НИЙГЭМСурвалжилга, НийтлэлЭРҮҮЛ МЭНД

ЦАР ТАХАЛ АМАРДАГГҮЙ: "ЦАГ АВ” хэмээн иргэдийг буцаан халдварыг улам тархааж байна уу...

Нийслэлийн шинжилгээний цэгүүд энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилж буй. Ингэхдээ ажлын өдрүүдэд иргэдээс шинжилгээ авч, амралтын өдөр зөвхөн албан хаагчдаас шинжилгээ авч байгаа юм. Eguur.mn сайтын сурвалжлах баг өнгөрсөн ням гараг буюу энэ сарын 24-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шинжилгээний цэгүүд дээр очиход хаалттай байлаа. Харин гадна нь “Шинжилгээ өгөх гэсэн юм. Өнөөдөр авах юм болов уу. Хаанаас асуух вэ” гэсэн хэд хэдэн иргэн зогсож байв. Бид ЭМЯ-ны 11323002 дугаар руу холбогдож, шинжилгээний цэгүүд ажиллаж буй эсэхийг тодруулахад өнөөдөр нэг ч шинжилгээний цэгүүд ажиллахгүй байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Уг нь цар тахлаа хурдхан хувьж авъя гэж бодож буй бол амралтын өдрөөр ч цаг нар гэхгүй хүн бүрд үйлчлэх ёстой баймаар. Харамсалтай нь ЭМЯ-наас гаргасан цаг авч үйлчлүүлнэ гэх хүнд суртлын цаана иргэд эрүүл мэндийн шаардлагатай тусламжаа ч цагтаа авч чадахгүй байдалд хүрээд байна. Тодруулбал яаралтай эмнэлэгт хэвтэх гэж очсон хүнийг тав хоногийн дараа цаг гарна гэж хэлээд буцаасан тохиолдлууд ч гарчээ. Хүнд өвчтэй хүн тийм олон хоног хүлээж тэсэх болов уу. Шинжилгээний цэгийн нэрээ хэлээхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь цаггүй үйлчилдэг байхад өдөрт 600-800 иргэн зайгаа барьж оочирлоод, хэл амгүйгээр шинжилгээгээ өгөөд явдаг байжээ. Одоо бол өдөрт 350 хүнээс л шинжилгээ ав гэж тоо зааж өгдөг болсон учраас шинжилгээний цаггүй иргэд олноор ирж бухимдлаа илэрхийлэх болжээ. Аргагүй шүү дээ. Цар тахалд амралтын цаг, өдөр гэж байдаггүй. Эрсдэлд орсон байх юий, халдвар авсан байх вий гэсэн хүмүүс ч олноор очиж буй. Гэвч цаггүй гээд буцаж хариад хэдэн хүнд халдвар тарааж буйг ёстой хэлж бүү мэд.

Тиймээс манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Гуравдугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход 20 гаруй иргэн шинжилгээ өгөхөөр тус сургуулийн гадна зогсож байв. Тэдгээр иргэдийн дунд цаг авсан иргэд, цаг авч амжаагүй ч иргэд байлаа. Мөн цаг авсан ч шинжилгээ өгч чадаагүй иргэд байв.

Тэдний нэг бол М.Ганзориг. Шинжилгээ өгөх гэж ирээд хоёр цаг болж байгаа ч иргэний үнэмлэхийг нь бүртгэлийн машинд уншуулахаар “Сорьц өгөх цэг биш байна” бичиг гарч ирээд буй аж.

Тэрбээр “Би Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн.Улаанбаатар хотод наймдугаар сард ирсэн. Маргааш /өнөөдөр/ уг нь орон нутаг руугаа буцах гээд бүртгүүлчихсэн юм. Өнөөдөр л шинжилгээгээ өгчихмөөр байна. Даанч шинжилгээ өгөх цэг биш байна гэсэн бичиг гарч ирээд шинжилгээ өгч болохгүй байна. Болохгүй байхаар нь ахиад цаг аваад, хоёр удаа орсон ч бас л адил бичиг гарч ирлээ. Уг нь хөдөө орон нутгийн аль ч цэг дээр ирээд шинжилгээ өгч болно гэж байсан. Миний хувьд яг энэ байршилд шинжилгээ өгөх гээд цаг авсан. Даанч болохгүй байна. Өмнө нь Хан-Уул дүүрэгт шинжилгээ өгөх гэсэн боловч бас л ингэж гарч ирээд шинжилгээ өгч чадаагүй” гэсэн юм.

