Д.Цогтбаатар: Авлигын дагнасан шүүх байгуулахад эмзэглэж, болгоомжилж байгаа гишүүд бий

Авлигын дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн газар санаачилж, эрх баригчид хэлэлцэх эсэхийг нь энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, шуурхайлах нь. Энэ талаар ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа
-Шүүх байгуулах тухай хуулийг бид бодлогын хувьд хэлэлцэнэ. Мэдээж эмзэглэж, болгоомжилж байгаа гишүүд бий-
-Энэ долоо хоногт анхаарал татах гол сэдэв авлигын дагнасан шүүх байгуулах асуудал болж байна. МАН-ын бүлэг дэмжчихсэн. ХЗБХ хэлэлцэх эсэхийг нь дэмжээд пүрэв гараг гэхэд УИХ-ын чуулганаар оруулахаар шуударчихлаа?
-Засгийн газрын зүгээс “Авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр суурьтайгаар энэ асуудлыг оруулж ирж байна. Шүүх байгуулах тухай шинэчилсэн найруулгыг оруулж ирэх асуудлыг намайг ХЗБХ-ны даргаар ирэхэд нэлээдгүй яригдчихсан байсан. Энэ хууль зайлшгүй шинэчлэгдэх учиртай. Тэгэхээр шүүхийн ачааллыг тэнцвэржүүлж, жигдлэхгүй бол болохоо байчихсан. Иргэдийн асуудлыг жинхэнэ хүндрүүлж байна. Шийдмээр байвч, ачааллаа дийлэхгүй тогтолцоотой байхаар ажил нь угаасаа урагшлахгүй шүү дээ. Сүүлдээ иргэд шүүгчдэд бухимдаж эхэлж байна.
Тиймээс Шүүх байгуулах хуулийн шинэчилсэн найруулга маш чухал. Нэмээд авлигатай тэмцэх бодлогынхоо хүрээнд дагнасан шүүх байгуулах тухай асуудал яригдаад эхэллээ. Энэ хуульд “Авлигын дагнасан шүүх байгуулна” гэж орж ирээгүй. Дагалдах хууль тогтоомжуудад УИХ-аас тогтоол гаргах санал орж ирнэ. Тэр нь Авлигын дагнасан шүүх байгуулах тухай судалгааг УИХ-аас Засгийн газарт өгөх гээд байгаа байхгүй юу. Ийм агуулгаар орж ирнэ.
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга бодлогын хувьд зөв учраас бид хэлэлцэнэ. Тэрнээс биш нэг асуудал эргэлзээтэй учраас бүхэлд нь зогсоож болохгүй. Тал талаасаа хэлэлцээд бүгд байр сууриа илэрхийлнэ. Мэдээж эмзэглэж, болгоомжилж байгаа гишүүд бий. Хэлэлцүүлгийн явцад л хөндөгдөнө шүү дээ.
-Та шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс дагнасан шүүх байгуулах нь зөв гэдэгтэй ижил утгыг илэрхийллээ. Анхан шатны шүүхийн эрх мэдлийг алга болгох байдлаар давж заалдах шатны шүүхэд, давж заалдах шатны шүүхийнхийг УДШ-д гэхчлэн хэдхэн шүүгчид төвлөрүүлэх юм биш үү?
-Энэ бол авлигын дагнасан шүүх байгуулахтай холбоотойгоор яалт ч үгүй гарч ирэх, хөндөгдөх асуудал. Авлигын хэргийг давж заалдах шатны шүүхээс эхлүүлэхээр хэлэлцүүлгийн процесс богиносоно. Би үүн дээр “Хүний эрхийн ноцтой зөрчил гарах юм биш биз дээ” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Энэ улсад гэмт хэрэгтэн ч хүний эрхээ эдлэх ёстой. Сайн хүн, муу хүн байхаас үл хамааран салшгүй эрхийнх нь тухай бид ярих учиртай. Шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх эрх гэдэг чинь хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдчихсан заавал биелүүлэх ёстой Монгол улсын үүрэг. Энэ асуудал жишээлбэл эргэлзээ дагуулах юм биш биз дээ. Энэ үүднээс ХЭҮК-ийн санал дүгнэлт авсан уу, хүний эрх зөрчигдөхөөр байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нээлттэй яриад явах учиртай. Нэлээн олон гишүүн энэ талаар хөндөөд байна.
-Ардчилалгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, эдийн засгийн хувьд сул дорой, хууль гэхээсээ илүү хувь хүн, бүлэг засагладаг 20 гаруйхан улс ийм төрлийн шүүхтэй гэгдэж байна. Гэтэл цөөхөн хүн амтай манай улсад ийм шүүх байгуулахаар яригдаж байгаа нь өөрөө ноцтой асуудал юм биш үү. Энэ талын судалгааг хийчихсэн үү, эсвэл хийж эхлээгүй байгаа гэсэн үг үү?
