Ч.Шархүүхэн: Эмэгтэй дуучдаас анх “Эртний сайхан”-г төрийн хүндэтгэлийн тоглолт дээр дуулж байлаа

Өнгөрсөн зууны 60, 70, 80-аад онд уртын дуу гэхээр л Шархүүхэн, Норовбанзад гэх хоёр нэр ихэр юм шиг хэрэглэгддэг байсан гэдэг. Аль аль нь дэлхийн залуучууд оюутны болон ардын урлагийн их наадмаас уртын дууны гайхамшгаараа алтан медаль хүртэн дэлхийн сонорт эх орныхоо нэрийг дуурьсгаж явсан дуучид.
Өдгөө цагийн амьд түүх, уртын дуундаа домог болон үлдэж буй Шархүүхэн гуайтай учран золгож, үгийг нь сонсох завшаан тохиолдсоных та бүхэндээ энэхүү бичил ярилцлагыг хүргэж байна.
Тэрээр “Хэнтийн” хэмээн овоглогдож, насаараа хөдөө орон нутагт ажиллаж амьдарсан ч дэлхийд дуулж, төрийн хүндэтгэлийн тоглолтонд уригдаж, өөртөө тодорхойлолт бичээд шагнал авдаг энэ цагт биш ёс ёмбогор, төр төмбөгөр тэр цагт 38-хан насандаа Ардын Жүжигчин цол хүртэж байсан гэхээр ямаршүү чансаатай дуучин байсныг нь илтгэнэ. Тэрээр Сүхбаатар аймгийн Дарьганга нутгийн уугуул боловч хадмын нутагт суурьшин, Хэнтийн гэгдэх болжээ. Шархүүхэн гуай энэ цаг дор амьд сэрүүн буй өнөө Монгол тулгатны 100 эрхэмийн нэг мөнөөсөө мөн билээ. (Дашрамд тулгатан биш туургатан л гэж ярьдаг шиг санах юм. Туургатан гэдэг нь нэг ай савд багтаж байгаа гэсэн утгыг агуулдаг. Тулгыг бол харин хээр ч тулж болно. Явуулын хэн ч ирж илчинд нь дулаацаад явж болно. Тэгэхээр цөм гэсэн утга энэ үгэнд байхгүй) Гэсэн ч тэр орчин үеийн хүмүүсээс огт өөр бие хүн, бас уртын дуу гэгч тэртээ дээр буй хүссэн нь хүрээд байдаггүй эрхэмсэг оршихуйн харъяат тул борооны дараах мөөг шиг олон алдартнуудын дэргэд нам жимхэн амьдардаг. Түүнээс талын хүний уужим тэнүүн сэтгэл нэвт ханхална.
ЛУВСАНГОМПИЛ ГУАЙ “ХҮРЭЛ ТОГООТОЙ Л ХҮҮХЭД ЮМ ДАА. ЮМАНД ХҮРЧ МЭДНЭ. САЙН АНХААР” ГЭЖ ХЭЛСЭН ГЭНЭ ЛЭЭ
-Уртын дуучин болсон замналаа одоо эргэн дурсвал?
-Найрын гэрийн гаднаас дуу их чагнадаг хүүхэд байлаа. Тэгээд 18-тайдаа Дорнодын театрт очиж шалгуулсан. Гурван шарга мориор л ороод явчихсан хүн дээ. “Жаахан шарга”, “Нарийн шарга”, “Янзаган зоотой шарга” тэгэхэд дуулдаг дуунууд минь байсан. Алдарт дуучин Дорждагва гуай ирж биднийг шалгаж авдаг юм. Болоогүй ээ, театрт дөнгөж тэнцмэгц ОХУ-ын Буриадад тоглолтоор явсан. Хамгийн анхны тайз маань наддаа л гадаадынх байлаа.
-Таны багш гэж ямар хүн байв? Дуучны замналд багшийн нөлөө гарцаагүй зүйлийн нэг биз?
