Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ЧЕНЖ: Устгах уу, урамшуулах уу?

CHANGE=ЧЕНЖ

Малчны хотноос хэрэглэгчийн гарт “ченж” дамжилгүй ирвэл махны үнэ бага байна гэж олонхи бодох. Машиныг ч бас “ченж” дамжуулалгүй өөрсдөө импортловол хэр тааруу үнээр сайныг нь авна гэж ихэнхи итгэх. Гэвч ченжүүд эдийн засгийн эргэлтийн ихэнхийг нь нуруундаа үүрч, зах зээл, бизнесүүдийнхээ залуур нь болж, төрийн зохицуулалт, түшмэлийн гар хөлөөс хол “үл үзэгдэх гарын”-ын дүрмээр өсч, хөгжсөөр, үлэмж том үүргийг эдийн засагт гүйцэтгэсээр  явах. 

 Ковидын хөлд чамгүй нэрвэгдсэн худалдааныхныг дэлгүүр нь лангуунаас онлайн руу, хэрэглэгч нь сонголтоос мэдрэмж /experience/ рүү нүүж яваа тахлын дараах шинэ дэг журам, амьдралын хэв маягт дасан өөрчлөгдөх амаргүй сорилт хүлээх. Төр, түшмэдийн төвөгтэй оролцоо, зохицуулалтыг нэмчихгүйгээр эдийн засагт гүйцэтгэж буй эрх, үүргийг нь алдагдуулахгүйгээр, зах зээл, салбар, бүтээгдэхүүнүүдээ салаалуулан төрөлжүүлэх амаргүй үүрэг төрийн өмнө, бодлого боловсруулагчдын өмнө байна. 

Эргээд санахад худалдаа, арилжаа хийдэг суббьектыг ченж гэж нэрлээд, тэдгээрийг нийтээрээ “нүд үзүүрлэдэг” уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Угаасаа уул уулын мухарт урдахаа хийгээд түүнээ хэрэглээд өнө удаан жил амьдарсан бидэнд солилцоо арилжаатай холбоотой уламжлал тун бага. Тиймдээ ч цай, торго төдийнхний наймаанд тогтсон үнэгүй, тодорхой ханшгүй бартер голдуу оролцоод, түүнийгээ жишиж хоорондоо ярилцахдаа алдсан голдуу мэдрэмж авдгаас худалдаачдыг алагчилж үзэх үзэл тогтсон болов уу? гэж бодогдох. 

ИТГЭЛТ БАЯНЫ ЭМЗЭГЛЭЛ

“Хошуу тонож хагартлаа идэж, илжиртлээ унтахаас өөр юу ч чадахгүй дамшгууд. Ядахдаа хэдэн хамжлагаа ч зарж чадахгүй арчаагүй  мөртлөө хортой, мунхаг мөртлөө шунамгай амьтан“  гэж ноёд, тайж нарыг дотроо дооглоод 

“Хэрвээ би хошууны ноёнсан бол эд нар шиг хөдлөх бүрдээ Хятадын пүүсэнд нялх хүүхэд шиг мэхлүүлэн өр тавьж албан татвараар мань мэтийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлгачдыг цуглуулж авчраад уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу” гэж бодож суудаг эерэг ч үйлдэл олонтой, сөрөг нь түүнээс дутахгүй баялагтай Итгэлт баяны дүр л худалдаачин, ченж, бизнесмений тухай нийтэд үлдсэн магадгүй ганц эерэг дүр байх. Хальтхан уншихад Итгэлтийг хараамаар, харласан дотортой амьтан вэ? гэж өмнөөс нь халагламаар энэхүү жижигхэн параграфийг зэвүүцмээр өнгөөр биччихснээс биш Монголын мянга мянган ченжийн доторх буцалж буй эмзэглэл, харж буй өнцгийг яруу тодоор хэлчихсэн мэт. 

TRANSACTION COST

Ер нь нийтийн хэлээр ченжүүд, онолын ойлголтоор trader-уудыг хичнээн чухал үүрэгтэй болохыг, тэд л улс орны эдийн засгийг авч явж, аж үйлдвэрлэл, хөгжил дэвшлийг түүчээлэн чирж явдаг тухай олон сонирхолтой кэйс, судалгаа, онол номын үзэл баримтлал ч цөөнгүй байх. 

Түүний нэг нь орчин цагийн эдийн засаг, бизнесийн онолд чухал байр суурь эзлэх Transaction cost гэх ойлголт. Энгийнчлээд хэлбэл зах зээлд аль болох олон талууд оролцох тусам нийт өртөг нь буурч, түүний үр дүнд оролцогч талууд тэр тусмаа эцсийн хэрэглэгч хождог тухайх үзэл баримтлал. Зүйрлээд хэлбэл бидний “итгэдэг” сэтгэлгээний яг эсрэг дүр төрх. Бүгдийг өөрөө хийгээд, хотноос малаа ачаад 22-ын товчоонд арьс ширээ тушаагаад, дэнжийн мянгад махаа өгч чадвал малчинд ашиг өндөртэй, хэрэглэгчид үнэ багатай байна гэж малчин ч, иргэд ч, төр засаг ч итгэдгийг байдаг л нэг төөрөгдөл гэдгийг энэ ойлголтоор уг нь баталгаатай тайлбарлаж болох. 

ЧЕНЖҮҮД ИЛҮҮ ТӨРӨЛЖӨӨСЭЙ

Үйлдвэрлэгч Монгол болоход өөрийн хувь нэмрээ оруулахсан гэж 20 оны туршид хичээж, хэд хэдэн бүтээгдэхүүний зах зээлд өөрийн үйлдвэрлэлээр багагүй хувийг эзэлдэг, хүнсний экспортоор улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг компаний үндэс суурийг тавилцаад бизнесээс холдож, эдийн засгаа төрөлжүүлж, иргэдийнхээ орлого, ажлын байрын боломжийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахаар төр түшилцэж яваагийн хувьд худалдаачдыг л, ченжийг л чадахаараа “дэмжиж”, төрөлжүүлж, төвлөрүүлж чадвал эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэржилт, ажлын байр, орлого дээр ахиц гарна гэдэгт итгэж байна. 

Яг л Тангууд улс мөхөөгүй шүү гэдгийг өглөө бүр сануулж байгаарай гэж захьдаг байсан шиг ченжүүдийг л аль болох дэмж, гэхдээ дотоодод үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэн энэ хэдхэн зарчмыг дагаж байгаа үед гэж Тангад ном шиг нийтээр нь яаж цээжлүүлэх вэ? 

О.ЦОГТГЭРЭЛ E2,71 цувралаас

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 18:15

... хэт даварсан дураараа дамын наймаачдыг зохицуулсан хууль хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button