Ярилцлага

М.Тулгат: Миний ард ямар ч улстөрч байхгүй, З.Энхболдтой хамаатуулах шалтгаан ч гарч ирэхгүй

Эдийн засагч Л.Наранбаатар саяхан “Хишиг Арвин Индустриал” компанийг АН-ын даргын зөвлөх З.Энхболдтой холбоотой хэмээн онцолж, М.Тулгатыг тус байгууллагаас улс төрд зориудаар бэлдсэн гэх тайлбар хийсэн нь олны анхаарлыг татсан. Тиймээс бид НИТХ-ын төлөөлөгч  М.Тулгаттай “Хишиг Арвин Индустриал” компанитай өнөөгийн түвшинд ямар холбоотой байгаа, цаашдын улстөрийн амбиц зорилт, вирусийн тархалттай үеэр жижиг ААН-үүдээ хэрхэн төрөөс бодлогоор хамгаалах гарц зэрэг асуудлуудын хүрээнд ярилцлаа.

-БИ З.ЭНХБОЛД ДАРГЫН ДҮҮ З.ХИШИГТОГТОХТОЙ НАЙЗ НӨХДИЙН ЯМАР Ч ХАРИЛЦААГҮЙ-

-Ярицлагын эхэнд “Хишиг Арвин Индустриал” компанитай АН-ын даргын зөвлөх З.Энхболд яг ямар хамааралтай талаар асууя?

-Эдийн засагч Л.Наранбаатар гэгч нөхөр байсхийгээд л “Хишиг Арвин Индустриал” компанийг З.Энхболдтой холбож, шуугиан тарьсаар ирсэн. Холбогдох гол шалтгаан нь М.Тулгат гэдэг хүн. Би 2010 онд Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Үүнийг сая бас ярьж л байна лээ. Уг нь тухайн үед Ардчилсан хүчний холбоог /АХХ/ УИХ-ын нэр бүхий есөн гишүүн санаачилсан юм. Би Японоос эх орондоо буцаж ирээд удаагүй байхдаа холбоог үүсгэн байгуулах хуралд нь сууж  таарсан. Нийт 96 орчим хүн үүсгэн байгуулсан, тэдгээр дунд миний нэр багтсан юм. Л.Наранбаатар тэдгээр хүмүүсээс  намайг оролцуулаад, гурван хүнийг уүсгэн байгуулагчаар зарлаж байна лээ.

Бас намайг АН-аас зориуд “Хишиг Арвин Индустриал” компанийн дэд захирлаар томилсон гэж дурдсан. Ний нуугүй хэлэхэд, “Хишиг Арвин Индустриал” компанийн үүсгэн байгуулагч нь манай холын хамаатан. Би Японоос ирснийхээ дараа 2013 онд ажилд авч байв. Тиймээс намын томилгоо байх ямар ч боломжгүй. Дээрээс нь “Хишиг Арвин Индустриал” компани З.Энхболд нарын дунд ямар мөнгө төгрөгийн өглөг, авлага байхгүй. Би Л.Наранбаатарыг сайн мэдэхгүй ч уул уурхайн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, түүн дотор нь Энержи ресурс байсан учраас З.Энхболд гуай руу дайрч, намайг АХХ-гоор нь хамаатуулдаг юм болов уу гэж ойлгосон.

-Та З.Энхболдын дүү З.Хишигтох гэдэг хүнтэй найз нөхдийн, ойрын харилцаатай юм уу?

-Үгүй. Ямар ч найз нөхдийн харилцаа байхгүй. Ардчилсан хүчний  холбоо байгуулагдах үеэр нэг, хоёр удаа таарч, мэнд ус солиод л өнгөрсөн.

-Таныг “Хишиг Арвин Индустриал” компанид дэд захирал хийж байхад З.Энхболд УИХ-ын дарга байсан. Энэ хугацаанд З.Энхболд танай компанид  хэд хэдэн давуу эрх олгосон гэгддэг?