-Миний багш алдарт дуучин Дамчаа гэж байсан. Багш маань алдарт дуучин Магсар хурцын Дугаржав, Лувсангомпил, Мөрринчен, Самын Гомбо зэрэг нэртэй дуучдаар дуу заалгаж явсан нэгэн. Их Лувсанбалдан гэж айлын найран дээр дуулж байхад нь хоёр хүний яриа хоорондоо сонсогддоггүй тийм хүчирхэг хоолойтой хүн байсан гэдэг. Тэр эрхэм дуучдаас ноёны хатан явсан гэгдэх Лувсангомпил гуайтай уулзвал уулзах боломж надад байсан. Даанч миний жолоо богино байж тийм завшааныг өөртөө олж авсангүй. Харин Лувсангомпил гуай миний дуулахыг сонссон байдаг. Тэр үед чинь урлагийн тоглолтоор их явдаг байлаа. Сум баг бүрд очиж тоглоно. Тийм тоглолтын нэгэн дээр намайг сонсоод багшид маань “Хүрэл тогоотой л хүүхэд юм даа. Юманд хүрч мэднэ. Сайн анхаар” гэж хэлсэн гэнэ лээ.
-Хүрэл тогоотой гэдэг нь юу гэсэн үг юм бол?
-Яахав, алт мөнгө хүрэл гээд байдаг даа. Түүнтэй зүйрлэсэн юм болов уу. Тогоо гэздэг нь дээш, доош дуугарах нь нэлээд зайтай юм аа гэдгээр зүйрлэсэн байх. Аяга эсвэл хувин гэж хэлсэнгүй. Хуучны улс уртын дуугаа эрдэнэ шиг нандигнадаг, баргийн хүнд зааж өгдөггүй байсан. Эзэн болж чадах хүнд л өвлүүлнэ. Ёстой л сахиус шүтээн шигээ алтан хайрцагтаа хийж, энгэртээ наадаг байсан даа. Эмэгтэй хүн дуулж болохгүй дуу ч гэж байдаг. Жишээ нь “Түмний эх” дууг эр хүн доройтож, эзэнт төр хазайсан цагт эмэгтэй хүн дуулна гэсэн үгтэй юм аа гээд багш минь надад зааж өгөөгүй. Энэ үг үнэн гэдгийг Норовбанзад гуай надад баталсан. Улаанбаатар хотын 60 жилийн ойгоор билүү их дуучин маань дээрх дууг ердөө ганц удаа дуулсан юм билээ. Сүүлд нь надад “Ёстой муухай дуу байна билээ. Би ч ингээд хоолойгоо эвддэг юм байжээ л гэж бодсон. Дахиж ер амандаа авалтгүй” гэж байсан. Мэдрэгдсэн юм шиг байна лээ. Түүнээс биш хаанаас тэгж хэлэх вэ.
-Норовбанзад гуай та хоёр тэгвэл их найз байжээ.
-Залуудаа ч яахав, намайг нэг их тоохгүй, би ч айна цэрвэнэ, мэндийн зөрөөнөөс цааш гардаггүй байсан. Сүүл рүүгээ харин инээд хөөр өрнүүлж, дотно сайхан ярилцдаг болж билээ. Заримдаа гарын бэлэг өгнө надад. Надаар үзэмчин ардын дуу “Манарч байгаа шил”-ийг аялуулж авсан юм даг.

“ТАНЫГ 10 ЖИЛИЙН ӨМНӨ МАНАЙ ЭНДЭХИЙН СОНИН ХЭВЛЭЛИЙНХЭН АЗИАС ТӨРЖ БАЙГАА ТОМ ДУУЧИН ГЭЖ БИЧИЖ БАЙСАН НЬ ТАШАА БАЙСАНГҮЙ” ГЭЦГЭЭСЭН
-Норовбанзад гуай та хоёр нэг цаг үед амьдарч явсан том дуучид. Харьцуулах тохиолдол олон байв уу?
