Б.Уранзаяа: Сорвитой хүнийг нийгмээрээ гадуурхдаг. Ахиж тийм зүйл мэдрэхгүйн тулд чадах бүхнээ хийнэ

Түүнийг Б.Уранзаяа гэдэг. Согтуу жолоочийн хайнга үйлдлээс болж зургаан настайдаа зүүн гарынхаа таван хурууг тайруулсан нэгэн. Эрүүл саруул өсчхөөд гэнэт л нэг өдөр хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг бол амьдралд туулах хүнд хийгээд хэцүү даваа байсан тухайгаа бидэнд хуваалцсан юм.
Гэр бүлийнхэнтэйгээ ч зөвлөлдөөгүй, өөрөө шийдвэрээ гаргаж, Улаанбаатарт суурьшихаар ирсэн эхний өдөр нь бидний уулзалт товлогдсон юм. Тэрбээр өөртөө итгэлгүй байдал болон өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн талаараа ийн ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулбал?
-Намайг Базаррагчаагийн Уранзаяа гэдэг. Би одоо 22 настай. Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод амьдарч, суурьшихаар ирээд байна. Би 2017 онд аймгийнхаа политехникийн коллежид хүнсний технологиор суралцаж, төгссөн.
-Өөрийнхөө түүхийг нийтэд хуваалцах шийдвэр тийм амар байгаагүй байх. Энэ шийдвэрийг гаргахад, юу нөлөөлсөн бэ?
-Тийм ч амар байгаагүй. Нэлээн удаан бодож байж нийтэлсэн. Үнэндээ миний мэдэрсэн мэдрэмжийг өөр хэн нэгэн ахиж битгий мэдрээсэй гэж хүссэндээ бичсэн.
-Мэдэрсэн мэдрэмжийнхээ талаар илүү дэлгэрэнгүй яривал?
-Гадуурхал гэх юм уу. Зүгээр байж байгаад түлэгдээд биедээ том сорвитой болонгуутаа өөрийгөө бүх зүйлээс тусгаарлаж байсан. Би багадаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Гэвч сорвитой болоод бүжгээ орхисон. Энэ мэт маш олон зүйлээс өөрийгөө холдуулж амьдарч ирсэн. Тэгээд л өөр шигээ олон хүүхдэд тус дэм болж, бодол мэдрэмжээ хуваалцахаар шийдсэн.
-Сая зүгээр байж байгаад түлэгдсэн гэж хэллээ шүү дээ. Хэрэг явдал хэрхэн өрнөж, юу болсон талаар хуваалцаж болох уу?
-2009 оны арваннэгдүгээр сар. Өвөөгийнхөө өвөрт унтаж байсан тэр шөнө согтуу жолооч манай хашаа, гэрийг дайраад гэрийн зуух мөргөөд зуухны үнс нурам асгараад доргилтод нь өвөө бид хоёр орноосоо нурам нь дээр нь уначихсан юм . Сайн санадаг нь намайг нүдээ нээхэд ув улаан өнгө л харагдаж байсан. Өвөө “миний охин” гээд гараа сунгаад би “өвөө, өвөө” гээд уйлаад зүүн гараа сунгаж байхдаа зүүн гарынхаа таван хурууг болтол нь халуун нурмыг маажсан юм байна лээ. Гэхдээ тэр үед бол өвчин ерөөсөө мэдэгдээгүй. Ингээд л эрүүл саруул төрсөн би зургаан настайдаа зүүн гарынхаа хурууг тайруулж, түүгээр ч зогсохгүй нэлээн хүндээр түлэгдэж, хоёр гартаа түлэгдэлтийн гүнзгий сорвитой болсон.
Тухайн үед манай гэрийг дайрсан хүн цэргийн албаа хаагаад ирсэн 19 настай н.Ө гэгч хүн байсан юм билээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, бусдыг бэртээсэн гэх хэргээр хоёр жилийн хорих ял эдэлсэн гэсэн. Би ч багадаа тэр хүнд ихэд гомддог байсан даа.
