ЯРИЛЦЛАГА

М.Энхболд: Онгоц хүлээж долоо хонохдоо эхнэртэйгээ танилцаж, кино ч үзээд амжсан

Улсын бүртгэлийн ерөнхий газрын /УБЕГ/ 80 жилийн ой энэ сарын 23-нд тохиох юм. Бид энэ удаа тус байгууллагад олон жил ажилласан нэгэн гэр бүлийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Тэд хоёулаа багш мэргэжилтэй, УБЕГ хэмээх их айлд амьдралынхаа  нэгэн үеийг өнгөрүүлж явсан түүх бий. Насныхаа амралтыг авсан ч тэд зүгээр суухыг хүсээгүй бололтой. Эхнэр Н.Найдансүрэн нь “Гэрэгэ системс” ХХК-ийн киоск машины харилцааны ажилтнаар ажиллаж байгаа аж. Харин өрхийн тэргүүн  М.Энхболд өөрийн хүсэл сонирхлын дагуу бизнес хийж байгаа гэнэ.  Бид тэдний залуу насны гэрэлт өдрүүдийг дурсаж, өнгөрсөн цагийг тольдлоо. Гэхдээ өнөөдрийг бас тольдохоо мартаагүй ээ.

ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ТАНИЛЦСАН ХОЁР

Та хоёр залуу насныхаа гэрэлт дурсамжаас дэлгээч. Гадаа жавартай, харанхуй байна. Сайхан түүх сонсож, яриагаа эхэлье?

-М.Энхболд: Би Завхан аймгийн Отгон сумынх. Харин эхнэр маань Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат. Өвөл байсан санагдана. Би хот явах гээд онгоцны буудал дээр найзтайгаа онгоцонд очерлож байсан юм. Тухайн үед хот руу онгоц нисдэг байсан болохоор очер ихтэй. Тэгэхэд аз болж долоо хоног онгоцны буудал дээр зогссон. Тэнд л эхнэртэйгээ танилцсан юм. Манай хүн бас нэг найзтайгаа явж байсан. Бид онгоц хүлээж долоо хонох хоорондоо хамтдаа кино үзээд амжсан шүү.

-Тэгэхэд яг ямар нэртэй кино үзэж байсан бэ?

-М.Энхболд: Сайн санагддаггүй ээ. Хоёулаа ямар кино үзлээ.

-Н.Найдансүрэн: Би ч бас санадаггүй ээ. Газар гадуур хувцсаа дэлгэчхээд онгоцны буудал дээр өдөржин хөзөр тоглож байснаа л санаж байна.

-Хүлээж, хүлээж эцэст нь та хоёр онгоцондоо хамт сууж чадсан уу?

-Н.Найдансүрэн: Хамтдаа ирсэн юм байна. Тухайн үед би МУИС-ийн философийн ангийн оюутан байсан юм. Өвлийнхөө амралтаар харьчихаад буцаж явсан. Харин манай хүн ОХУ-д сурч байгаад жилийн чөлөө авчихсан байсан юм билээ.

-Хотод ирээд хоорондоо холбоотой байсан биз дээ?

-Н.Найдансүрэн: Онгоцны буудлаас буугаад л бид бүтэн жил уулзаагүй. Харин ирэх намар нь манай хүн МУИС-ийн Химийн багшийн ангид суралцаж, бид ерөөлөөр ахин таарсан даа.

-Та эхнэрээ онгоцны буудал дээр хараад дурлав уу, эсвэл дахин таарахдаа тогтож харав уу?

-М.Энхболд: Надад их л сайхан сэтгэлтэй хүн шиг санагдсан. Мөн би аймгийнхаа хүнтэй гэр бүл болно гэж боддог байсан. Тиймдээ ч татагдсан байх.

-Н.Найдансүрэн: Бид сургууль дээр таарах бүрдээ мэнд мэддэг байлаа. Заримдаа надаас ном авч, даалгавраа хийдэг байсан юм. Гэтэл нэг өдөр хичээл тараад харьсан чинь манайд ирчихсэн, хоол идээд сууж байсан. Манайд ч гэж дээ би тухайн үед өвөө эмээгийндээ байдаг байсан юм. Манайхыг мэдэхгүй хэрнээ яаж олоод ирчихсэнийг нь их гайхсан шүү.

