НийгмийнЭнтертайнментЯрилцлага

О.Гэрэлсүх: Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ үзэгчдэд хайрлагдаж бас үзэн ядагддаг юм билээ

“Ларьдма”, “Тютю”, “Төлөөс” зэрэг олон бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлийг баясгаж, дүр бүрээ амилуулж чаддаг чадварлаг жүжигчин О.Гэрэлсүхтэй ярилцлаа.

-ААВЫГАА Л БОДОЖ, АЧИЙГ НЬ САНАЖ ЭНЭ КИНОНД ТОГЛОСОН-

-“Төлөөс” уран сайхны киноны нээлт болж өнгөрсөн. Таны хувьд өмнө нь тоглож байсан бүтээлүүдээсээ тэс өөр дүр бүтээсэн байсан?

-Уран бүтээл дээр ажиллах болсон нэг шалтгаан нь өнөөгийн нийгэмд эцэг хүний үүргийн тухай зөв мессежийг өгсөн, түгээсэн уран бүтээл их хомс. Эхийн тухай дуу, уран бүтээлүүд л олон байдаг. Гэтэл амьдрал дээр эцэг хүний үүрэг, орон зай их чухал нөлөөтэй. Тиймээс энэ уран бүтээл дээр нэгэн сайхан эцгийн дүр дээр ажиллалаа.

Би аавынхаа ачийг үргэлж бодож явдаг юм. Аавдаа маш их хайртай. Тиймээс ч  аавыгаа бодож энэ кинонд тоглосон. Аав маань намайг бага байхад “Миний хүү хэнээс гарсан билээ. Ааваасаа юу ээжээсээ юу” гэж асуудаг байлаа. Тэгэхээр нь би бодож, бодож байснаа “Ааваасаа гарсан. Ээжээсээ төрсөн” гэж хэлсэн. Тэгэхэд аав, ээж маань хоёулаа инээгээд “Ёстой зөв, миний хүү” гээд хэн хэн нь хүссэн хариултаа авч, сэтгэл нь ханасан бололтой инээмсэглэж билээ.

Тухайн үед миний хэлсэн үгийг аав маань надад үргэлж хэлж, сануулдаг байсан. “Гэр бүлийн амьдрал хоёр хүний хайр сэтгэлээс үүсдэг. Амьдралд эцэг хүн үр хүүхдээ үүсгэж, гэр бүлээ тэжээдэг бол эх нь төрүүлж, өсгөдөг юм” хэмээн захиж, ойлгуулсан даа. Бүрнээгийн энэ дүр яг л аавын маань сургаалтай ижил эцэг хүний хариуцлага, нөмөр нөөлгийг харуулдаг. Киноны нэр ч үйл явдалтайгаа нягт уялдсан, продюсерын зорьсон санааг гаргасан уран бүтээл болсон гэж боддог.

-Тухайн уран бүтээлтэй хэрхэн холбогдох болсон бэ?

-Тус киноны продюсер Д.Хүрэлхүү анх надтай холбогдсон юм. Та бүхний мэдэж байгаачлан, Хүрлээ маань хошин урлагийн жүжигчин. Түүнчлэн СУИС-д миний дээд үед суралцаж байлаа. Харин би сургуулиа төгсөөд, драмын театрт сонгодог урлагийн төрлөөр ажилласан.

Өнгөрсөн хугацаанд хоёул уран бүтээлээ туурвиж байсан ч, ер нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаж үзээгүй юм билээ. Д. Хүрэлхүү надтай уулзаад “Нэг сайхан эцэг хүний амьдрал, үр хүүхэд, хариуцлагын тухай уран бүтээл хийх гэж байгаа юм. Чи тоглох уу” гээд ярьсан. Ингээд л ямар ч байсан хамтран ажиллахаар тохиролцсон. Гэхдээ бид кофе шопод уулзаад, их товчхон ярилцсан л даа. Анх инээдмийн кино хийх нь л гэж бодсон. Тиймээс инээдмийн киноны нэг хэсэгт нь “Эцэг хүний дүр гаргах юм байна даа” гэх төсөөлөлтэй байлаа.

Зураг авалт ч эхлэв. Ингээд зураг авалтын дундуур нэг ч инээдмийн, хөгжилтэй үйл явдал гардаггүй. Оролцон тоглож байгаа уран бүтээлчдийг нь харахад дандаа л хошин урлагийн жүжигчид байгаад байдаг. Тэгээд би гайхаад найруулагчаасаа “Энэ кино инээдмийн кино биш юм уу” гээд асуулаа.“Манай кино чинь драма төрлийн кино шүү дээ” л гэж байна. Ингэж л зохиолтойгоо танилцаж байлаа.

