Онна & Буянаа: Анх бичлэг хийхдээ муудалцаж, тусдаа унтаж байсан

“Онна & Буянаа” фэйсбүүк хуудсын цаана гэгээлэг, үлгэр дуурайл нэгэн залуу хос бий. Тэднийг Д.Буянтогтох, Г.Отгончимэг гэнэ. Танилцаад хэдхэн сарын дотор дотносчихсон тэд “Зөв хүнээ л олсон бол бүх зүйл хурдан болоод өнгөрдөг юм билээ” хэмээнэ.
Цахим орчинд хөгжилтэй, эерэг бичлэг хийн түгээдэг энэ залуустай цахимаар уулзаж, товчхон ярилцлаа. Тэд хамтдаа БНСУ-д хоёр жил ажиллаж, амьдраад саяхан Монголдоо иржээ. Г.Отгончимэг Өмнөговийнх. Одоо тэд үртэйгээ Өмнөговьд хэсэг амьдарч байна.
Хүмүүс хараад Г.Отгончимэгийг таньж, “Онна мөн үү, Онна мөн үү” гэцгээж буй гэнэ. “Би Өмнөговийнх шүү. Битгий гайхаарай” хэмээгээд тэр инээнэ.
Харин нөхөр Д.Буянтогтох нь Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, ашиглалтын инженер мэргэжилтэй. БНСУ руу явж, ажиллах огцом шийдвэрийг анх тэр гаргасан байна.

БНСУ-Д: ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ Д.БУЯНТОГТОХЫН ГЭНЭТИЙН ШИЙДВЭР
Г.Отгончимэг их сургуулиа төгсөх болж, давхар хүүхдээ ч төрүүлжээ. Үүний дээр олгойн хагалгаанд орж, гэр бүлийн хувьд мөнгөн зарлага ихээр нэмэгдэв. Олон ачаалал зэрэг нэмэгдсэн энэ үед Д.Буянтогтох ерөөс БНСУ явж ажиллая гэж шийджээ. Шийдсэнээ эхнэртээ гэнэтхэн л хэлсэн байна.
“Нэг мэдсэн чинь л виз гарчихсан, Солонгос явлаа гэж байсан. Ёстой гэнэтийн мэдээ болсон” гээд Г.Отгончимэг дурсана. Д.Буянтогтохын энэ шийдвэрийг ажиллаж байсан компанийнх нь захирал ч гайхан хүлээж авчээ. Тогтсон өндөр цалинтай, мэргэжилдээ эзэн болж байсан залуу ийн гэр бүлийнхээ төлөө, өрхийн орлогоо нэмэгдүүлж, зээлээ хаахын тулд БНСУ-ыг 2019 оны гуравдугаар сард зорьжээ.
Ингээд Г.Отгончимэг сургуулиа төгсчихөөд, наймдугаар сард нь нөхрийнхөө араас явсан байна. Хамтдаа тэд БНСУ-д төрөл бүрийн ажил хийж, өдөр шөнөгүй л хөдөлмөрлөжээ. Үүний дүнд тэд зээлээ хааж, давхар багагүй мөнгө хуримтлуулж аваад эх орондоо ирсэн байна.

ЗАЛУУСЫН ҮЗЭЛ БОДОЛ: ЗӨВХӨН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ
Д.Буянтогтох “Бид хоёр олон ажил хийсэн. Тэр дундаас нүүлгэлтийн ажил хамгийн цэвэрхэн, тохиромжтой нь гэж санагдсан. Чөлөөт цаг их гарахаас гадна газар орон ч үзэх боломжтой. Үнэлгээ өндөр” гэнэ. Харин Г.Отгончимэг “Очоод л шууд мөнгийг цүнх, цүнхээр нь олно гэсэн гэнэн бодолтой байсан маань орвонгоороо өөрчлөгдсөн. Маш их хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Одоо пэйж рүү маань олон хүн бичиж асуудаг, “Солонгос явбал гурван сарын дотор байрны мөнгө хийчих үү?” энэ тэр гээд. Ёстой тийм зүйл байхгүй шүү” гээд инээлээ.
Тэдний хэн хэн нь БНСУ-д гурван жилээс хэтрэхгүй гэж бодож байсан нь яг таарчээ. “Би ер нь хүний нутагт удаан амьдрахыг дэмждэггүй. Таван жилээс хэтрэхгүй байвал зүгээр гэж боддог. Тэгэхгүй бол нэг л эмоцгүй, урсгалаараа, зөвхөн мөнгөний төлөө амьдраад сурчихдаг юм шиг санагддаг” гэж Д.Буянтогтох ярьж байна.
“Очоод жил болоод ирэхэд л “Хурд”-ын дуунууд гоё сонсогдож эхэлнэ дээ. Шууд зүрхэнд орно” гээд инээлдэх тэд эх орондоо ирсэндээ ихэд баяртай байна. Одоо өөрсдийнхөө карьер, боловсрол, сонирхолдоо цаг зарцуулж, илүү бүтээлч, гол нь нэгдсэн зорилготой амьдарна хэмээж байлаа.

