С.Баярбилэг: Нэгнээ гүйцэж түрүүлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй нь зам тээврийн осолд өртөж, хохирох шалтгаан болдог

Өнгөрсөн сар шинийн баярын амралтаар хөдөө орон нутгийн замд маш олон осол гарсныг цагдаагийн байгууллага болон хувь хүмүүс цахим орчноо мэдээлсэн. Халтиргаа гулгаатай замаар анхаарал болгоомжгүй давхих болон нэгнээ гүйцэт түрүүлэхийн тулд эсрэг урсгалд орсноороо ослын эхнийг суурийг тавьж буй. Ийнхүү эдгээр асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газрын ХОНХМ, цагдаагийн хошууч С.Баярбилэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн баярын өдрүүдээр хот хоорондын замд хэд хичнээн дуудлага бүртгэгдсэн бэ. Нийт дуудлагийн хэдэн хувийг зам тээврийн осол эзэлж байна вэ?
-Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 476 дуудлага гэмт хэргийн шинжтэй байсан бол зам тээврийн ослын 2,107, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299, гэр бүлийн хүчирхийллийн 894, зөрчлийн шинжтэй 3,915 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн гэх тоон мэдээллйг эхний ээлжид өгье.

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн нэлээд ачаалалтай байсан. Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор нийслэлд нэг, орон нутгийн замд 10 иргэн амь насаа алдсан. Харин зам тээврийн ослын улмаас 41 хүн бэртэж, гэмтсэн.
-Зам тээврийн ослын дийлэнх шалтгаан нь юунаас үүдэлтэй байсан бэ?
- Зам, тээврийн ослын шалтгааны дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйгээс үүдэлтэй байна. Цагдаагийн байгууллага энэ өдрүүдэд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтийн тусламжтай явуулсан. Хөдөөгөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэлээдгүй байсан. Жолооч нарын хувьд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж явалгүй, дураараа явах тохиолдол нэлээдгүй гарсан.
Ерөнхийдөө зам тээврийн осол дараах үндсэн таван шалтгааны улмаас гардаг.
- хурд хэтрүүлэх
- согтууруулах ундаа хэрэглэх
- замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулж байгаа хууль, дүрэм, журам стандартын биелэлт хангалтгүй
- хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагын ажлын уялдаа хангалтгүй
- хөдөлгөөнд оролцогчдын соёл боловсрол дутмаг гэх шалтгаанаас дээрх зам тээврийн осол гардаг.
-Аль аль чиглэлд хамгийн их осол аваар гарсан бэ?
-Баянхонгор, Өвөрхангай болон Дарханы чиглэлд ослын дуудлага нэлээдгүй их байсан.
-Дарханы замын хувьд маш олон жил сайнаар ч саараар ч яригдаж байгаа. Өмнө нь Дарханы зам зорчиход бэрхшээлтэй гэгддэг байсан. Тухайн үед ч ослын дуудлага их байсан. Харин сүүлийн жилүдэд засварлагдаж, шинэчлэгдээд хуучнаасаа тэс өөр болсон ч мөн л ослын дуудлага өндөр байгаа нь юутай холбоотой вэ. Угтаа бол осол аваар гарахаас сэргийлж, замуудыг засварлаж янзалдаг шүү дээ.
-Санал нийлж байна. Зам тээврийн ослыг бууруулахын тулд аль ч чиглэлийн замыг шинэчилж, засварладаг. Дарханы замаар жишээлэхэд, ердөө жолооч нарын хайхрамжгүй байдалтай зуун хувь хамааралтай. "Зам сайхан байна" гэх мэтчилэн бодож, ямар нэгэн байдлаар аюулгүй байдлаа дутуу хангадагтай холбоотой.
-Холын замд явахад, нэгнээ гүйцэт түрүүлэхийн тулд уралдаж давхилддаг. Энэ талаар хууль дүрэмдээ хориглох заалт бий юу?
-Байхгүй ээ. Гүйцэт түрүүлж, явахыг зөвшөөрдөг. Манайхан дийлэнх тохиолдолд ачаа ихтэй том машиныг гүйцэт түрүүлж, урд нь гардаг. Гэсэн хэдий ч энэ нь даамжирсаар хөдөлгөөн их үед, уралдаж, гүйцэт түрүүлэх нь ослын шалтгаан болдог. Ер нь орон нутгийн замд жолооч нар маань жолооч биш болдог. Хараа хяналт, анхаарал болгоомжоо сулруулж, орчин нөхцлөө сайтар ажиглахгүй байгаагаасаа болоод олон арван асуудлыг үүсгэдэг гэхэд болно.
-Энэ оны баярын өдрүүдээр гарсан ослын тоо хэмжээ, өнгөрсөн оны сар шинийн баярын амралтын үеийнхтэй харьцуулахад, буурсан үзүүлэлттэй байв уу, өссөн үзүүлэлттэй байв уу?
-Ослын тоо хэмжээг өссөн, буурсан гэж хэлэхэд хэцүү байдаг юм. Гэхдээ тоон мэдээллээс харахад, өнгөрсөн онд:
- Амиа алдсан хүмүүс: Нийслэл болон орон нутгийн хэмжээнд наймаар нэмэгдсэн
- Гэмтэж бэртсэн хүмүүс: Мөн адил нийт нутгийн хэмжээнд арван наймаар өссөн үзүүлэлттэй байна.
-Аюулгүй, эрсдэлгүй явах эсэх нь жолоочийн ухамсарын л асуудал-