Түүнтэй ярилцаж байх үед нэгэн иргэн хамгаалалтын цагаан хувцас өмссөн байсан болохоор намайг эмч гэж бодсон бололтой “Цаг авсан ч гэсэн ингэж дараалаад зогсох юм уу. Ингэх л байсан юм яах гэж цаг өгсөн юм бол” хэмээн асуух нь тэр. Тэрбээр ийн уурлаад дотогш орлоо.

Үүний дараа шинжилгээ өгөхөөр зогсож буй Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Батхүү сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр “Би гурав дахь удаагаа шинжилгээ өгөх гэж байна. Өмнө нь Баянгол дүүрэгт байхдаа шинжилгээ өгч байсан. Тэгэхэд цаг авалгүй ирдэг байсан болохоор нэлээд удаан зогсож байж өгсөн. Энэ удаа ч гэсэн ялгаа алга. Цаг авсан хэрнээ цагтаа орж чадаагүй л зогсож байна” гэх нь тэр.

Харин Сэлэнгэ аймгийн иргэн Л.Маамуу

Эгч нь цаг аваагүй ээ. Дөнгөж сая алхаж ирлээ. Сэлэнгийн Сайхан сумаас холбогдоод өнөөдөр шинжилгээгээ өгөөрэй, маргааш автобусаар татаж авна гэж хэлсэн. Шинжилгээний цаг авч мэдэхгүй болохоор хүн гуйж авахуулсан. Өнөөдрийн цаг дуусчихсан, маргаашийн цаг л байна гэнэ лээ. Гуйж байгаад л ороод шинжилгээгээ өгчихмөөр байна. Маргааш унаа ирэх учир үүнээс өөр арга байхгүй. Дахиад хэзээ ч автобус ирж, татаж авах юм билээ. Миний хувьд эмнэлэгт хэвтэж байгаад аравхоёрдугаар сард гарсан. Гарснаасаа хойш л нутаг руугаа явах гэж үзлээ. Тиймээс ямар ч байсан гуйгаад үзнэ дээ.

Өмнө нь цаг авдаггүй байхад гурван ч удаа шинжилгээ өгсөн. Тэгэхэд цаг зогсож байж шинжилгээ өгсөн. Уг нь цаг авчихвал иргэд ажлынхаа цаг, заваар ирээд шинжилгээгээ өгчих юм байна. Гэхдээ цаг авалгүй зайгаа барьж зогсож байгаад шинжилгээ өгсөн нь амар нь юм байна. Цаг авсан ч холоос ирж байгаа иргэд түгжирч, саатаж, цагаасаа хоцорч байна. Бас хөдөө орон нутгаас ирсэн иргэд яаж цаг авахаа мэдэхгүй байна. Миний хувьд бол цаг авч байснаас хэдэн цаг даарсан ч хамаагүй ингээд зогссон нь дээр юм уу л гэж бодож байна” гэв.

Энэ үед түүний ард зогсож байсан эрэгтэй “Хүүгээ Өвөрхангай аймагт байгаа өвөө, эмээ рүү нь нөгөөдөр явуулах юм. Яаж цаг авдаг болохыг нь мэдэхгүй болохоор цаг аваагүй. Шууд ирээд л шинжилгээ өгчих юм байх гэж бодсон юм. Цаг аваагүй гээд шинжилгээ авахгүй бол маргааш цаг авч байгаад ирэхээс дээ” гэсэн юм.

Гэтэл шинжилгээ өгөхөөр ирсэн бололтой нэгэн иргэн намайг бас л эмч гэж бодсон бололтой Анх удаагаа шинжилгээ өгөх гэж байгаа болохоор цаг авч байгааг ер мэдсэнгүй. Энд ирээд л мэдлээ. Цаг аваагүй ч шинжилгээ өгч болох уу” гэвМөн шинжилгээ өгөхөөр зогсож байсан нэгэн залуу “Өглөө шинжилгээний цаг авах гэсэн сайт нь гацаад байсан юм. Гэхдээ яаж ийж байгаад цаг авсан л даа. Хамт яваа найз маань 31 дүгээр сургууль дээр, харин би харин энд шинжилгээ өгөхөөр цаг авсан юм. Энд хамт өгчхөж болох уу. Анх удаа шинжилгээ өгч байгаа болохоор мэддэггүй ээ” хэмээн асууж байлаа.

Харин бидний дараагийн уулзсан иргэн сайн дураараа шинжилгээ өгч буй аж. Түүнийг Г.Баярцэцэг гэдэг бөгөөд шинжилгээ өгөхөөр ирсэн ч цагтаа орж чадаагүй зогсож байна.

