ДЭЛХИЙ

Сонгуулийн булхай ИЛЧЛЭГДСЭЭР буй ч Дональд Трамп ялалт байгуулахаасаа ӨНГӨРСӨН үү

Дональд Трамп 46 дахь ерөнхийлөгчийн сонгуульд булхай орсон гэж үзэж буйгаа цаг, минут тутамд илэрхийлсээр. Түүнтэй Бүгд Найрамдах намыг дэмждэг хүмүүсийн тал хувь нь санал нэгдэж буй.

Сонирхуулахад, Арваннэгдүгээр сарын 13-17-ны хооронд явагдсан онлайн санал асуулгаар нийт сонгогчдын 73 хувь нь Жо Байдэнг “ялсан” гэж үзэж байна.  Харин 5 хувь Доналд Трампыг ялсан гэдэгт бат итгэлтэй байх юм. Гэхдээ уг санал асуулгад оролцсон хүмүүсээс Байдэнг шударгаар хожсон гэж бодож байна уу гэж асуухад 29 хувь нь л санал нийлжээ.

Бүгд Найрамдах намын дэмжигчдийн 68 хувь нь сонгууль булхай орсон байж магадгүй гэж бодож байгаа бөгөөд харин Ардчилсан намын дэмжигчдийн 16 хувь мөн адил бодолтой байгаагаа илэрхийлсэн нь анхаарал татаж байгаа юм.

Сонгуульд булхай орсон гэж үздэг хүмүүс 2016 онд 16 хувьтай байсан бол энэ жилийн сонгуулийн дараа 28 хувь болж өссөн нь үүсээд буй нөхцөл байдлыг тодорхой илэрхийлж байна.

Тэгвэл Жоржиа мужид нэгэн сонин явдал тохиолджээ. Тус муж 5 сая гаруй саналын хуудсуудаа гараар дахин тоолж байгаа юм. Тэгтэл өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.11.17)  Жоржиагийн Флойд хошуунд 2600 гаруй тоологдоогүй саналын хуудас олджээ. Тус хошууны сонгуулийн албаныхныг санал тоолох машинд мемори картнаас хуудсуудыг уншуулаагүй хэмээн Жоржиа мужийн нарийн бичгийн дарга Брэд Раффенспергер зэмлэжээ.

Мөн өчигдөр (2020.11.18) Жоржиагаас дахин 3039 тоологдоогүй санал олдсон байна. Үүнээс 2755 нь Файетт хошуу, 284 Валтон хошуунаас олджээ.

Гэхдээ уг саналын хуудсууд бүгд нийлээд Трампад өгөгдсөн байлаа ч Жо Байдэн Жоржиад 14 мянга гаруй саналын илүүтэй байгаа юм.

Жоржиад хоёр өдөр дарааллан тоологдоогүй саналын хуудас олдсонд “Foxnews”-ийн Шон Ханнити гайхшран “Сонгуулийн өдрөөс хойш хэдэн хоног өнгөрсний дараа 2700 тоологдоогүй хуудас гарч ирээд байна аа? Өчирдөр шөнө ч мөн адил 2600 хуудас олдсон. Жоржиа мужид яг юу гээч нь болоод байна. Үнэхээр итгэж болно гэж үү? Маргааш дахиад хэдэн хуудас олдох бол?” гэж сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлсэн байна.

Жоржиа мужаас өмнө нь Бүгд Найрамдах намын нэр дэвшигч ялалт байгуулдаг бүр тогтсон уламжлалтай байсан билээ.

Мичиган мужийн Уэйн хошуунд сонгуулийн хариуг батлах болоход сонгуулийн албаныхан санал хуваагдсан байжээ. Учир нь гэвэл санал өгөх дөрвөн хүний хоёр нь Ардчилсан намын гишүүн, нөгөө хоёр нь Бүгд Найрамдах намын гишүүн аж. Тэгтэл өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.11.18) албаныхан 4-0 саналын харьцаатай сонгуулийн хариуг батлах болжээ.

Хэрвээ Уэйн хошууны хариуг батлаагүй байсан бол Мичиган мужид Трамп 177 мянган саналын илүүтэй болох байж.

Мөн Пеннсилвани мужид Трампын баг санал тоололтын явцыг харж байсан хүмүүсийг зай барь хэмээн хойшлуулсан нь тоолох явцыг сайн харах боломжгүй болгосон хэмээн Пеннсилвани мужийн сонгуулийн хариуг батлахыг зогсоох гэж оролдож байсан.

Уг асуудал дээр Пеннсилванийн дээд шүүх Трампын эсрэг шийдвэрээ гаргажээ.

Үүнээс харахад Дональд Трамп сонгуулийн хариуг өөрчлөх боломж хомс байна.

Гэхдээ Трампын хуульч Сидни Пауэлл өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.11.17) “Newsmax TV”-д өгсөн ярилцлагадаа “Бүх өрсөлдөөний мужийн хариуг үнэн эсэхэд эргэлзэх баримтыг бид олж байна” гэж хэлсэн аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button