-“Тогтоолын төсөл судалж оруулж ирэх” гэдгийг анхаарах хэрэгтэй. Тогтоол батлагдвал Засгийн газар саналаа судалж оруулж ирнэ гэсэн үг. Миний судалж мэдснээр авлигын дагнасан шүүхтэй 27 улс байна. Надад өгсөн мэдээллийн өөр эх сурвалжид 50 гаруй улс байна. Гэхдээ 27, 50 аль нь ч бай НҮБ-ын 193 орны цөөнх нь байгаа биз. Тэгэхээр бид бодож үзэх хэрэгтэй. Европын бараг ихэнх оронд байхгүй юм билээ. Миний мэдэхийн Словакт байдаг. Энэ үүднээс нь дэнсэлж үзэх, судлах шаардлага бий. Гэхдээ асуудал бий юу гэвэл бий, судалж үзэх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нэг талд гарсан хариултаа л өгөх ёстой байх л даа.
-Шинээр шүүх байгуулах нь бус шүүхийн үе шатыг цөөлөх гэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж магадгүй-

-Дараагийн нэг анхаарал татах асуудал нь Үндсэн хуулийн 48.1 дэхь “шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно” гэх заалтыг зөрчиж мэдэхээр. Магадгүй ҮХЦ-ийн энэ талын маргаан ч үүсэхээр байна шүү дээ?
-Бид гэр бүл, хүүхдийн асуудлаар шүүх байгуулна гээд яриад эхэлчихсэн. Тэгэхээр Үндсэн хууль зөрчих асуудал гарахгүй. Байдаг л асуудал. Иргэн ч үүн дээр маргаан хөндөж болзошгүй. Энэ олон иргэдийн өмнөөс би ярьж мэдэхгүй байна. Хуульчид ч соргогоор харж байгаа байх.
Харин шүүхийн үе шатыг цөөлөх гэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж магадгүй. Эрхзүйн үүднээс нь зөв үү, буруу юу гэдгийг нь харах л ёстой. Онц ноцтой гэмт хэргийг давж заалдах шатнаас шүүж эхлэх практик байна л даа. Гэхдээ үүнийг хүний эрх талаас нь мадаггүй авч үзэх хэрэгтэй.
ВИДЕО:
-УИХ-ын сонгууль болоход зургаахан сар үлдээд байна. Үүнээс өмнө шуурхайлаад тодорхой хэргүүд дээр л намнах хэрэгсэл болгоод ашиглах вий гэсэн болгоомжлол бас явж эхэлснийг анзаарсан болов уу. Тухайлбал, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн 49 хувийнхан, нүүрсний гэх хэргийн Б.Ганхуяг, Т.Бадамжунай нарын шүүх хурал дээр махны машин явагдах?
-Монгол ардчилсан улс учраас сөрөг хүчинд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байна. Тийм болоод л тэд нар хэлж байна. Жишээлбэл, “Та нар сөрөг хүчнээ ингэх юм биш биз дээ”. Энэ зүй ёсны асуулт. Үгээ хэлэх эрх чөлөө чинь нээлттэй байж иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож байж шийдвэр гаргана. Одоо дөнгөж судлах тухай л асуудал яригдаж байна шүү дээ. Сая Хууль зүйн байнгын хорооны хурал дээр би “Авлигын шүүх гэж байгуулаад тэр чинь харин авлигажих юм биш биз дээ. Авлигын шүүх авлигжихгүй гэдэг баталгаа хаана байгаа юм” гэж асуулаа. Энэ асуудлыг хөндөж байгаа юм. Угаасаа шүүх авлигажлаа гэж яриад байна. Авлигын гэдэг үг нэмээд өгөхөөр баталгаа болно гэсэн биш шүү дээ.
Бүх шатны шүүхээр оруулбал нийт шүүх бүрэлдэхүүнийг авлигачид худалдаад, онилоод авах хэцүү. Хэн дээр нь ч асуудал очиж болзошгүй. Харин авлигын шүүх гэж байгуулбал тодорхой хэдхэн шүүгч ажиллана. Тэдэнтэй танилц гэдэг чиглэл өгч байгаа хэрэг юм биш үү. Ийм эрсдэл байх уу. Энэ чинь “юу гэж тэгэхэв дээ” гэдэг асуудал биш байхгүй юу. Авлигачид хүний сэтгэхгүйг сэтгэнэ. Бусдыг мэдээгүй, бодоогүй байхад гарц, гаргалгаа гаргаад ажиллаж эхэлнэ. Энэ мэтчилэн асуудлууд байгаа. Бид сайн бодож л ярих учиртай. Сөрөг хүчний тавиад байгаа асуудал зөв шүү дээ.
-Бас нэг болгоомжлол. Авлигын шүүх байгуулсанаар УДШ-ийн шүүгчдийг үе үеийн ерөнхийлөгчид томилдог ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрөх юм биш биз дээ?
-Гайгүй байх. Яагаад гэвэл шүүгчдийг томилох процесс өөрөө олон үе шаттай болчихсон. Хэлэлцүүлэгтэй, олон нийтийн оролцоотой явдаг зүйл. Тиймээс Ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрнө гэсэн болгоомжлол харьцангуй гайгүй гэж бодож байна.