-Яаж олж ирсэн юм бэ?

-Н.Найдансүрэн: Нэг өдөр миний араас дагаж, автобуснаас буугаад хаашаа орохыг харсан юм билээ. Өвөөтэмээ хоёрт надаас ном авахаар ирсэн гэж хэлээд ороод танилцчихсан байгаа юм чинь. Тэр хоёр ч  нутгийн хүүхэд гээд сүйд болсон шүү.

-М.Энхболд: Би яриан дундаа тэдэнд ширээ цоохорлож чадна гээд хэлчихсэн юм. Тэгсэн миний хүү тэгвэл нэг өдөр ирээд ширээ цоохорлоод өгөөрэй гэсэн. Би ч хэд хоногийн дараа зах гарч, дөрвөн өнгийн будаг, бензин, нарийн бүдүүн багс авч очоод ширээг нь янзын сайхан цоохорлож өгсөн.

-Н.Найдансүрэн: Манай хүнд хийхгүй юм байхгүй. Хувцас хүртэл оёно шүү дээ.

-М.Энхболд: Тухайн үед би Зохиолч Б.Цэнддоотой айлын хажуу өрөө хөлсөлдөг байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамт нэг өрөө байр түрээслээд, амьдаръя гэж шийдсэн. Эхлээд өвөө эмээ хоёроос нь зөвшөөрөл авахаар очлоо.  Гэтэл “Миний хүү эмээ өвөө хоёр нь айлын хүүхдийг, бас нэг айлын хүүхдэд өгөөд явуулна гэж юу байхав дээ. Аймар юм болно биз дээ” гэж хэлээд халгаагаагүй.  Удалгүй хадам аав ч хөдөөнөөс ирлээ. Гэхдээ тэгэхэд надтай нэг ч үг солиогүй юм. Өвөө эмээ хоёрт “Ямар ч байсан нүдэнд дулаахан хүүхэд байна. Яахав яахав” гэж л хэлсэн гэсэн. Эхнэр бид хоёр ч нэг их удалгүй хамтдаа амьдарсан.

ЗҮГЭЭР СУУЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС

-Та хоёр их сургуульд танилцжээ. Харин сургуулиа төгсөөд хаанаас ажлын гараагаа эхэлсэн бэ?

-М.Энхболд: Би Завхан аймагт намын хороонд ажиллаж байгаад төрж, өссөн нутаг болох Отгон сумандаа хичээлийн эрхлэгч, Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан. Тэгээд хүүхдүүд оюутан болсон тул 1999 онд Улаанбаатар руу шилжиж ирсэн дээ. Улаанбаатарт ирээд  Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны засаг даргаар ажиллаж байсан.

-Н.Найдансүрэн: Би Завхан аймгийн захиргааны соёлын хэлтэст ажилласан. Мөн Отгон сум, Нийслэлийн 45 дугаар сургуульд багшилж байсан.

-УБЕГ-т хэчнээн жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарав?

-М.Энхболд: 2001 оны аравдугаар сард нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн албыг цагдаагийн бие бүрэлдэхүүнээс салгасан. Ингэснээр нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн алба бие даасан алба болж, 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болсон. Тэр 13 хүний нэг нь би. Орсноосоо хойш байцаагч, улсын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагчаар ажилласан. Тэгээд 2010 онд тэтгэвэрт гарсан даа.

-Н.Найдансүрэн: 2000 оноос Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар архивын ажилтнаар орж байсан. Тухайн үед үл хөдлөхийн газар гэдэг байсан юм. Харин 2010 онд иргэний бүртгэлийн газар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, хуулийн этгээдийн бүртгэлийн газруудыг нэгтгэсэн. Тэгээд л  ханьтайгаа нэгэн байгууллагад ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэрт гарсан.

-Одоо та хоёрыг ажил хийж байгаа гэж сонссон. Хаана ажиллаж байгаа вэ?

