Т.Аубакир: Казахстанд бизнес эрхэлж байгаад хөрөнгөө татаад УИХ-д орж ирсэн, яагаад болохгүй гэж

Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгосон Т.Аубакиртай төсөв, тойрог болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-БАЯН-ӨЛГИЙ РҮҮ ДЭД БҮТЭЦ ШИЙДЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨВ ТАВИУЛЛАА-

-Төсөв батлах гэж байна. Төсвийн ажлын хэсэг сүүлчийн хурлаа хаалттай хуралдах шиг болсон. 2022 оны төсөв ямархуу төсөв болж байна вэ?
-Ирэх жилийн хувьд манай улсын төсөв нэлээд хүнд байна. Карантинтай холбоотой экспорт тал тал тийшээ үндсэндээ зогсчихлоо. Гэхдээ ирэх жилийн экспортын орлогоос орж ирэх төсөөллийн хүрээнд улсын төсвөө тавьсан. БНХАУ-д өвлийн олимп болохтой холбоотой ганцхан манай улс биш буад хил залгаа улсуудынхаа хилийг хаачихсан. Төсөөллийн хувьд ирэх жилийн нүүрсний экспортын орлогоос орж ирэх орлогуудын хэмжээнд улсын төсвийг ярилцаж хэлэлцсэн.
Төсвийн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд харж байхад ирэх оны улсын төсөв эргээд баялаг бүтээх бололцоотой салбарууд рүү түлхүү хөрөнгө оруулалт хийсэн юм уу гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ жил нэг сургууль, цэцэрлэг барилаа гэхэд дараагийн жилүүдэд улсын төсөвт урсгал зардал гээд ачаалал болж ирдэг. Жишээлбэл манай Баян-Өлгий аймаг аялал жуулчлалын чухал бүс. Монгол Улсад ирж байгаа жуулчдын 40-өөс дээш хувь нь манай аймагт зочилдог. Манай аймаг уул уурхай гэхээсээ илүү аялал жуулчлалын салбар нэгдүгээрт байдаг учраас миний хувьд ирэх оны төсөвт аялал жуулчлалын бүс нутаг руу дэд бүтэц шийдэх тал руу түлхүү хөрөнгө оруулалтууд хийлээ.
-Баялаг бүтээх бололцоотой гэхээр яг ямар төслүүдэд хөрөнгө оруулж байгаа юм бэ?
-Архангай, Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүс рүү том хөрөнгө оруулалтууд тавилаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саяхан сонгон шалгаруулалт нь зарлагдсан босоо тэнхлэгийн төмөр замын асуудлууд байна. Монгол Ус ганцхан төмөр замтай шүү дээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд хүртэл ганц босоо тэнхлэгтэй. Цаашаа хөгжүүлэх бололцоо бий юу гэвэл бий. Өнөөдрийн байдлаар Оросын зүүн хязгаар буюу Байкалскийн төмөр зам Хятад руу чиглээд гацаатай байна. Казакстанаас Хоргот руу явдаг төмөр зам мөн гацаатай байна. Энэ нь юу харуулж байна вэ. Монгол Улс нутаг дэвсгэр дээгүүрээ Европ болон Оросын бараа таваарыг Хятад руу транзитаар тээвэрлэх бүрэн бололцоотой гэсэн үг. Засгийн газрын энэ бодлого бол маш үр дүнтэй бодлого. Хамгийн эхлээд Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам. Энэ нь хойшоо Чойбалсан чиглэлийн төмөр замтай холбогдоно. Байкалск дээр гацсан ачаа тээврийн тодорхой хувийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр явуулах бололцоотой юм. Иймэрхүү хөгжил дэвшил, алсыг харсан хөрөнгө оруулалтууд маш их хийсэн.
-Гишүүн бүрт дөрвөн тэрбум хуваарилсан гээд байгаа нь тойрогт хийх хөрөнгө оруулалтын санал юм уу?
-Гишүүн бүрт дөрвөн тэрбум өгч байна гэдэг мэдээлэл худлаа шүү дээ. Энэ жилийн төсөвтэй холбоотойгоор нэгээс хоёр тэрбумын төсвийн хүрээнд тойрог дээрээ юу хийх саналаа өгөөрэй гэснээс биш гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг бэлэн тараачихсан зүйл ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ жилийн улсын төсөв байгаа аяганыхаа хэмжээнд, тодорхой дэвшилттэй хөрөнгө оруулалтууд шийдсэн төсөв боллоо.

