Нийгэм ярилцлага

Ч.Чинзориг: Тархи үхсэн л бол организм бүхэлдээ дахин сэргэх боломжгүй, үүнийг маш нарийн тогтоодог

Тархи судлалын чиглэлээр мэргэшин судалдаг хүмүүс ховор. Японд neuroscience буюу тархи судлалаар суралцан докторын зэрэг хамгаалж одоо судалгааны ажил хийж байгаа Ч.Чинзоригтой холбогдон дараах ярилцлагыг авлаа.

-Өөрийг тань тархи судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан гэж сонслоо. Манайд энэ чиглэлд мэргэшсэн хүмүүс цөөн байдаг. Та эмч мэргэжилтэй юу, тархи судлалаар мэргэшсэн хүний хувьд танаас зарим асуултад хариулт авмаар байна?

-Би Монголдоо хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хүний физиологийн талаар судалгаа, шинжилгээний ажил хийж байгаад Японд neuroscience-тархи судлал, тархины орон зайн төсөөллийн нейромеханизмын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Харин одоогоор тархины шийдвэр гаргах төвийн үйл ажиллагааг судлах судалгааны ажлаа Японы Токиогийн их сургууль дээр хийж байна.

-Тархины үхлийн тухай иргэд бид ямар ч ойлголтгүй явж ирсэн хүмүүс гэдгээ сүүлийн үед нэлээд ойлгож байна. Хүнийг ухаан алдаад, сэргэхгүй байх үед эд эрхтнийг нь авчихдаг юм биш биз гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд гарсан. Энэ боломжтой юу?

-Би ч бас Монголд болж байгаа үйл явдлуудыг анзаарч харж байна л даа. Хүмүүс тархины үхэлтэй донор гэж ямар тохиолдлыг хэлэх вэ гэдгийг ялгаж мэдэхгүй, бас үхэлд хүрээгүй ухаан алдаж, комын байдалтай байхад ямар нэг эд, эрхтнийг нь авчихдаг юм биш биз гэсэн эргэлзээ, айдастай байгаа нь харагдсан. Би тархины үхэл гэж юуг хэлж байна, тархины мэдрэлийн эсүүд ямар шинж чанартай байдаг талаар энгийнээр тайлбарлах гэж үзье л дээ.

Юуны өмнө хүмүүсийн айж байгаа тэр зүйл шинжлэх ухааны үүднээс боломжгүй гэдгийг хэлэх нь зөв байх.

Тархи-мэдрэлийн эс бол маш хэврэг, тун эмзэг, үхэлд амархан хүрдэг, эрсдэл өндөртэй бүлэг эсүүд юм. Бидний уураг тархи гавал ясны хатуу хайрцаг дотор хамгаалагдсан тусгайлан томилогдсон эрхтэн. Биеийн эд, эрхтнүүд тархины ажиллагааг хэвийн хангахад чиглэж ажилладаг. Яг л шатар тоглоход ноёноо хамгаалдаг шиг гэж болно. Тархи бол энергийн 95 хувь, цусан дахь сахарын 20-25 хувийг дангаараа хэрэглэдэг эрхтэн. Товчхондоо, маш өндөр “Super High Power” үйлдвэрлэж ажилладаг. Энэхүү био-цахилгаан эрчмийг үүсгэхдээ их хэмжээний бодисын солилцооны урвал явуулдаг. Жишээлэхэд цуснаас глюкозыг авч перуват болгон митохондортоо оруулан кребсийн тойрогт оруулан, АТФ-ийг их хэмжээгээр үйлдвэрлэж, үүнийгээ ашиглан эсийнхээ мембран (фосфо-липид тусгаарлагч) дээрээ эерэг, сөрөг цэнэгийн туйлшрал бий болгодог. Үүнийг сэрэмтгий эсийн мембраны туйлшрал, био-цахилгаан үзэгдэл гэдэг. Энэ процесс нь мэдрэлийн эсийн мембраны гадна талд натри, кальци нэмэх цэнэгтэй ион их, харин эсийнхээ дотор талд кали болон сөрөг цэнэгтэй уураг, хлорын ион анионууд илүү их агуулдаг. Иймээс эсийн гадна ба дотор талын цэнэгийн таталцлын зөрүүгээр биед био-цахилгаан гүйдэл бий болдог. Биологийн энэхүү тохируулгыг хангаж ажиллахын тулд мэдрэлийн эс эрчимтэй бодисын солилцоо явуулдаг. Энэхүү эрчим хүчээр бидний оюун ухаан, орон зайд өөрийгөө жолоодон авч явах систем бүрдэж амьдралын үндэс болдог юм. Иймд бидний тархи, мэдрэлийн эсүүд бодисын солилцооны эрчимтэй ажиллагаатай байдаг учир ямар нэгэн шаардлагатай бодисын хомсрол, тохиромжтой хими-физикийн орчинд амархан гэмтэж үйл ажиллагааны эргэх болон эргэшгүй өөрчлөлтөд орох эрсдэлтэй байдаг. Иймээс тархины үхэл яг л цахилгаан станцын дэлбэрэлт шиг амархан үүсч, аюултай хурдан өрнөх магадлалтай юм.

