Ярилцлага| Хар дээр цагаанаар, цагаан дээр хараар - Yohji Yamamoto

Yohji Yamamoto бол загварын ертөнцөд авангард хэв маягийг таниулснаараа алдартай дизайнер билээ. Хар цагаан өнгө, өвөрмөц хэлбэрүүд, авангард загварын тухай яримагц үргэлж тэр л санаанд орно. Хувцас загварын салбар бол асар том. Харин үүн дунд өөрийн хэв шинжийг таниулж үлдээнэ гэдэг асар нямбай үйл хэрэг ажээ. Хувцас бол бодит байдлын тусгал хэмээн тэр үздэг. Хүмүүс хувцсыг бус бодит байдлыг л өмсдөг хэмээн хэлсэн удаатай.
Аthleticism буюу спорт төрлийн хувцас нь загварын ертөнцөд чанараараа гойд үнэлэгдэж, танигдаад байдаггүй. Гэхдээ Yohji Yamamoto-гийн хувьд энэ төрөл орхигдуулахааргүй сэдэв. Yamamoto нь Issey Miyake, Rei Kawakubo-гийн хамтаар 1970-1980-аад оны эхэн үеийн Японоос төрөн гарсан авангард загвар зохион бүтээгчдийн шинэ үеийн давлагааны тэргүүн эгнээнд байв. Тэр 1943 онд дайны үеийн Токиод төрж, анхлан хуулийн чиглэлээр суралцсан ч түүнийгээ орхиж, оронд нь оёдолчин ээжийнхээ Shinjuku-д нээсэн хувцасны дэлгүүрт туслахаар ажилд орж, улмаар алдарт дизайнеруудыг бэлтгэдэг гэдгээрээ алдартай Bunka Fashion коллежид элсэхийг сонгожээ.
Хожмоо тэр энэ талаараа “Би байдаг л нийгэмд нэгдэхийг хүсээгүй” хэмээн хариулсан удаатай. Сургуулиа төгссөний дараа түүнд Парист төдийгүй дэлхийн загварын салбарт өөрийгөө таниулах боломж байсан ч Yamamoto Японд буцаж ирээд загвар зохион бүтээгчийн хувиар өөрийн дотоод хүсэл эрмэлзлээ нээж эхэлжээ. Анхны компани “Y`s”-ийг 1972 онд Токиод байгуулсан тэрээр есөн жилийн дараа Францын нийслэлд өөрийн нэрээр нэрлэсэн дебют загваруудаа гаргасан нь түүнийг хамгийн ирээдүйтэй, парадигмыг эвдсэн, орчин үеийн загварын олон талт уран бүтээлчдийн нэг болгосон юм. Тэр дэлхийн алдартай брэндүүд болох Adidas (Y-3), Hermès, Mikimoto and Mandarina Duck-тай мөн Tina Turner, Elton John, Placebo, Takeshi Kitano, Pina Bausch блон Heiner Muller зэрэг дэлхийн одуудтай хамтран ажиллаж байв. Амжилтын хажуугаар 2009 онд санхүүгийн менежерүүдийн буруу шийдвэрээс үүдэн 65 сая ам.долларын өрөнд орж, компанийн бүтцээ өөрчилж, жилийн дараа гэхэд хүндрэлийг даван туулсан аж.

Тэр олон одуудтай хамтран ажиллаж, мөн урлагийнхан түүний урласан хувцсаар амьсгалж байсны нэг нь Wings of Desire киногоороо алдартай Герман гаралтай найруулагч, гэрэл зурагчин Wim Wenders юм. Wenders 1989 онд “Хотууд бас Хувцаснуудын тэмдэглэл” нэртэй түүний талаар баримтат кино хийсэн бөгөөд кинондоо түүний коллекц, бүтээлүүдийн талаар “Япон хүн яаж чин сэтгэлийн дурсахуйгаа даавуунд шингээж чадав аа” хэмээн хэлж байв. Олон жилийн дараа тэр 69 настай Yamаmoto-той дахин холбогдож, түүний “Y-3”-ын талаар болон бас бус сэдвээр яриа дэлгэцгээж байжээ. Ер нь л түүнийг хэрхэн өөрийн хязгаарыг хадгалж, одоо ч сүрдмээр хэвээрээ байгаа талаар ярилцсан нь Interview сэтгүүлд нийтлэгдсэнийг хүргэж байна.
WENDERS: Чи яг одоо хаана байна?