-Зам тээврийн ослыг хэрхэн яаж, бууруулах вэ?
-Бид жолооч болгоны машинд сууж, хяналт шалгалт хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр жолооны хүрдний ард суусан хүний ухамсар мэднэ гэсэн үг. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоогоо барихгүй байх. Хурд хэтрүүлэн давхихгүй байх. Хормын дотор түрүүлэх гэж, эсрэг урсгал руу орохгүй байх. Учирч болох эрсдлээ замдаа тооцоолох гэх мэт зуун хувь жолоочийн ухамсараас хамааралтай. Бид өнгөрсөн жилүүдэд "Аажуу, явбал аяндаа хүрнэ", "Дураараа биш дүрмээрээ" гэх мэт нөлөөллийн аян эхлүүлсэн. Нээрээ л аажуухан явбал аяндаа хүрдэг шүү дээ.
Хүмүүс нэгнээсээ "Сайн явж ирсэн үү гэж асуудаг. Харин хурдан яваад ирэв үү" гэж огт асуудаггүй. Тиймээс сайн явж хүрэхийн тулд дор бүрнээ ухамсартай байх хэрэгтэй.
-Баярын өдрүүдээр хичнээн алба хаагч нийт нутгийн хэмжээнд ажилласан бэ?
Сар шинийн өдрүүдэд 5,416 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.
-Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь?
Товчхондоо, гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээг авда гэсэн үг.
Үүнийг хуулиар нь тайлбарлавал илүү ойлгомжтой байх.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дараах байдлаар тусгажээ.
- 10.4.Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:
- 10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
- 10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
- 10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
- 10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
- 10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
- 10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
- 10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:
- 10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
- 10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- 10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.
- 10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

-Нийслэлд гардаг ослын шалтгааны дийлэнх нь юутай холбоотой байдаг вэ?
-Осол гараад буй шалтгааны багагүй хувийг жолоочийн буруутай үйлдэл эзэлж байгаа нь хэт их тээврийн хэрэгсэл, сургууль цэцэрлэг орчмын бүстэй хэт ойр авто зам, анхаарал болгоомжгүй жолооч нартай холбоотой. Энэхүү асуудлыг гарахгүй байх талаас нь үндсээр нь шийдвэрлэнэ гэвэл дэд бүтэц, зарим хуулиудтай холбоотой том өөрчлөлт хийх шаардлагатай болно. Гэвч үүнийг шийдвэрлэхийг хүлээсээр байх юм бол өдөр бүр осол гарсаар, хүүхдүүд бэртэж гэмтсээр байхыг санууштай. Уг асуудлаас хүүхдүүд өөрсдөө урьдчилан сэргийлж чадвал бодитой, хурдан эерэг үр дүн гарч, ослын тохиолдлууд болон, гэмтэж бэртсэн тохиолдлууд багасах боломжтой. Үүний тулд сургуулийн орчинд заавал асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцох, жолоочид өөрийгөө сайн харагдуулах үүднээс зогсож буй машины хойгуур гарах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу буюу ногоон гэрэл, цагаан шугамаар зам хөндлөн гарах зэрэг мэдээллийг хүүхдүүдэд өгөх нэн шаардлагатай болоод байна.
-Нэмэлтээр нэг зүйл асуухад, цагдаад бүртгэгдсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэг энэ дундаа автозамын осол хэдий хэр хугацаанд бүрэн шийдэгддэг вэ?
-Үүнийг хүмүүст тайлбарлаж өгөхийг ихэд хүсдэг юм. Эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэгдсэн тохиолдолд мөрдөгч болон хариуцсан хэлтэс болон цагдаа нь шалгалт хийж ажиллаж эхэлдэг. Гэмтэл бэртэл болон эд хөрөнгөөр хохирсон шалтгаан нөхцлийг тодруулахын тулд багагүй хугацаа шаарддаг. Ямар хэрэг гэдгээс нь хамаарч олон төрлийн асуудлаас үүдэж, хяналт шалгалтын явц удаашрах тохиолдол бий. Тиймээс хэрэг шийдэгдэх товлолт өдөр тохироход нэн хэцүү байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүйцэж түрүүлэхүед явахгүй байсан жолооч нар хурдаа нэмээд тэнэгтээд байдгаас болж байгаа
Авто замыг осол зөрчил бууруулахын тулд засаж шинэчилдэг биш авто тээврийн хэрэгсэл зорчуулах тулд түүний ача�##��##�ыг бууруулахын тулд засварлаж өргөтгөж шинээр тавьдаг Энэ тухай авто замыг тээврийн хэрэглэлийн хөдөлгөөнд ашиглана гэсэн утгатай за�##�т АЗХДүрмэнд байгаа. Осол зөрчил бууруулахын тулд гэж ярьж байгаа цагдаа , сэтгүүлч , иргэдийн ойлголт буруу. Осол зөрчлийг хуучнаар бол жолооч мэргэжилтэй хүн , одоогийн машин барих эрхтэй хүмүүс л өөрснөө хариуцах ёстой.
Гүйцэж түрүүлэх гэж ярьж бичдэг байсан одоо өөрчлөгдөөд гүйцэт түрүүлэх гэдэг болсон юм байх даа.эсвэл сэтгүүлч нь буруу бичээд байнуу.
Гүйцэж түрүүлэх үйлдлээ зөв хиймээр байна.машины хамар дөнгөж илүү гармагц урдуур дарж орох юм хурдтай явж байгаа машин хажуугаас мөргөнө гэж мэддэггүй оркууд маш их байна жолооны курс нь зааж өгдөггүй юм уу мэдсэн ч ......мулгуунууд байх юм
Явж ядаад байхаар гүйцэт түрүүлэх үeд хурдаа нэмэхээ л болих хэрэгтэй.
ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮEД НӨГӨӨ МАШИНЫ ЖОЛООЧ ХУРДАА ЗОРИУД НЭМЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНЭЭС БОЛЖ АВААР ОСОЛ ИХ ГАРДАГ БАЙХ ШҮҮ