-ХИЛ ХААЖ, ТЭЭВЭР ЗОГСОНГИ БАЙГАА НЬ ГАНЦ МАНАЙ АСУУДАЛ БИШ-
-Зарцуулалт нь дэвшилттэй гэж харж байгаа юм байна. Тэгвэл орлого тал нь яах юм бэ. Хил хаалтай, хэзээ нээх нь тодорхойгүй. Орлого тасалдвал яах юм бэ. Тодотгол хийх үү?
-Карантин, халдварын асуудал ганц манай улс биш дэлхийн хэмжээнд тааварлашгүй нөхцөл байдал бий болгочихлоо. Жишээ нь Австралийн нүүрсийг та бүхэн харж байгаа байх. Оросын хил гаалийн хязгаарлалт гэх мэт урд өмнө тохиолдож байгаагааүй давагдашгүй хүчин зүйлс бий болчихлоо. Гэхдээ сайнаар төсөөлөөд, нүүрсний үнийн өсөлттэй холбоотойгоор Хятад улс дотооддоо нүүрсний эрэлт хэрэгцээ их болсон учраас улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн. Тэгж тавихаас өөр арга байхгүй. Тодотгоод л явах байх.
-Нүүрс тээвэр зогсонги байдалтай байгаа?
-Зогсонги байгаа. Сая бид Гадаад харилцааны сайдтай Казахстан улс руу айлчилсан. Казахтсан, Хятадын боомтууд ч, авто тээвэр нь ч, вагон тээвэр нь ч тэр тэг зогсолт хийсэн. Ганц манай асуудал биш. Оросын Байкальк дээр мөн л 1200 орчим машин зогсоод байна. Тиймээс гадаад нөхцөл байдлаа зөв тооцоолж харах нь зөв.
-Хөгжлийн төсөв л гээд байна. Гэхдээ дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй шүү дээ?
-Тэр үнэн. Баян-Өлгий аймагт л гэхэд 640 хүүхдийн багтаамжтай сургуульд 2500 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Энэ нь хүн амын өсөлттэй, хүүхдүүдийн өсөлттэй холбоотой. Тиймээс зарим газарт сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэхээс өөр арга байхгүй. Гэхдээ түлхүү баялаг бүтээх хөрөнгө оруулалт байгаа гэж ойлгож болно.
-ЭЛЕКТРОН ТАМХИНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ОНООХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА-
-Намрын чуулган үргэлжилж байна. Таны хувьд ямар хуулийн төслүүд санаачилж, ажлын хэсэгт нь орж ажиллав?
-Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Манай улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүс, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүс бий. Мөн Хөшигтийн хөндийд шинэ нисэх буудал бий болсонтой холбоотой чөлөөт бүс болгоё гэдэг утгаар энэ хуулийг боловсруулж, өргөн барьсан. Хоёрдугаарт Электрон тамхины хуулийг санаачилсан. Х.Ганхуяг, Д.Өнөрболор зэрэг гишүүдтэй хамт. Электрон тамхи гээд хүн төрөлхтөнд тохиолдож байгаагүй шинэ зүйл. Дараагийн гарах үр дагаврыг ДЭМБ бүрэн тодорхойлж чадаагүй байна. Дэлхийн 40 гаруй улс электрон тамхийг шууд хориглосон байдаг юм байна. Бидний хувьд өргөн барих хуулийн төслийн хүрээнд энэ тамхийг утаат тамхитай адилтган онцгой татвартай болгох уу, эсвэл хориглох уу гэдгийг шийднэ. Хэлэлцүүлгийн шатанд шийдэх байх. Олон хэлэцүүлэг болно. Электрон тамхи зохицуулалт байдаггүй учраас арван жилийн хүүхдүүд хавтгайдаа хэрэглэж байна. Ганц айлгаж байгаа зүйл энэ. Эрэгтэй, эмэгтэйгүй арваас дээш насны хүүхдүүд хэрэглэж байна гэдэг бол аюултай.