YAMAMOTO: Би дөнгөж л ажлын өрөөндөхөө дуусгаад байж байлаа.
WENDERS: Чи үргэлж л оройтож ажиллах юм.
YAMAMOTO: Харин чи хаана байна?
WENDERS: Би ч гэсэн Берлин дэх ажлын өрөөндөө л. Гэхдээ энд өдрийн хагас л болж байна. Тэгэхээр чи урьдынхаараа сунаж ажиллав уу?
YAMAMOTO: Тийм ээ, ер маш завгүй л ажиллалаа. Энэ нь ч надад одоо хэвийн үзэгдэл болж дээ. Гол нь юу гээч, одоогоор лав би хувцас хийдэг машинаас өөрцгүй болчихож.
WENDERS: Ийм олон цаг ажилладаг чамаас өөр хүн лав мэдэхгүй. Гэхдээ хоолойг чинь сонсох сайхан байна. Хамт Токиод байсан ч болоосой. Ганц нэг юм тоглож, усан санд нохой загас идэж суухгүй юу.
YAMAMOTO: Өө, тийм тийм. Тэр хортой загасыг санаж байна.
WENDERS: Чи намайг хортой нохой загастай ресторан руу дагуулж очоогүй юу. Би тэр үед “За, тунчиг аюултай юм болж байна даа. Яагаад гэвэл тогооч багахан алдаа гаргахад л...үхэх нь” гэж бодогдсон /Хоёул инээв/. Би үнэхээр сандарсан. Амттан хүртэл хортой юм шиг л санагдаж билээ. Гэхдээ бид даваад гарч чадсан шүү.
YAMAMOTO: Тийм ээ, бид тэгсэн. Чи нөгөө мөрийний талаар санаж байна уу?
WENDERS: Аль нь /инээв/? Аан нөгөө тоглоом уу?
YAMAMOTO: Ай даа, яг тийм.
WENDERS: Би хожигдсон шиг санаад байна. Чи ч бас тэгэж санаж байна уу?
YAMAMOTO: Би хожсон шиг санаж байна.
WENDERS: Тийм шүү, маргаангүй чи ялсан. Одоо эргээд бүгдийг нь санах нь ээ, хэрвээ би хожигдвол таны эрэгтэй загварын шоуны тайзан дээр гарч загварын алхаагаар алхана гэж ярилцсан.

YAMAMOTO: Үүнийгээ харин хийх хэрэгтэй л байгаа шүү?
WENDERS: Би хийнэ ээ. Миний санаж байгаагаар чиний Парист болсон эрэгтэй загварын шоунд Samuel Fuller гарсан санагдана. Үнэхээр догь байсан даа. Сэм чиний хувцсыг өмссөндөө үнэхээр их бахархаж билээ. Би ч мөн тэгэх л байсан. Угаас, би чиний бүтээсэн хувцсыг бүх цаг үед л өмсөж байна. Ямартай л удаан өмссөн хослолоо засварлах хэмжээнд хүртэл, магадгүй түүнээс ч удаан хугацаанд бид нэг нэгнээ мэддэг болжээ.
YAMAMOTO: Чи ч үнэхээр загварын мэдрэмжтэй шүү /инээв/.
WENDERS: Өмнө нь тийм байгаагүй л дээ. Олон жилийн турш миний зургаа дахь мэдрэхүй хөгжиж, одоо хармагцаа л шууд Yohji-г өмссөн хүнийг мэддэг болсон шүү.
YAMAMOTO: За тэгэхээр шинэ салхи над руу үлээж эхэлж байна. Миний компани, миний бизнес өсөж өндийсөөр байна.
WENDERS: Бидний хамтдаа хийсэн “Хотууд ба хувцаснуудын тэмдэглэл” киноны талаар бодож байлаа. Өдгөө энэ бүтээл зууны дөрөвний нэгтэй тэнцүү настай болсныг та анзаарав уу? Төсөөлөмгүй байгаа биз? Бид хэн хэн маань залуу байхдаа энэ киног бүтээж байжээ. Үүнээс хойших олон жилд, ялангуяа сүүлийн арван жилд танд маш их зүйл тохиолдсон байна шүү дээ.