-Н.Найдансүрэн: Тэтгэвэртээ гарсан ч гэсэн байгууллага маань гэрээт ажилчнаар ажиллах санал тавьсан. “Гэрэгэ системс” ХХК-ийн киоск машины харилцааны ажилтнаар ажиллаж байгаа. Энэ иргэний үнэмлэх, гадаад паспортын төлбөр, нэгжийн төлбөр, машины торгуулаа хүртэл энэ машины тусламжтайгаар төлөх боломжтой юм. Харин би хүмүүс төлбөр, тооцоогоо хийх үед нь зөвлөгөө өгөх үүрэгтэй. Ер нь өдөрт 250-300 хүн ирж үйлчлүүлдэг. Ачаалал ихтэй үедээ 400 хүн ирнэ. Бас л хүнтэй харьцдаг ажил тул сайхан л байна.

-М.Энхболд: Нэг хэсэг бие муу байсан тул таван жил ажил хийгээгүй ээ Харин одоо canon ажиллуулаад уйдах завгүй л амьдарч байна даа. Мөн хажуугаар нь цээж зураг дарж, угааж байгаа. Өмнө нь тамгын газарт ажиллаж байхдаа камертай харьцдаг байсан болохоор бас ч гэж гайгүй шүү. Отгон сумандаа телевиз хүртэл ажиллуулж байлаа. Хотод ирснээс хойш  тэр телевиз ажиллахаа больсон доо. Бас ач зээ нарынхаа зургаар бичлэг хийгээд тус тусад нь CD-д хуулаад өгчихсөн.

Тэднийх хоёр хүүхэдтэй, долоон ач зээтэй гэнэ. Тэд төрснөөс хойших бүхий л зургийг нь эвлүүлж, хүүхэд бүхний нэртэй бичлэг хийжээ. Бас голоор нь хүүхэлдэйн кино оруулсан байлаа. Ингэхдээ гол дүрийн баатрыг хүүхдийн зургаар орлуулсан байх юм. Үүнийг хүүхдүүд үзэх их дуртай байдаг гэнэ. Мөн бичлэгийн төгсгөлд Н.Найдансүрэн сэтгэлийн үгээ шүлэглэн бичсэн байв. Үүний дараа түүний бичсэн “Гэгээн үйлсийн эзэд” дууг сонслоо. Уг дуу нь УБЕГ-ын сүлд дуу аж. Бид хэсэг хугацаанд бичлэг үзэж, дуу сонсоод цааш ярилцлаа.

Цааш үргэлжлэх энэ яриа тэдний ажил мэргэжлийн онцлог болон ажиллаж байх хугацаанд гарсан өөрчлөлтүүдийн тухай байх болно.

“ШӨНИЙН 03 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙЛАА”

-Ажиллаж байх хугацаанд ямар дэвшил, өөрчлөлтүүд гарав?

-М.Энхболд: Анх иргэний бүртгэлийн газар ажиллаж байх үед иргэний улаан паспорттай байсан. Удалгүй улаан паспортыг халж, иргэний үнэмлэхтэй болцгоосон. Дараа нь иргэний үнэмлэхийг ухаалаг үнэмлэхээр сольсон. Энэ бүх үйл явдлыг удирдаж, гар бие оролцож байлаа. Учир нь тухайн үед Улаанбаатар хотын хэмжээнд цорын ганц улсын байцаагч байсан нь би юм. Одоо бол бүх хороо улсын байцаагчтай болчихсон байна.

Анх улаан паспорттай байхад өөрийнхөө зургийг хуулчхаад ахынхаа юм уу, дүүгийнхээ зургийг наачихдаг байсан. Бид иргэний бүртгэлийн газар бүртгэгдсэн хувийн мэдээллийг нь хараад тухайн иргэн яг мөн эсэхийг нь шалгадаг байсан. Сайн нягтлахгүй бол ихрүүд зургаа сольж наадаг, тэгээд гадаад паспорт авч, хууль бусаар гадагшаа гарна. Аз болж бүх бүртгэл цахим боллоо. Ингэснээр хурууны хээгээр тухайн иргэнийг мөн эсэхийг шалгах боломжтой болсон. Энэ л хамгийн том дэвшил.