-Хэзээ өргөн барих вэ?
-УИХ-ын дарга чиглэл өгсөн. Төсвийн хууль явж байгаа учраас электрон тамхи онцгой татвартай болох юм бол 40 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ. Тийм учраас төсвийн тухай хуультай цуг явах нь зүйтэй юм бишүү гэдэг саналууд гарч байна. Ойрын хугацаанд өргөн баригдах байх.
-Хуучин нисэх онгоцны буудлыг хувьчлах тухай асуудлууд яриад байгаа юм билээ. Танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Хувьчлах талаар сонсоогүй. Гэхдээ Засгийн газрын барьж байгаа чиглэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дотор ярьж байгаа асуудлууд бий. Үнэхээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаад, тодорхой хувийг нь хувьчилбал яасан юм бэ, олон нийтийн болговол яасан юм бэ гэдэг асуудлууд ярьж байна. Хөндөх ёстой юу гэвэл тийм. Яагаад гэвэл улсын үйлдвэр нэртэй, ашигтай ажилладаггүй, эргээд жил бүр өртэй гараад, улсын төсөвт дарамт учруулдаг зарим нэг газрууд байна. Хувьчлах нь зөв. Би ч тийм байр суурьтай явдаг.
-Тухайлбал?
-МИАТ байна. Ашиггүй ажилладаг. Эсвэл цааш хөгжүүлээд явах, эсвэл хөрөнгийн бирж дээр хувьцааны тодорхой хувийг арилжаад явбал эргээд хөрөнгө оруулагч болон иргэдийн хяналт орж ирээд, ашигтай ажиллах бололцоотой гэсэн судалгаанууд явж байна.
-Т.Аюурсайхан нарын гишүүд Жолоочийн хариуцлагын даатгалын хууль санаачлаад шүүмжлэл дагуулж байна. Танай намын бүлэг завсарлага авчихсан. Энэ хуулийн төсөл таны бодлоор зөв үү?
-Би эсрэг байр суурьтай байна. Ганцхан зарчим. Хувийн хэвшлүүдийнхээ хийж байгаа бизнесийг төр булаалцалдах ямар ч шаардлага байхгүй. Хувийн хэвшлүүд тодорхой хэмжээний алдаа гаргаж байж болно. Гэхдээ хөгжлийн процесс. Тодорхой хугацааны дараа жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан хүний хохирлыг хувийн хэвшлүүд, даатгалын компаниуд саадгүй гаргаж өгдөг бололцоотой болох ёстой. Иргэн Т.Аубакир байлаа гэхэд миний өмнө 20-иод даатгалын компани байдаг. Сонголттой. Асуудалд орлоо гэхэд нөхөн төлбөр олгох бололцоотой гэсэн даатгалын компаниа сонгож байгаа нь чөлөөт зах зээлийн зарчим. Шууд төрийн корпораци бий болгоод, төр салгаж аваад, ашгийн бус гэх нэр дор хувийн хэвшлийн ажлыг булааж авна гэж байж болохгүй. УИХ, Засгийн газар, төрийн албан хаагч ч бай ард иргэдийнхээ бизнес эрхлэх бололцоог үргэлж дэмжиж байх ёстой. Дэмжигдэхгүй байх гэж харж байна.

-НАДТАЙ ХОЛБООТОЙ ХҮН БАЯН-ӨЛГИЙД ТОМИЛСОН БАЙВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН-
-Таны сонгогдсон тойрогтой холбоотой хэдэн асуулт асууя. Таныг Баян-Өлгийн томилгоонуудад оролцдог. Хамаатан садан, танил талаа томилуулдаг гэх мэдээллүүд бий?