-Хүний биед байдаг олон триллион эсээс хамгийн нарийн хөгжсөн нь бас эмзэг нь тархины эс гэж хэлэх гээд байна аа даа?

-Хүний биед бараг 300 шахам төрлийн эсүүд байдаг. Тэр дундаас мэдрэлийн эс бол хамгийн өндөр ялгаран хөгжсөн сэрэмтгий эс юм. Иймээс мэдрэлийн эсийн хуваагдал, нөхөн төлжил гэж бараг явагдахгүй. Нэг талаасаа эрчим хүч үйлдвэрлэж, бие-махбодыг нэгдсэн системээр удирдах электро-хими/физикийн станц шиг ажилладаг. Энэхүү станцын хөргүүрийн системийн гол түлш нь хүчилтөрөгч байдаг. Ердөө таван минутын амьсгалын гүн дутагдал үхэлд хүргэдэг. Хүчилтөрөгч дутагдвал мэдрэлийн эсийн митохондри дээр үүсч байгаа АТФ-ийн хэмжээ буурдаг. Энэ үед эсийн дотор орж ирсэн натри, кальцийн ионоо эргүүлэн эсээсээ гаргаж чадахгүй болдог. Яагаад гэвэл эс дотор орж ирсэн натрийн ионийг мэдрэлийн эсүүд АТФ эрчим хүч зарцуулж гадагшлуулах урвалыг явуулж байдаг зохицуулгатай. Энэ урвал явж чадахгүй болохоор эсийн үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Натрийн ион бол өөртөө маш их усыг агуулдаг учраас эс дотор хаван үүсэж, эс цүлхийж хавагнана. Мөн кальцийн ион эсийн дотор эрчимтэй урсах дохио болж өгдөг. Кальцийн ионы эсийн доторх концентраци хэмжээнээсээ хэтрэхээр дараагийн аюултай гинжин урвалуудыг эхлүүлдэг юм. Эс гэдэг бол маш нарийн тохируулгатай амьдралын үндсэн нэгж шүү дээ. Тэр дотроо мэдрэлийн эс маш нарийн хөгжсөн тохируулгатай байдаг.    

-Тэгэхээр кальцийн ион нэмэгдснээр яадаг хэрэг үү?