-Огт тийм юм байхгүй. Намайг Гүйцэтгэх захирал нь байсан гэсэн байна лээ, би Ерөнхий менежерээс эхлээд дэд захирлын албан тушаал руу шилжиж ажилласан. Одоо албан ажлаа бараг өгч байна. Гол нь эхлүүлчихсэн маш олон ажил байдаг учраас тэдгээр нь дуусч өгөхгүй байна.  Одоо бол зөвлөх маягтай ажиллаж, өдөр тутмын ажлаас нь нэлээд хөндийрсөн. З.Энхболд дарга манайд давуу эрхээр ажил олж өгсөн удаа ч байхгүй.“Эрдэнэс Тавантолгой” тендер зарлаад, хамгийн  хямд үнэ өгсөн компаниуд ялдаг. Манайх хямд үнэтэй, техник тоног төхөөрөмж, туршлага сайн учраас тендерүүдийг авсаар ирсэн.

-Танай компани монополи эрхтэйгээр олон тендерт ялсаар ирсэн. Үүнд ямар ч улстөрчийн нөлөөлөл ордоггүй гэж үү?

-Хийж чаддаг газар нь хамгийн хямдаар ажиллъя гэсэн санал тавихаар өрсөлдөөнийхөө зарчмаар манайх ялдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н  захирал манайхыг тендерт оролцож эхэлснээс хойш маш олон солигдсон.

-МИНИЙ УЛС ТӨРИЙН КАРЬЕР “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ”-Д ЯМАР Ч АШИГГҮЙ-

-Эдийн засгийн үзүүлэлтүүдээ харахад АН, МАН солигдон, Засгийн эрхийг барих үед танай компанийн санхүүгийн байдалд тодорхой өөрчлөлт гардаг уу?

-2012-2016 оны хоорнд уул уурхайн салбар нэлээд хүндэрсэн. Манай компанийн хувьд тендерийн ажил гүйцэтгэж байсан учраас ажлын байраа хадгалсан. Гэхдээ жилээс жилд хямд үнэ тендерт өгөөд байхаар компанийн санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Ажлын гүйцэтгэлийн үнэ жил тутам буурч байхад эсрэг талд ам.долларын ханш өсч, ажлын байрны үнэлэмж цалин нэмэгдэн, бусад зардлууд эрс ахьсан. Үүнийг дагаад компани алдагдалд орж эхэлсэн.

“Эрдэнэс Таван толгой” эсрэгээрээ нүүрснийхээ тонн тутмаас асар өндөр ашигтай ажиллаж байна. Гэтэл олборлогч оператар компаниуд тулсан бага үнийн гүйцэтгэлээр удаан хугацаанд явахаар нөхцөл байдал нь хүндэрч эхэлдэг. Ийм жишгээр л яваа. Манай компанийн хувьд засвар, механикийн сайн багтай, гэрээт олборлолтын менежмент, туршлага сайтай учраас өнөөгийн нөхцөлд хүртлээ ажиллаж байгаа. Энэ нь давуу тал болж өгдөг.

-Та “Хишиг Арвин Индустриал” компаниас албан ёсоор хувь эзэмшдэг юм уу?

-Үгүй, эзэмшдэггүй.

-Тэгвэл улстөрд орохдоо компаниасаа хэр их санхүүжилт авсан бэ?

-“Хишиг Арвин Индустриал” компани намайг улстөрд бэлдээд байгаа мэтээр бичигддэг. Сонгуулийн хуулийн хүрээнд хандив авч, түүнийгээ ил тод тайлагнаад л явсан. Сайн ярьвал, манай аав, ах нар маань Ардчилсан хувьсгалын анхдагчид. Ардчиллын дууч, “Хонхны дуу”-ны С.Цогтсайхан манай авга ах. Багаасаа л энэ замаар Ардчилсан үзэлд ойр явсан. Японоос 2010 онд ирээд, шууд АН-д элсэж, хоёр жилийн дараа Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөөд ялсан. Ингэж яваад 2013 онд анх “Хишиг Арвин Индустриал” компанид ажилд орж байв. Өөрөөр хэлбэл, энэ компанид ажилд орохооосоо өмнө устөр дэх карьеараа эхлүүлсэн гэсэн үг. Манай өвөө, эмээгийн захиас ч байв. “Хонхны С.Цогтсайхан ахынхаа үйл хэргийг үргэлжлүүл. Чи нийгмийн идэвхтэй гэр бүлийн гишүүн” гэж Японд байхад минь л хэлдэг байлаа.