-Тийм ярианууд байдаг. Залуу гишүүний хувьд улс төржилттэй ийм асуудлуудыг гайхдаг. Эхээс зургуулаа. Таван эмэгтэй, би ганцаараа эрэгтэй. Яг надтай, миний таван эгчтэй холбоотой хүн томилсон байвал би хариуцлага хүлээхэд бэлэн. Мөн УИХ-ын гишүүн гэдэг бол шууд тушаал гаргаад, томилгоо хийдэг субъект биш. Мэдээж сонгуультай холбоотой ялсан намын бодлого гэж бий. Зарим нэг салбарт томилгоонд санал өгөх тохиолдол байдаг. Яг одоо Баян-Өлгий аймагт томилж байгаа хүмүүсээс Т.Аубакирын хамаатан юм аа гээд гараад ирвэл би буруугаа хүлээе. Залуу хүний хувьд аль нэг салбарт мэргэжлийн, мэдлэг боловсролтой, чадамжтай залуус гараасай гэж хүсдэг.
-Баян-Өлгий аймгийн цагдаа болон Онцгой байдлын газрын даргыг та санал болгосон уу?
-Цагдааг ЦЕГ-ын даргын тушаалаар томилдог. Би ЦЕГ-ын даргыг ч танихгүй, мэдэхгүй. Яг тухайн салбартаа ажиллаж байсан залуучууд томилсон юм билээ. Би сая очихдоо Онцгой байдлын газрын даргатай уулзаж, ажил дэр нь очсон. Манай ах дүү, хамаатан биш.
-Баян-Өлгий аймаг халамжаараа хавтгайрсан гэдэг. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?
-Олон жил ярьж байгаа. Тиймээс сонгогдсоноосоо хойш ХНХ-ийн сайд А.Ариунзаяатай санал солилцоод, энэ асуудлыг цэгцлэхээр Баян-Өлгий рүү комисс очиж ажилласан. Тэнд мониторинг хийгээд, халамжид хамрагдах ёсгүй байсан хүмүүсийг хассан. Энэ бол сэтгэл зовоосон зүйл байсан уу гэвэл байсан. А.Ариунаяа сайд энэ асуудлаар маш сайн ажиллаж байна. Тиймээс цэгцэрч байна гэж ойлгож болно.
-Баян-Өлгийд ажилгүйдэл хэр их байна. Залуучуудын ажил эрхлэлт ямар байдаг юм бэ?
-Баян-Өлгий аймгийн хамгийн том дайсан бол ажилгүйдэл. Тэр дундаа залуучуудын ажилгүй байгаа, ажлын байр хүн амынхаа өсөлтөө дагаад өсөж чадахгүй байгаа явдал. Тиймээс олон жил ашиглагдахгүй, эдийн засгийн эргэлтэд орохгүй байсан Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг би өөрөө ахлаад явж байна. Асгатын орд ашиглалтад орсноор шуудаар 1500 орчим залуучууд ажилтай болох бололцоотой. Үүнийг дагаад тухайн бүс нутгийн бизнес эрхлэгчид наад зах нь малчдаас авахуулаад орлого нь нэмэгдэнэ. Ажилгүйдлийг шууд шийдэхэд амаргүй. Хүн амынхаа өсөлттэй зэрэгцээд бизнесийн салбарууд дорвитой хөгжиж өгөхгүй байна. Тиймээс аялал жуулчлалын салбар бол ажилгүйдлийг шийдэх боломжтой салбар. Маш олон санал санаачлага байна. Оны дараагаас хэрэгжээд эхлэх байх. Аялал жуулчлалд коронавирус маш их садаа болж байна.

-АЛТАЙ ТАВАН БОГД РУУ ДЭД БҮТЭЦ ШИЙДЧИХВЭЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХӨГЖҮҮЛЭЭД ЯВЧИХНА-
-Өнгөрсөн жил Алтай Таванбогд орсон юм. Зам нь маш их хэцүү юм билээ. Тэр бартаат замыг засаж янзлах боломжгүй юм уу. Эсвэл зориудаар бартаат замтай байлгадаг юм уу?
