Top StoriesУлс төрийн халуун сэдэв

ТОЙМ| Ноцтой сорилт бас боломж: “Хармагтай”, Оюу толгой дахь “Онтрэ”, “Алт-3” хөтөлбөр

Энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ерөнхий сайд надаас уучлал гуйсан” гэж мэдэгдлээ. Ингээд АН-ынхан улстөрийн биш улсын ажилдаа эргэн орцгоов. Харин стратегийн орд тойрсон хэд хэдэн том сэдэв АН гэлтгүй бүгдийг нь хүлээж байжээ.

Тоймловол, өнгөрсөн өдрүүдэд:

  • “Хармагтай” орд дээр төр 34 хувийн хэлцэл хийх юм уу?
  •  Оюу толгойн өрмийг олборлох “Онтрэ”-тэй Засгийн газар хэлцэл хийх үү?
  • Алт-3 хөтөлбөрийг ямар агуулгаар хэрэгжүүлэх вэ? гэсэн асуудал идэвхтэй хэлэлцэгдлээ.

Ерөнхий утга учраар нь товч тайлбарлахыг хичээе. 

Нэг: Хөсөр хаясан “Хармагтай”-г арай гэж анхаарч эхэллээ

Нөөцөөрөө Оюу толгойтой шууд өрсөлдөх томоохон орд Монголд бий нь Хармагтай билээ. Өнгөрсөн хугацаанд Австралийн “Занаду майнз” компани лицензийг нь эзэмшиж, нөөц тогтоож ирснээс бусдаар Монголын төр төдийлөн анхаарал хандуулж байсангүй.

Анхаарал хандуулах шалтгаан нэгээр тогтохгүй олон. Дээр дурдсанчлан, нөөц үлэмж их. Ялангуяа “Алт-3” хөтөлбөр анхаарал татаж байгаа энэ үед, алтны нөөцөөр даруй Цагаан суваргын дараа орох юм. Мөн нөөц нь хайгуул хийх хэрээр нэмэгдэж байгаа. 2023 онд л гэхэд шинэ өрөмдлөгөөр 2.1 сая тонн зэс, 5.6 сая унц алт нэмж тооцоологдсон.

Анх лицензээ Оюу толгойн хөрөнгө оруулагч болох “Туркоиз Хилл Ресурсес”-ээс худалдаж авч байсан “Занаду майнз” нь БНХАУ-ын “Зижинь групп”-тэй хамтын ажиллагаа эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар, тэд 50 50 хувь хөрөнгө оруулж “Хүйтэн металс” ХХК-ийг байгуулсан ба энэ нь Хармагтай ордод үйл ажиллагаа явуулах юм.

Ингээд 100 хувь гадаадын компаниуд л өөр хоорондоо, хэрхэн ашиглахаа тохироод байж байх зуур Монголын төр стратегийн ордод ч хамааруулж үзсэнгүй. Тэр битгий хэл, стратегийн ордод хамааруулж болох 39 ордын жагсаалтад ч багтаагаагүй нь анхаарал татдаг. Ерөөсөө хөсөр хаячихсан гэсэн үг.

Тэгвэл, энэ долоо хоногт БЭТ Ж.Батзандан, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан нарын амнаас “Хармагтай” гэдэг үг нэг бус удаа уналаа. Стратегийн ордод багтаая. Тэгээд төр хэлцэл хийе. 34 хувиа эзэмшье, эсвэл өөр хувилбараа ярья. Ямартай ч одоо ийм том нөөцтэй, аварга орд дээр анхаарлаа хандуулъя гээд эхэлжээ. Энэ нь ч эрхгүй зөв юм.

Харин одоо асуудлыг УИХ, ЗГ л мэднэ. “Занаду майнз”, “Зижинь групп”-тэй хэлцэл хийхээс өмнө стратегийн ордод багтаах эсэхээ шийдэхээс эхлээд чухал асуудлууд хүлээгдэж байна.

