Турк: Гал түймрийн улмаас найман хүн нас баржээ

Өнгөрсөн лхагва гарагаас Турк улсад томоохон ой хээрийн түймэр гарч тус улсын иргэдэд ихээхэн хохирол учирсан.
111 хэсэг түймрийн улмаас маш олон иргэд орон гэргүй болж, хамгийн багадаа найман хүн нас барсан гэж төрийн мэдлийн Анадолу агентлаг мэдээллээ. Туркийн Хөдөө Аж Ахуй, Ойн Яамнаас эдгээр нас барагсдын хоёр нь түймрийн эсрэг тэмцэж байсан гал хамгаалагчид байсныг дурьдсан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар зуны халуун цаг агаар нь галыг улам өдөөж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэнэ. Турк түймрээс хамгаалахаар өнгөрсөн амралтын өдрүүдээр 1000 гаруй хүнийг галын цэгээс хэдэн зуун милийн зайд орших улсынхаа жуулчлалын гол цэгүүдийн нэг болох Бодрум хот руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Фермерүүдийн хэлж буйгаар амьтад ч тус түймэрт ихээр үрэгдсэн аж. Галд өртсөн Качарар тосгоны оршин суугч 56 настай Музейян Какар “Амьтад шатаж байна. Бүх зүйл шатаж байна. Бидний газар, байшин гээд л. Бидэнд өөр юу үлдэх вэ?” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Одоогийн байдлаар тус улсаас түймэрт хэр хэмжээний амьтад үрэгдсэнийг тооцоогүй байгаа юм байна. Харин тэдгээр амьтдад эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмч болон сайн дурынхан ажилласаар байгаа аж. Нутгийн иргэд галаас түлэгдэж, гэмтсэн амьтдыг аврах ажилд олноор тусалж байгаа юм.
Одоогийн байдлаар хонь, үхэр, муур, нохой, яст мэлхий тэргүүтэй амьтад хамгийн ихээр галаас олдож байгаа юм. Тэдгээр амьтдын ихэнхи нь хүндээр түлэгдсэн, зарим нь утаанаас болж муужирсан байдалтай байна.
Эх сурвалж: euronews
О.ЭНХЖИН

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.