-Ер нь тэр хүнтэйгээ уулзаж байсан уу, уулзъя гэж боддог уу?
-Үгүй ээ. Гэмтлийн эмнэлгийн шалан дээр эмээ минь намайг сахиад их олон хонож байсан. Тэр үед тийм дүр зураг харах муухай, өөрийнхөө гарыг ч харах муухай байсан. Яг тэр муухай мэдрэмж мэдэрч байх үедээ тэр хүнийг голдоо ортол үзэн ядаж байсан.
Харин одоо ерөөсөө гомдол тээдэггүй. Биедээ сорвитой болсон ч сэтгэлдээ сорви тээхийг хүсээгүй.
-Сая хэлсэнчлэн нийгэмд гадуурхагдаж байсан гэсэн. Тэр байдлыг хэрхэн яаж, даван туулж байсан бэ?
-I-V анги хүртэл ангийнхан маань намайг мэддэг байсан болохоор гадуурхагдаж үзээгүй. Харин зургаадугаар ангид анги хуваагдаж, өөр хүүхдүүдтэй нэг ангид ороход л их хүнд байсан. Бүгд миний гарыг зааж, чичилдэг, шоолдог, гадуурхдаг байсан. Бага ангиасаа эхэлж найзалсан найз маань хүртэл надаас ичээд холбоогоо тасалж байсан. Томчууд ч гэсэн намайг өрөвдсөн харцаар харна. Тэр болгон нь үнэхээр хэцүү. Чаддаг юм аа чадахаа болино. Хүн өөртөө итгэхээ больдог юм билээ. Хаашаа ч гармааргүй. Юу ч хиймээргүй санагддаг. Гэхдээ л би бусадтай ижилхэн хүн гэж боддогтоо тэр бүхнийг давсан. Би яг адилхан юмсыг хийж чаддаг гэдгээ бусдад батлахыг их хүссэн. Бас томчуудын өрөвдсөн харцыг ахиж хармааргүй байсан. Энэ л надад их урам зоригийг өгсөн дөө.
-Өөртөө итгэлтэй Б.Уранзаяа болохын тулд хэр их хугацааг зарцуулсан бэ?
-Найман жил. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрчлөхийг хүсэх хүртлээ найман жилийг зарцуулсан. Амьдралынхаа ийм олон жилийг зарцуулсан болохоор одоо зогсолтгүй урагшаа л тэмүүлнэ.
-Дотуур байрны амьдралаас суралцаж, өнөөдрийн Б.Уранзаяаг бүтээсэн-

-Хоол зүйч, тогоочоор сурах шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ?
-Миний гарыг 3-11 насныхан их сонирхоно. “Та гараа яачихсан юм бэ” гээд их асуудаг. Тэр болгонд тайлбарлаж хэлдэг байсан. Одоо ч тийм. Энэнд их төвөгшөөдөггүй. Асуух нь зөв шүү дээ. Уг нь би цэцэрлэгийн багш болох хүсэлтэй байсан. Гэвч жаахан хүүхдүүд миний гарыг сонирхоод асуугаад байхаар,”Би багшиллаа гэхэд, хүүхдүүддээ бүгдэд нь нэг нэгэнгүй хэлэх шаардлага гарна” гэж бодоод больсон. Тэгээд тогоочоор сурах сонголтоо хийсэн. Уг нь би сайн сурсан л даа. Гэхдээ галтай ойр ажиллахаар сорви маань сэдэрсэн. Гэхдээ би их зүйл сурч, мэдэж авснаа цааш нь сайн хөгжүүлнэ гэж боддог.
