“Туулын урсгал шөнөдөө сайхан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
Холын анир авангаа л дугардагсан...” хэмээн нэгэн цагт бахдан дуулалддаг байв. Гэтэл “Хатан туул” бидний буруутай үйлдлээс болж ширгэх цаг нь хаяанд иржээ. Ширгэх гэж байгааг нь иргэд, ААН, төр баригчид мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ ямар ч дорвитой ажил хийхгүй, ухамсарлахгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Хэрвээ энэ чигээрээ явбал нэгэн жарны дараа хоёр ангир хөвөх нь битгий хэл “туул” гэдэг гол байхгүй “зэвхий даасан сайр” л үлдэнэ гэдгийг судлаачид хэлж байна.
Монгол Улсын төв, хойд хэсгээр 704 км урт зам туулан урсаж, нийслэлийн сая гаруй иргэнийг ундны усаар хангадаг Туул голын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэдгийг холбогдох байгууллагууд ч нуухаа больсон.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТУУЛ ГОЛЫН БОХИРДЛЫН ХЭМЖЭЭ ЯМАР БАЙНА ВЭ
Туул голын усны бохирдлын талаар МХЕГ-ын мэргэжилтэн Б.Баясгалангаас тодрууллаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээний үр дүнгээр туул голын бохирдол хэрхэн гарсан бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр Туул голын уснаас 5,7,9 дүгээр сард шинжилгээ авдаг. Тогтоосон 9 цэг байдаг. НЭМҮТ-тэй хамтран вирусийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хувьд туул голын дээд хэсгээр гадаргын ус цэвэр буюу бага зэргийн бохирдолтой гэсэн ангилалд орж байна.
Гэтэл Сонгины гүүрнээс доош төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир усыг нийлүүлдэг цэгээс доош туул голын ус эрс бохирдолтой болдог. Био химийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, жигнэгдэгч бодис болох нитрат, нитрит гэх мэт бохирдол илэрснээрээ маш их бохирдолтой гэсэн ангилалд орж байна. Мөн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдлоор их бохирдолтой гэсэн ангилалд орж байна. Дээрээс нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.
-Сүүлийн жилүүдийн хяналт шинжилгээнээс харахад туул голын бохирдлын хэмжээ ямар түвшинд байна вэ?
-1990-2000 он хүртэл Туул голын бохирдлын хэмжээ дунд зэргийн бохирдолтой гэдэг ангилалд ордог байсан бол одоо маш их бохирдолтой гэдэг ангилалд орсон. Бохирдлын түвшин нэмэгдсээр л байна.
-Бохирдлын шалтгаан нь юу юм бэ?
-Ердөөсөө бохирдлын гол шалтгаан нь төв цэвэрлэх байгууламж. Тиймээс цэвэрлэх байгууламжийнхаа чанар стандартад анхаарах шаардлагатай байна. Энэ их ноцтой асуудал шүү. Манайх холбогдох байгууллагуудад шинжилгээ мэдээллээ хүргээд явж байгаа гэв.
ИНФОГРАФИК: ТУУЛ ГОЛЫН УСНЫ ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ҮНЭЛГЭЭ 2021 ОНЫ БАЙДЛААР
Дээрх эх сурвалжийн өгсөн мэдээлэл болон хүснэгтээс харахад Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир ус Туул голд нийлсний дараа Доод Сонгиноос Алтан булаг хүртэл усны чанарын индекс 8-45 хооронд хэлбэлзэн “Маш бохирдолтой” гэсэн ангилалд орж, усан орчны экологи байнгын доройтолд орж байгааг харж болно.
МАНАЙ СУРВАЛЖЛАХ БАГ “МАШ БОХИРДОЛТОЙ” ГЭХ ГАЗАРТ ОЧИЖ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ
Төв цэвэрлэх байгууламжийг засаж сайжруулах асуудал аль 2019 онд л яригдаж байв. Гэтэл өнөөдөр байдал хэвээрээ л байна. Нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохирын усыг 23,07 хувь цэвэршүүлэн туул голд цутгадаг гэх нь бий. Хачир дээрээ төв цэвэрлэх байгууламжийн Туул голд нийлүүлж байгаа ус нь стандарт шаардлага хангаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. 23,07 хувь л цэвэршүүлж байна гэдэг нь бараг л бохир чигээрээ туул голд цутгагдаж байна гэж хэлж болно.