Нөгөөтэйгүүр би ойрд эерэг дүрд тоглосонгүй. Дээр үед бол “Ромео, Жулльета” жүжгийн Ромео, “Хайрын эрэл” киноны Бадрал, “Гэр” олон ангит киноны Тулга гээд л дүрүүдийг бүтээсэн. Харин сүүлийн үед эерэг гэхээс илүү сөрөг уран бүтээлүүд дээр их ажилласан болохоор эерэг дүрд тоглоход их сайхан байлаа.

-Инээдмийн уран бүтээлд тоглох сонирхол танд байдаг гэж ойлгож болох уу.

-Болно, болно. Би найруулагч Ц.Хүсэлбаатарын “Сая долларын олз” инээдэм, адал явдал хосолсон кинонд компанийн захирал Болд-Уул, “Өндгөн толгойт” кинонд ч мөн оролцон тоглосон. Ер нь кино бүр өөр өөрийн зорилготой байдаг л даа. Инээдмийн өнгө аястай, хөнгөхөн, зугаатай кинонууд ч мөн гоё шүү дээ. Бас л үзэгчдийн эрэлт, хэрэгцээ юм.

-Та ер нь хэр сайн эцэг вэ?

-Би өөрийгөө дүгнэж мэдэхгүй. Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү маань Монголд Уул уурхайн инженерээр, Америкт Онгоцны нисгэгчээр төгссөн. Ажилд ороход бэлэн болоод байна. Харин охин маань оюутан, Сэтгэл зүйчээр суралцдаг. Бага хүү маань бага ангийн сурагч. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгож, өсгөж өндийлгөхөд л анхаарч явна.

Ер нь хүнд “Би сайн аав, ээж шүү” гэж бодох шаардлага байхгүй. Хамгийн гол нь үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж, боловсролтой ажил амьдралтай болгох нь чухал гэж боддог. Хүүхдүүдээ нийгэмд тустай, хүмүүжилтэй, амьдралаа аваад явах ноён нуруутай болгох нь эцэг, эхийн эрхэм үүрэг юм.

-ГЭР БҮЛИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ ОЛОН НИЙТЭД ИЛ БАЙЛГАХЫГ ХҮСДЭГГҮЙ-

-Урлагийн хүнийхээ хувьд хүүхдүүддээ ажил мэргэжлээ өвлүүлье гэж бодож байв уу?

-Манай хүүхдүүд өөрсдийнхөө сонирхлоор л явж байгаа. Намайг дуурайгаад урлагийн чиглэлээр явбал явах л байсан. Яах вэ, манай охин өөрийн мэргэжлээр сурахын сацуу, моделиор ажилладаг. Хүүхэд байхаасаа л загварын том том уралдаан тэмцээнд оролцож, реклам зар сурталчилгаанд тоглоод мэргэжлийн түвшинд ажиллаж байна.

-Таны хувийн амьдрал хэвлэлд их хаалттай байдаг. Гэр бүлээрээ ажлын бус цагаар юу хийдэг нь сонирхол татаж байна?

-Амралтын өдрүүдийг аль болох гэртээ л өнгөрүүлэхийг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ тоглоом тоглох, хүүхэд юу сонирхож байна, ном унших, үлгэр ярих гэх мэт сурч боловсорч байх үеийг нь бүтээмжтэй өнгөрүүлэхийг зорьдог доо. Манай гэр бүл ийм, тийм гэж олон нийтэд далан булчирхайгаа тоочоод байхыг хүсдэггүй. Энгийн л нэгэн гэр бүл.

-РОМЕО ХОР УУГААД ҮХЭТХИЙН УНАДАГ ХЭСЭГТ ХҮҮ МААНЬ ТАЙЗ РУУ “ААВ АА” ГЭЭД МАШ ЧАНГААР ХАШХИРСАН-

-Уран бүтээлч хүн бүрт нэг тийм сайхан түүхүүд байдаг шүү дээ. Танд тийм зүйл тохиолдож байв уу?

-Том хүү маань 1997 онд төрж байлаа. Тухайн үед театрт Ромеогийн дүрд тоглодог байсан. Ромеогийн дүрд 1996-2003 оны хооронд буюу долоон жилийн турш тоглосон байдаг юм. Хүү маань гурван настай байхдаа ээжтэйгээ хамт “Ромео Жульетта” жүжгийг анх удаа үзэв ээ. Жаахан хүүхэд учир доод суудалд суугаад үзвэл уйлаад хүмүүст саад болох болов уу гээд дээд давхарт суулгасан юм.