-Таны улстөрийн карьер “Хишиг Арвин Индустриал” компанид ашигтай тусдаг уу?

-Ямар ч ашиггүй. Ер нь улстөрд яваа хүн эргэн тойрондоо их халтай. Улстөрд яваа хэн бүхнээс өө эрдэг. Үүндээ дасч, даван гарч сурах ёстой юм билээ. Хамгийн хэцүү нь М.Тулгат гэдэг хүн гэдэг байгаа учраас компанид хамаарах асуудлууд илүү дэвэрч, олны анхааралд өртдөг.

-ТАЛИЙГЧИЙН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАН ГЭЖ ОЙЛГОСОН-

-Танай компанийн ажилтан орон сууцны цахилгааны шатанд дарагдаж, харамсалтайгаар амь насаа алдсан. Хэрэг шалгалтын явцад танайхыг нөлөөлсөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүнлэг бус хандсан гэх шүүмжлэл явсан. Хэрэг нь сэргээгдэж шалгагдаж байгаа. Та энэ асуудлаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Талийгаачийн ар гэрийн зүгэээс шүүхийн шинжилгээний хариуд нөлөөлсөн гэж хардсан. Бид үйлдвэрлэлийн ослын зохицуулалтын журмаар 36 сар хүртэлх хугацааны тэтгэмж олгохоор ярьж байтал хэргийг задлан шалгахаар болсон. Шүүхийн шинжилгээний хариуг дахин  гаргах, компанийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх зэрэг проццесууд өрнөсөн. Тэр хооронд ойлголтын зөрүүтэй олон асуудал үүсч, хугацаа алдсан, хариуцлагагүй хандсан зүйлүүд гарсан нь үнэн. Миний сонссоноор шүүхийн шинжилгээний хариу гарсан байх. Үүнийг дагаад, зарим дүгнэлтүүд нь өөрчлөгдөхөөр хүлээгдэж байгаа гэж ойлгосон. Одоо бол  хүлээлтийн байдалтай л байна.

-Шүүхийн шинжилгээний хариу нь яг ямархуу гарсан юм бол?

-Түүнийг нь сайн мэдэхгүй байна. Тодорхой хэлж болдоггүй байх.

-Компанийн удирдлагуудын зүгээс ёсзүйн үүднээс алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Хүлээн зөвшөөрсөн.  

-УИХ-ЫН ГИШҮҮН БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ЗАСУУЛАХ АЖИЛД АНХААРАХААР НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЮУ ХИЙХ ҮҮ-

-НИТХ-ыг гаднаас нь харахад улстөржсөн, назгай, намчирхсан дунд үеийнхний цуглаан шиг харагддаг тал бий. Та өнгөрсөн дөрвөн жилийн турш НИТХ дээр  хувь хүнийхээ хувьд хэр ажил хэрэгч байв?

-Тийм тал бий. Олонх болсон намаас НИТХ-ын өнгө төрх  их хамаардаг юм байна. Энэ дөрвөн жилд даргаа сольж, улстөржилт өндөртэй ажилласан. Намынх нь онцлог юм болов уу гэж би харсан, төв рүүгээ л их эрх мэдэл өгдөг талтай юм байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу л ажил нь яваад байх жишээтэй. Ерөнхий сайд нь НИТХ дээр сонгогдсон хүнийг хотын даргаар хүлээн зөвшөөрөхгүй байхаас өгсүүлээд л. Төсвийн тухайд, жишээ авъя. Миний сонгогдсон дөрвөн хороон дээр УИХ-ын гишүүн нь 2020 оны төсөвт 11 тэрбумыг суулгасан. Харин би төлөөлөгчийн хувиар 400 сая төгрөгийн ажил суулгуулсан. Уг нь УИХ-ын гишүүн байшингийн дээвэр засуулах, гадна фасад янзлах ажил яриад явж байгаа нь эмгэнэлтэй. Яг жинхэнэ утгаараа НИТХ-ын төлөөлөгчийн л ажил юм. Энэ ажлыг нь УИХ-ын гишүүн нь хийчихээр НИТХ-ын төлөөлөгч юу хийх үү.