Хоёр: Монголыг үл тоож хөдөлгөсөн “Онтрэ”-гийн “өрөм”

Оюу толгой гэдэгт таван лиценз ярина. Өнөөдрийг хүртэл “Рио Тинто” гурвыг нь олборлож байсан. Үлдсэн хоёр нь “Онтрэ ресурс” гэж Канадын компани дээр, идэвхгүй бөгөөд арбитрын маргаантай “хадгалагдаж” байв. Харин 2024-2025 оны заагт арбитрын шүүх шийдвэр гаргаж, мөнөөх хоёр лицензийг “Онтрэ” ХХК-д эзэмшүүлэхээр эцэслэсэн. Ингээд олборлох асуудал хурдаа авчихлаа.

“Рио тинто” групп бол бүр зургадугаар сарын эхээр буюу, сар гаруйн дараа олборлолт эхэлмээр байна, тэгэхгүй бол илүү зардал гарна гэж мэдэгджээ.

Гэтэл тэр хоёр лиценз “Рио Тинто”-гийнх биш “Онтрэ”-гийнх. 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто”-той хийсэн. Яг түүн шиг, “Онтрэ”-тэй гэрээ хийх ёстой нь ойлгомжтой.

Атал асуудлыг “Рио Тинто”, “Онтрэ” хоёр хоорондоо яриад шийдчихсэн байгаа. “Онтрэ” ХХК-ийн 80 хувийг “Оюу толгой” ХХК эзэмшихээр тохирсон. “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг манай Засгийн газар, 66 хувийг “Рио Тинто” эзэмшдэг. Тэгэхээр тэр 80 хувийн ашгийнх нь 34 хувийг бид хүртэх нь. Ийм тохироог бидний оролцоогүйгээр хийсэн гэсэн үг.

Нөгөө талаар “Онтрэ”-гийн хоёр орд бол Оюу толгойн “өрөм” нь байгаад байдаг. Хамгийн өндөр агууламж тэнд л бий. “Онтрэ”-гийн ордыг олборлож байж л Оюу толгойн ашиг үлэмж нэмэгдэх хүлээлттэй. Оюу толгой ордын зэсийн 24, алтны 42, молибденийн 94 хувийг “Онтрэ”-гийн хоёр лиценз бүрдүүлнэ.

Тэгэхээр, нэгэнт Үндэсний баялгийн сан, стратегийн орд ярьж эхэлсэн цаг үед “Онтрэ”-гийн 34 хувийг авах уу, эсвэл АМНАТ-өөр орлуулах уу гэдгийг хөндөх ёстой болж байна. Ядаж 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна. Нэмэлт өөрчлөлт хийнэ, эсвэл шинэ гэрээ байгуулна. Эс тэгвэл, зөвхөн “Рио Тинто”-гийн гурван ордын асуудлыг зохицуулсан гэрээгээр өнөөдөр “Онтрэ”-г шийдэх болох нь. Гэрээ бол баялаг зүйл. Зөвхөн хувь хэмжээ биш, татвар, хураамж гээд олон нарийн агуулга олон нийтийн ойлголтоос гадуур зохицуулагдаж байдаг. Гэтэл өдгөө 2009 оны гэрээ өөрөө учир дутагдалтай болсныг хөндөцгөөх болсон шүү дээ.

Нөгөө талд, “Онтрэ”-гийн толгой компани “Онтрэ ресурс”-ийн 16 хувийг “Рио Тинто” дахиад л эзэмшиж байгаа. Томоохон хувьцаа эзэмшигчдийнх нь нэг. Өөрөөр хэлбэл тэдний эрх ашиг бас нэг.

Тэгэхээр яах аргагүй, богино хугацаанд УИХ, ЗГ шийдлээ боловсруулж, “Онтрэ” болон “Оюу толгой” ХХК-тай хэлэлцээний ширээний ард суух болж байна.