-Дотоодын аялал жуулчлал маш нэмэгдсэн. Баян-Өлгий аймаг руу 2020 онд 23 мянга, 2021 онд 24-25 мянган жуулчин очлоо. Энэ нь манай аймагт гадаадын гэлтгүй дотоодын аялал жуулчлал хөгжих бололцоотойг харуулж байна. Тиймээс энэ удаагийн төсөв дээр Алтай Таванбогд чиглэлийн өндөр хүчдэлийн асуудлыг шийднэ. Мөн тийшээ явах замд байдаг Хөххөтөлийн гол дээр бетонон гүүр хийх зэргээр төр дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх ёстой юм билээ. Түүнээс биш тэнд очоод төрийн мөнгөөр ресторан, буудал барихгүй. Дэд бүтцийг нь шийдчихвэл бизнес эрхлэгчид цаашаа түүнийгээ хөгжүүлээд аваад явах боломжтой. Та жишээ нь тэнд очоод нэг өдөр будаа цагаагаа өргөөд буцсан байх .Таныг яаж тэнд 2-3 өдөр авч үлдэх вэ, таны тав тухтай байдлыг хангаж, буудал, ресторанаар үйлчлэх вэ гэдэг чухал. Замын асуудал мөн ярьж байна. Зураг төсөв нь хийж байна. Улаанхус, Цэнгэл сум дайруулаад 75 км замын зургийг гаргаж, судалгаа хийж байна. Заавал тийм экстрем замтай байна гэдэг асуудал байхгүй.
-Баян-Өлгий аймгийн эмч нар хахууль авч, групп тогтоодог хэрэгт холбогдоод шалгуулаад жил гаруй боллоо. Энэ асуудал юу болов?
-Ийм асуудал үүсэн юм билээ. Хэдийгээр би УИХ-ын гишүүн ч гэлээ прокурор, шүүхийн процесс явж байгаа асуудалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. 14 эмчийн асуудал байгаа юм билээ. Хүмүүсийг группт оруулдаг байсан гэж сонссон. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. УИХ-ын гишүүн эмч нарын брууу, зөв гэж хариулах боломжгүй.
-ХИЛ ХААНГУУТ БАРС ЗАХ НОГООГҮЙ БОЛДОГ НЬ ОДОО НОТЛОГДОЖ БАЙНА-
-Та хөдөө аж ахуйн мэргэжилтэй бил үү?
-Олон улсын эрхзүйч, хөдөө аж ахуйн мэргэшилтэй.
-Хил хаачихлаа. Хүнс, нарийн ногооны хомдол үүслээ. Цаашид Монгол Улсад нарийн ногоогоо өөрсдөө тариалах талд ямар бодлого барьж, яаж ажиллах ёстой гэж та бодож байна?
-Би УИХ-д орж ирсэн цагаасаа хойш л ярьсан. Монгол Улс хөрш айлаасаа кг төмс, шанага будаа, ногоо гуйхгүй, иргэдээ хүнсээр хангачих бодлоготой байх ёстой. Ард иргэдээ өлсгөхгүй байх гэдэг бол хүнсний аюулгүй байдал. Өнгөрсөн жил байнгын хорооны хурал дээр хэлж байсан. Эрээний, Замын-үүдийн хил хаахад Барс дээр хүнсний ногоогүй болдог шүү гээд. Одоо яг л нотлогдож байна. Гэхдээ энэ жилийн хувьд ХХААЯ-наас үрийн бодлогыг сайн авч явсантай холбоотой улаан буудайн хэрэгцээгээ 100 хувь хангачихлаа. Төмс, байцаагаа хангасан. Одоо хүлэммжид тарьдаг нарийн ногоо алга. Тиймээс сигнал аваад Монголын төр хүлэмжийн ногооны тариалалтыг дэмжих ёстой. Зуны, өвлийн хүлэмжийн асуудлыг төсөвтөө тавиад, бүсчлээд, Улаанбаатарыг, Дархан, Эрдэнэтийг ямар сум нь хангах ёстой вэ гэдэг бодлого гаргах ёстой. Гурил, махаа бүрэн хангаж байгаатай адил бусад хэрэгцээгээ дотоооддоо хангах бүрэн боломж байгаа. Түүнчлэн жилдээ 40 гаруй тэрбум төгрөгийн өндөг импортоор орж ирж байна. Энэ нь 40 гаруй тэрбумын бизнесийн орон зай байна л гэсэн үг. Бизнес эрхлэгчид энэ салбарт орж ирэх боломж байна. Зоригтой шийдээд явах шаардлагатай.

