НИЙГЭМ

Чөдрийн ганц “морь” МИАТ

Бага байхад манай нутагт ганц цагаан морьтай Балбар гэдэг эр байв. Өвөл, зунгүй өнөөх цагаан морио унана. Сэлгэж унах өөр хүлэггүй тул өөр яах ч билээ. Цагаан морь унаар даана гэж жигтэйхэн. Учиргүй хөнгөн хөлгүй ч тийм ч хашин биш. Унааршина, нуруу нь холгоно, туурай нь улдана гэж үгүй. Балбар ч морио их гамтай, хайрлаж эдэлнэ. Найр, наадамд цагаан мориороо л гангарна. Яаралтай ажлаар ийш тийшээ жолоо сунгахад цагаан мориороо л цогиулна. Тэр бүхэнд хүлэг нь шандас заасаар эзнээ хүссэн газарт нь хүргэдэг байсан сан.

Яг үүнтэй адил Монгол Улс Төрийн өмчит ганцхан компанитай нь МИАТ. Чөдрийн ганц “морь” маань хэзээд монголчуудын аминд орсоор, хүссэн газар нь хүргэсээр өдий хүрсэн. Ялангуяа коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдэж буй өнөө цагт Монгол Улс өөрийн гэсэн авиа компанитай байхын жаргалыг ёстой нэг эдэлсэн шиг эдэлж сууна. Ковид-19 анх дэгдсэн Ухань хотоос 31 монгол оюутнаа МИАТ-ийн хөлгөөр авчирсан. Тэгэхэд тухайн хөлгийн багт ажилласан МИАТ-ийн ажилчид эх орондоо ирснийхээ дараа тусгаарлагдсан.

Монгол Улс одоо эрсдэлтэй орнуудаас монгол иргэдээ олон зуугаар нь авч ирэхдээ “чөдрийн ганц”-аа л унаж байна. Хэрвээ Монгол Улс МИАТ-гүй байсан бол ямар бэрхшээл туулахыг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Лав л Балбар цагаан морио хүссэн үедээ унадаг шиг Монгол Улс санасан газар руугаа хөлөг хөөргөж лав чадахгүй байсан. Монгол Улсад МИАТ-аас өөр авиа компани цөөнгүй бий ч хувийн хэвшлийнх, хүний юм бол хүний л юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button