Оюу толгойн гэрээнд маш олон алдаа дутагдал гарсныг хожим нь илрүүлж, засахыг нь засаж, алдаан дээрээ суралцаад “Орано”-гийн гэрээг ч сайжруулж хийсэн. Тэгэхээр одоо ч мөн “Онтрэ”-гийн асуудлыг Монголд хамгийн ашигтай хувилбараар хийх ёстой.

Гурав: “Алт-3” хөтөлбөрийг яаж хийх вэ?

Яах аргагүй алтны үнэ галзуурч байна. Эерэг утгаараа. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд үлэмж өсөж байна гэсэн үг. 2025 оны төсөвт унцыг нь 1840 ам.доллар гэж төсөөлтөл энэ нь оны төгсгөлд дабльдаж, 2026 онд бүр 4000-д хүрэх төсөөлөл танилцуулагдаад байна.

Юу ч хийхгүй зүгээр суувал энэ үнийн зөрүүнээс ашигтай ажиллаж чадах уу, чадна. Гэхдээ шалихгүй юм. 350-400 тэрбум төгрөг л орж ирэх боломжтой. Төв банк өнгөрсөн онуудтай харьцуулахад маш бага хэмжээний алт худалдан авч, алтны нөөцөө бүрдүүлж байгаа.

Тэгэхээр үнэ өсөж байгаа үед ямар нэг зүйл хийе гэж сэтгэмээр байна. Мэдээж, илүү их алттай болъё, тэгээд илүү их ашиг орлого олъё гэсэн логик. Энэ бол “Алт-3” гэсэн хөтөлбөрийн гол санаа.

Нэгэнт алтны арвин нөөцтэй Монгол орон энэ цаг үеийг оновчтой мэдэрч, олборлолтоо нэмж, түүнийгээ экспортолж чадвал улсын эдийн засагт үлэмж нэмэртэй болох юм.

Олборлоё гэхэд бас асуудал байна. Шороон орд бол дэмий, нөөц ч багатай. Яг үндсэн орд гэвэл 82 лиценз байдгаас 14 нь л үйл ажиллагаа явуулдаг аж. 68 ордын 228 тонн алт огт хөндөгдөөгүй явж байна. Зарим нь тусгай хамгаалалттай газар нутагт байдаг учраас тодорхой асуудлууд ч яригддаг аж.

“Алт-1”, “Алт-2” хөтөлбөр тус бүрдээ өөрийн гэсэн давуу бас сул талтай байсан. Нөхөн сэргээлт, хувь эзэмшил гэхчлэн маргаан дагуулсан нь бий ч улсын төсөвт оруулсан хувь нэмэр маш сайн. Түүнчлэн, хувийн хэвшилдээ ч ээлтэй туссаныг өдгөө дүгнэх бүрэн бололцоо байна.

Яах аргагүй энэ цаг үеийг мэдэрч, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Алт-3” хөтөлбөрийг эхлүүлье хэмээн дуугарч эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ яаж хийх вэ гэдэг л сонин.

“Хармагтай” дээр дурдсанчлан, Үндэсний баялгийн сан, стратегийн орд дахь төрийн хувь эзэмшлийг хөндөн ярьж эхэлсэн цаг үеэ давхар оновчтой ашиглаж чадвал Монгол Улс алт гэдэг сэдэв дээр томоохон алхам урагшлах боломж харагдаж байна.

