэр цөөхөнтэй улсын хувьд ердөө импортын асуудал болж хувирах төдийгүй татваргүй манай улс руу орж ирнэ гэдэг гэрээтэй тул, дотоодын үйлдвэрлэгчдэд мэдээж өндөр эрсдэлтэй.
Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд эдийн засгийн интеграцчилалын шинэ түвшнийг бий болгох зорилгоор үүсгэн байгуулж, Евроазийн холбоо гэсэн товчхон тодорхойлолтоор зарлаж байсан бөгөөд Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Молдав, Орос, Тажикистан, Узбекистан, Украин зэрэг улс гишүүн болон ажиглагч орноор хамтарч, улс хоорондын эдийн засгийн өгөөжөө дээшлүүлэхээр онцгой нөхцлөөр өргөн хүрээнд худалдаа хийх эрхээ бэхжүүлж авцгаасан. Тухайн үед Оросын эдийн засгийн өсөлт удааширч байсан бөгөөд ДНБ-ий хувь хэмжээ нь 0.3-0,5 хувиар өсөх үзүүлэлтийг зарласан нь үндсэндээ зогсонги болчихоод байсан учир ийн ЕАЭЗХ-оор дамжуулан эдийн засгийн эргэлтээ сайжруулсан. Ингээд цаашид эдийн засгаа тэлэх нэг арга нь улс төр, эдийн засгийн хувьд өнийн хамтрагчдаа нягтшуулах том сонирхол байсан нь энэ.
ОХУ-ын эдийн засгийг дэмжих хамгийн том түшиц нь ЕАЭЗХ
Нэг ёсондоо цус сэлбэх шинэ боломж нь Евроазийн холбоо. Эдийн засгийн томоохон түшиц улс болох Украинтай геополитикийн асуудал үүссэн нь бусад гишүүн орнуудад дарамт үзүүлээд зогсохгүй худалдааны эргэлт нь буурч, харилцан хөрөнгө оруулалт хийх нь ч удааширсан байна. Иймд Евроазийн холбоо гэсэн богино тайлбараа илүү цар хүрээг нь томсгож Евроазийн эдийн засгийн холбоо болгосноор Оросын хувьд худалдааны алдагдлаа бууруулахад илүү дөхөм болж иржээ. Евроазийн эдийн засгийн холбооны худалдааны 80 орчим хувь нь зөвхөн рублиэр хийгддэг бөгөөд Оросын өөрийнх нь худалдааны эргэлт бусад гишүүн орнуудынхаасаа харьцангуй бага.
Ингээд харахаар, Орос, Украины дунд өрнөж буй дайнаас үүдэж Европийн холбооноос тасралтгүй тавигдсан эдийн засгийн хоригууд нь тус улсад үлэмж хохирол учруулж, эдийн засаг нь мөн л хуучны адилаар зогсонги байдалд орчихсон. Лангуун дээрх барааны нэр төрөл цөөрч, үйлдвэрлэлийн процессууд удааширч, хүнсний төдийгүй өргөн хэрэглээ, томоохон үйлдвэрлэгчдэд ч эд материал, тоног төхөөрөмжийн хомсдол бий болсноор эдийн засаг, нийгмийн томоохон сорилтуудтай тулж эхэлсэн. Харин энэ үед Оросын дотоод, гадаад эдийн засгийн жинтэй хүч нь Евроазийн эдийн засгийн холбооны улсууд дээрээ төвлөрч байна. Наанадаж л, Эрмитаж руу нэвтрэхэд тасалбар нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэнд хөнгөлөлттэй гэсэн шошго зүүдэг. Энэ мэтээр Оросын дотоодын эдийн засгийн бүх л талбарт Евроазийн эдийн засгийн холбооны үүрэг оролцоо яг өнөөдрийн байдлаар амь тариа болж буй нь үнэн.
Монгол Улс түр хугацааны худалдааны гэрээ хийх нэрийдлээр дотоодын эдийн засагтаа том савлагаа үүсгэх вий. Нөгөөтэйгүүр Оросын эдийн засгийг шууд байдлаар дэмжих энэ бодлого нь олон улсад хэрхэн харагдах хийгээд манай улсад хожоотой хэлцэл болж чадах эсэх нь эргэлзээтэй.
Ц.ТАМИР
Холбоотой мэдээллийг ЭНДээс уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хавханд гүйгээд оржээ!