Өдрийн сурвалжилга: 840 тэрбумаар барих Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам нээлтээ хийв

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай гуравдугаар зэрэглэлийн салбар төмөр зам барих төслийн нээлт өнөөдөр боллоо.
Энэхүү зам нь УИХ-аар 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2025 оны 21, 86 дугаар тогтоолын дагуу төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулж, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилготой юм байна.
Ингэхдээ уг төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах болон ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцна. Тухайн замын нээлтийн үйл ажиллагаа Хөшигийн хөндийд болсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хотын дарга Б.Нямбаатар нар мэдээлэл өгсөн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаврын бүтээн байгуулалтууд төлөвлөгөөний дагуу идэвхжиж, Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төсөл, бүтээн байгуулалтууд үе шаттай эхэлж байгаагийн нэг нь энэхүү түүхэн бүтээн байгуулалт юм. Түгжрэл, утаа, тэр дундаа дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг асуудлууд дээр Засгийн газраас нэг жил онцгой анхаарал хандуулъя. Энэ хугацаанд томоохон асуудлуудад анхаарах жилээр зарласан.
Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтын улирал ховор, нэг зуныг алдчихвал нэг жилийг алдсантай адилхан болчихдог. Тиймээс эдгээр саруудыг бүх нийтээрээ бүтээн байгуулалтын сар болгомоор байна. Эл төмөр замаа түшиглэн шинэ хот суурьших юм бол Улаанбаатарын төвлөрөл, тээвэр логистикийн бөөгнөрөл задрах боломж бүрдэнэ гэж харж байгаа.
Уг төслийн санхүүжилтийн хувьд Монголын төмөр зам ТӨХК өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс гаргана. Мөн тодорхой хэмжээний зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар төлөвлөгдөж байгаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих өртөг нь 840 орчим тэрбум төгрөг. Гадны орноос 20 мянган тонн рес л авна. Өөр гаднаас авах зүйлгүй, бүгд дотоодоос.
Төслийн ажлын онцлог нь газар чөлөөлөлт хийх шаардлагагүй. Бид геодик, геологи, усны хайгуулаа хийгээд дууссан. Худгуудаа гаргасан. Ер нь газар шорооны ажилд хамгийн чухал нь ус шүү дээ. Энэ төмөр зам өгсөж гарч ирж байгаа учраас уулын хяр барьж явж байгаа. Мөн хамгийн гүндээ 32 метр гүн ухмал хийнэ. Үүнд уул уурхайн компаниудыг татан оруулж байгаа. Уул уурхайн компани техникийн хүчин чадал нь өөр. Монголд гүүр барьдаг долоон л компани байдаг. Тийм учраас гүүрэнд их цаг алддаг. Иймд ажлыг нь түргэн эхлүүлж байгаа.
-Чанар хяналтад хэрхэн анхаарал тавих вэ?
Хөрс хуулж сурсан учраас хатуу болзол тавьсан бөгөөд хоёр сарын дотор хуулж дуусгах гэрээ хийж байгаа. ЗТЯ-ны харьяа Замын хөгжлийн төв төслийн ажлын явцад хяналт тавина. Өөрөөр хэлбэл, төр өөрөө хяналт тавина гэсэн үг.
-Нийт төсөв болох 840 тэрбумаа хэрхэн бүрдүүлэх вэ?
-Нийт хөрөнгө оруулалтын 100 гаруй тэрбум нь Тавантолгой төмөр зам, Монголын төмөр замд байсан хөрөнгөөс гаргана. Энэ мөнгөөр тендер зарлаад ажлаа эхлүүлнэ.
Үлдсэн мөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ. Хөгжлийн банк эхний ээлжид арилжааны системийн таван банкнаас үүрэн зээл авч олгоод оны эцэст энэхүү зээлийг Хөгжлийн банк төлнө. Хангалттай хугацаа байгаа учраас Хөгжлийн банктай бонд босгох замаар зээлээ хаана гэж тооцож байгаа.