-27 саяар торгуулаад хууль завшаад байгаа цонхнуудыг аль болох хаах гээд л явна шүү дээ-

-Энэ сард “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр нар авлигын хэргээр 27 саяар торгуулсан. Шүүх байгуулна гэхийн оронд толгойг нь илээд байгаа хуулийн заалтын цоорхойгоо янзлах тухай танай намынхан ярьсан уу?
-Шүүгч хуулиа барьж шийдвэрлэж байна. Шийдвэрлэхэд сонголт хийх боломж нь байгаад байна. Тэгэхээр асуудал хуульдаа ч бий. Мэдээж бид хуулиа чангатгах учиртай. Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн авлигын хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох уртасгах, эсхүл ялынх нь хэмжээг 20 жил болгож өгсөн. Би өөрөө ажлын хэсэгт нь багтаж, ноднин өвөл өдөр шөнөгүй сууж байж ярьж батлаа биз дээ. Засгийн газрын барьж буй бодлого ч 27 саяар торгуулаад өнгөрөөд байгаатай эвлэрэхгүй. Хуулийг ч, ялыг ч чангална гэдэг бодлого явуулж байна. УИХ ч дэмжиж өгөөд яаралтай баталсан. Дахиад ч анхаарах асуудал үлдсэн байна. Гэмт хэргийн хохирлын хэмжээнээс хамаараад ялын бодлого өөр, өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ завших боломжийг олгосон цонх л үлдээж болохгүй.
-Тэр цонхыг хэзээ янзлах юм бэ?
-Шүүх байгуулах хууль дээр олон гишүүд үүнийг ярих шинжтэй байна. Ардчилсан намынхан ч ярихаар байна. Энэ цонхнуудыг аль болох хаах гээд л явна шүү дээ.
-Хуулийн цоорхойноос гадна хуулийн байгууллагуудынхаа чадавхыг бодлогоор ярих цаг болчихсон. Энэ тухай хөндөж байгаа УИХ-ын гишүүн байна уу?
-Тэгэлгүй яахав. Сая Хууль зүйн сайд ч ярьж байна. “Ялангуяа бизнес эрх зүй, арилжааны харилцаануудыг зохицуулах хуулиуд дээр хоцрогдчихож” гээд яриад сууж байна. Мэдээж хэрэг шүүгчдээ боловсруулах, чадавхжуулах, мэдлэгшүүлэх сургалтууд явуулах гарцаагүй шаардлага бий. Би сая АНУ-ын хуулийн, тусгай байгууллагуудын хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон. Үүн дээр ярьсан гол асуудлуудын нэг нь “хуулийнхнаа чадавхжуулмаар байна” гэх яриа.
-Эрх баригч намыг хэт улайрч байна гэж бодохгүй байна-

-Таны ярианаас шүүхийн ачааллыг бууруулахад авлигын дагнасан шүүх хэрэгтэй гэх утга сонсогдсон. Эрх баригч нам Авлигын дагнасан шүүх байгуулахаар хэт улайраад эхэлчихсэн юм биш үү. Энэ долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх гэж байна?
-Би тэгж бодохгүй байна. ХЗБХ-г даргалж байгаагийн хувьд өмнө нь УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байсан. Гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр л хандах ёстой гэж бодож байна. Түүнээс биш нэг дарга хүрч ирээд хүчээр зангидаад л, хайрцаглаад байсан зүйлгүй. Ингэж болох ч сэдэв биш. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л хандах учиртай.
Ардчиллын тогтолцооны хамгийн гол зүйл эрх мэдэл хуваарилалт. Шүүх байгууллага гэдэг чинь хараат бус гол тулгуур гурван баганын нэг. Үүний асуудал хэлэлцэж байхад гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг баримтлах, илэрхийлэх учиртай. Түүнийг нь бас хүндэтгэж үзэх ёстой.
-Өнөөдрийн ХЗБХ-ны хурал дээр гишүүдийн хандлага ямар байна. Ихэвчлэн ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Янз бүр шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ талаар өмнөх өдөр нь хүргэсэн сөрөг хүчний байр суурь болох Х.Тэмүүжин: Авлигын шүүх байгуулах нь “Ах аа намайг бодоорой” гээд Ерөнхийлөгчид хонгил бэлэглэхтэй ижил ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ талаарх Хуулийн тайлбар: 2025 он хүртэл авлигын хэргийг хоёр шаттай шүүхээр тусгажээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ талаарх Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ төслийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгачид хулгайчууд л эсэргүүцэж байгаа байгуулах нь зөв
Өөрт нь х�##�тай болохоор ингэж байгаа юм. Ер нь хэн эсэргүүцэх нь ойлгомжтой, тэднийг бүү тоо. Ха�##�гаар нь орох хүмүүс ха�##�т боолт хийнэ. Сан�##� хура�##�таар мэдэгдэнэ. Сан�##�ыг нийтэд харуулах хэрэгтэй. Энэ хуулийг хэлэлцэх хур�##�дайг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж үзүүл
Тэмүүжин Элбэгдоржийг өмгөөлөөд Авилгын шүүхийг их эсэргүүцэж байгаа.