-Тэгээд НИТХ-ын төлөөлөгч 400 сая төгрөгөөрөө юу хийх үү?

-Нэг хороон дээр 100 сая төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ нь нэг байшингийн дээвэр засаад, тоглоомын талбай тохижуулаад л дуусчих мөнгө. Хоёр намын ялгаа эндээс харагддаг. Эсрэгээрээ АН  орон нутаг руу эрх мэдлийг нь өгч, өөрсдийн толгойгоор ажил явуулах боломж олгоё гэдэг зарчмыг түлхүү баримталдаг. Мэдээж алдаа гарна. Гэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт байдлаар явуулах нь хязгаар үүсгэчихээд байна.

-Тэгвэл НИТХ-ын төлөөлөгчид тойрог дээрээ тулгамдаж буй асуудлаар бодлогын зохицуулалт хийхэд оролцох боломж нь хэр байна?

-УИХ хууль батлаж, НИТХ бол нийслэл  хотын хэмжээнд  мөрдөгдөх захиргааны хэмжээг журмаар баталдаг. Уг нь зүй тогтол нь ийм юм. Гэхдээ бодит байдал дээр бас их өөр. Жишээ нь, төлөөлөгчийн хувиар тойрог  дээрх тулгамдаж байгаа асуудлуудаар санал өгч, журамд өөрчлөлт оруулахаар тусгадаг. Гэтэл явсаар ХЗДХЯ дээр очоод гацчихдаг. Гацчихдаг шалтгаан нь, захиргааны  хэм хэмжээг орон нутаг дур мэдэж тогтоохгүй гэх ерөнхий зарчим. Бөөн юм болж батлагдсан журам амьдрал дээр хэрэгжиж чаддаггүй. Тэгэхээр НИТХ-ын төлөөлөгч болчихоод яг  юу хийх юм бэ гэдэг асуулт гарч ирдэг юм билээ.

-“УУХАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙ ЖАГСААЛТАД НЭР ОРСОН, ГЭХДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ОРОЛЦОХГҮЙ-

-Та УИХ-д нэр дэвших үү?

-Санаа бол байна. Нам  шийдвэрээ  хэрхэн гаргах, хэнд итгэл үзүүлэхээс хамаарах асуудал.

-Ц.Элбэгдорж, Б.Баабар нар ард нь байгаа гэх “Уухай” хөдөлгөөний залуусын дунд та багтаж байгаа. Энэ нь яг ямар учиртай юм?

-Найз нөхдийн хүрээнд би эхний 1-2 уулзалтад нь очсон. Яг нарийн зохион байгуулалтад нь оролцоогүй. Листэд нь миний зургийг оруулсан байсан. Нэгэнт гарчихсан зүйлийг яах ч билээ. Гэхдээ тэдгээр залуусын ард ийм, тийм улс төрч байна гэдэг бол хоосон хардлага. Миний мэдэж байгаа олон залуус нь өөрийн бие даасан үзэл бодолтой, хараат бус.

Жишээ нь, миний ард ямар ч улстөрч байхгүй, цэвэр бие даасан хүн. Хардагдаад байдагчлан, З.Энхболдтой хамаатуулах шалтгаан ч гарч ирэхгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр өдийг хүртэл яваа. Хэн нэг улстөрч, бүлэглэлд хамааруулж харахараасаа илүүтэйгээр миний нэгэн адил залуус л гэж харсан. Би Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байгаа учраас улстөрийн сонгуулийн зорилготой өөр бүлэгт давхиад байж болохгүй. Ийм зөрчил үүсэх учраас “Уухай” хөдөлгөөний ажилд оролцоогүй.