Ингээд жүжгийн төгсгөлд, Ромео хайртай бүсгүйгээ хор уугаад үхсэнийг мэдээд, өөрөө араас нь хор уугаад үхэтхийн унадаг хэсэгт хүү маань ээжийнхээ өвөр дээр суугаад үзэж байхдаа “Аав аа” гээд тайз руу маш чанга хашхирсан. Тэгэхэд бүх үзэгчид дээшээ хараад “Эхнэр хүүхэд нь үзэж байгаа юм байна. Хүү нь юм байна” гэж ойлгоод инээлдээд явчихсан. Тэр их сайхан дурсамжуудын маань нэг л дээ. Хүү маань аавыгаа үхчихлээ л гэж бодоод их айсан байх.

-Таныг их олон бүтээл дээр сайнаас эхлүүлээд саар дүрээр харж байлаа. Найруулагчаас ирж буй дүрд шүүлтүүр, цензуртэй ханддаг уу?

-Аливаа жүжигчинд дүрийн бодлого гэж байдаг. Нэгдүгээрт өөрийнхөө чадах дүрд тоглох хэрэгтэй. Иймд өөрийнхөө чадахгүй, аль эсвэл тохирохгүй дүрийг мэддэг байх ёстой. Хоёрдугаарт тухайн уран бүтээлийг хийж байгаа баг, хамт олонтойгоо уялдаатай ажилладаг байх нь чухал. Гуравдугаарт хамтран тоглож буй жүжигчидтэйгээ ойлголцож, гар нийлж ажиллах хэрэгтэй. Жишээ нь миний охин, эхнэрийн дүрд хэн тоглох нь “хармони” буюу тухайн уран бүтээлийн тохирол юм л даа. Уран бүтээл амжилттай болох, эсэхийг тухайн уран бүтээлчид, дүрийн сонголт, багаараа шийддэг гэж хэлж болно.

Тиймээс хамтран ажиллах уран бүтээлчдээ хардаг, тухайн дүр нь хүнд хэрэгтэй байхад анхаардаг байх ёстой. Зүйрлэвэл, талхтай адил байх нь чухал. Хүнд оюуны талх байгаад ямарваа нэгэн зүйлийг эерэг, сөргөөр ч үзүүлж болно. Гэвч жүжигчин хүн амьдралын нэгэн дүр зургийг уран бүтээлээрээ, бүтээж буй дүрээрээ дамжуулан үзэгчдэд хүргэдэг. Тэр үүднээс киноны дүрүүдэд шүүлтүүртэй, цензуртэй хандахыг хичээдэг.

-ЖҮЖИГЧИН ХҮН БҮТЭЭСЭН ДҮРЭЭРЭЭ ҮЗЭГЧДЭД ХАЙРЛАГДАЖ БАС ҮЗЭН ЯДАГДДАГ ЮМ БИЛЭЭ-

-Жүжигчин хүн бүрд бүтээж үзэхийг хүсдэг дүр байдаг болов уу. Танд тийм дүр байдаг уу?

-Түүхэн дүр юм уу даа. Бид түүхээ маш сайн мэддэг, судалдаг байх хэрэгтэй. Ю.Цэдэнбал даргын амьдралаар сэдэвлэж хийсэн “Түүх мартахгүй” хоёр ангит уран бүтээлд би Улс төрийн товчооны гишүүн Д.Төмөр-Очирын дүрийг бүтээсэн. Дүрийн маань хүн тухайн үед хэлмэгдэж, улс төрийн аллагад өртсөн бодит хүн юм.

Одоо Өгөөдэй хааны тавдугаар хүү Хашийн хүү Хайду хааны дүр дээр ажиллаж байна. Түүхэн зохиол, жүжиг, кинонд оролцож, түүнийг үзэгчдэд таниулах, харуулах юм сан, тухайн уран бүтээлүүд дээр ажиллаж хүчээ сорих юм сан гэж боддог. Мөн яах аргагүй “Төлөөс” уран сайхны киноны Бүрнээгийн дүр миний бүтээхийг хүсдэг байсан дүрүүдийн маань нэг байлаа. Нэг сайхан эцэг хүний мөн чанар, сэтгэлийг харуулахыг дотроо бодож явсан л даа.

-“Ларьдма” уран сайхны киноны Батсуурь, ТюТю-ийн Чүлтэм зэрэг таны бүтээсэн сөрөг дүрүүд, бодит амьдрал дээрх хувь хүнтэй тань хэр зөрчилддөг вэ. Дүрээ гаргах, бэлтгэл сургуулилт хийх үеийн сэтгэл зүй тань сонирхол татаж байна?