Би коллеждоо сурахдаа, хэнд ч хэлэлгүйгээр дотуур байранд бүртгүүлж байсан. Ер нь би хүмүүст юмаа хэлдэггүй өөрөө шийдчихдэг. Аймагтаа гэртэй учраас дотуур байранд байх боломжгүй. Тийм болохоор өөр сумаас ирсэн гээд худлаа хэлж байгаад орж байсан. Ээждээ хэлэхдээ “Та намайг эргэж ирж болохгүй шүү. Охиндоо санаа зоволтгүй” гэж байсан. Гэрийнхэн тэр үед нэлээн уурласан ч яаж ч чадаагүй. Дотуур байрны амьдрал л өнгөрсөн дэх намайг өөрчилж, өнөөдрийг минь бүтээсэн дээ.
-Дотуур байрны амьдралаасаа хуваалцвал. Ямар охин тэнд очоод ямар болж өөрчлөгдсөн бэ?
-Манай гэр бүлийнхэн миний урдуур орж бүх юмыг хийсээр байгаад намайг ажилд сургаагүй. Би дотуур байранд хувцсаа эвхэх нь битгий хэл ороо ч хурааж чаддаггүй охин очсон. Тасаг, өрөөнийхөө цэвэрлэгээг нэг нэгээрээ хийдэг. Дутуу, муу цэвэрлэсэн байвал тасгийнхнаар нь шийтгэдэг байсан. Миний цэвэрлэгээтэй өдөр манайхан дандаа шийтгүүлнэ. Аргагүй шүү дээ би юу ч хийж чадахгүй. Дутуу угааж, арчина. Тасгийн эгч нар намайг загнана. “Замбараагүй байна. Энийг ингэж хий. Хувцсаа угаа. Индүүдэж сур. Ороо эмх цэгцтэй байлга” гээд зөндөө загнана. Мөн ч олон шөнө орондоо уйлж хоносон. Гэхдээ тэр тийм ч том асуудал байгаагүй ээ. Би харин ч эгч нарын хэлдэг бүх зүйлийг хийж сурсан. Одоо бодохоор дотуур байранд ороогүй бол би ч гэрийнхнээрээ бүх зүйлээ хийлгэдэг, нялцайсан амьтан байх байсан. Тасгийн маань эгч нар энийг уншиж байвал, зөндөө талархаж явдаг аа хэлмээр байна.
-Тогоочоор сурч, хоол хийх, хоолоо бэлтгэх үед асуудлууд гарч байсан уу?
-Ерөөсөө бэртэлтэй гараараа ажил хийж сурна гэдэг бол нэлээн том даваа. Бүр хүнд даваа байсан. Сургуулийн хүүхдүүдийн хоолны том махыг жижиглэхээс эхлээд, дадлагад гардаг байсан. Жижигхэн гараа мөн ч олон удаа зүсэж, исгэж байсан. Том төмс арилгахдаа өвдгөн дээрээ тавьж байгаад л арилгана. Ер нь болохгүй гэхийн зовлон байдаггүй юм билээ. Хүн болсон хойно бүгдийг нь л болгож, бүтээгээд, чадаад байгаа юм чинь. Одоо харин хоол хийдэг рийл болон хүнсний талаарх богино бичлэгүүдийг хийж эхэлнэ гэж бодож байгаа.
-Цахим орчинд пост нийтлэх гэж байгаагаа, ажил хайж, хотод суурьших талаараа гэр бүл болон найз нөхөддөө хэлж, зөвлөлдсөн үү?
-Үгүй ээ. Ерөөсөө зөвлөлдөөгүй. Хэнтэй нь ч ярилцаагүй. Өөрөө л шийдчихсэн. Фейсбүүк дээрээ постоо нийтлэх гэж гурав хоносон. Бичээд л, устгаад л, алдаагаа засаад л тэгсээр байгаад арай гэж нэг нийтэлсэн. Ээж бүр гайхаад, “Миний охин зүгээр үү” гэж хүртэл асуусан. Манай дунд дүү одоо оюутан болно. Тиймээс би том эгчийн хувьд хотод байр түрээслээд, ажилд ороод амьдралдаа хувь нэмрээ оруулах ёстой. Тиймээс л унаган гэрээ орхиод их үйл хэрэг бүтээх хүсэл дүүрэн хотод суурьшихаар ирсэн. Гэрийнхэн, ажлынхан, найзууд гээд бүгд л гайхаж үлдсэн. Гэхдээ хотод ирснээрээ миний дахин нэг шинэ амьдрал эхэлж байгаа мэт л санагдаж байна.