Биднийг яг нийлүүлдэг хоолой дээр нь очиход маш өмхий үнэртэй, өтгөрсөн ногоон ус цутгагдаж байв. Энэ ус цутгагдсан хэсгээс доош Төв аймгийн Алтанбулаг хүртэл маш бохирдолтой гэсэн ангилалд багтаж байгаа юм. Яг энэ хэсгийн эрэг дагуу хэчнээн өрх амьдарч байгаа нь тодорхой биш. Тэр айл өрхүүдийн мал ундаалах, тэр ч бүү хэл ундны усандаа ашиглаж байгаа нь ч бий. Тус хэсгийн эрэг дагуу нутагладаг нэгэн малчин иргэний өгсөн мэдээллээр “Туул голын ус өвөлдөө хөлдөхөө байсан. Нөгөө бохирдлоос л шалтгаалдаг байх. Хими, биологийн маш хүчтэй элементүүд хөлдөхгүй байх нь аргагүй шүү дээ. Дээр үед загаснууд нь үхээд эргийнхээ хажуу руу урсан гарч ирдэг байсан бол одоо үхэх ч загас байхгүй болсон байх” гэлээ.
-П.ЭНХБАЯР: ГОЛ БОХИРДУУЛДАГ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХУВЬ ХҮНИЙ НУУЦТАЙ ХОЛБООТОЙ ГЭЭД ӨГДӨГГҮЙ -
Яг одоогоор улирлын чанартай аялал жуулчлал, уул уурхай барилга зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ид идэвхжиж байна. Тэгвэл Туул голын бүс нутагтай холбоотой дүрэм журмууд зөрчигдөх асуудал тулгардаг.
Жишээлбэл туул голын сав газрын онцгой болон энгийн хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хэдий ч хууль дүрмээ мөрддөггүй, 50 метр дотор орж үйл ажиллагаа явуулдаг, барилгын суурийн бохир усаа цутгадаг гэх мэт олон олон асуудлууд урган гарч ирдэг. Тиймээс голын орчны бохирдол, тусгай зөвшөөрлийн асуудлаар Туул голын сав газрын захиргааны уул уурхай эрчим хүчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Энхбаяраас зарим зүйлийн талаар асууж тодрууллаа.

-Туул голын урсац саарах, бохирдолд нөлөөлдөг олон шалтгааны нэг нь эргийн дагуух газар өмчлөл, барилга байгууламж байдаг. Танай захиргаанаас ямар шаардлага тавьж ажилладаг вэ?
-Манай туул голын сав газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүсэд давхцалтай 2410, онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай 2405, энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай 9918, нийт 15133 нэгж талбарыг дүүргээс олгосон байдаг. Мөн НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд 811, онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд 1061, энгийн хамгаалалтын бүсэд 425 нийт 2297 нэгж талбар олгосон. Улаанбаатар хотод байгаа Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүс гэж байдаг. Тэдгээр бүсэд хамгаалалтын бүсийг зөрчөөд суурьшил үүссэн, зөвшөөрөл олгосон асуудал их бий. Зориулалтын дагуу газраа ашигладаггүй ААН-үүдийн асуудлыг болиулах саналыг дүүргүүдэд хүргүүлдэг боловч бидэнд тус ААН-ын эрхийг цуцалсан, ямар арга хэмжээ авснаа мэдэгддэггүй.
ИНФОГРАФИК: УСАН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСТЭЙ ДАВХЦАЛТАЙ НЭГЖ ТАЛБАРЫН ТОО
- Туул голын эрэг дагуу 50 метр дотроо газар олгодог, энэ нь буцаад голын усны бохирдол бий болгодог асуудал байна гэж ойлгож болох уу?
- Тэгж ойлгож болно.
-Үнэндээ тусгай зөвшөөрөл нь цуцлагдлаа гэдэг ч, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдол байдаг юм уу?
-2017 онд л гэхэд уул уурхайн түгээмэл тархацтай холбоотой 96 газрын эрхийг цуцалсан байдаг. 2019 онд 10 ААН нэгж нь шүүхээр явсаар байгаад зөвшөөрлөө буцаагаад сэргээсэн. Ингэхээр бид саналаа хүргүүлээд ажлаа хийгээд байгаа хэрнээ эрх нь сэргэдэг асуудал мэр сэр байна.