-Эерэг, сөрөг дүрүүдийг бүтээнэ гэж ярьдаг. Хүний дотор угаасаа тэдгээр чанарууд сүлэлдэж оршдог л доо. Өөрөөр хэлбэл, бурхан, буг чөтгөрийн аль аль нь бидний дотор оршин байдаг. Түүнээс л тухайн дүрийн өөрт байгаа чанар, төрх байдал, судалсан судалгаа, бусад ном зохиолоос харьцуулсан баатрууд, түүнээс алийг нь гаргах вэ, уран бүтээлчдийн аль тал руу хөгжүүлэхээс тэр бүх зүйл хамаардаг.

Амьдралд сайн, муу чанарууд аль аль нь байдаг шүү дээ. Хүмүүс надаас “Та Ларьдмагийн Батсуурь шиг үү, аль эсвэл “Төлөөс” киноны Бүрнээ шиг үү” гэж асуух гээд байдаг. Үзэгчид бол тухайн дүрийг шууд л хүлээгээд авчихдаг. Тиймээс “Би яг тэр юм аа” гэж шууд хэлж чадахгүй нь.

-Бүтээсэн дүрээрээ үзэн ядагдаж, хайрлагдана гэдэг нь дүрдээ сайн ажилласны илрэл юм болов уу. Бүтээсэн дүрээрээ үзэгчдэд үзэн ядагдах нь амьдралд тань нөлөөлдөг үү?

-Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ үзэгчдэд хайрлагдаж бас үзэн ядагддаг юм билээ. Би анхандаа тэгж боддоггүй байлаа. Энд тэнд явж байхад намайг Ларьдмагийн дүрээр харах нь их. Шууд харангуутаа айж ичих, зугтах, тааламжгүй харьцах зүйлүүд гарч л байдаг. Хүн яг өөрийн эрхгүй л тэгж ханддаг юм билээ. Би зарим хүнд “Энэ чинь ердөө киноны дүр шүү дээ” гэж хэлж байсан удаатай. Гэхдээ үзэгчид тухайн жүжигчнийг бүтээсэн дүрээр нь л хүлээгээд авчихдаг. Дүрээсээ л болно. Сайн сайхан дүрийг маань үзсэн хүмүүс хүндэтгээд харьцахаар сайхан байдаг.

Үзэн ядагдаад байгаа нь тухайн дүрд би сайн, муу ажилласандаа биш тухайн кино, жүжгийн хамт олон маань багаараа л зөв ажилласны үр дүн юм. Түүнээс зөвхөн би л сайн тоглосондоо тухайн дүр маань хүнд хүрээд байгаа зүйл биш юм. Дүрээ хүмүүст хүргэхийн тулд хамтран ажиллаж буй дүрүүдийн харилцаа, илэрхийлэмж, найруулагчийн зөвлөгөөг сонсож, дагах нь чухал байдаг. Үзэгчдийн хувьд дүрээ хэрхэн хүлээн авах нь тэдний өөрсдийнх эрх шүү дээ. Үзэгч бол үзэгч. Бүгд л тухайн жүжигчин гэхээс илүү дүрээр нь ярьж, хүлээн авдаг.

-ХАМГИЙН АНХНЫ КИНОНЫ ДҮР МААНЬ Л ИХ ХЭЦҮҮ БАЙСАН-

-Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн их судалгаа хийж, цаг зав гаргаж, өөрийг тань сорьсон дүр аль нь байв?

-Би тайз, киноны аль алин дээр нь л ажилладаг. Хамгийн хэцүү, сорилттой байсан дүр гэвэл, 1996 онд тавигдсан “Ромео, Жульетта” жүжгийг хэлнэ. Ромеогийн дүрийг гаргахын тулд тухайн үед дөрвөн сарын турш бэлтгэл хийж байсан. Тухайн дүр маань миний анхны бөгөөд анхны гол дүр байсан. Тиймээс маш хүнд, сорилттой тулгарч байлаа. Түүний дараагийн уран бүтээл бол Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй” жүжгийн гол дүр Дорлиг эмчийн дүр байсан.

Тайзнаас 20 гаруй жил завсарласны дараа дахин гарсан учир дүрийн судалгаа их шаардсан л даа. Тухайн зохиол маань Монголын сор болсон сонгодог зохиолуудын нэг шүү дээ. Мөн найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Анна Каренина” жүжгийн Алексей Вронский дүрийн нөгөө хувилбарт тоглох гэж байгаа. Одоо тус дүрд манай залуу жүжигчин Т.Сэргэлэн тоглож байгаа. Миний хувьд удахгүй жүжигт тоглох учир судалгаа их хийж байна.

