Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх нь зоригтой алхам

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр /2023.06.09/ хэлэлцэв.
Тус хуулийн төсөлд сонгуульд нэр дэвшигчдийн квотыг 40 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлэх агуулгыг тусгасан. Өдгөө мөрдөж буй хуулиар 20 хувь байгаа билээ. Гэвч Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд 30 хувь болгох агуулгыг тусгасан байв.
Улмаар УИХ-аар эхний хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонх нь эмэгтэй квотыг 40 хувь байх заалтыг дэмжсэн юм. Хэрэв энэ нь батлагдвал манай улс түүхэндээ анх удаа улс төрийн жендэрийн тэгш бус байдлын эсрэг авсан хамгийн том алхам болно.
Олон мандаттай том тойрогт эмэгтэйчүүдийн оролцоо, сонгогдох боломжийг хязгаарладаг. Монгол Улс түхэндээ анх удаа 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.2-т нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэй байх заалтыг амжилттай баталсан.
Гэвч уг хуулийн заалтыг огт хэрэглэхгүйгээр 2007 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж, хүчингүй болгож байв. Энэ бол улс төр дэх томоохон ухралтуудын нэг болоод байлаа. Үр дүнд нь 2008-2012 оны сонгуульд гурван эмэгтэй л сонгогдсон байдаг. Үүний хоёр нь МАН, нэг нь ИЗНН-ын гишүүн байлаа. 1992 онд ч гурван эмэгтэй гишүүнтэй байсан юм.
Мөн 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд хуулийн 27.2-т "Сонгуульд оролцож байгаа нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна" гэдэг заалт орсноор 2012 онд 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон.
Үүний зургаа нь мажоритар тойргоос, тав нь намын жагсаалтаас сонгогдсон байдаг. Сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо харьцангуй бага байсан явдал нь хуулиар зөвхөн квот зааж, нэр дэвшүүлэхтэй холбоотой нарийн зохицуулалтыг тусгаж өгөөгүйтэй холбогддог.
Ардчилсан сонгуульд туслах олон улсын байгууллагын судалгаагаар сонгуулийн пропорциональ тогтолцоотой улсуудад парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл мажоритар тогтолцоотой улстай харьцуулахад хоёр дахин их байжээ.
Тодруулбал, 2005 онд хийж байсан П.Норрисын судалгаанд парламентын эмэгтэйчүүдийн төлөөлөл холимог тогтолцоотой 36 улсад 13.6 хувь байв. Харин мажориатр тогтолцоотой 72 улсад 10.5 хувьтай байсан юм. Мөн олон мандаттай том тойргийн тогтолцоотой 10 улсад төлөөллийн дундаж 7.4 хувь байжээ.
Улс төрийн жендэрийн тэгш бус байдлын индексээр манай улс 198 улсаас 134 дүгээрт жагсдаг. Тиймээс ч энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн нь ардчилсан улсын хувьд авууштай зүйл юм.
Одоогоор эхний хэлэлцүүлэг өрнөсөн ч дараагийн хэлэлцүүлгээр эмэгтэй квотын тоог 40 хувиас буулгах боломж ч бий. Процессын хувьд одоо хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлнэ. Үүний дараа УИХ дахин нэг удаа хэлэлцсэний эцэст албан ёсоор уг квотыг батлах учиртай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.