-Тусгай зөвшөөрлөө зориулалтын бусаар ашигладаг тохиолдол гардаг шүү дээ?
-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна хэмээгээд барилга бариад явж байгаа асуудал байна. БОАЖЯ-аас ийм байгууллагуудыг цуцлаад явж байгаа. Туул голын урд хэсэгт Богд уулын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд ордог учир БОАЖЯ газар олгодог.
Харин хойд тал нь нийслэлээс газар олгодог. Урд талын хэсгийг иргэд, аж ахуй нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр газрын зөвшөөрлөө авдаг ч, зориулалтын бусаар хаус, орон сууц, том хэмжээний барилга байгууламж барьчихдаг. Тэндээ зөвхөн зундаа арай хөнгөн чанарын буюу гэр барих, иргэдийг амраах чиглэлээр аялал жуулчлалын бааз байгуулах үндсэн зориулалттай олгодог. Гэтэл иргэд суурьшлын бүс болгочихоод, том зөрчил үүсгээд байгааг анхаарах хэрэгтэй.
-Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа, голын усанд ямар нэг байдлаар бохирдол учруулж байгаа ААН-үүдэд танайхаас хариуцлага тооцох эрхтэй байдаг уу?
-Эрхтэй. Дүүргийн засаг дарга нарт жил бүр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Яг ингээд хууль зөрчөөд газар олгочихсон байна гэхээр хариуцаад ажиллаж байсан даамал нь байхгүй болчихсон гэх мэт асуудлууд тулгарна.

-Ямар дүүргүүд их газар олгож байна?
-Хамгийн их газар олголттой дүүрэг нь Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд байна. Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр гэхэд л олон газар олгочихсон, тухайн газраа ААН-үүд нь хог асгачихдаг, ус бохирдуулдаг асуудал үүсдэг. Хог, бохирдлыг нь иргэн ААН-ийг нь олоод цэвэрлэгээг нь хийлгэх, хариуцлага тооцох гэхээр хувь хүний нууцтай холбоотой гээд ямар иргэнд газар олгосон мэдээллээ өгдөггүй нь бохирдол үүсэхэд нөлөөлж байна.
Газрын албанд нь удаа дараа бичиг явуулсан ч тоодоггүй асуудал гарна. Харин ААН-ийг нь олоод хариуцлага ярихаар үүнийгээ мэдэж байсан юм бол газар өгөхгүй байх нь яасан юм гэдэг хариулт өгдөг. Тиймээс Туул гол дагуу газар олголтын асуудал бол дүүргээс шууд хамаарч байна. Одоогийн байдлаар л гэхэд Туул гол дагуу зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй ААН байна. Мөн цутгал голуудын эхэнд тэр чигт нь ус дамнуулаад газар олгосон асуудал ч байгаа.
-Туул голд бохир цутгадаг асуудал байдаг?
-Ихэнх нь барилгын ухалгаас шавхан зайлуулж байгаа усаа цутгадаг. Зарим нь хууль дүрмээ мэдэхгүйгээс болж алдаа гаргадаг. Мөн төсөв мөнгөө төвлөрүүлээд шаардлагаа хангаад зайлуулдаг ААН-үүд ч байгаа.
ТУУЛ ГОЛД БОХИР УС НИЙЛҮҮЛЖ БАЙСАН ЖИШЭЭ: Дулааны гуравдугаар ЦС 2021 оны 12 сард туул голд үнстэй усаа шавхаж байсан тохиолдол гарч 75 сая төгрөгөөр торгуулж байв. Одоо ч ил далд бохир усаа цутгаж байхыг үгүйсгэхгүй. Мөн арьс ширний үйлдвэрийн асуудал энэ хэсэгт хөндөгддөг хэдий ч энэ удаагийн агуулгад багтаалгүй түр үлдээлээ.
ТУУЛ ГОЛЫН БОХИРДОЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС
Яг одоо та бүхэн дээрх зургаас голын уснаас бохир саваар ус хутган авч мөн алчуураа угааж байгаа хоёр иргэний зургийг харж байна. Тэр ч бүү хэл машинаа нууцаар угааж байсан иргэн биднийг хараад зугтсан юм. Энэ мэтчилэн том ААН, Төв цэвэрлэх байгууламжаас гадна хувь иргэний ухамсрын асуудал хөндөгдөж байна.
