ДЭЛХИЙ

Ангараг гараг дээр амьдармаар байна уу, эхлээд эдгээр зүйлсийг хийх хэрэгтэй

Хүн төрөлхтөн бид Эверестийн оргил, далайн хамгийн гүнзгий цэг, сарны гадаргуу гэх мэт очиход асар хүнд газруудад хүрч чадсан. Бид сониуч зандаа хөтлөгдөн нэг газраас нөгөөд тэлж урьд өмнө нь илрүүлээгүй хачирхалтай зүйлсийг нээсээр ирсэн. 20-р зууны эхэнд Райтын ах дүүс анхны нислэгийг амжилттай үйлдсэн түүхтэй. Анхны нислэгээс 66 жил өнгөрсний дараа хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсан. Райтын ах дүүсийн бүтээсэн онгоцны анхны амжилттай нислэг 12 секунд үргэлжилж 36.5 метр зай туулсан байдаг. Тэгвэл Апполон 11 хөлөг 76 цагийн турш 386242.56 км зай туулсны эцэст сарны тойрог замд хүрсэн юм. Дал хүрэхгүй жилийн дотор бид сар дээр хөл тавьсан бөгөөд үүнээс хүн төрөлхтний тэлэх хүсэл, сониуч зан хэр хүчтэйг харж болно.

Хэрвээ та Ангараг гараг дээр хөл тавих анхны хүн болохыг хамгийн ихээр хүсэж байвал хэд хэдэн зүйлийг гүйцэлдүүлэх хэрэгтэй. Нэгт гэвэл та Илон Маск байх хэрэгтэй. Үүний дараа маш олон давааг туулах ёстой юм.

Өнгөцхөн харахад Ангараг гараг манай дэлхийтэй ижил мэт. Хоёр туйлдаа мөсөн бүрхүүлтэй, гадаргуу дор нь шингэн ус, нэг өдөр нь 25 цаг үргэлжилдэг. Хүн төрөлхтөн цаашид тэлж суурьшихад нэн тохиромжтой гараг. Харамсалтайгаар Улаан нүдэн гараг бол хүйтэн, цацраг туяа ихтэй, амьсгалах боломжгүй агаар мандал бүхий “цөл” юм. За тэгэхээр одоо шийдэх ёстой асуудлуудаа харцгаая.

ЭНЕРГИЙН ЭХ ҮҮСВЭР

Дэлхийтэй харьцуулахад Ангараг гараг дээр нарны эрчим хүч 40 хувийн л үр дүнтэй байх болно. Мөн тэнд хэдэн өдрийн турш хүчтэй шороон шуурга болдог тул нарны эрчим хүчийг ашиглахад улам хүндрэлтэй байх юм. Ангарагийн атмосфер маш сийрэг учир салхины эрчим хүч мөн адил хангалтгүй байх болно. Иймд эхэн үедээ цөмийн энергийг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга юм. Ангараг дээр хялбар олборлож болох цацраг идэвхт элемент ховор учир дэлхийгээс цөмийн реактортой хамт авчирхаас өөр аргагүй.

АМЬСГАЛАХ АГААР  

Ангарагийн атмосферийн 96 хувийг нүүрсхүчлийн хий бүрдүүлдэг. Тэндхийн атмосфер дэлхийн агаар мандлын нэг хувьтай л тэнцэхүйц хэмжээтэй. Тийм учир бид бааз доторх орчноо азот болон хүчилтөрөгч ашиглан дэлхий дээрх атмосферийн даралт, найрлагатай ижил болгох юм. Баазын гадна болон дотор орчны хооронд даралтын зөрүү их болох тул ямар нэгэн булан, хавтгай хана байж болохгүй. Иймд даралтын зөрүүг тэсвэрлэх чадвар бүхий дугуй хэлбэртэй бааз барих юм.

ЦАЦРАГ ТУЯА

Хүчтэй соронзон орон, нягт ихтэй атмосфер байхгүй учир сансраас ирж буй цацраг туяаны тэн хагас нь Ангарагийн гадаргуу дээр хүрнэ. Дэлхийн дээр амьдарч байсан үеэсээ 50 дахин их хэмжээний цацрагт өртөнө. Ангараг гараг дээр гурван жил амьдрахад өртөх цацрагийн тун "НАСА"-гийн сансрын нисгэгчид бүхэл карьерынхаа турш авдаг хэмжээнээс их байх юм. Үүнээс хамгаалж баазаа хуурай мөс, нэг метр гүн шороогоор булах хэрэгтэй болно. Харамсалтай зүйл нь цонхоор нар жаргахыг ширтэж болохгүй байх нь.

ХООЛ ХҮНС, УНДНЫ УС

Баазаа аль нэг туйлтай ойр баривал ундны ус олоход амар. Хүнсний ногоо ургуулах ажил хамгийн бэрхшээлтэй. Ангарагийн хөрс суурилаг, ургамлууд ургахад шаардлагатай азотот нэгдлүүд ховор байдаг аж. Ямар нэгэн ургамал тарихын өмнө хөрсийг нь ариутгах хэрэгтэй. Энэ процесс хөрөнгө  мөнгө, хугацаа их шаардана. Эцэст нь та яс болон булчингийн массаа алдахгүйн тулд дасгал хөдөлгөөн их хийх хэрэгтэй.

Эх сурвалж: Kurzgesagt

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button