Энэ долоо хоногийн улс төрийн сценариудыг базвал,

  • Ер хөрс суурь нь цаг үеэ дагаад сайн бэлтгэгджээ, стратегийн орд гэдэг сэдэв дээр. “Хармагтай”-г ч, “Онтрэ”-г ч, “Алт-3” хөтөлбөрийг ч урьд өмнөхөөс хавьгүй туршлагатай нүдээр харж, ашигтай алхам хийх боломж бидэнд байна. Харин зөв хийх хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Тэгэхээр, эцсийн дүндээ УИХ, ЗГ хэр зарчимтай шийдэлд хүрэх нь онцгой анхаарал татаж эхэллээ.
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нутаг нэгт С.Магнайсүрэнгээ Ерөнхий аудитороор томилуулаад авсан. Хөгжлийн банкны хэрэг нь шийдэгдээгүй, гурван яам дамнаж ТНБД-аар л ажилласа намтартай хүнийг улсын санхүү төсвийг хөндлөнгөөс хянадаг хүн болгохдоо УИХ-ын гишүүд ажил хэрэгчээр хандсангүй л гэлтэй. Бүгд сайшаан магтаж, дэмжиж үг хэлсээр С.Магнайсүрэнг ийнхүү зургаан жилээр томилов.
  • Х.Ганхуяг, Т.Аубакир нарын УИХ-ын 40 гишүүн нэг хуулийн төсөл санаачилсан нь маргаан дагууллаа. Энэ бол гадаадын зээл тусламжаар санхүүжих төсөл хөтөлбөрүүдийг хурдан ашиглалтад оруулъя. Үүний тулд төсвийн хязгаарыг тэлье гэсэн. Тухайлбал, 2025 оны төсөвт гадаадын зээл, тусламжийн 1.5 их наядыг л зарцуулах таазтай. Атал Эрдэнэбүрэнгийн УЦС дээр ..., Газрын тос боловсруулах үйлдвэр дээр .... хэрэгтэй байгаа аж. Зөвхөн 2025 оны байдлаар. Иймд энэ таазыг болиулж, төслүүд рүүгээ хэрэгцээтэй хэмжээнд нь оруулъя, ажлыг хурдасгая гэсэн санаа хэмээн тэд тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үүнийг хуулийн хулгай гэсэн. Сангийн яамны захиалга ч хэмээсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үүний цаана Ерөнхийлөгч бий гэчихлээ. Ингэхээр гурван институт хоорондын зөрчил босож ирэх үү гэсэн эргэлзээ үүсэв.
  • Парламентад хөл тавиад ганц удаа бие даасан байр суурь илэрхийлж харагдаагүй П.Мөнхтулга маш чухал ажлын хэсгийг ахаллаа. Тавантолгой, Оюу толгой, Цагаан суварга, Асгат гэсэн дөрвөн орд дахь төрийн хувь эзэмшлийн хэмжээг эргэж харах ажлын хэсэг гэхэд түүнд бол ахдаж байгаа юм. Агуулга нь ч, улстөр нь ч том. Гэтэл П.Мөнхтулгын хадам ах С.Баярцогт гэдгийг бодоод үзэхээр учир ойлгогдоод ирэх шиг. Уг нь ард түмэн ЗГ-т биш УИХ-даа найдмаар байдаг. Гэтэл УИХ нь ажлын хэсэг байгуулахаараа ийм хүнээр ахлуулж байдаг. Оюу толгой дээр “Онтрэ”, Тавантолгой дээр Ухаа худаг яригдаж байхад шүү дээ. Иймд дахиад л ажиглах, зарчмын дагуу ажиллаасай гэж хүсэж хүлээх, мэдээж С.Баярцогт, MCS-ийн бүлэглэлийн эрх ашиг тусах вий гэж сэрэмжлэх шалтгаанууд бий болов.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2025 09:06

Жижиг хэрүүлээс илүү үүнийгээ анхаары

Зочин
Зочин
5 сар 10, 2025 12:14

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

зочинзочинзочинЗочинзочин
зочинзочинзочинЗочинзочин
5 сар 11, 2025 10:25
Reply to  Зочин

Алтны сургаар эдийн засаг бүүр их ээдрээтэй болж байна.

Зочин
Зочин
5 сар 11, 2025 17:13

Оюунэрдэнэ �######�ахгүй бол засгийн газар дампуурч монгол улс деполт зарлах байлгүй дээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button