АНХНЫ БИЧЛЭГ: МУУДАЛЦААД, ШӨНӨ ТУСДАА УНТАЖ БАЙСАН
Фэйсбүүк хуудас нээж, бичлэг байршуулах санааг анх Г.Отгончимэг гаргажээ. “Ганцхан бичлэг хийгээд үзье гэж би уйлж, уурлаж, бүх аргаа хэрэглэж үзсэн” гээд тэр инээнэ.
Нөхөр нь сошиалд тийм ч идэвхтэй нэгэн биш. Фэйсбүүкийнхээ нүүр зургийг дөрвөн жил солиогүй байгаагаа тэр хөгжилдөн сонирхуулж байна. “Би яах аргагүй сошиалд идэвх муутай. Гэвч дэргэдэх хүн минь дуртай, сонирхолтой байхад би урмыг нь бодоод дэмжсэн, хамт хийдэг болсон” хэмээн Д.Буянтогтох дурсана.
Тэд хамгийн анх мандарин ам руугаа хийгээд “Бондгор туулай” гэж хэлдэг бичлэгийг хийжээ. Ингэхдээ муудалцаж, хоорондоо үг дуугарахаа больж, нэлээд юм болсон гэнэ. Гэвч сүүлдээ дадлага суужээ.
Г.Отгончимэг “Анх бичлэг хийхдээ 10 гаруй удаа муудалцдаг байсан. Одоо харин бүр туршлагажиж дээ. Одоо ингэ, одоо тэг гээд л болчихдог” гэнэ.

-Фэйсбүүк хуудсынх нь дагагчид улам л нэмэгдэж байна. Анх ийм хэмжээнд олны танил болно гэж бодож байсан уу?
Г.О: Ийм хэмжээнд хүрнэ ч гэж бодож байгаагүй ээ. Ерөнхийдөө фэйсбүүк хуудсаа хаая гэж бодож байсан. Гэтэл хандалт сайн аваад эхлэхээр нь л үргэлжлүүлсэн.
Д.Б: Бас нэг давуу тал нь, бид хоёр яг байгаагаараа л байсан юм билээ. Сошиал дүр үүсгэж, жүжээд байхаар тэр нь бодит байдалтайгаа нийцдэггүй. Харин бид хоёр эхнээсээ, яг байгаа байдлаа үзүүлж танигдсан нь зөв болсон байсан. Гадуур явж байгаад хүмүүстэй таарахад ч тэр.
Г.О: Мөн хүүхдүүд, өсвөр үеийнхэн их үздэг юм билээ. Өмнөговьд ирсний дараа хүүхдүүд таниад л, “Зургаа авхуулъя” гээд байгаа. Тэгэхэд нь их сандарсан /инээв, Сурв/.
-Анх яаж танилцсанаа дурсаач. Нэг нэгийнхээ юунд нь татагдсан бэ?
Д.Б: Бид хоёр анх фэйсбүүкээр танилцсан. Их хөөрхөн охин байсан л даа. Тэгээд би нэг ажлаар Өмнөговьд ирж таараад, уулзъя гэтэл зөвшөөрөөгүй. Нэлээн ятгаж байгаад уулзсан. Уулзаж, жаахан ярилцаад л. Өмнөговьтой танилцаад гадуур явж байтал гэнэт салют буудаад л, их романтик. Бараг зохион байгуулчихсан юм шиг орой болсон.
Г.О: Миний юунд татагдсаныг асууж байна шүү дээ?
Д.Б: Мэдээж хөөрхөн охин байсан. Дараа нь нэг удаа утсаар ярьж байтал “Үхэр усалж байна” гэдэг юм даа. “Юу хийж байна?” гээд л асуутал “Үхэр усалж байна” гэж хариулсан, үнэхээр цочирдуулсан. “Ийм хөөрхөн охин үхэр услаад явж байдаг юм байх даа” гээд. Тэр үг нь маш их сэтгэлд үлдсэн. Яг байгаагаараа байсан нь. Надад ажил хийдэггүй, хийрхүү охид таалагддаггүй. Тэр мөчөөс эхлээд л шийдсэн, “Амьдралын төлөө надтай цуг хөдөлмөрлөж чадах юм байна” гэж бодсон.
Г.О: Манай хүн жаахан царай муутай л даа. Удмаа жаахан өндөр болгочихдог юм бил үү гээд л тэр. Өөр надад шалтгаан байхгүй ээ /инээв, Сурв/.