-Та намдаа ямар статустай вэ?

-АН-ын Үндэсний бодлогын хорооны Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн гишүүн.

-Гадны оронд сурч, ажиллаж, монголдоо хувийн хэвшилд зүтгэлээ. Улстөрийн сонгууль ажлууд хийж үзлээ. Танд үүнийг л нэг хийчих юм сан гэсэн улстөрийн ямар амбиц байна?

-Бохир улстөрийг цэвэрлэх асуудал. Улстөрийн нэр хүндийг өсгөж байж, олон нийтийн итгэл найдварыг хүлээнэ. Намдаа хүлээсэн чиг үүргийн хүрээнд, боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлтэйгээ уяж өгөх, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд маш их хийх ажил байна. Компанийн ажлаар орон нутагт тулгамддаг асуудлуудыг гадарлах боллоо. Наад захын жишээ хэлэхэд, татварын тогтолцоон дээр зоригтойхон хэдхэн ажил хийхэд орон нутаг хөгжихөөр байна.

-Тухайлбал?

-ААНОАТ-ын 1-5 хувьийг орон нутагт үлдээдэг хөгжингүй орнуудын жишгийг нэвтрүүлэх явдал. НӨАТ дээр ийм аргачлал ашиглаж байгаа. Баянзүрх дүүргээр жишээ авъя. Энэ дүүрэг ААНОАТ-аасаа ямар ч орлого төвлөрүүлдэггүй. Цуглуулаад л Сангийн яаманд өгч байгаа. Дүүргүүд өнөөдөр бууны хураамж, хогийн хураамж зэрэг жижиг орлогуудаараа санхүүждэг. ААНОТ-аас дүүрэгт юу ч үлддэггүй учраас энд олон ААН-үүд үйл ажиллагаа явуулах нь тэдэнд огт сонин биш. Тэднийг дэмжих, урамшуулах чиглэлд анхаарах ямар ч сэдэлгүй болчихож байгаа юм. Энэ мэтээр бодлогоор зохицуулж болох олон асуудалд анхаарч ажиллах шаардлага бий. Манай улс бизнесийн салбар, хувийн хэвшлээ үнэхээр дэмжиж чадахгүй байна. Үүн дээр зоригтой дуугарч, ажилладаг улстөрчид ус агаар шиг хэрэгтэй байгаа.

-ШИНЭ ААН-ҮҮДИЙН НӨАТ-ЫГ БАГАСГАЖ, ТАТВАРЫН ТӨРӨЛЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-Та саяхан түрээслэгчдийн эрх ашгийн асуудлаар дуугарч, вирусийн тархалтын үед түрээслүүлэгчдийг  үнээ буулгах уриалга гаргаж, нэлээд ажилласан. Яг бодитой үр дүнд хүрэв үү?

-Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж, маш олон талт уулзалт хийлээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарынхан тухайн орныхоо ажлын байрны 80 орчим хувийг бүрдүүлж байдаг. Аль улс оронд иргэдийнхээ ажлын байрыг хадгалах нь хамгийн чухал. Тиймээс ч БНСУ, Япон зэрэг орнууд шийдвэртэй арга хэмжээнүүд аваад эхэлчихлээ. Манайд бол энэ байдал нэлээд хойрог байна.

Нийслэлийн хэмжээнд 50 мянга орчим худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН-үүд, бүртгэлгүйгээр хувиараа ажиллагсад 60 мянга орчим байна. Энэ нь яг статистикаас гарсан тоо биш. Яагаад гэхээр бид энэ чиглэлдээ бүрэн бүртгэлжүүлэлт хийгээгүй, чадаагүй байна. Худалдаа эрхэлж байгаа хүн цаанаа 10 айл тэжээгээд байдаг, гэтэл үндсэн бүртгэлгүй явж байх жишээтэй. Ийм нэгдсэн бүртгэлгүй байдал нь эдийн засгийн шокийн үед дэмжлэг үзүүлэх гэхээр тодорхойгүй орчин бий болгочихдог юм байна.