-Пост бичсний дараа хүмүүс хэр их холбогдсон бэ?
-Маш их холбогдсон. Бүгд ямар нэгэн сорвитой, түүнээсээ ичиж, санаа зовж амьдарснаа хуваалцсан. Юун түрүүнд хотод ирснийх Түлэнхийн төвд очиж, дүү нартаа сэтгэлийн дэм өгч, ээж, аавуудад нь урам зориг өгөхийг хичээнэ. Намайг гэмтэлд хэвтэж байх үед эргэлтээр эргэх хүн байхгүй. Өвөө, эмээ бид гурав мөн ч олон бон бон чихэр чанасан өндөг хоёрыг идсэн. Тийм болохоор орон нутгаас ирээд эмчлүүлж байгаа хүүхдүүд байвал өөрт нь ашигтай витамин болон тэжээллэг хүнсээр тусална. Харин ажилд авъя гэсэн 25 байгууллага холбогдсон. Өнөөдрөөс эхлээд очиж уулзана аа. Бас пост маань хүмүүст тэгж их хүрнэ гэж бодоогүй. Үнэхээр гайхаж, балмагдсан шүү.
-Баянхонгорт байхдаа ажил хийж байсан гэж ойлголоо. Ямар ажил хэдий хэр хугацаанд хийсэн бэ?
-Энэ талаар ерөөсөө яриагүй байна шүү дээ. Манай аймгийн номер нэг кофе шоптой фитнест менежер хийж байсан. Өөрөө ч фитнестээ яваад, дасгал хөдөлгөөн хийдэг байсан. Хүмүүс их гайхна. “Хөөх чи хийж чаддаг юм уу” гээд их асууна. Энэ мэтчилэн энгийн зүйлс дээр бусадтай л ижил хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд өөр биш гэдгийг ойлгуулахыг их хүссэн. Хүсэлдээ хүрэх эхлэлээ бага багаар тавьчихсан гэж бодож байна. Манай захирал хүртэл намайг суурьшихаар ирснийг мэдээгүй байгаа. Буцаад ирээрэй, бид байгаа шүү гэж хэлсэн. Ажилтай болж, шинэ хамт олонтой болох хамгийн гоё юм билээ. Нийгэмшээд, өөрийгөө шинээр нээгээд их гоё.
-Одоо хотод ирснийх хамгийн түрүүнд хийх зүйлсийн жагсаалтыг юу тэргүүлж байна вэ?
-Бяцхан влог хийнэ дээ. Би чинь хотын төв хэсгээ мэдээд зарим газраар явж чадахгүй шүү дээ. Хотод хэд төөрч, будилахыг үнэхээр тааварлашгүй. Ямартай ч google map давгүй сайн ашиглачихдаг болохоор учраа олно гэж бодож байна. Миний хувьд цоо шинэ хаалга нээсэн мэт л догдлол дүүрэн байна. Олон хүмүүсийн бужигнадаг хотоос ховор нандин гоёхон зүйлсийг нь олж харна. Түүнийгээ бусдад хүргэх бодолтой байна. Бас энэ жил зүү ороох оёдлоор даалин оёхыг сурна гэж бодож байна.
-Постон дээрээ 18 нас хүрээд сорвио арилгуулахаар судалсан талаараа бичсэн байсан. Энэ талаар одоо эмчтэй холбогдож, асууж тодруулсан уу?