-Та хоёр залуу хосуудын хувьд үл ойлголцож, муудалцах үедээ яаж даван туулдаг вэ?
Г.О: Би бол хэзээ ч уучлалт гуйдаггүй /инээв, Сурв/.
Д.Б: Эхлээд туршлагагүйтдэг байсан юм аа. Яг уурлаж байхад нь аргадах гээд, улам уурыг нь хүргэдэг байсан. Одоо бол уурлахаар нь тайвшраг гээд тодорхой хугацаанд орхино. Түүнийх нь дараа аргадахаар арай үр дүнтэй. Бас бие биеийнхээ сэтгэлд ч юм хийхгүй.
Г.О: Харин тийм. Тэнд байхдаа бид хоёр их муудалцдаг байсан. Нэгэндээ муухай үг хэлнэ.
Д.Б: Хүний нутагт хоёулахнаа хөдөлмөрлөхөөр улам л дотно болдог юм билээ. Баргийн зүйлд ач холбогдол өгөхөө больдог. Гол нь зорилгоо хамтдаа тодорхойлж, бие биеэ хүндлэх хэрэгтэй.
Г.О: Одоо маш хүлээцтэй болсон, нэг нэгнээ хүндэлдэг.
-БНСУ-д амьдарч байсан үеийг нь сонсоод “Эх орон гэж юу вэ?” гэж асуумаар санагдлаа?
Д.Б: Эх орон гэдэг миний хувьд наад захын соёл л юм болов уу. Олон нийтийн газар хувь хүн, бие хүн гэдэг ялгаагаа л сайн ойлгох хэрэгтэй шиг. Тухайн хүнд дургүй байлаа ч тэр эмоцоо олон нийтийн газар гаргахгүй байх жишээтэй. Гаргавал соёлгүй хэрэг болно. Солонгосчуудаас үүнийг их ойлгосон. Ямар их стресстэй, ажил ихтэй хүмүүс билээ. Гэвч түүнийгээ олон нийтийн газар ер гаргадаггүй. Ядаж л “CU”-гийн соёлоос суралцмаар. “Сайн байна уу” гээд л инээмсэглээд угтахад хүний сөрөг мэдрэмжүүд үгүй болчихдог.
-Тэгвэл хайр гэж юу вэ, та хоёрын бодлоор?
Г.О: Нэгнийгээ хүндэлчихэд л болох зүйл юм шиг санагддаг. Уурласан ч хүндлэх, хайрласан ч хүндлэх. Тэгээд л болоо, тийм ч хэцүү зүйл биш байх аа.
Д.Б: Тийм, нэг нэгэнтэйгээ анхнаас нь яг байгаагаараа л байх хэрэгтэй. Хамт цаг хугацааг өнгөрүүлэхэд олон л зүйл тохиолдоно. Үнэнийг хэлэхэд анх уулзахад шохоорхол төдий л байгаа. Харин хайрыг хамтдаа бүтээдэг гэж боддог. Нэг нэгнийхээ сайн, муу талыг илүү их мэддэг болж, түүнд нь бүр татагдаад л. Шууд анхнаасаа хайртай болно гэдэгт итгэдэггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаөөрхөн 2 юмаа
Tegen tegen bichleg hiih hereg bdiimu attention seeking bitcheessss dan hytad tik tok deerh bichlegiig l huulchihsan bhin bnleshd s#a
Тэгэн тэгэн бичлэг хийх хэрэг бдимуу attention seeking bitcheez дан хятад тикток хуулбарууд
Эмэгтэй нь "Би бол хэзээ ч уучл�##�т гуйдаггүй" гэнэ ээ. Бүдүүлэг юм аа.
naashaa tsaashaa hoyor[[g duuraih geed yadchihsan hoyor baina doo