Нийгмийн

“БНСУ-д найман залууд зодуулж, хамраа хугалуулсан ч хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна”

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бид БНСУ-д гэрээгээр очсон монгол залууг бүлэг залуус зодож, хүнд байдалд орсон тухай мэдээлж байв. Тус залуу автомашины үйлдвэрт ажиллаж байсан ч, уг асуудлаас болж ажлаасаа гарч, өдгөө өөр үйлдвэрт ажиллаж буй аж.

Бид тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газар, Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн мэргэжилтэнтэй холбогдож үүссэн нөхцөл байдлыг тодруулахад:

БНСУ-д гэрээгээр ажилладаг иргэдтэй холбоотой маш олон гомдол санал ирдэг. Тэр бүрийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх талаас нь авч ажилладаг. БНСУ-д ажиллаж буй монгол иргэд тухайн улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын нэг цэгийн үйлчилгээний төвд бүртгүүлнэ. Иргэн үйлдвэрлэлийн осолд орж бэртэж гэмтсэн эсвэл өөр ноцтой нөхцөл үүссэн бол холбогдох материалыг Монгол Улсын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүлээн авч шийдвэрлэдэг.

Бусад жижиг маргаан, санхүүгийн зөрчлийг нөгөө талтай тохиролцох байдлаар хэлмэрчилж, асуудлыг шийдвэрлэх талаас нь ажилладаг. Зөвхөн иргэний гомдолд тулгуурлаж, нөгөө талтай тохиролцох учир дутагдалтай. Учир нь иргэний гомдлоор нөгөө талтай холбогдож, болсон процессийг судлаад үзэхээр заримдаа ямар нэгэн байдлаар манай улсын иргэн түүнд нь бурууддаг. Өөрөөр хэлбэл архидан согтуурч танхайрсан, ажил олгогчийнхоо шаардлагыг хүлээж авалгүй үймээн самуун дэгдээсэн гэх мэт зөрчлүүд давхар илчлэгддэг. Үнэхээр гомдол гаргасан монгол иргэний буруу нөхцөлд энэ нь цагдаагийн байгууллагаар дамжиж, визний мэдээлэлд бүртгэгдэнэ.

Гэрээний нөхцлөөр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэд эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаар хөнгөлүүлж болдог. Ер нь бол эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгож болно. Гэвч иргэдийн тухайн талын мэдлэг муу санагдаж байгаа” гэж байв.

БНСУ-д бүлэг залууст зодуулж, хохирсон иргэн манай редакцтай холбогдож, товчхон ярилцсан юм. /Хохирогчийн хүсэлтээр түүний мэдээллийг нууцлав/

-Тухайн үед таны хамар хугарсан гэж зургийг нь авхуулаад эмнэлгээр явж байгаа гэсэн. Одоо биеийн байдал тань ямар байна вэ?

-Хамар хугарч, дорвитой эмчилгээ хийлгэж чадаагүй байсаар далийж эдгэрсэн. Тухайн үед хэдийгээр өөрийн зардлаар эмчилгээ боолт хийлгэсэн ч, зайлшгүй мэс заслын аргаар хугарсан  хамрыг тэгшилдэг юм билээ.

-Бид өмнө холбогдсон ч тухайн үед юу болсон тухай нарийн зүйлсийг мэдэж чадаагүй. Та бидэнд юу болсон тухай хэлж өгөх боломжтой юу?

-Тэгье. Болно. Тухайн үед “Төгс төгөлдөр” пэйжээр миний тухай мэдээлэл цацагдаж, танайхаас холбогдож байсан. Нийтлэл гарсны дараа уншихад тухайн пэйжээр цацагдсан мэдээлэлд ташаа зүйл байсан. Түүнийг бас залруулах нь зөв болов уу. Тухайн мэдээлэлд намайг үйлдвэрийн байрандаа, хамт ажилладаг хүмүүстээ зодуулсан гэсэн байсан л даа. Үнэндээ үйлдвэрийн байранд биш гадаа болсон явдал юм.

Би үйлдвэрээсээ гараад харих гээд явж байтал Мьянмар улсын 8 залуу гадаа тамхилаад зогсож байсан. Тэгээд хажуугаар нь явах үед намайг хоргоож, цааш явах гэхэд нүүрэн дээр тамхиныхаа цогийг унтраагаад яваад өгсөн. Тиймээс бухимдахдаа араас нь дагаж байр руу нь орсон. Тэгэхэд намайг доромжилсоор байсан учир барьж явсан ундааны саваа шидчихсэн юм. Ингээд л тэд олуулаа нийлж, намайг зодсон.

-Таныг зодсон бүлэг этгээдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Тийм ээ.

-Таны одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ, хэрэг нь нааштай шийдэгдэж чадсан уу?

-Үгүй. Шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Миний хувьд тухайн үед ажиллаж байсан үйлдвэрээсээ гарч, өөр үйлдвэрт ажиллаж байна. Тухайн үед би хохирсон хэдий ч, одоо бараг цагдаа дээр миний буруу гэж хэлсэн. “Айлын байранд нэвтэрч, амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар миний гэмтэл хохирлыг барагдуулаагүй.

-Тэгэхээр та дотогш ороод хүний биед халдаж, үймээн дэгдээсэн гэсэн үг үү?

-Ер тийм зүйл болоогүй. Би хүнд халдаагүй. Жаахан бухимдахдаа ундааны сав шидсэн төдий. Энд бас хэлний бэрхшээлээс болоод өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй байгаа. Тухайн үед надад хэлмэрчээр тусалсан эгч, намайг үйлдвэрээсээ гарахыг зөвлөсөн. Одоо бодоход би гарах ямар ч шаардлага байгаагүй юм билээ. Тухайн хэргээ шийдвэрлээгүй хэр нь ажлаасаа гараад одоо хохирлоо барагдуулж чадахгүй болчихлоо.

-Та анх мэдээлэл оруулсан “Төгс төгөлдөр” гэх эмэгтэйтэй ямар холбоотой вэ?

-Ямар нэг харилцаа байхгүй. Тухайн асуудал гарахад надад хэлмэрч хийж тусалсан төдий. Тухайн үед ах маань намайг “ажлаасаа битгий гар” гэж байсан ч, би тэр эмэгтэйн үгэнд ороод гарсан. Хэрвээ тухайн үед ахынхаа зөвлөгөөг дагаад ажиллаж байсан бол өнөөдөр асуудал арай өөр байх байсан болов уу.

-Өнгөрсөн хугацаанд та ямар асуудал, бэрхшээлтэй учрав?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний тухай нийтлэл цацагдсаны дараа гэр бүлийнхэн маань мэдэж, санаа нь их зовсон. Хүү нь хүний нутагт байгаад ийм асуудалтай учирсан учраас хүнд байсан болов уу. Миний хувьд өнгөрсөн гурван сарын хугацаанд хувийн шугамаар эмчилгээ хийлгэж, хажуугаар нь өөр үйлдвэрт ажиллаж өдий хүрлээ. Хэвлэлээр тухайн асуудал шийдэгдсэн, тохиролцсон гэх ухааны ташаа зүйлс цацагдсан. Бодит байдал дээрээ юу ч шийдэгдээгүй, анх байсан тэр хэвээр л байна. Тиймээс үүнийг бас залруулж хэлэх нь хэрэгтэй.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button