ТЭГВЭЛ УРСГАЛ НЬ ТАТАРЧ, БОХИРДЛЫН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭЭД БУЙ ТУУЛ ГОЛОО ХЭРХЭН АВАРЧ ҮЛДЭХ ВЭ
Яг энэ сэдвийн хүрээнд "Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ыг үүсгэн байгуулагч З.Батбаяртай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд туул голын урсац багасаж, бохирдлын хэмжээ нэмэгдсээр байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
- Яг өнөөдөр чи бид хоёрын зогсож байгаа хэсэг хэдхэн жилийн өмнө усан дунд байлаа. Зайсангийн гүүрний энэ харагдаж байгаа гурван баганын цайсан хэсэг бол усны түвшин өндөр байсан гэдэг утга санааг харуулж байгаа юм. Гэтэл өнөөдөр усны түвшин хэрхэн буурсныг нүдээрээ харж болохоор байгаа биз.
Нэгэн тоо баримт дурдахад Улаанбаатарт ашиглаж болох усны тоо хэмжээ 22 куб метр байдаг. Харин өнөөдрийн нөхцөлд 300 куб ус ашиглаж байна гээд л бод. Зах замбараагүй газар олголт, усны бохирдолдоо анхаарахгүй байсаар туул гол ширгэж хатах нөхцөл байдал үүсээд байна. Туулын ус дуусахгүй, голын ус багасахгүй гэж ярьдаг хүмүүсийг би гайхдаг. Би 30,40 жилийн өмнө яг энэ зогсож байгаа хэсэгтээ хөл алдаж живж байсан түүхтэй. Ямар нэг арга хэмжээ авахгүй л бол гуч дөчхөн жилийн дотор ингэж багассан гол маань юм хийхгүй, анхаарлаа хандуулахгүй бол эмгэнэлтэй л хувь тавилан хүлээж байгаа. Туул голыг одоо бараг шорттой туулж болохоор болсон. Тийм учраас бохирдлыг багасгах усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай.
-Арга хэмжээ авах ёстой гэхээр яг ямар зүйл хийж байж бид Туул голоо тасарч ширгэхээс аварч сэргийлэх юм бэ?
- Туул гол олон жилийн дунджаар нэг секундэд 26 куб ус урсдаг. Эн нь нэг секундэд таван ширхэг усны машинд хийсэн юм шиг ус урсан өнгөрдөг гэсэн үг. Миний нүдэн багцаагаар хамаагүй бага ус урсаж байна. Гэхдээ хур бороо их орсон үед арай өөр. Харин хур бороо их орсон, голын урсац нэмэгдсэн үед усаа хуримтлуулж авах хэрэгтэй. Хэн нэгэн ухаантай хүн одоо яриад байгаа юм биш.
Дэлхийн бүх улсууд хийгээд хэрэгжүүлсэн байгаа. 1985 оны үед Унгар, Монголын эрдэмтэд Туул голын Гачууртын Хар усан тохой дээр усны нөөцийн далан байгуулъя гэж ярьж байсан. Харамсалтай нь энэ зүйл мартагдсан. Гэтэл тэр хооронд гол нь ийм бага болсон. Хэлэх гээд байгаа санаа нь голдоо хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ нь боломжит бүх газрууд дээр усны нөөцийн хуримтлал бий болгох хэрэгтэй гэсэн үг. Усныхаа түвшинг нэмэгдүүлж урсцаа сайжруулбал бохирдлыг бууруулах арга хэмжээ авч болно.

Хоёрдугаарт, бидний 10 гаруй жилийн өмнө хийх гэж оролдсон нэг зүйл нь усны үнийн систем. Ус бохирдуулсны төлбөр төлдөг болъё гэх мэт олон асуудлыг ярьсан. Одоо ус хомстуулсны төлбөрийг ярихгүй байна. Яг одоо байгаа газраа худалдаж аваад цементлэе гэж бодъё. Цементлэх нь усны дээшээ доошоо болдог хөдөлгөөнийг хаадаг учраас төлбөр төлөх ёстой.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод амьдарч байгаа байшин хашаа, зогсоолтой хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлөх хэрэгтэй. Мөн гэр хороололд амьдарч байгаа хүмүүс хэрвээ хашаандаа нэг мод тарих юм бол ус хомстуулсан төлбөрөөс нь хөнгөлөөд явах хэрэгтэй. Ус бохирдуулсны төлбөр өндөр байх ёстой байтал одоо бэлэг тэмдэг төдий л байна. Хэрвээ нэг ААН ус бохирдуулсан бол тухайн компани дампуурах хэмжээний л төлбөр төлөх ёстой.