YAMAMOTO: Тийм ээ, тийм. Гэхдээ яагаад ч юм энэ мөчид өөрийгөө би загварын ертөнцийн амьд олдвор болсон мэтээр мэдэрч байх чинь. Өөрөө ч мэдэлгүйгээр өөрийнхөө бүтээсэн гудамжны загварын цуглуулгуудаас холдчихсон байх юм. Би Японы загвар зохион бүтээгчдийн талбар дахь хүндэт маэстро байлаа. Миний загвар дээд зэрэглэлийн бүтээлч ажлуудад ойртож байсан ч нэг л зүйл надад дутагдаж байгааг би мэдэрсэн. Гэхдээ би үргэлж л надад ямар нэг сорилт тулгараасай гэж хүсдэг байсан. Би өөрийгөө туршихыг хүссэн. Яах вэ, би алдвал тэр л биз, надад хамаагүй. Надад юу нь чухал вэ гэвэл, өөрийнхөө мөрөөдлийг бүтээж биелүүлэх, түүнийгээ харуулах нь л. Нэг мэдэхэд л би гудамжинд өөрийнхөө хувцсыг олж харахаа больж, хүмүүс миний загварт музейн эд зүйл мэт ханддаг болсныг анзаарсан.
WENDERS: Тэгэхээр, та хэр удаан загвар зохион бүтээж байгаа хэрэг вэ?
YAMAMOTO: Тавь орчим жил болжээ. Би Токиод 40 жилийн өмнөөс ажиллаж эхэлж байж шүү дээ. Харин Парист загвараа толилуулаад 32 жил болжээ.
WENDERS: Тэгвэл чи ч олдвор биш харин ч динозавр юм байна /Yamamoto инээв/. Гэхдээ бүр дажгүй өнгөлөг динозавр гээч.
YAMAMOTO: За, тэгвэл миний дараагийн эрчүүдийн загварын шоунд чи тайзан дээр гарч алхана шүү!
WENDERS: Тэгье ээ, над руу зүгээр л залгахад болно. Одоохондоо би жингээ дажгүй барьж байгаа ч удаан хүлээж чадахгүй л болов уу. Учир нь удахгүй буцаад мяраалж эхэлнэ байх.

YAMAMOTO: /Инээв/ Би удалгүй Берлинд нэг хачирхалтай загварын шоу хийхээр төлөвлөж байгаа шүү.
WENDERS: Юугаараа тийм хачирхалтай байхыг нь мэдмээр санагдлаа?
YAMAMOTO: Өөрийнхөө архиваас толилуулах юм. Хуучны ажлуудаасаа гэх үү дээ.
WENDERS: Миний мэдэхээр бид хоёр хамгийн сүүлд хэдэн жилийн өмнө Victoria болон Albert-н музейд гайхалтай үзэсгэлэнд чинь биесээ харсан санагдана. Та тэгэхэд мөн л өөрийн архиваас зарим нэгийг нь үзүүлж билээ.
YAMAMOTO: Victoria болон Albert-д болсон үзэсгэлэн өнгөрсөн үеийг эргэн харуулсан л даа. Гэхдээ би өмнө нь хэзээ ч архив шоу хийж байгаагүй юм билээ.
WENDERS: Та Y-3 дээр Adidas-тай 10 жил хамтарчихлаа шүү дээ?
YAMAMOTO: Тэгжээ, хэдийнэ ээ 10 жил үүнийг хийчхэж.
WENDERS: Энэ бүхэн эхлэхэд хэчнээн их догдолж байснаа санаж байна. Надад эхний бил үү хоёр дахь жилд авч байсан хуучны гутал одоо ч бий шүү. Хэрхэн үүн дээр ажиллаж, хөгжүүлж байсан юм бэ?