Цаашдаа төмөр замын тээвэр сайжрах тусам орлого нэмэгдэнэ. Чайна-Энержи энэ жил авах нүүрсээ төмөр замаар авъя гэсэн. Тиймээс төмөр замаараа олсон орлогоороо зээлээ хаагаад явах боломжтой.
-Хэр хугацаанд зардлаа нөхөх вэ?
-Хамгийн уртдаа 5-8 жилийн хугацаанд гаргасан зардлаа нөхнө. Тавантолгой, Монголын төмөр замыг нийлүүлсэн учраас 16 шинэ зүтгүүр байна. Мөн орж ирээд 3-4 жил болсон зүтгүүр бий. Ингээд 20 гаруй зүтгүүр байгаа учраас цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад ямар ч асуудалгүй. Тээврийн вагон ч хангалттай бий. Засгийн газар болон Нийслэлтэй хэлэлцэж байгаад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх тээвэр, логистикийн компанитай тавдугаар сарын 23-нд зөвлөгөөн хийнэ. Төрийн болон хувийн хэвшлийн компаниудад шилжин суурьших таван сарын хугацаа өгнө. Ер нь аравдугаар сарын 1-н гэхэд сонголтгүй Багахангайд ачаа, тээврээ зохицуулдаг болно.

Хотын дарга Х.Нямбаатар: Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй. Өнөөдөр Хүннү хотын цахилгааны эх үүсвэр шийдэгдсэн. Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байна. Дамжуулах магистрал шугам сүлжээний ажил дуусаж, салбар шугам сүлжээний зургийн ажлын тендер зарлагдлаа. Хүннү хотын авто замын зураг төслийн олон улсын тендерийг нээлээ. Энэ жил Улаанбаатар хотод анх удаа газрын гүний дулааныг ашиглах хайгуул өрөмдлөгийн ажлыг ирэх намар хийхээр төлөвлөж байна. Урьдчилсан судалгаагаар Хүннү хот орчимд газрын гүний дулаан байх магадлал өндөр болохыг дүгнэсэн. Судалгаа батлагдвал Хүннү хотод нүүрс биш газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ. Инженерийн шугам сүлжээний ажлууд дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд газар олгож эхэлнэ.
Уг төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүйгээр логистикийн төв рүү тээвэрлэснээр хотын төмөр зам, авто зам огтлолцдог цэгүүдийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Өнөөдрийн байдлаар эдгээр гармыг хоногт дунджаар 144 минут хааж байгаа юм. Тэгвэл төслийн үр дүнд ачаалал 20-30 хувиар буурна гэж тооцож байна.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлснээр:
- Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр бий болно. Мөн төслийг хэрэгжүүлснээр 420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана.
- Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө.
- Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлнэ. Нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн Хөндийд баригдах Тээвэр Логистикийн төв төсөл, Хүннү, Зуун мод, Майдар хот, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг барьж суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийднэ.
- Жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Нийслэлд төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг. Үүнийг 21-120 минутаар багасгах боломж бүрдэнэ гэж харж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЖИЛТ ХҮСЬЕ. САЙХАН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БАЙНА.
“Найрамдлын замыг шинэчилж эхлээ” 2 жил ингэж сүржин шоүдээд 3 км -ахихгүй өдий хүрч бна. Үүний өрөөсөн дугуй болох вий!!! Сая 4-р сарын 1-нээс яг эхллээ гэж бас сүгсэлзсэн. Энэ 30 хоногиын 3-4 өдөрт нь жаахан шороо замын захад овоолсон. Хүн техник огт үзэгдэхгүй -Эзгүй. Алга урвуулаад 1 өдөрт өөрөө бий болчих юм болов уу?
Онон гуай, төмөр зам нээгдээгүй, шав тавьж байгаа юм биш үү? Ядаж үгээ зөв ашиглаж сураач! Мэргэжилдээ өсдөггүй ямар гээчийн хүмүүс вэ энэ сайтынхан
Arshaantaas bagahangaitai holboh tosol ashigvi bolsonu? Mongo horongo ni oldohgvi baina u ? Bi tetgewereese 100000 g handwilya.
Маш зөв шийдэл бна Хурдан бариад үзүүлээрэй.,