Эргэн дурсахад, хамгийн анхны киноны дүр маань л их хэцүү байсан. 1987 онд 14 насандаа найруулагч Х.Дамдины “Амьдралын нахиа” кинонд хүү Эрдэнийн дүрд тоглосон. Тухайн кино маань өөрөө нийгмийн тулгамдсан асуудал, гэр бүл салалт, архидалт зэрэг хүнд сэдвийг хөнддөг. Тиймээс миний сэтгэлзүйд их хүндээр туссан. Хүнд хүнд зураг авалтууд дунд би шантарч, зугтах үеүд олон байсан л даа. Зугтчихдаг байсан учраас найруулагч маань сургуулийн гадаа ирчихсэн тосоод зогсдог байлаа.

Нэг удаа сургуулийн гадаа кино үйлдвэрийн машин ирчихсэн байхаар нь би хонх дуугарахтай зэрэгцээд хүүхдүүд шаагилдаад гүйхэд, олон хүүхдийн дунд ороод зугтаалаа.  Тэгэхэд найруулагч цүнхнээс өлгөөд бариад авдаг юм. Хөл газарт хүрэхгүй байгаа хэр нь зугатааж чаддаггүй. Тэгэхэд найруулагч “Чи хаачих нь вэ, одоо ингээд хоёулаа зургандаа явна аа” л гэж байна. Ингээд дахиад нөгөө зургийн талбайд авчрав. Найруулагч надад “Одоо аав чинь согтуу орж ирээд ээжид чинь агсам тавьж, зодно. Чи уйлна шүү мэдэв уу” гэдэг юм. Би ч “Ямар хэцүү юм бэ, энэ киноноос больж болдоггүй юм байх даа” гэж боддог байлаа. Тэгэж л анх кинонд тоглож байсан. Тухайн үед маш хүнд байсан.

Түүнчлэн “Хайрын эрэлд”, “Наран мандах нутаг” гээд миний зохиолч, найруулагчаар ажиллаж байсан кино, “Гэр, “Хөрш” гэх мэт 30-40 ангит олон ангит кинонууд байдаг. Олон ангит кино ч мөн жүжигчнээс багагүй цаг хугацаа, хөдөлмөрийг шаарддаг. Бүрэн хэмжээний киноноос “Ларьдма” их судалгаа шаардсан, хүнд сэдвийг хөндсөн, өгүүлсэн кино байсан. Хамгийн сүүлд, одоо яруу найрагч, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотулун гүнж”-ийн тухай кинонд тоглож байгаа. Жил жил дамнаж хийгдэх кино юм. Тухайн уран бүтээлд би Хотулун гүнжийн эцэг Өгөөдэй хааны ач Хайду хааны дүрийг бүтээж байгаа. Тухайн уран бүтээл нь түүхэн сэдэвтэй учраас бас л их судалгаа, цаг хугацаа шаардах нь лавтай.

-Улирал дамнан үргэлжлэх кино, хөдөөний зурганд явах үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-2012 онд “Наран мандах нутаг” киногоороо Сүхбаатар аймаг руу зурганд явсан. Монголын нийгмийн нэгэн аймгийн амьдрал, өнөөгийн байдлыг харуулсан уран бүтээл л дээ. Аймгийн өдөр тутмын аж амьдрал, бүтээн байгуулалт, малчин, тариачин, хилчин хүмүүсийн амьдралыг өгүүлдэг. Зураг авалт найман сар үргэлжилсэн. Ингээд найман сарын турш аймагт амьдарсан даа. Сүхбаатар аймгийн төв дээр болон бусад сумдаар зураг авалтаа хийсэн. Тэгэхэд бас л их хүнд, хөгжилтэй, сургамжтай сайхан мөчүүд өнгөрсөн.

Мөн 2017 онд ӨМӨЗО-ны Алшаа аймгийнхан Торгууд ван Лхаваанжав гэдэг кинонд тоглосон. Найруулагч Ж.Сэнгэдоржийн кино багийнхантай хамт Алшаа аймгийн нутаг дэвсгэр, говь цөлд бид хоёр сарын турш ажилласан. Тухайн кино Ковид-19-ын улмаас нээгдэхгүй байгаа. Тухайн үед бид говийн халуунд хүнд нөхцөлд олон сараар байрлаж ажилласан. Халууны улмаас зөвхөн өглөө үүрээр, оройн сэрүүнд зураг авалтаа хийж байлаа. Яг өдөр бол зураг авахад маш хүндрэлтэй. Говь цөлд морин дээр гарахад эмээлийн төмөр халсан, тайлаад тавьсан углааш элсэн дээр хайлж байлаа шүү дээ.