-Мэдрэлийн эс бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнээ эрчтэйгээр задалж хайлуулах системтэй. Үүнийг мэдрэлийн эсийн лизосом доторх задлагч уургууд хариуцан ажилладаг. Эсийн доторх кальцийн хэмжээ эмгэгээр нэмэгдэх нь     аутолизосом, аутолизис буюу өөрийгөө хайлуулах процессийг эхлүүлнэ. Энэ нь мэдрэлийн эсийг эргэшгүй гэмтэлд оруулж болдог. Ингэснээр мэдрэлийн эс ямар ч нөхөн сэргэлт байхгүй  болж, үл эргэх гэмтэлд хүрнэ гэсэн үг юм. Тархины түвшинд харвал, эсүүдийн эргэх гэмтлийн түвшинд амьдрал үргэлжилдэг бол үл эргэх гэмтэл үхэлд хүрнэ. Үхэлд хүрсэн тохиолдолд мэдрэлийн эсийн мембран дээр action potential буюу цэнэгийн туйлшрал байхгүй болно. Тархинаас ямар нэгэн цахилгаан дохио илрэхгүй болдог. Би хэт мэргэжлийн үг хэллэг хэрэглэсэн байж магад. Аль болох энгийнээр эсийн түвшинд үхэл яаж ирдгийг тайлбарлахыг хичээлээ. Хүн бие организмын түвшинд үхэхээс гадна эс, эд, молекулын түвшинд үхдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 20-р зууны нэг ололт бол энэ бүхнийг нарийн судалгааны түвшинд олж мэдсэн хэрэг юм.

-Тэгэхээр тархины үхэл гэдгийг яг ямар нөхцөлд тогтоогоод байна. Эсийн түвшинд үхэл ирсэн гэдгийг бас хэр баргийн нүдээр хараад дүгнэж болохгүй байх...

-Тархины бор гадар болон багана хэсэгт эргэшгүй эсийн гэмтэл үүсэх үед амьсгал болон зүрх судас өөрийн зохицуулгаар ажиллах боломжгүй болдог. Амьсгал болон зүрх судас, бие махбодийн дотоод орчныг зохицуулдаг бүх систем тархины түвшинд эргэшгүй өөрчлөлтөд орсныг үхэлд хүрсэн гэж үзэж байгаа юм. Хүнд анх зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийх болсон үед хүн хэзээ үхэж байгааг нарийвчлан тодорхойлох шаардлага гарч ирсэн байдаг. Үүнд маш олон судлаачид багаар ажилласны үндсэн дээр бор гадрын болон гадрын доорх бүтэц, багана зэрэг тархин доторх бүх үйл ажиллагаа бүрэн зогсохыг үхэл хэмээн тодорхойлсон байдаг. Тэрнээс өмнө үхэл гэж үзэхгүй бөгөөд тархины үхэл гэдгийг тусгай шалгуурын дагуу нарийн мэргэжилтнүүд тодорхойлдог. Манайд бол үүнийг тогтоодог тусдаа багууд ажилладаг. Түүнээс ухаан алдсан, комын байдал зэрэг тархинд мэдрэлийн эсийн ямар нэгэн үйл ажиллагаа явж байгаа тохиолдлыг тархины үхэл гэж үзэхгүй.

-Нэлээд хэд хэдэн үзүүлэлтээр тархины үхэл гэдгийг тодорхойлдог гээд эмч нар хэвлэлийн хурал хийх үедээ ярьж байсныг санаж байна...

-Тархины түвшинд явагдсан эсийн үл эргэх гэмтлийг клиникийн эмч шалгуураа тавиад бүрэн тодорхойлж оношлох боломжтой. Нэмэлт багажийн шинжилгээ хийж болно гэсэн зөвлөмж ч байдаг. Нэгдүгээрт, тархины цахилгаан бичлэгээр мэдрэлийн эсийн био цахилгаан импульсийг үздэг, хоёрдугаарт, тархин дотор мэдрэлийн эс үйл ажиллагаа явуулж байгаа бол хүчилтөрөгч хэрэглэдэг учраас үүнийг нь хэмждэг арга байдаг. Тэнд ямар нэг бодисын солилцоо болон био-цахилгаан импульс бүртгэгдэхгүй байвал үхэл гэж үзнэ. Тархи үхэлд хүрсэн гэдгийг нарийн судалснаараа анагаахын салбарт эрхтэн шилжүүлэх боломж гарч ирсэн. Одоо бид шинжлэх ухааны асар их судалгааны үр дүнд бий болсон эрхтэн шилжүүлэн суулгах боломжит дэлхийд амьдарч байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ энгийн хүмүүс энэ талаар ойлголтгүй учраас бие нь бүлээнээрээ, зүрхний цохилт нь байгаад байхаар босоод ирэх, сэргэх юм шиг санах нь бий?