Гуравдугаарт, Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Иргэн бүр хэмнэлт хийхгүй бол аюул нүүрлэх нь.
-Та усны нөөц бүрдүүлэх талаар ярилаа. Тэгвэл Монгол Улсын ямар, ямар гол мөрөнд усан боомт барих боломжтой юм бэ?
-Усны нөөцийн хуримтлалыг бий болгохгүй бол ямар ч том төслүүд хэрэгжихгүй. Усыг ашиглагч л хамгаалж чадна. Би энэ салбарт арваад жил ажиллалаа. Усны салбарын эрдэмтэн, судлаач нарын тогтоосноор Монгол Улсын 30 гаруй гол мөрөн дээр усны нөөцийн хуримтлал үүсгэх буюу далан боомт барих боломжтой. Гэгээн нуур Улаан боомын хавцалд 2008 онд усны нөөцийг бий болгосон. Ингээд Алтай хот хамгийн цэнгэг ус буюу гадаргын ус хэрэглэж байна. Яг ийм шийдлийг гаргаж чадвал тэрбум модоо услах, говь руу татах асуудал хүндрэлгүй шийдэгдэнэ.
Ирээдүй хойчдоо ус үлдээе гэвэл гол мөрний усыг нөөцөлж, ашиглах хэрэгтэй. Тодруулбал, Орхон голд гурав, Эгийн гол хоёр, Сэлэнгэ мөрөнд дөрөв, Туул голд том жижиг нь хамаагүй тав, Хэрлэн мөрөнд нэг, Ховд голд зургаа гэх мэт газруудад усны хуримтлал үүсгэх болно. Дэлхийд 30-аад улс усны хомстолд орсны 21 нь маш ноцтой байдалд байна гэдэг. Монгол Улс усны нөөцөөр дутагдаагүй мэт боловч усны нөөцийн дийлэнхийг нь Хөвсгөлөөс эхлээд томоохон нуур нь эзэлдэг. Зөвхөн газар доорх усыг аваад үзвэл бид хомстолд орж болзошгүй байна
Харин Улаанбаатар хотын 1.4 сая иргэнд хотын газар доорх усаа хувиарлаад үзвэл биднийг усны нөөцийн хомстолд орсон гэнэ. Бид газар доорх усны нөөцөөс шууд хамааралтай учир усыг хамгийн сайн хэмнэх шийдэл нь гол болгон дээр усны нөөцийн сан байгуулах юм.
-Ундны усны үнийг нэмэх нь илүү ус ашиглахыг багасгах арга байж болох уу?
-Хэн хамгийн их ус ашиглаж байна, тэд илүү өндөр үнэ төлөх ёстой. Монгол Улсад ахуйн болон ундны ус үнэгүй байдаг. Усны үнэ нэмэгдсэн гэж ярих нь усны үйлчилгээний төлбөр нэмэгдсэнийг хэлж буй. Энэ нь тухайн орон нутаг буюу Улаанбаатарын ус сувгийн тогтоодог үнэ. Усыг крантаас гаргаж, халуун хүйтнээр иргэдэд хүргэх гэж, мөн бохирын усыг зайлуулахын тулд гарсан зардлыг үйлчилгээний төлбөр гэнэ. Би энэ асуудалд хоёр тайлбар хэлмээр байна.
Нэгдүгээрт, орон сууцны үйлчилгээний төлбөрийг нэмэхэд гэмгүй юм. Яагаад гэвэл орон сууцанд амьдарч буй иргэд хоногт 280 литр орчим усыг хэрэглэдэг. Харин хоногт 20-иод литр ус ашигладаг, гэр хорооллын усны үнийг хоёр төгрөг болгох нь буруу. Мөн ус ашигласны төлбөр төлдөг уул уурхайн компаниудын хувьд усны үнийг нь нэмэх учиртай.