Тэрбээр 14:03 цагаас орж шинжилгээ өгөхөөр байсан ч одоо 14:25  минут болж байна. Ажил руугаа байнга автобусаар явж байгаа болохоор шинжилгээ өгье гэж бодоод ирсэн. Анх удаагаа шинжилгээ өгөх гэж байгаа юм. Яг л авсан цагтаа ордог юм бодоод хар хурдаараа гүйж ирсэн ч 20 хүн өмнө нь зогсож байсан” гэв.

Үүний дараа бидэнд Орхон аймгийн иргэн Б.Номин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хичээл амарсан ч хотод эмнэлгээр яваад нутаг буцаж амжаагүй. Аймаг руугаа явах гээд шинжилгээ өгсөн ч нэг бол явж болно, нэг бол явж болохгүй гээд яах нь тодорхойгүй байсан. Мөн энэ амралтын өдрүүдэд шинжилгээ өгөх гэсэн боловч зөвхөн төрийн албан хаагчдаас шинжилгээ авч байгаа тул өгч амжаагүй. Шинжилгээгээ өгчихвөл хувийн унаагаар ч юм уу явна даа. Гэхдээ бас хувийн машинууд үнэтэй байна лээ. Нэг хүнийг 80 мянгаар тээвэрлэнэ гэж байна лээ. Бүр шоконд орсон. Уг нь 20 мянгаар явдаг л байсан юм.

Өмнө нь цаг авалгүй шинжилгээ өгдөг байхад нэг зогсож байгаад шинжилгээ өгч байсан. Гэхдээ цаг авчхаад цагтаа орж чадахгүй, зогсоод байгааг ойлгохгүй байна. Өмнөхөөсөө ер ялгаа алга. Сая ард болон урд зогсож байгаа хүндээ хэлээд машиндаа орж хэсэг суусан” гэв

Харин бидэнд шинжилгээний цэгт ажиллаж буй эмч нар яриа өгөхөөс татгалзсан тул Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших 50 дугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход тус шинжилгээний цэг дээр хоёр иргэн шинжилгээ өгч байсан юм. Цаг авч үйлчлүүлдэг болсноос хойш шинжилгээний цэгт ажиллаж буй эмч нарт иргэд бухимдлаа илэрхийлж, зарим нь бүр гар хүрсэн тохиолдлууд гарсан талаар манай редакцад гомдол ирсэн. Иймд бид шинжилгээний цэгт ажиллаж буй Арьсны өвчин судлалын үндэсний төвийн их эмч Д.Мөнгөнтүлхүүртэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Цаг авч үйлчлүүлж байгаа ч зарим шинжилгээний цэгүүдэд дараалал үүсжээ. Иргэд 3 минутад шинжилгээ өгч амжихгүй байна уу, эсвэл цаг аваагүй иргэд ирж хүндрэл учруулаад байна уу?

-Иргэд яг авсан цагтаа ирээд шинжилгээгээ өгчихвөл дараалал үүсэхгүй. Даанч нэг иргэнд шинжилгээ өгөх ёстой гурван минут байгаа гэдгийг мэдэхгүй, буруу ойлгочхоод ирж байна. Жишээ нь, 09:12 минутад ирж шинжилгээ өгөх ёстой байтал, өөрийгөө 09:00-10:00 цагийн хооронд ирж болох юм байна гэж ойлгочхоод ирсэн хүмүүс маш их байна. Мөн цаг аваагүй иргэд үүдэнд ирчхээд одоо шинжилгээгээ өгнө гэж, хэл ам хийж байна. Бидэнд цаанаас нь шинжилгээний бодис, урвалжийг цаг авсан иргэдийн тоогоор нь өгдөг болохоор цаг аваагүй иргэдээс тухайн өдөр шинжилгээ авах боломжгүй. Иргэд маргааш хагалгаанд орохоор боллоо, хөдөө явахаар боллоо одоо шинжилгээ өгнө гээд орж ирээд бидний ажлыг хүндрүүлээд байна. Үүнийг яаж шийдэхийг бид нар мэдэхгүй л байна. Өнөөдөр өглөө бол маш их хэл амтай л байлаа.

-Цаг авч, үйлчлүүлдэг болсноос хойш иргэд маш их бухимдаж, шинжилгээний цэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарт гар хүрч байна мэдээлэл манай редакцид ирсэн юм. Уг шинжилгээний цэг дээр ирж байгаа иргэдийн хувьд ямар хандлагатай байна вэ?