-Н.Найдансүрэн: Улсын өмч задарч, иргэд эд хөрөнгө, орон сууц, малаа хувьчилж эхэлсэн. Ингээд 1997 онд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар гэж байгуулагдсан. Хүмүүс орон сууцаа хувьчлаад, ААН-үүд хөрөнгөө бүртгүүлэх болсон. Бүх бичиг баримтыг гараар бичгийн машин дээр бичиж өгдөг байсан шүү дээ. Харин 2001 оноос хойш бүх материал цахим болсон.

-Бүх материалыг цахим болгохын тулд ажилчид ажил дээрээ өдөр, шөнөгүй сууж байсан гэх юм билээ?

-Н.Найдансүрэн: Бүх хувийн хэргийг цахим болгохын тулд манай хамт олон өдөр шөнөгүй суусан. Миний санаж байгаагаар бүтэн улирал өдөр шөнөгүй суусан байх. Хуучин орон сууц шилжүүлэхэд, архивын материал татаж үздэг байсан бол одоо компьютер рүүгээ ороод л бүгдийг шалгачхаж байна. Яахав цаасан материал эх хувиараа хадгалагдана. Янз бүрийн асуудал гарвал цаасан материалтайгаа тулгана.

-УБЕГ-ын ажилтнууд бичиг бичиг баримт захиалахдаа бусад иргэдтэй адил төлбөр төлдөг үү. Эсвэл…?

-Н.Найдансүрэн: Бичиг баримт захиалахад тогтоосон нэгдсэн тариф гэж бий. Бид бусдын адил төлбөрөө төлнө.

-УБЕГ ажилладаг гэдгээ хэлэхээр хүмүүс ихэвчлэн юу гэж асуудаг нь сонин байна?

-М.Энхболд: Бичиг баримтын зөрчилгүй хүн гэж байхгүй шүү дээ. Энэ хүнийг гуйгаад зөрчлөө арилгуулчихъя, бичиг баримтаа хурдан гаргуулчихъя гэж л боддог юм шиг ээ. Одоо бид ажиллахгүй байгаа ч хүмүүсийн гуйлт тасрахгүй л байна. Гэхдээ бид хууль бус юм хийж байгаа хэрэг биш учир  хүмүүст чадахаараа л тусалдаг.

-Ер нь янз бүрийн зан араншинтай хүмүүс үйлчлүүлж байсан байх. Хэр бухимддаг байсан бэ?

-Н.Найдансүрэн: Эхлээд бухимддаг байсан. Сүүлдээ уурлаж байгаа хүний өөдөөс хараад инээх нь зөв гэдгийг ойлгосон доо.

-Гэр бүлдээ хэр цаг зарцуулж амждаг байв?

-М.Энхболд: Өглөө гэрээсээ хамт гараад орой зэрэг орж ирдэг байсан. Тэвчээр заасан, амрах чөлөө олгодоггүй ажил. Сонгуулийн үед бол шөнийн 03 цаг хүртэл ажилладаг байлаа. Паспортоо гээсэн хүмүүсийг санал хураалт эхлэхээс өмнө бичиг баримттай болгочих гээд л нэр, тоонуудыг нь тулгана шүү дээ. Алдах эрхгүй ажил. Халширмаар үе байсан. Гэхдээ болъё гэж бодож байгаагүй. Нэг сайхан нь гэр ажил ойрхон болохоор хоол, унаанд мөнгө үрэхгүй байсан.

-Н.Найдансүрэн: Би одоо ч өглөө ажил руугаа, ажлаа тараад гэр рүүгээ алхчихдаг.

Бид цаг хэд болж байгааг ч анзаарах сөхөөгүй ярилцсан байв. Тэднийхээс гараад сар хаахна гэрэлтэж байгаа бол гээд дээш өлийтөл, хоёр айлын гэрэл зэрэг унтарлаа. Гэсэн ч хорин айлын гэрэл асаалттай, хотын нүд намайг ширтэж байлаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. За баяр хүргэе. Та хоёрын ажил үйлсийн т####аар там тум ойлгож авлаа. М.Энхболдыг би з####уу гэж бодож бйасан юм. Бүр 2010 онд тэтгэвэртээ суусан байна шүү. Эрүүл энхийг хүсье дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button