-Хүнд хэцүү зураг авалтын үеэр ядарч шантрахдаа, “Яагаад жүжигчин болов оо” гэж бодох мөчүүд байв уу. О.Гэрэлсүх жүжигчин болоогүй бол ямар хүн байх байсан бол?

-Жүжигчин болсон маань миний хүүхэд насны мөрөөдөл байсан юм. Арван жилд байхдаа Монголын хүүхдийн ордонд С.Даваахүү багшийнхаа драмын дугуйланд суралцаж байлаа. Надтай хамт найруулагч Н.Наранбаатар, жүжигчдээс Аглуу, Дооёо гээд олон хүмүүс суралцаж байсан. Дугуйлангаа төгсөөд СУИС-д орж төгссөн. Монгол кино үйлдвэр, Үндэсний радио телевизэд асент найруулагчаар ажиллаж байлаа. Харин одоо драмын театрт жүжигчнээрээ ажиллаж байна. Нэг хэсэг би театрт удирдах ажил хийж байлаа. 2014-2018 онуудад театрын орлогч буюу Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж маркетинг, уран бүтээлийн төлөвлөлтийн тал дээр ажиллаж байсан. Тиймээс үүнээс бэрхшээх, өөр зүйл хийе гэх эрх надад байхгүй. Гаднын уран бүтээлчидтэй ч мөн хамтарч ажиллаж байна.

Би Германд театр судлал, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж төгссөн  болохоор хувиараа телевизийн студи ажиллуулаад, гаднын киноны гүйцэтгэлүүд дээр зохион байгуулалт дээр хамтран ажилладаг л даа. Тэгэхээр энэ салбартаа ажиллахаас өөр аргагүй, цаашид ч уран бүтээлээ хийсээр байх болно. Надад шантрах эрх байхгүй. Хамгийн гол нь хүнд хэрэгтэй зүйлүүдийг л хийх хэрэгтэй. Манай Монголын театр, кино хөгжил харьцангуй өндөр, сайн хөгжсөн гэж боддог. Драмын жүжгээр л үзэхэд, манай улсын Драмын эрдмийн театр, Азийн нийслэл Бээжин, Токио, Сөүл хотуудыг бодоход сонгодог жүжгийн тавилтуудаараа алдартай байна шүү дээ.

Виллиам Шекспирийн долоон том сонгодог жүжгийг манай театр тавьсан. Кино салбар л гэхэд саяхан киночдын уулзалт зөвлөгөөн боллоо. Манайх жилд 40-50 уран сайхны кино гаргаж байна. Тэгэхэд Монгол хэлтэн дотроо ингэж олон кино үйлдвэрлэл явуулж байгаа газар байхгүй. Тэгэхээр дэлхий дээр байгаа монгол хэлээр ярьж буй хүмүүс үнэхээр л уран бүтээлээ, жүжиг киногоо хийж байна. Манайхан эхнээсээ л гадаад, дотоодод нэр хүндтэй наадмуудад шагнал  аваад эхэллээ. Иймд харьцангуй сайн хөгжиж байна аа л гэж бодож явдаг даа.

-ГУДАМЖААР ЯВЖ БАЙХАД ХҮМҮҮС “ХАЙРЫН ЭРЭЛ”-ИЙН  БАДРАЛ ЯВЖ БАЙНА ГЭДЭГ-

-Таны хувьд театр, уран сайхны болон олон ангит кинонд ажилладаг. Эдгээрээс аль нь танд сайхан мэдрэмжийг өгдөг вэ?

-Ер нь жүжигчин хүний хамгийн сайхан мэдрэмж бол театрт ажиллах шүү дээ. Театрт жүжигчидтэйгээ өөд өөдөөсөө хараад, хоорондоо харилцана. Жүжгийн харилцаа гэдэг нь үзэгч, жүжигчин хоёрын харилцаа юм. Найруулагчийн тавьсан тавилтын дагуу зохиолын утга, агуулгыг үзэгчдэд ойлгуулж байгаа хэрэг юм.

Жүжигт тоглох нь хамгийн сайхан мэдрэмж өгдөг. Төдий хэмжээгээр өндөр шаардлага тавигддаг юм. Кино ч бас сайхан шүү дээ. Уран бүтээлд ажиллах хугацаанд янз бүрийн баг, хамт олон бий болдог. Тухайн цаг үед хамт олон болоод ажиллана, өөрсдийгөө сорино гэдэг сайхан. Зөвхөн тайзан дээр бус хаана ч зураг авалтаа хийж болно. Өөр өөр орон зай, сэдвийг үзэгчдэд хүргэнэ гэдэг нь л сайхан даа.