-КАЗАХСТАНД БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙГААД ХӨРӨНГӨ ТАТААД ОРЖ ИРСЭН-
-Та парламентад орж ирсэн шинэ гишүүн. Таныг гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан хүн бэ гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй. Сонгуулийн үеэр таныг Казахстанд амьдарч байгаад шууд ирээд гишүүн болчихлоо гэж хүртэл ярьж байсан. Энэ асуудалд тайлбар өгөх үү?
-Гишүүн болоогүй байхад хүмүүс миний тухай ярьдаггүй байсан л даа. Гараад ирэхээр хаана, юу хийж байсан юм бол гэж сонирхдог байх. Миний хувьд Сэлэнгэ аймагт төрж, өссөн. Олон улсын эрхзүйгээр дээд сургууль төгссөн. 27-28 жил газар тариалан, улаанбуудайн тариалалтын бизнес эрхэлж байсан. 2008 оноос Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны даргаар долоон жил ажилласан. Миний үндсэн ажил бол тариачин гэж хэлж болно.
Казахстанд тодорхой хэмжээний бизнесүүд эрхэлж байсан. Хятадад ч юм уу, АНУ-д ч бизнес эрхэлдэг монгол залуучууд зөндөө шүү дээ. Яагаад болохгүй гэж. Гадны зах зээлээс Монгол Улс руу мөнгө оруулж ирэх нь зөв алхам гэж боддог. Казахстанд амралтын, аялал жуулчлалын бизнес эрхэлж байсан. Одоо зогсоочихсон. Хөрөнгө мөнгөө зараад борлуулаад ороод ирсэн. Орос, Казахстан руу явахаар янз бүрийн зүйл ярьдаг юм шиг байна билээ. Миний хувьд Монгол Улсын иргэн. Сонгуульд нэр дэвшихээсээ өмнө хэл амнаас айгаад Казахстаны ЭСЯ-наас тус улсын иргэн биш, иргэн болох хүсэлт тавьж байгаагүй гэсэн тодорхойлолт хүртэл гаргуулж авсан.
-Үүнтэй холбоотой асуухад Баян-Өлгий аймгийн иргэд хоёр иргэншилтэй байдаг гэх асуудал ярьдаг. Үнэн үү?
-Тодорхой хэмжээнд тийм зүйл бий. 1992 оноос хойш нүүдэл эхэлсэн. Казахстан улс руу давхардсан тоогоор 60 гаруй мянган хүн явсан. Түүнээс 20 гаруй мянга нь буцаж ирсэн. Хүн тэгээд хаана амьдрахаа Үндсэн хуулийн дагуу өөрөө шийдэх ёстой. Гэхдээ Какахстанд, эсвэл ОХУ-д амьдаръя гээд очиход нөхцөл бололцоо, таарч тохирохгүй зүйл байгаагаас маш олон хүн буцаж байна. Очихдоо нөхдүүд тэндэхийн иргэн авчихсан, буцаад Монголдоо ирэхээр гадаадын иргэн болчихдог. Тиймээс хэсэг хугацаанд Казахстаны ЭСЯ-наас Баян-Өлгий аймагт очиж ажиллалаа. Казахстаны иргэд Баян-Өлгий аймагт амьдраад байгаа юмуу. Казахтсаны иргэншлээс гаръя гэж байгаа бол гаргах асуудлыг нь шийдэхээр очиж ажилласан. Казахтсан улсын иргэншлээс гараад Монгол Улсын иргэн болох асуудлыг хоёр улсын Ерөнхийлөгч шийддэг. Тиймээс цаг хугацаа шаардлагатай асуудал юм шиг байна билээ. Гэхдээ энэ буруутгах зүйл биш. Та ч гэсэн АНУ-д очиж амьдраад болохгүй бол ээж аавдаа, нутагтаа буцаад очъё гэж болно. Гэхдээ иргэншлээ буцаад солиулах ёстой. Казахтсан улсын иргэншилтэй мөртлөө Баян-Өлгийд амьдарч байгаа иргэд нийгмийн үйлчилгээ авч чадахаа больчихдог юм байна. Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны сайд айлчлал хийхдээ энэ асуудлыг ярьсан юм билээ. Шийдэгдчих байх аа.
-Таны хувьд Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүн гэхэд монгол хэлээр сайн ярьж байна гээд тухайн үед сайшааж байсан. Сэлэнгэд төрсөн болохоор тэгж байна уу?