-БНСУ-ын нэг эмнэлэгтэй холбоотой байгаа. 18 настайдаа сорвинуудаа арилгуулахаар эмчид үзүүлтэл \өсвөр нас эмэгтэй хүүхэд юм чинь миний хөх ургасан ч\ баруун талын хөх маань толгой гарахгүй гэж эмч хэлсэн. Энийг сонсоод маш их уйлсан би хүүхэдтэй болохгүй юм байна гэж бодоод сэтгэл зүйн хүнд байсан. Гэсэн ч би айлын том ийм байж болохгүй гээд л өөрийгөө зоригжуулаад л боссон. Тэгээд саяхан эмнэлэгт хөхөө үзүүлсэн хагалгааны зардал нь 40 сая орчим болно гэсэн. Өөрөө тал мөнгөө ч болов босгох зорилготой л байна. Маш олон хүүхэд төрүүлж, алдарт эхийн одон авах хүсэлтэй. Хөхний минь толгой гарч ирэхгүй байсан ч хамаагүй. Би ээж болж, эх хүн болно доо.
-Хүмүүст хандаж, хэлмээр зүйл их байгаа байх гэж бодож байна. Түүнийгээ хуваалцвал?
-Нэгнээ хүн гэдэг байдлаар нь хайрлаж, халамжилж байгаасай. Жаахан хатуугаар хэлэхэд хүмүүс миний гарыг, миний сорвийг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг л байдаг. Тийм харц доор амьдрах их хэцүү. Хэнээр ч өрөвдүүлэлгүй амьдарч чадахаар байхад өөрсдөө ирээд өрөвдөөд, намайг эвийлээд байдаг. Энэ нь их хэцүү. Ер нь хүнд сэтгэлийн дэм, урам зориг. "Чи чадна" гэх хоёрхон үг л хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй л дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Harin ch odoo gaduurhaj sonin handah n gaigui bolsiin bishuu sanaa zowoh zuil ogt bish
Ер нь Соривтой байхад яадгийн бүү зов хэн ч чамайг анзаарахгүйээ
Huniig aitar hardag teneg humuus bdag teee ter hunii amidralr amidarch uzeegui bj yund hardag yum be uu
ter hun yamarch bsan yadag yum be hard bdag tsoo shirteed bdag humuus zunduu bdag shde toohgui bh hetsuu bdag shu
Зоригтой зорилготой охиндоо амжилт хүсье.Хөх бол асууд�##� биш амжилт �##�дарт эх болохыг хүсье.
Занданшатар дарга америкт байхдаа осолд ороод толгойдоо сорвитой болсон хүмүүс их гадуурхаж шоолдог байхдаа эвий эвий. Кккк
Өрөвч хүмүүс энэ дэлхий дээр байгаад баярлах хэрэгтэй байх. Ихэнх нь тийм биш эсвэл дургүй байдаг болохоор тэгж илэрхийлэхийг хүсдэггүй. Өвчтэй ядраад явж байхад жолооч зам тавьж зогсож өгвөл нүдний нулимс гардаг. Тусламж хүсээд саад болохгүй байхыг хүсээд байхад �##�баар тээглээд зогсдог жоохон охид байдаг. Бидний үед тус�##�даггүй гэхэд тэгж �##�баар саад болдог хүн хүүхэд байгаагүй болохоор сонин санагддаг. Яагаад тэгээд байгааг нь асуухаар дуугарахгүй. Бусад хүмүүсийг тэгэх нь үү гэж харххаар үгүй. Сонин хүмүүс их байна. Таарсан танихгүй хүн бүрт тийм ийм юм өвдөөд гэж тайлбарл�##�тай биш.
Манайхан ямар ч хөгжлийн бэрхшээлтэй том хүн хүүхэд хэн ч байсан нүдээ бүлтэртэл .хавьтарч унаад хөлөө хуг�##�б�##� харж байдагтаа болимоор юм ..........
өөрийн чинь л муу бодол. Хэзээ ч хүмүүс сорвитой хүн гэж гадуурхахгүй.