-Театрын жүжигт тоглохдоо үгээ өөрийн болгох хүндрэлтэй байдаг уу?

-Театрын жүжиг бол өөрөө тогтмол сургалт, дэг жаягтай байдаг. Нэг жүжгийг босгоход багадаа гурван сарын хөдөлмөр шаарддаг. Жүжгийнхээ үг, текстийг суулгах, задална, утга учрыг ойлгоно, сургуулилт хийгээд ирэхээр дүрээ өөртөө суулгаж байгаа юм л даа. Аливаа театрын жүжигчин үгийг цээжилдэггүй. Тухайн жүжигт ороод жүжгийн хувцсыг өмсөөд, тайзан дээрээ зогсоод дүрийнхээ хүн болсон байх ёстой. Тухайн цаг үед уусах, дүрдээ өөрийгөө оруулж амьдруулах нь чухал.

-Тоглосон дүрийнхээ сэтгэл зүйгээс өөрийгөө татаж гаргаж чадахгүй байх үе байдаг уу?

-Тоглосон кинонуудын дүрүүд маань үргэлж сэтгэлд уяатай байдаг. Эхнээсээ авхуулаад одоог хүртэл. Хэдийгээр тэр жүжгийг тоглоод хаагдсан, зураг авалт нь дууссан ч үргэлж дүрээсээ суралцаж явдаг. “Тэр дүр дээр ингэсэн байна, үүнийг дутуу боджээ. Дахиад тогловол ингэнэ” зэргээр үргэлж суралцсаар байдаг. Зураач зургаа ямар өнгөөр будахыг шийддэг бол жүжигчин хүн бол дүрээ хэрхэн өнгөлөх, гаргахыг шийддэг. Ингээд уран бүтээл дууссаны дараа дүрээсээ өөрийгөө татах, дараагийн бүтээл дээр төвлөрч чаддаг байх нь чухал. Дүрээсээ гарч чаддаг байх нь жүжигчний зайлшгүй сурсан байх эрдмүүдийн нэг учир, тийм зүйлтэй нэг их учирч байгаагүй.

-Бүтээсэн ямар дүрээрээ өөрөөрөө хамгийн их бахархаж байв аа?

-Өөрөө бахархсан гэвэл “Ромео Жульета” жүжгийн Ромеогийн дүрийг хэлнэ. Тухайн үед Ромеогийн дүрээрээ “Гоо марал” урлагийн шагнал гардуулах тэмцээнд нэр дэвшсэн. Дараа нь “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрээр бас “Гэгээн Муза”-д нэр дэвшиж байлаа. Тэр дүрүүдээрээ их бахархдаг. Кино наадмууд гэвэл, “Ларьдма” киноны Батсуурийн дүрээр бас дэвшиж байсан.” “Хайрын эрэл” киноны Бадралын дүрийг бас хүмүүс сайн мэддэг юм билээ. Гудамжаар явж байхад хүмүүс Бадрал явж байна гэдэг юм.

-Тэгэхээр энэ их театрын ажил, уран бүтээлийн ажлуудаа хэрхэн зохицуулдаг тань сонирхол татаж байна. Ажлын төлөвлөгөө хувиарлалтаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Театрт бид төрийн үйлчилгээний л ажилтнууд шүү дээ. Дуудлага, цагийн хуваарийн дагуу ажиллана. Бусад чөлөөт болон амралтын үеүдээр кино, уран бүтээлийн ажлаа хийдэг. Энэ нь театрын үйл ажиллагааг алдагдуулахгүй, зөрчилдөхгүй байх ёстой. Тэгээд л болгоно доо. Тэр тусмаа амжуулдаг юм.

Жүжиг болон киноны ажлууд зэрэг зэрэг л үргэлжилдэг. Угаасаа цаг хугацаа богино. Намжуу байх үе ч байна, оволзсон их ажилтай үе ч байна. Аливаа жүжиг, уран бүтээл санхүүтэй холбоотой учир санхүүжилт биелэгдэн, ажил хэрэг болоод явж байгаа үед түүнийг зогсоохгүй, уран бүтээлийн ажлаа хийгээд төлөвлөгөөндөө уялдуулаад явдаг.

-МИНИЙ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ БИ ХЭНД Ч СОНИН БИШ. БИ БОЛ ЗҮГЭЭР Л ТЭР ДҮРИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ЖҮЖИГЧИН ХҮН-

-Их ачааллын дараа стрессээ тайлж, өөрийгөө эрч хүчээр цэнэглэх нь чухал байх?