Хоёрдугаарт, ус сувгийн удирдах газар ус ашигласан төлбөрийг төсөвт төлөх ёстой юу гэдгийг ч ярих ёстой. Цаашлаад 2012 оноос хэрэгжиж буй ус бохирдуулсны төлбөрийг төлөх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Аливаа байгууллагын ашигласан усны шинж чанар нь өөрчлөгдөнө, түүнийг эргүүлж байгальд нийлүүлэх нь усыг бохирдуулсан хэрэг. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг ч хамгийн өндөр хэмжээнд тогтоох юм.

-Тэгвэл одоо бохирдсон байгаа бохирдлоосоо хэрхэн салах вэ?
-Одоо яг энэ бохирдолтой үед олон жилийн хагшаас гэдэг зүйл голын сайр хэсэгт тогтсон байгаа. Маш их бодис доошоо тунаж хэдэн ч метрийн хагшаас үүссэн байж болзошгүй. Тиймээс туул голын хагшаасыг нь цэвэрлэх шаардлагатай.
СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Улаанбаатар ч гучаад жилийн өмнө Сэлбэ, Дунд, Улиастай болон Туулын гэх мэт гурав, дөрвөн голтой байсан. Тэд ээлжлэн “АМЬ ТАВЬСААР” Туул гол л тунаж үлджээ. Үлдсэн ч гэж дээ, удалгүй бас л алга болох гэж байна. Хэд хэдэн газраа тасарч, загас жараахай нь хатаж үхдэг болсоор хориод жил боллоо. Улаанбаатарын иргэд бид ч тэдний араас л явж байна. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд ярьж хэлэлцэхгүй бол Туул гол минь туйлдаж гүйцлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД
БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
"Eguur.mn" тавдугаар сард байгаль орчны асуудлыг хөндөж байгаа билээ.
Хустайн нуруунаас бэлтгэсэн "Тахийн унага хөндий дүүрэн янцгааж, борхи нарлан, согоо янзагалах цагаа хүлээсэн Хустайн нуруу" сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene bgaa gants goloo hotiinhon hairlaj chadahgui l baina daa
Mongolchuud hezee neg baigali orchnoo geh yum boloo
Unheer uruvdultei humuus shuu neeree
Ene setguulchiin hiisen ajil shig setgel ter baigal hamgaalah yostoi humuus setgel gargadag bol tuul maani avragdlaa
Монголчууд �##�ь с�##�барт засгийн ажлыг хийх гэж ёстой гурилдаж байна дөө Болж бүтэж байгаа юм ховор дуулдана
Дунд голоор ийм сурв�##�жлага хийгээч Голын эргээр орон сууц барилга барихад ямар нэмэлт шаардлага байда юм бэ? Эргээр нь байр барьж зарсан компани, оршин суугчид гол дагуу ААНүүд хариуцлага хүлээх л ёстой. Таны Энэ ажил зөв шүү
archaagui p###a turtei baisnaas l ene shude p###a gel heleh ch bagadana
Нөгөө том2 юм яарьдаг ёөк ясан бэ . Нөгөө эх орон ард түмнээ гэдэг оюунэрдэнэ ясан бэ голгүй болох гэж бна энэ их химийн хортой ус дутуу цэвэрлэсэн бохирын ус энэ тэрийг голд урсгаж бгаа хувь хүн компанийг оцойтол нь торгуул тавих хэрэгтэй энэ бохир уснаас ургам�##� газар тари�##�ан м�##�ын мах сүү бохирдох ард иргэд хордож хавдар энэ тэрийг эсгэж бгааг ойлгдог болов уу тэр Байг�##� орчинд зөвлөхүүд юу хдэг бна бас нэг гаднынхны тавиул улсууд бдаг уу хун ард м�##� ургам�##� хордож бхад таг дуугүй бэа гэдэг монгол улсын эсрэг л ажилаж бгаа улсууд болж таарлаа
Д�##�д муухай шун�##�тай улсууд бна магдагуй монголчуудыг аймглан устгах гадна дотнын улсууд бна энэ цэвэрлэж бно ш дээ төсөв мөнгө гэхээр хэрэлдээд ажил явуулдагуй улсууд бна . Эсвэл дух цэцэрлэгээс эхлээд мөнгө олж бв�##� бүгдыг чаддаг болж гүйгээд энд тэнд мөнгө амлаад гадна протоны луйварчдаас нийлээд би бид чадна гээд их хэцуу улсууд бна аа