-Шинэ тутам, жижиг ААН-үүдэд ийм үед НӨАТ, НДШ маш том дарамт үзүүлж, эдийн засгийнх нь хувьд сөхрүүлэх бодит эрсдэл бий боллоо. Ер нь цаашдаа жижиг ААН-үүдээ энэ мэт татварын өндөр дарамтын өмнө зогсоохоос өөр ямар гарц байж болох вэ?

-НӨАТ-т 10 хувь төлж байгаа нь ААН-үүдэд  маш хүнд тусдаг. Маш харгис, ашиггүй ажилласан ч ААН заавал төлдөг. Тэгсэн мөртлөө хүн хүчний зардлаасаа буцаалт авдаггүй. Үүн дээр ХХОАТ,НДШ, ААНОАТ-ууд нэмэгдчихдэг. Дээрээс нь НӨАТ-ын буцаалт хийхийг шаарддаг. Хүнээ дэмжихийн тулд хүн ажиллуулдаг ААН-үүдээ дэмжих ёстой. Гэтэл манайд хүн ажиллуулах нь монголд хамгийн ашиггүй бизнесийн төрөлд орж байна. ААН-үүдээ бүр нэг яллачихсан.

Цаашдаа улсынхаа эдийн засгийг тэлье гэж бодож байгаа л бол НӨАТ-аа 3-5 хувь  болгон бууруулах ёстой. Мэдээж энэ татварын орлогыг татварын төрөлжилтийг нэмэгдүүлэх замаар нөхөх боломжтой. Ийм бодит шаардлага ч үүсэх юм. Жижиг бизнесүүдээ дэмжиж, томруулж байж л бид өргөн хүрээнд татварыг бүрдүүлнэ. Өнөөдөр татварын дарамтаас болоод ирээдүйд монгол орноо чирч явах ёстой ААН-үүд өндийж чадахгүй, өлгийтэй үедээ нас барчихаад байна. Ялангуяа шинэ бизнесүүдээ эрийн цээнд хүртэл нь татварыг багасгаж байж, алсдаа улс өндөр үр өгөөж хүртэнэ. Гэтэл ийм боломж олгохгүй, төр улам л занхайж, бүтцийн хувьд томроод байна. Бид ирээдүйд хүссэн хүсээгүй, НӨАТ-аа багасгаж, төсвөө танах шаардлагатай нүүр тулгарна. Ийм чиглэл рүү зоригтой орох л хэрэгтэй.

-Татварын төрөлжилтийг нэмэгдүүлэх талаар та сая дурдлаа. Бизнесүүдэд тэгш зарчмаар хөгжих болож олгохын тулд зарим төрлийн шинэ татвар бий болгох ёстой гэсэн санаа юу?

-Яг тийм. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар. Зах зээл рүү шилжих үеэр, юм назгай хяналт сул байхад Улаанбаатарын газраас хэрчээд хэрчээд олон хүн авсан. Газар  дээрээ бүтэн байгуулалт хийхгүй мөртлөө эдийн засгийн эргэлтэд оруулахгүй түгжчихсэн. Эдгээрт өндөр татвар ногдуулаад ирэхээр хүссэн хүсээгүй хөдөлж эхэлнэ. Татварын маш чухал зарчим нь  энгийн, ойлгомжтой, нийтэд тэгш байдлаар хуваарилагдсан байх ёстой. Их бага хэмжээгээр бүх л хүнээс татвар авах суурь зарчим хэрэгжих хэрэгтэй. Малын хөлийн татварыг бий болгох ёстой. Хэдэн тэрбумыг эргэлдүүлээд байгаа мөртлөө татвар төлдөггүй далд эдийн засгаа ил гаргаж, татварын хариуцлага үүрүүлэх ёстой. Өөр сувгуудыг татан оролцуулж, нийт массаар нь татвар төлж сургах хэрэгтэй гэж хардаг. Татвар төлөхгүй байгаад сурчихсан хүмүүс, бизнес эрхлэгчид маш их байдаг. Тэгэхээр жигд байдлаар татвар төлүүлж хэвшүүлэх нь бас их чухал юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-17 22:34

Харваас сэжигтэй, элдэв нүх сүв хайсан өөдгүй этгээд байгаа юм. Батүүл, Энхболд нараас их юм сурч байгаа гэдэг . Юу сурч байгаа нь ойлгомжтой. Эцэг нь Майнбаярг гэгч бас яг ийм этгээд АН-ын бууны нохой байгаа юм.