-Би чинь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд төрж, өссөн хүн. Монголоор сайн ярилгүй яах вэ. Монгол Улсын иргэн монголоорооо сайн ярих ёстой. Эх хэл казахаараа ч ярих ёстой.
-Баян-Өлгийд монгол хэлний асуудал анхааралдаа авах ёстой болсон юм шиг сонсогддог?
-Асуудал л даа. Аравдугаар сарын сүүлээр Боловсролын сайд Б.Энх-Амгалан очиж ажиллалаа. Энэ асуудлыг яаж шийдэж болох талаар. Сэтгэл эмзэглүүлсэн асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Улаанбаатар хотод амьдарч байгаа казах иргэд бүгдээрээ монгол хэрээрээ ярьдаг. Харин Баян-Өлгийд төрж өссөн хүүхдүүд багаасаа ярьсан хэлээрээ яриад явж байна. Дунд сургуулийн явцад хичээлийн программын дагуу монгол хэл үзэж байна. Асуудал мөн. Боловсролын яамнаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш том баг очиж ажилласан. Хос хэлний асуудлыг яаж шийдэх вэ. Боловсролын багц хууль өргөн барьсан. Энэ хуульд асуудлыг хэрхэн тусгах вэ гэдэг байдлаар газар дээр нь очиж ажилласан. 12 сардаа багтаад үнэлгээ хийгдэх байх. Түүндээ тулгуурлаад бага ангийн сургалтын хөтөлбөрийг яаж гаргах, сурах бичгийг асуудлыг яаж шийдэх ёстой юм гэдэг нэг ажил хийх байх гэж найдаж байна. Харлуулахаасаа өмнө яагаад ийм болов, яаж шийдэх вэ гэдгээ ярих нь зөв.
-Шинэ гишүүний хувьд парламентад орж ирээд танд ямар мэдрэмж төрж байна. Ажиллахад хэр боломжтой байна вэ?
-30-аад шинэ гишүүн байна. Залуучууд маань аливаа асуудлыг авч үзэхдээ бусад улс орны туршлага судалж, харьцуулж байна. Монголын парламентад шинэ салхи орж ирж байна уу гэж харж байна. Та бүхэн мэдэж байгаа бол Х.Ганхуяг, ТАмартүвшин, Х.Булгантуяа гэх мэт гишүүд мундаг ажилаж байна. Салбар салбарт шинэ салхи орж байна. Ахмад гишүүд маань ч залуучуудынхаа үгийг сайн сонсдог, гадаадад ямар байдгийг сонсож байна. Парламент гэдэг бол тал талын мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс цугларч байж, тэр дундаас зөв шийдэл гаргах бололцоо юм уу. Миний хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын хөдөө аж ахуйд реформ хийчих юмсан гэж бодож байна. Энэ тал дээр судалгаа хийгээд ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг з�##�уу
Амжилт хүсье!
Аубакар �##�ь Багдади
Энэ сураггүй баачка чинь хэн билээ
Нээх харсан царай. Баян-Өлгийнхөн ба�##�уулж байхад тайлбар тодруулга өгч байгаагүй дээ
Казакстаны тагнуул юм биш үү .
Хм. Монгол төрийн босго гэж �##�гаа
Грузины Саркашвили шиг нөхөр үү?
Yu geed xucaad bgaa xasag ve chi! Luivraar bayjsan Daatgaliin kompaniudiig demjvel chu sainaa vzexgvi shv xoishid! Abukar aa!
Demjij bna, Tsaashdiin ajild n ulam ih amjilt husie, ❤
Казакстанд бизнес эрхэлж байснаас монголын их хурлын гишүүн болсон нь зовлонгүй амархан баяжих боломжтой учраас гишүүн болсон гээд үнэнээ хэлчихгүй дээ.
Энэ нөхөр Сэлэнгийн 10-р анги төгсөөгүй. Дээд сургууль төгсөөгүй. Дипломаа Оюунхоролоор бичүүлж авсан . Баян-Өлгийн Онцгойгийн дарга Азат эний хүргэн . Энэ нөхөр Казахстаны тагнуул биш үү?