-Мэдрэл тархины эсүүд үхэжсэн л бол аз таарч эргэн сэргээгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Амьдрах ямар ч боломжгүйгээр эргэшгүйгээр үхэх л зам байдаг. Хайртай хүмүүсээ алдаж буй хүмүүсийн хувьд горьдлого найдвар хэзээ ч тасардаггүй гэдгийг ойлгож байна. Болж буй процесс нэгэнт ойлгомжтой байхад ар гэрийнхэнд нь хэлэхээс аргагүй. Гэхдээ тэдэнд ойлгуулж, хэлэх хамгийн амаргүй ажлыг эмч, эмнэлгийн ажилтнууд хийдэг.

Тархи үхсэнээс хойш хэдэн цагийн дараа зүрх, бүх булчин, бусад эсүүд эргэшгүй өөрчлөлтөд орж хэзээ ч нөхөн сэргэгдэхгүйгээр үхдэгийг нарийвчлан тодорхойлсон байдаг. Энэ хугацаагаар үхэл үе шаттайгаар тодорхойлогддог юм. Шат дараалалтайгаар эд эрхтнүүд үхэлд хүрч байгааг амьд байсан, амьдрах боломжтой гэж ойлгох нь буруу.

-Мэргэжлийн хүний хувьд завгүй ажлынхаа хажуугаар цаг гарган мэдээлэл өгсөнд баярлалаа...

-Нэг талаас эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд нөгөө талаас энгийн иргэдийн итгэл үнэмшил, мэдлэг боловсролын харилцан шүтэлцээн дээр бүх зүйл явагддаг тул энгийн хүмүүс ч суурь ойлголтой болох нь чухал юм. Хүний амьдрал маш баялаг учраас хүнд тохиолдож болох янз бүрийн эрсдэлүүдийг нас биед хүрсэн оюун ухаант хүн аль аль талаас нь харж ойлгох цаг үе ирсэн. Одоо тархины үхэл,  клиникийн үхэл эдгээр үхлүүдийн үе шатуудыг хүн ерөнхийд нь мэдэж ойлголттой болох нь зүйтэй гэж бодож байна. Энэ талаар ойлголтгүй, тархины үхэлд орсон нь тодорхой байхад амьд байсан мэт, эргээд босоод ирэх мэтээр ойлгож төөрөлдөж, үүн дээрээ үндэслэн шийдвэр гаргаж, хүлээлт үүсгэх нь тохиромжгүй юм.

21-р зуунд мэдлэгтэй монгол хүн бидний хөтөч байж, ирээдүй рүү итгэл дүүрэн хараасай гэж бодож байна. Одоогийн өрнөж байгаа асуудлууд цаг зуурынх ч ирээдүйд өрнөх амьдрал урт шүү дээ. Бас хүмүүст бодит ойлголтыг өгөхөөр надад хандсанд талархлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 21, 2025 08:21

зааз аймр

Зочин
Зочин
5 сар 21, 2025 08:35

yostoi evgun baina

Зочин
Зочин
5 сар 21, 2025 15:09

Нейросайнсыг тархи судл�##� гэж орчуулаад байна уу. Тархи мэдрэлийн эмгэгүүдийг суд�##�даг эмч, судлаачдыг хэлээд байна уу

Холбоотой мэдээ

Back to top button