Төөгий
Төөгий
2020-03-25 13:25
Reply to  Зочин

З�##�уу ч бай хөгшин ч бай жаахан нотолгоотой, улбаатай юм бичвэл яасан юм бэ? зүгээр хий хоосон хардлагын шинжтэй бусдыг турхирсан байхаа больж үз, зөв бай

Зочин
Зочин
2020-03-25 12:36
Reply to  Зочин

хаха хувийн өс хонзонгоор ороод ирэхиймаа худлаа үнэн юм бичиж ирээд л

Батбаатар
Батбаатар
2020-03-25 11:53
Reply to  Зочин

Энэ одоо юун атаархуу новш вэ би 2 ууланг нь танина чиний бичээд бгаа шиг хүмүүс бишшүү

Зочин
Зочин
2020-03-25 10:52

Маш их дэмждэг шүү. Бохир улс төрд шинэ с�##�хи сэвэлзүүлэх з�##�уу даа. Боловсрол өндөр, эдийн засгийн хувьд бу�####�ас хараат, УИХ д Тулгат төлөөлөгчийн дайтай з�##�уучуудыг нэр дэвшүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-03-25 12:37

Нэр цэвэр боловсрол өндөр ёс зүйтэй цөөхөн з�##�уусын нэг л дээ мэдэх хүмүүс мэднэээ

Монголхүү
Монголхүү
2020-03-25 14:30

Тулгат VS Наранбатаар нэг ширээний ард суугаад х�##�з ярилцаач.

жжж
жжж
2020-03-25 14:30

сайхан бурж байна.

Зочин
Зочин
2020-03-25 15:21

Мундаг хѳдѳлмѳрч з�##�уу хүн шүү. З�##�уу үеийн тѳлѳѳлѳл болсон хүнийг бас олон янзаар хардаж, муулах юм. Бид ийм хүмүүсээ л дэмжих хэрэгтэй. УИХ-д ийм соёлтой, боловсролтой з�##�уучууд байх хэрэгтэй

Зочин
Зочин
2020-03-26 23:42

Ene zaluu ingeed Enkhboldiin huuheldei boloh gej, archaagui gar

ГалЗочин⁷
ГалЗочин⁷
2020-05-17 19:42
Reply to  Зочин

Гонгинсон новш вэ АН с гарах эрх чамд байгаа шүү

Зочин
Зочин
2020-03-28 08:24

Улс төрд боловсролтой,мэдлэгтэй,шинэ соргогоор ажиллах хүмүүс л хэрэгтэй гэж боддог.Тендрийн хувьд �##�ь туршлагатай,хүн хүч,техникийн чадамжтай кампани л авах ёстой шүү дээ,Юу ч үгүй бж тендер авчихсаныг На ба яагаад ярьдаггүй юм.

Хүн байна
Хүн байна
2020-03-31 12:05

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Болороогийн нөхрийн амины өртэй шүү.

Хүн байна
Хүн байна
2020-03-31 12:08

Ажил дээр нь ажлын байрандаа хүний амь эрсдчихээд байхад ар гэртэй нь нохой мэт харьцсан хүнп бусдын төлөө сэтгэл байх уу. Иймэрхүү хүнд итгэж суух гэж үү. хамт зүтгэсэн нөхдөө нэр муудахад нь шууд л танихгүй гэж хэлж байгааг нь хар даа.

луйварчин
луйварчин
2020-08-12 22:28

наранбаатар хулгайч шүү баг зүүсэн

Холбоотой мэдээ

Back to top button