YAMAMOTO: Жил бүр өссөөр л байдаг. Бид одоо 5-6 хүнтэй бүхэл бүтэн багтай болсон. Тэд бүгдээрээ л надтай Y-3 дээр ажиллаж байна. Энэ бүхэн хар аяндаа л болсон хэрэг. Эхэндээ бид 2000-2001 оны намар, өвлийн загварын шоунд зориулж “гурван судал”-г Adidas-аас асууж хэрэглэх шаардлага гарсан. Япон залуусын дунд гурван судал хамгийн алдартай бөгөөд тэд унтахдаа ч хүртэл тайлдаггүй. Тиймээс би Adidas руу утас цохиж тэднээс асуухаар шийдсэн. Үнэндээ тэднийг татгалзана гэж бодсон ч тийм гэж хариулахад нь үнэхээр их гайхсан. Ийнхүү бид тэдний загвар зохион бүтээгчидтэй ирээдүйн спорт хувцас хэрхэн харагдах талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд pret-a-porter /алдартай загвар зохион бүтээгчийн загварыг олноор үйлдвэрлэж нийлүүлэх/-ийн хэрэглэдэг бүхий л өндөр технологийн даавуу, хурц тод өнгүүд, загварлаг богино дүрснүүд гээд цуглуулгад байдаг бүгд бидэнд хэрэгтэй гэж шийдсэн. Ингэж л Y-3 бий болсон хэрэг. Ү-3 бол өмнө нь дэлхий дээр огт байгаагүй ямар нэг зүйлийг би бүтээж... өөрөө яг л хүүхэд зөнгөөрөө торнидог шиг л байгалиараа өсөж хөгжсөн. Өөр маш олон чимэглэлүүд, малгайнууд, дугуйнууд, хөл бөмбөгийн бөмбөгнүүд нэмэгдсэн ч үндсэн санаа огт өөрчлөгдөөгүй. Та Y-3-т яг л бие даасан хүн шиг хандах ёстой. Ингэснээр брэнд хэдийнэ өөрийн гэсэн янз байдлаа олсон гэсэн үг. Спортын ертөнцөд технологийн цензур тогтдог бол загварын ертөнцийн хувьд эрэлхийлэл нь эсрэгээрээ юм. Тиймээс л Adidas-тай хамтарч, бид өмнө нь огт байгаагүйг бүтээж, ирээдүйг бүрэн төсөөлсөн. Adidas хувь хүн талаас минь надад маш их урам зориг өгсөн. Уран бүтээлч амьдралыг минь илүү баялаг болгосон гэх үү дээ. Өөр өөр соёл болон үзэл санаануудаа хоорондоо солилцох бөгөөд нэн чухал нь багаар ажиллах юм. Япон болон Герман хүмүүс ухаалаг төрлийн, бидний ажиллах хэмнэл ч адилхан. Тэгэхээр Adidas бид хоёр бие биетэйгээ адилхан гэсэн үг. Ингэхэд чи одоогоор юу хийж байна?
WENDERS: Би ч одоогоор миний хамгийн дуртай гэрэл зурагчин Sebastiao Salgado-гийн баримтат кинон дээр ажиллаж байна. Бид хоёр хоорондоо ярилцдаг зүйлээ танаас асуумаар байгаа. Хэрэв та кинон дээр, зохиол дээр, уран бүтээл дээр эсвэл ямар нэг бүтээлч талбар дээр ажиллаж буй бол нас нэмэхийн хэрээр ойлгодог хачирхалтай зүйл нь та байнга л нэг ижил кино хийж, ижил зохиол бичиж ижил зураг туурвиад байдаг. Таны хийдэг ажилд байнгын хийдэг дадал бий бөгөөд та үүнээсээ зайлсхийж чадахгүй. Энэ зүйл таны дотор байж, таны хэн бэ гэдгийг илтгэдэг. Хэлэх гэсэн санаа минь танд ямар нэг байдлаар үнэний ортой санагдав уу? Та хувцаснуудаа дахин давтан зохиогоод байх шиг мэдрэгддэг үү? Эсвэл цоо шинээр зохион бүтээж чадах юм шиг санагддаг уу?

YAMAMOTO: Би нэг л ижил зүйл хийгээд байх шиг мэдрэмж жил бүр л төрдөг. Миний баримталдаг зарчим хязгааруудтай, дүрэм журмуудтай тул Y-3-ыг бүтээхдээ би илүү чөлөөтэй болдог. Би ямар ч хорио цээргүйгээр ажиллаж чадна гэсэн үг. Гэхдээ л эцсийн хугацаа нь хэдийнэ тодорхой загварын хөтөлбөртэй. Тэгэхээр загварын бизнес үнэнийг хэлэхэд над шиг залхуу хүнд хамгийн дажгүй бизнес байж магадгүй л юм.
WENDERS: Залхуу хүн гэхэд миний мэдэх хамгийн ажлын хэнээтэй хүн бол та. Ингэхэд та шоуны дараа ядаж хэд хоног амардаг биз дээ?
YAMAMOTO: Надад үнэндээ баярын амралт, зугаалга бас тэтгэвэртээ гарах талаар ямар ч төсөөлөл алга. Эдгээрийн талаар төсөөлж ч чадахгүй нь.
