Нийгэм мэдээ

Хорих ялыг давж заалдан торгууль болгосон Сингапур иргэний хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Монгол эмэгтэйчүүдийг хил давуулж худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэн, 64 настай Loh Sien Chi-г 2022 оны аравдугаар сарын 29-нд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас дайчлан баривчилсан байдаг.

Тэрбээр 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк, инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Сануулахад "64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Сингапур Улсын иргэн нь дээрх охид эмэгтэйчүүдийг Монгол Улсаас нэг сарын хугацаатай визгүй зорчдог орнууд болох Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч эмэгтэйчүүд нь 1993-1984 оны эмэгтэйчүүд байгаа" хэмээн албаны хүмүүс мэдээлж байсан билээ.

Тус хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 19-ний өдөр болж Loh Sien Chi гэгчид Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил гурван сарын хугацаатай хорих ял оноожээ. Уг хэрэг нь хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хурал хаалттай явагдсан.

Гэвч Loh Sien Chi анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд хандсан байна.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Ингээд улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүний эрхийг уландаа гишгэсэн муу новшид тултал нь ял өгөх хэрэгтэй

ZZOCHIN
ZZOCHIN

AVILGAL UGUUD L GARAA BIZDEE....HUULIGUI MONGOL.

Холбоотой мэдээ

Back to top button