-Цаг авдаггүй байхад ирж шинжилгээ өгдөг байсан иргэд хэр бухимдалтай байдаг байсныг мэдэхгүй байна. Цаг авдаг болсноос хойш энэ цэг дээр ажиллаж байна. Хүмүүс цаг авах ёстой гэдгээ ойлгохгүй, чадахгүй мэдэхгүй байна. Үүдний хөтөч цаг аваагүй иргэдэд цаг авч үйлчлүүлээрэй гэж шаардлага тавиад, цаг авах заавар зөвлөгөө өгөөд буцаадаг юм. Харин тэгж хэлсний төлөө зарим нь хэл амаар доромжилно. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л цаг аваагүй ирсэн иргэн маскаа авч байгаад асрагч руу нулимсан.

-Цаг аваагүй ч шууд ирээд шинжилгээ өгөх боломжтой хүмүүс гэж бий юу?

-Цаг аваагүй ч шинжилгээ өгөх боломжтой хүмүүсийн нэг бол жирэмсэн эмэгтэйчүүд. Хэдэн сартай байсан ч хамаагүй ирээд шинжилгээ өгөх боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн иргэд цаг аваагүй ч ирээд шинжилгээ өгч болно. Бусад цэгүүд яаж байгааг бол сайн мэдэхгүй юм. Манай цэг эдгээр иргэдэд цаг аваагүй байсан ч үйлчилж байгаа.

-Энэ шинжилгээний цэг дээр өдөрт хэчнээн иргэн ирж шинжилгээ өгч байна вэ?

-Янз, янз л байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд 450 хүнээс шинжилгээ авсан. Өнөөдөр бол одоогийн байдлаар 380 иргэн шинжилгээ өгөөд байна. Бямба гарагт Дундговь аймгийн иргэдээс шинжилгээ авсан. Уг нь цаанаасаа 200 иргэн ирж шинжилгээ өгнө гэж хэлсэн. Гэтэл 80 гаруй иргэн л ирсэн. Харин өгч амжаагүй иргэдийн зарим нь өнөөдөр шинжилгээ өгнө гээд ирж байх жишээний.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Шинжилгээ өгөх иргэд цаг авч үйлчлүүлснээр цаг хугацаагаа хэмнэж буй ч шинжилгээний цаг авч байгааг мэдээгүй, хэрхэн цаг авахыг ч мэдэхгүй байгаа иргэд байна. Өмнө нь гадаа олон цагаар зогсож шинжилгээ өгдөг байсан жишгийг халсан ч иргэдэд нэг их тус хүргэсэнгүй бололтой. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд ч гэлтгүй, нийслэлийн иргэд шинжилгээний цаг яаж авахыг мэдэхгүй байна. Иргэдэд шинжилгээний цаг авах заавар зөвлөмжийг өдөр бүр, цаг тутамд хүргэж, хоногшуулах хэрэгтэйг, хөдөө орон нутгийн иргэдэд утсаар цаг өгөх хэрэгтэйг анзаарлаа. Угаас иргэдэд ямар ч хүндрэл учруулахгүйгээр аливаа асуудлыг шийдэх нь төрийн үүрэг шүү дээ. Үгүй бол хөдөө орон нутаг явж байгаа иргэдээсээ шалган нэвтрүүлэх товчоод дээр нь шинжилгээг нь ав.

Хэдий бидний очсон шинжилгээний цэгт ажиллаж буй эмч, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цаг аваагүй ч шинжилгээ өгч болно гэж хэлсэн ч ус нь гарч байгаа жирэмсэн эх шинжилгээ өгөх гээд уйлуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Түүнчлэн шинжилгээний цаг аваагүй, яаралтай орон нутаг руу явах шаардлагатай хүн цаггүйн улмаас шннжилгээ өгч чадаагүйдээ уурлан шинжилгээний цэгийн ажилтанд гар хүрсэн тохиолдол ч гарсан байна. Үнэн хэрэгтээ тэдгээр эмч, сувилагчид дээд шатны албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийг биелүүлж буй шүү дээ. Тэдний гаргасан шийдвэрийн балгаар шинжилгээ цэгт ажиллаж буй эмч, сувилагчид иргэдэд “хүчирхийлүүлж” буйн нэгэн жишээ нь. Гаргах гэж буй шийдвэрүүд иргэнд хүндрэл учруулах эсэхийг сайн бодож тунгаан, мянгантаа эргэцүүлж баймаар юм даа. Иргэнээ дээдэлдэг төр, сайд, шийдвэр гаргагчидтай л болмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button