WENDERS: Би ч адил даа. Donata /түүний эхнэр/ баярын амралт бидэнд хэрэгтэй гэж итгүүлэхийг оролдож байгаа ч үнэндээ яг хэрхэхээ мэдэхгүй л байна. Нэг тийш яваад юу ч хийхгүй гэхээр надад их төвөгтэй ойлголт. Баярын амралт гэдэг ёстой хачин санаа шиг танд санагдахгүй байна уу? Ямар нэгэн юм хийхгүйн тулд аялна гэдэг....
YAMAMOTO: Ямар нэг зүйл хийхгүйн тулд. Тийм ээ, надад ч гэсэн бас хэцүү байлгүй л... Наад тайлбар чинь таалагдаж байна. /Хоёул инээв/
WENDERS: Та гитар тоглодог хэвээрээ юу?
YAMAMOTO: Дахиж үгүй л болов уу. Хөгжим бүтээх, тоглох сэтгэл хөдлөлгүй их удаж байна. Хэрэвзээ дахиад тийм юм болвол магадгүй миний тоглох дуу “Баяртай” гэдэг нэртэй байна биз.
WENDERS: Хэрвээ та бодлоо өөрчилбөл надад хэлээрэй л дээ, яагаад гэвэл би таны хөгжимд үнэхээр дуртай. Би уг нь саксофон тоглодог хэвээрээ байсан ч болоосой гэж хүсдэг ч нэгэнтээ больчихсон.
YAMAMOTO: Саксофон гэнээ?
WENDERS: Тийм ээ, би саксофон тоглодог байсан. Сүүлд тоглосноос хойш их урт хугацаа өнгөрчээ. Хэрвээ үргэлжлүүлэн тоглосоор байхгүй л бол та гитар тоглолгүй удахад хуруунуудад чинь юу тохиолддогтой ижилхэн ам ч мөн мэдрэмжгүй болж орхидог.
YAMAMOTO: Тийм, үүнд өөрийгөө зориулах ёстой. Мөн Keiko бид хоёр саяхан бяцхан нохой тэжээх шийдвэр гаргасан нь маш том үүрэг хариуцлага, намайг бүр ч цаг завгүй болголоо. Японд кофены газрууд болон хоолны газрууд амьтан оруулахыг зөвшөөрдөггүй болохоор шөнөөр ч авч гарч чадахгүй л байна. Ингэхэд та хэзээ киногоо хийж дуусгах билээ?
WENDERS: Одоо ч үүн дээр ажилласаар л, магадгүй ирэх хавар гэхэд дуусчих байх гэж найдаж л байна. Яг өдийд бол Salgado-гийн хамт Парист зураг авч явна. Хоёр өдрийн дараа түүний төрөлх хот болох Бразили руу явж зураг авцгаана даа. Тэр үнэхээр гайхалтай эр, гайхамшигтай зураг авдаг шүү. Гэхдээ Donata бид хоёр дараа нь Токиод багахан хугацаанд байх ёстой. Тэр үеэр бид уулзалдаж биллъярд тоглонгоо ядаж нэг удаа ялж чадах эсэхийг харж болох юм. Магадгүй чи надад нэг боломж олгох байлгүй дээ.
YAMAMOTO: Өө, чамайг дахиад хожигдоно гэдэгт итгэлтэй байна. /инээв/
WENDERS: Аль хэдийнэ айгаад эхэлчихлээ. Жаахан бэлтгэл хэрэгтэй болох нь дээ. Ингэхэд одоо ч тулалдаж байгаа хэвээрээ юу? Тулааны урлагаар хичээллэдэг хэвээрээ юу?
YAMAMOTO: Үгүй дээ, Сүүлийн үед миний амьдралын хамгийн сайхан мөч бол орондоо орохын өмнөх үе л байна. Энэ л миний хамгийн жаргалтай мөчүүд болоод байна даа.
WENDERS: Тэгэхээр чиний хар бүс хүчингүй болчихсон уу?
YAMAMOTO: Мэдэхгүй л юм. Гэхдээ хэрвээ гудамжинд нэг галзуу эр гарч ирээд надтай тулалдах гэвэл түүнийг дөнгөчих л байх.
Гэрэл зургийг: sabukaru, interview magazine, yohjiyamamoto
Орчуулсан: Кена
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГАЙХАЛТАЙ
Энэ эмэгтэй хаяа нэг эгүүрт энгийн бус ертөнцийг дэлгэжчихээд хаашаа ч юм нисээд явчихдаг тийм нэг ховор ертөнц шүү.
1
wonderful women
Мэдрэмж гэж л энэ дээ
1