НИЙГЭМНийгэм мэдээ

ШУА-ийн ажилтан Х.Амантай: Монгол, казахын оршуулгын зан үйлд ижил зүйл их байна

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрдэмтэн шинжилгээний ажилтан Х.Амантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн төв номын санд болсон "Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал-Орчин үе, чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний долоодугаар хуралд илтгэгчээр оролцсон юм.

Видео:

-Та "Монголын казахуудын оршуулгын зан үйл: Уламжлал ба орчин үе" сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийнхээ тухай?

-Казахуудын оршуулгын зан үйлийг судалсан ажил хийсэн. Монголын казахуудын нүүдэлчин соёл болон шашин зэрэг нь оршуулгын зан үйлтэй холбогддог. Казах нүүдэлчин хүмүүс шүү дээ. Эрт үеэс өвгөд, ахмадууд нас эцэслэсэн хүнийг хаана оршуулах эсэхийг шийддэг байж. Одоо ч энэ нь хэвээрээ байгаа. Ингэхдээ мэдээж өөрсдийн өвөлжөө, хаваржаанаас хол зайд оршуулдаг ийм уламжлалтай явсаар ирж.

-Орчин үед энэ хэрхэн өөрчлөгдсөн юм. Уламжлалаасаа хэр холдсон гэж хэлэх вэ?

-Эртний уламжлалаас бол өөрчлөгдсөн зүйл гэвэл бараг үгүй. Гэхдээ сүүлийн үед өвөг эцгийг нь оршуулсан газар үр хүүхдийг нь хамт оршуулдаг болсон. Бусдаар бол хэвээрээ байгаа гэж хэлнэ.

-Казахын оршуулгын газрын асуудал хурцаар яригдсан. Олны анхаарлыг их татаж "гал" авсан. Үүний шалтгаан нь юу юм бол?

-Сүүлд үүссэн асуудал бол талууд нэгнийхээ соёл, уламжлалыг мэдэхгүй учраас гарсан гэж харж байна. Тиймээс харилцан нэгнээ ойлгож, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бэлчээр ойр орчимд нь оршуулга босгодог, эмх замбараагүй гэсэн асуудал үүссэн. Казах Монголын оршуулгын зан үйлд адил зүйл олон байна. Ялгаатай зүйл цөөхөн харагдлаа. Мэдээж оршуулгыг өөрсдийн бэлчээрээс хол, зайдуу газарт босгоно. Бунхан бол эрт үеэс байсан. Өндөр хэргэм зэрэгтэй хүн том бунхан барьдаг гэх мэт түүх бий. Казахууд оршуулга хүн хөл, малаас хол зайд байршуулна ингэхдээ ус хүрэхийг маш их цээрлэдэг. Тиймээс аль болох өндөр газар сонгодог. Газрыг бол бас эцэслэсэн хүн өөрөө гэрээсэлж хэлээгүй бол ахмад настнууд сонгох учиртай байдаг.

-Хашаа босгоод байдаг нь ямар учиртай юм бэ?

-Оршуулга хамгаалж байгаа нэг хэлбэр. Хашаа барихгүй бол мал орж сүйтгэх асуудал байдаг шүү дээ. Үүнээс сэргийлж хашаа барьдаг. Баян-Өлгийн нутагт мод байхгүй учраас байгаа чулуугаараа хашаа барьж таардаг.

-Эмх замбараагүй гэх асуудал гарсан. Өлгий хотод гэхэд л гурван оршуулгын газар нийлчихсэн байдаг шүү дээ. Үүнийг цаашдаа хэрхэн шийдэх ёстой юм бол?

-Цаг хугацааны явцад хот нь томорч тэлээд нийлсэн. Анхнаасаа төлөвлөлт муу байсны хор шүү дээ. Хөдөөгөөр ч гэсэн үүнтэй холбоотой асуудал үүссэн. Тиймээс оршуулгын газрыг цэгцлэхээр хууль боловсруулж өргөн барихаар яригдаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Тал талын төлөөллүүд цуглаж шинжлэх ухааны үндэслэлтэй цэгцлэх асуудал яригдлаа.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button