-За хаанаас даа. Тэр аугаа хүнтэй харьцуулагдана гэж юу байхав. Харин нэг удаа Болгарт очиж дуулах үеэр Бадраа гуай намайг Норовбанзадын энд хүрэхгүй байна гэх өнгө аястай юм хэлж загнаж байсан. Уг нь загнуулах шалтгаан байгаагүй, харин ч тэндэхийн дуурийн дуучид бэлтгэдэг эрдэмтэн багш нь нар нь ирж надад баяр хүргээд “Таныг 10 жилийн өмнө манай эндэхийн сонин хэвлэлийнхэн Азиас төрж байгаа том дуучин гэж бичиж байсан нь ташаа байсангүй” гэцгээсэн. Тэгэхэд Бадраа гуай надад дээрх үгийг хэлсэн. Би тэгэхээр нь дуугүй өнгөрсөнгүй “Огт өөр хоолой, цараа, амьсгаатай хоёр хүнийг та яаж харьцуулах гээв. Бидэнд бурхан тэнгэр өөр өөр хишиг заяасан юм шүү дээ” гээд хэлчихсэн.
-Дуучин хүнд удам угсаа зайлшгүй байдаг юм шиг. Таны хувьд дуучны удам яривал?
-Миний удамд Их Ахай, Бага Ахай гэж ноёдын найранд сүйх тэргээр залагддаг эгч дүү хоёр дуучин байсан гэдэг. Их Ахай нь миний аавын ээж. Миний төрсөн нутгийн лимбэчин Навааншарав гэгч хүн миний дуулахыг сонсчихоод “За яах вэ яахав, сайхан дуулж л байна. Гэхдээ хоёр ахайн дэргэд та нар юу байх вэ дээ. Тэгээд яахав, сурна биз” гэж байж билээ. Манай аавын хамаатнуудаас хоёр нэг дуучин төрлөө. Японд дуулдаг байсан Оюунтүлхүүр бүсгүй байна. Дэлхийн арван шилдэг баритоны нэг гэгдээд байгаа Амартүвшингийн эмээ бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Тэгэхээр дуучны авъяас бол удам дагадаг л юм байна. Тэр сайхан дээдсийн маань хаялга цацлага бидэнд ирж л байна гэж талархаж суудаг даа.
-Манай уртын дууг гадныхан ер нь хэр хүлээж авдаг вэ?
-Сайн хүлээж авдаг болохоор л бидэнд алтан медалиа өгч байгаа хэрэг шүү дээ. Хамгийн анх 1957 онд Москвад их дуучин Норовбанзад гуай маань залуучууд оюутны их наадмаар анх гадныхны өмнө уртын дуу дуулсан байдаг. Тэгээд алтан медаль авсан. Дараа нь би 1968 онд Сочид болсон IХ их наадамд очиж дуулаад мөн алтан медаль авсан. Ганц уртын дуу гэлтгүй манай ардын урлаг гайхалтай даа. Бүжгийн хоёр төрөл, хөөмийгөөр мөн алтан медаль авч байсан. Хамгийн өндөр оноог манай уртын дуу авсан, 150 оноо. Гран при өгье, Монголын энэ дуу сонгодог дуу байна гэсэн яриа гарч, яаж ардын дуунд гран при өгөх вэ гээд больсон гэдэг. Манай Зангад тэнд хамгийн залуу шүүгчээр сууж байлаа. Хо.Нацагдорж гуай уртын дуу бол манай олон зуун жилийн түүхтэй ардын урлаг гэж танилцуулахад шүүгчид маш их гайхаж, “Ардын дуу нь ийм өндөр төвшнийх гэхээр энэ Монгол чинь их хөгжингүй улс юм байна шүү дээ” гэж ярилцсан гэсэн. Дуу хөгжмөөр нь улс хөгжлийг тодорхойлдог байх нь. Үүнийг манай Долдойд тоглодог Жамъяанжав гуай, Жаргалсайхан (дуурийн дуучин, басс хоолойт) гээд тэнд сургууль төгссөн, хэлтэй ултай хүмүүс надад ирж хэлж байгаа юм. Жаргалсайхан бид хоёр хамт Дорнодын театраас дуучны гараагаа эхлүүлж байсан хоёр.