-Оволзсон их ажлын дараа сайхан амармаар санагддаг. Дуртай зүйлээ л хийдэг. Гэртээ дуртай киногоо үзэх, ном унших, хөдөө явах дуртай. Ойрд уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзаад, сайхан ярилцах ч сайхан.

-Та олон нийтийн сүлжээнд нэг их идэвхитэй байдаггүй. Цахим ертөнцөд хэр их цаг хугацааг зарцуулдаг вэ?

-Сошиалд нэг их цаг зав зарцуулдаггүй. Тийм ч цаг, зав байдаггүй. Олон түмэнд өөрийнхөө бүтээлийг л хүргэхийг хүсдэг дээ. Гаргасан дүр маань л сонин, содон байх нь чухал л даа. Өнөөдрийн миний бодит амьдрал дээрх би хэнд ч сонин биш. Би бол зүгээр л тэр дүрийг бүтээж байгаа жүжигчин хүн. Бүтээсэн дүрүүд маань л үзэгчдэд сонин байх болов уу.

-Бүтээж байсан дүрүүдээс бодит амьдрал дээрх О.Гэрэлсүхтэй хамгийн төстэй дүрийг нэрлэ гэвэл ямар дүрийг нэрлэх вэ?

-“Хайрын эрэлд”-ийн Бадрал байж магадгүй. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Хүн цаг хугацааны хувьд хувирч байдаг. Хүүхэд нас, идэр нас гээд л цаг цагаар хувирдаг болов уу. Бид чинь амьдралтай танилцаж байгаа шүү дээ. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” юм чинь хүн өөр өөрийнхөөрөө хувирч байдаг байх.

-ӨӨРИЙГӨӨ АМЬДРАЛЫНХАА ИД ҮЕ ДЭЭР ЯВЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ-

-Таны хувьд амьдралынхаа ямар цаг үед амьдарч байна вэ?

-Амьдралын өдөр бүр шинэ. Тухайн өдөрт ямар амьдрал байна түүгээр л амьдрахыг хичээдэг дээ. “Тэнэгүүдийг булш руу нь хөтөлдөг өнгөрсөн өдрүүдийг тусгаарла” гэж мэргэн үг байдаг. Тэгэхээр өнгөрсөн үе маш хурдан өнгөрдөг. Ирээдүй ч бас тодорхойгүй учир өнөөдрөөрөө л амьдрахыг хичээдэг. Ирээдүйгээ төлөвлөхийг бас их хичээдэггүй. “Дөч гарсан дөрөө дарсан ат” гэж үг байдаг даа. Ингээд бодохоор амьдрал өдөр бүр шинээр эхэлдэг гэж санагддаг.

Тэгэхээр миний амьдралд өшөө олон зүйлийг хийж бүтээх цаг хугацаа, амьдрал байна. Тиймээс тэр бүхнийг хийнэ. Амьдралынхаа ид үе дээр байна л гэж бодож байна. Маш сонирхолтой үе дээрээ л байна. Залуу байхад үр хүүхдээ өндийлгөж өсгөхөд зовдог байсан бол одоо хүүхдүүд том болсон учир өөрийнхөө жинхэнэ хүсдэг уран бүтээлийг ухаж гаргаад түүнтэйгээ ноцолдоно доо л гэж боддог. Залуу байхад тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн зүйлсээ нэг нэгээр нь хэрэгжүүлээд явж байна даа.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны ойрын уран бүтээлийн зорилго, зорилтыг асуумаар байна?

-Ирэх жил манай улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ой тохионо. Тиймээс манай хамт олон, олон том уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Найруулагч Н. Наранбаатар сая Анна Каренина жүжгийг тавилаа.

Түүний араас ахиад зохиолч С.Цогнэмэхийн "Хаадын хаан” жүжгийг тавих гэж байгаа. Тэгэхээр бид бас л түүхэн жүжиг дээр ажиллах хэрэгтэй. Манай театр ямар зорилго, зорилт тавьж байна, түүнийг нь л хамтарч ажиллана даа. Төлөвлөсөн ажлууд бол олон байна. Тодорхой зүйл нь бол ирэх жилийн 90 жилийн ойд зориулж төрөл бүрийн уран бүтээлүүд гарах байх.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
2020-10-20 14:56

Энэ жүжигчин авъяас чадвар, боловсролоор бол тасарчихсан юм билээ.

irgen
irgen
2020-10-20 17:25

ene jujigchin taalagddag, hiimel bish, yag ooriinhooroo durdee sain ordog bh. amjilt husye

Нөү нэйм
Нөү нэйм
2020-10-28 15:20

Үнэнээ хэлэхгүй. Худлаа ярих муухай

Холбоотой мэдээ

Back to top button