ЭМЭГТЭЙ ДУУЧДЫН ДОТРООС АНХ БИ “ЭРТНИЙ САЙХАН”-Г ДУУГ ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОН ДЭЭР ДУУЛЖ БАЙЛАА
-Ид дуулж явсан үеэ дурсвал танд төдийгүй уншигч олонд сайхан байх болов уу.
-1978 онд Хэнтий аймгийн урлагийн 10 хоног Улаанбаатарт зохион байгуулагдах үед би “Хэрлэнгийн баръяа”, “Үхэрчин хүү” хоёрыг Дашням багшийн найруулгаар найрал дуу, найрал хөгжимтэй дуулсан. Тэгэхэд Дорждагва гуай бархираа Лувсаншарав гэж уртын дуучин байсан, тэр хүнээр хөтлүүлчихсэн тайзан дээр гарч ирж баяр хүргэж байсан байсан. Тэр их хүнийг хараад барагтайд баярлаж хөөрцөглөдөггүй би нэг их баярлаж билээ. Тэр хоёр дуу маань радиогоор их явдаг байсан даа. Гайгүй дуулсан юм байлгүй. 1971, 1973 онд гоцлол дуучдын улсын уралдаан болсон. Бид хоёуланд нь оролцож, эхнийхэд нь дэд байр, удаахид нь нэгдүгээр байр эзэлж байлаа. Сүглэгмаа гуай, Норовбанзад гуай хоёр ч оролцож байсан. 1983 онд шиг санаж байна, эмэгтэй дуучдын дотроос анх би “Эртний сайхан”-г дууг төрийн хүндэтгэлийн тоглолтон дээр дуулж байлаа. Дууны минь үгийг сонссон Хавлааш нарын бусад дуучид “Чи ч одоо алуулсаан. Ийм дуу дуулж болохгүй ш дээ. Яана гэнээ чи, “Эзэн Чингис хааны залуу баатруудын туг мандавай” гэсэн үү?” гээд сүйд. Филотова гуай анхны хяналтаар суулаа. Аз болоход дууны үгэнд анхаарал хандуулсангүй “Хэнтийн хүүхэн цэнхэр дээлэн дээр цэнхэр бүс бүсэл” гэсэншүү зааварчилгаа өгөөд өнгөрч билээ.
-Танаас өмнө эрэгтэй дуучид дуулаагүй гэж үү?
-Ганц нэг дуулсан байхыг үгүйсгэхгүй. Лав би сонсоогүй. Хөөрхийс, үгээс нь эмээсэн байх л даа. Энэ дууг “Эртний сайхан”, “Эртний Монгол Нутаг”, “Тэнгэр Эзэн Хаан” гэсэн нэрүүдээр дуулдаг байсан гэдэг. Би эхнийх нь нэрээр дуулсан юм. Их хааны үеийн төрийн хүндэтгэлийн таван дууны нэг байж. Бас “Хэрлэнгийн баръяа” дууг аян дайнд явахдаа дуулуулдаг байсан гэж миний багш ярьдаг сан.
-Таны нэрэмжит уралдаан одоо зохион байгуулагдах гэж байгаа юм байна, тийм үү?
-Тийм ээ, анх 1999 онд миний шавь Чингис хаанд тоглодог дуучин хөгжмийн зохиолч Энхтайваны санаачилгаар зохион байгуулагдсан. Тэгэхэд Чимэдцэеэ нэгдүгээр байрт шалгарч, миний шавийн шавь манай нутгийн Хонгорзул гэгч охин гран при шагналыг авч байлаа. Тэр үед Норовбанзад гуай надад баяр хүргээд “За Шархүүхээн, чи буян заяа ихтэй байна. Уралдаан болгоноос сайн дуучин төрөөд байдаггүй. Чиний дуулж байсан газраас сайхан дуучин төрж байна даа” гэж байсан. Түүнээс хойш олон сайхан шавь нар, түмэн олон үзэгчдийн буянаар ийм тэмцээн зохион байгуулагддаг болсон.
ЯРИЛЦСАН: ЗОХИОЛЧ Д.ОЮУНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Агуу дуучин даа.Хайртай шүү тандаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай!