ЭнтертайнментЯрилцлага

Д.Намсрайноров: Аавынхаа уясан хурдны морийг унаж, олон сумын наадмуудад морь манаж, эмээл дэрлэж явлаа

Өнгөрөгч тавдугаар сарын 14-ны өдөр хийсэн ярилцлага сэргээн нийтлэв.

“Хонгор чамдаа”, “Дурлан дурлан хайрламаар” зэрэг сайхан дуунуудыг олон түмнийхээ сонорт хүртээж, өтгөн сайхан хөмсгөөр өнгө төрхөө тодорхойлсон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноровтой “Ододтой бүжиглэе” шоуг тойрсон сонин хачин болоод хэвлэлд тэр бүр ам нээгээд байдаггүй амьдралынх нь дотоод гүн рүү нэвтэрсэн халуун яриаг өрнүүллээ.

-БАГАДАА ХӨМСӨГГҮЙ, ШАР ХҮҮХЭД БАЙЛАА-

-Хүүхэд наснаас тань яриагаа эхлүүлье гэж бодлоо?

-Би 1980 оны хавар Төв аймгийн Өндөр-Ширээт суманд мэндэлсэн. Хөдөөний хүүхэд. Эхээсээ тавуулаа. Эгчтэй, гурван дүүтэй. Сумын сургуульд суралцаж, зуныхаа амралтаар ээж, аавдаа очиж хурга, тугал хариулдаг хүү байлаа. Бага нас маань чөлөөт цагаараа тэвэг өшиглөж, хүүхдүүдтэй ноцолдох зэргээр бусад хүүхдүүдийн л адил өнгөрсөн дөө.

-Эгч, дүү нараасаа онцдоо шар царайтай хүү байсан гэж сонссон. Бүр одоогийн энэ өтгөн хөмсөг ч байгаагүй гэж үнэн үү?

-Тийм ээ. Ээж маань хүүхэд байхад их хэлдэг байлаа. “Айлд заавал нэг шар хүүхэд байдаг юм байна” гээд л. Одоо бол шар гэхээсээ бор царайтай байх. Хөмсөгний хувьд яваандаа ургах магадлалтай, "бөмбөгөр” арьстай байсан гэсэн. 13 нас хүрээд хөмсөг ургасан. Ерөнхий царайны төрх ээж, бие бялдар аав гээд хоёр талаас ахиухан аваад л төрсөн гэж боддог.

-Хэр дэггүй хүүхэд байсан бэ?

-Ер нь томоотой талдаа байсан шүү. Хүүхэд болохоор мэдээж хааяа нэг сахилгагүйтэх, ангийн охидыг гэзэгдэх, араас нь хатгах үе байсан. Гэхдээ ер нь л даруу, ангийн хамгийн урд суудалд суугаад хичээлдээ анхаардаг, гэртээ хариад цайгаа ч уулгүй гэрийнхээ даалгаврыг хийдэг хүүхэд байлаа. Их л хичээнгүй хүүхэд байсан даа.

-Аав ээж тань тууврын малчид. Таныг өсгөж хүмүүжүүлэхдээ тэд чухам юуг их захиж, сургадаг байв?

-Аав ээж хоёр маань олон жил тууврын, бэлтгэл мал тууж байсан. Би хүүхэд байхаасаа л хонинд их явдаг байлаа. Хамгийн сүүлд 1993 онд Улаанбаатар хот руу 200 гаруй км замд мал тууж ирсэн. Одоо бодоход их сайхан дурсамжууд үлджээ. Аав, ээж хоёр маань хүүхдүүд биднийхээ төлөө 30 гаруй жил тууврын мал туухдаа халуунд халж, хүйтэнд хөрч, хатуу цаг хугацааг өнгөрүүлснийг хожим ойлгосон доо. Аав маань үргэлж зэмлээд байхгүй ч, харцаараа ихийг хэлдэг. Хүүхэд байхад тэр бүр сайн ойлгодоггүй байсан ч, хожим нас тогтоод ирэхээр аавынхаа харцаар юу хэлэх гээд байгааг нь ойлгодог болсон. Яг намайг “Тэг, ингэ” гэж хэлж байгаагүй. Харин ээж маань намайг хүнд худал хэлдэггүй. Хэлсэн ярьсандаа байдаг. Аливаа бүхий л амьтай, амьгүй зүйлийг хайрладаг өр зөөлөн хүн болгож өсгөсөн шиг санагддаг.

-Аав, ээжээрээ хамгийн сүүлд хэзээ нэг зэмлүүлснээ санаж байна уу?

-2003 онд Улаанбаатар хотод ирээд, “Дуурийн дуулаач” мэргэжлээр таван жил сурсан. Анх 2006 онд түмэн олондоо танигдаж байлаа. Түүнээс хойш айхтар зэмлүүлээгүй байна. Аав маань байнга үглээд байхгүй ч, хааяа нэг ташуурын амт мэдрүүлж л байсан. Ээж маань ч бас дандаа өр зөөлөн байхгүй, алганы амтыг үзүүлнэ.

-ХҮҮХЭД БАЙХДАА ТОГЛОДОГ БАЙСАН ТОГЛООМУУД ОДОО Ч БИЙ-

-Таныг хүүхэд байхдаа тоглодог байсан Оросын чанартай тоглоомуудаа одоо ч хадгалдаг гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоомууд маань одоо ч суманд аав, ээжийн маань гэрт  хадгалаастай байдаг. Одоо ингээд тусдаа гарчихсан, үр хүүхдүүдтэй болсон учир өөрийн тоглоомуудаа ялгаад гэртээ авчиръя л гэж бодоод байна. Энэ зун л өөрийнхөө өмчийг авчирна даа. Хүүхэд байхад аав ээж маань мал туухаар явахдаа “Миний хүүхдүүд юу захих вэ” гэдэг байлаа. Би тоглоом гэхээс илүү боорцог их захидаг байсан. Ээж маань “Миний ховдог хүү” л гэдэг. Эрэгтэй хүүхэд болохоор аав, ээж маань төмөр машинаас эхлээд олон гоё тоглоомууд авчирч өгдөг. Хүүхдүүд ихэнх нь тоглоомуудаа эвдээд дуусгадаг бол бид хайрлаад, хямгаддаг байсан.

-Хамгийн урд суудаг, хичээлдээ идэвхитэй сайн сурагч байлаа гэсэн. Ямар хичээлдээ түлхүү сонирхолтой байсан бэ?

-Математик, бодлого талдаа тааруу. Монгол хэл, бичиг, уран зохиолдоо сонирхолтой. Зөв бичих, ярих, уран зохиолын хичээлүүдээ сайн гүйцэтгэдэг. Гэхдээ мэдээж математикийг хичээлийнхээ хүрээнд хийнэ. Түрүүн дурдсанчлан хамгийн урд суудаг, хичээлдээ сайн, таван онцыг эзэмшдэг тийм л хичээнгүй хүү байлаа даа. Тухайн үед шинэ жилүүд их гоё болдог байсан. Жил бүр өвгөн ааваас бор ууттай бэлэг авдаг байсан гээд сайхан дурсамжууд олон. Харин тэмцээн уралдаанд тун бага орж байсан санагддаг.

-Таныг эсрэгээрээ тэмцээн уралдаанд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан гэж бодсон шүү?

-Хичээлээс гадна тэмцээн уралдаанд орж, сургалт, дугуйланд явж байгаагүй. Манай үеийнхэн их мундаг байсан л даа. “Яргуй наадам”-д орно. Би, чи гээд л их уралддаг, олон ч медальтай болсон байх. Миний хувьд 20 нэлээн гараад дуулж эхэлсэн учраас тэмцээн уралдаанаас хол байсан. Спортын хүн болно, тэр дундаа бөх болохыг л их хүсдэг байсан. Түүнийгээ бодоод нойр ч хүрэхгүй гээ. Үеийнхнээ барьж аваад л шиддэг, өдөржин л ноцолддог байлаа даа.

Хүний зам мөр гэж юм байдаг. Хүүхэд байхдаа ноцолдож байгаад, том болсон хойноо барилдаж чадахаа больсон учир түүнд л нэг харуусаж явдаг. Хүн гэвч өөрийгөө ялан дийлж, аливаа бэрхшээлийг даван туулдаг л байх ёстой. Бас нэг дуулах, дуучин болох хүсэл дотор маань дараатай л явдаг байсан. Гэхдээ хүмүүсийн өмнө ил дуулж чаддаггүй. Их ичимхий хүү байсан. Малын задгай бэлчээрч, хонь ямаагаа бэлчээж явахдаа л эрх дураараа, ганцаар хоолой мэдэн хашгирдаг байлаа. Тэр л хожим дуучин болоход их нөлөөлсөн гэж боддог доо.

-ЦЭРЭГТ АЛГА ХААЖ БАЙХДАА ОСОЛД ОРЖ, БӨХ БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ ОРХИХОД ХҮРСЭН-

-Аав ээж нь таныг ямар хүн болохыг хүсэж, илүү дэмждэг байв аа?

-Аав маань намайг бөхөд сонирхолтой байсныг мэддэг байсан учир хүүгээ бөх болгочхоод хараад сууж байхыг хүсдэг л байсан байх. Харамсалтай нь сайн эрд садаа мундахгүй гэгчээр барилдаж чадахаа больсон. Харин ээжийн хувьд өөрөө дуулах дуртай, хөдөөгийн найрын дуучин л даа. Гэхдээ сүүлд тийм байхаа больчихсон. Намайг бага байхад намрын найрууд нижгэр сайхан болдог байлаа. Тухайн үед цаг ч сайхан байжээ. Ээж намайг дуулахыг их дэмждэг байсан. Хааяа нэг нууцаар дуулж явахад түүнийг сонссон л байх.

Хожим 2002 оны хавар сумын соёлын төвийн эрхлэгчээс “Хүрч ирээд нэг дуулаад шалгуулаач” гэсэн цахилгаан ирсэн. Түүнийг нь сонсчихоод дотроо баярласан ч, айдас төрж байлаа. Очоод шалгуулахад “Болж байна шүү” гээд наадмын тоглолтод оруулахаар болж, анхны тайзнаа хоёр дуу дуулж байсан. Их сайхан алга ташилт, урам авснаас хойш л дуучин болох замнал эхэлсэн дээ. Чиглүүлж дэмжсэн хүн нь ээж маань.

-Бөх болохыг хүсдэг байсан ч барилдахаа больсон гэж их ярилаа. Яг юу болсон юм бэ?

-Аливаа зүйлийг их хүсвэл эргээд хясдаг юм шиг. Би хүүхэд байхдаа барилдаад, сумандаа энэ чиглэлээр дугуйланд ч хамрагдаж байсан. Ингээд эр хүн юм чинь аавын олон хүүхдүүдтэй мөр зэрэгцээд, хатуужил сууж байж бөх болох зам минь нээгдэх юм байна л гэж боддог байлаа. Ингээд 18 нас хүрээгүй байхдаа хүсэлт тавиад цэрэгт явсан. Очоод тангаргынхаа баяраар түрүүлээд, тэндээсээ чөлөөгөөр шагнуулаад сэтгэл маш сайхан байсан. Ер нь бөх болчих юм байна. Миний зам дардан сайхан байгаа юм байна гэж бодох боллоо.

Тэгээд алба хааж байхдаа осолд ороод, миний хувьд дэлхий хөмөрчих шиг л болсон. Хамгийн гол нь л ерөөсөө сэтгэл санаа юм билээ. Сэтгэл санаагаар өөдрөг л байж чадвал, ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Ээж маань намайг гурван жил орчим асраад, ноцолдож байж л хөл дээр минь босгож, тэнхрүүлж чадсан. Ямарваа бэрхшээлийн цаана илүү сайхан зүйл хүлээж байгааг л мэддэг байх нь чухал. Гол нь түүнийг давж чадах. Хүн бүр том бэрхшээлтэй тулгарах албагүй ч, аливааг үргэлж гэгээлгээр харж байгаасай л гэж хэлэхийг хүсэж байна.

Тухайн үед “Би юу болох вэ, хийх вэ” гэж их бодсон л доо. Ямар ч байсан бөх болж болохгүй юм байна. Малчин болъё гэхээр зуны халуун, өвлийн хүйтэн шуурганд яах билээ гэж. Хөдөө их амар биш шүү дээ. Тэгээд тэндээсээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад “Жолооч болъё” гээд гурван сар дамжаанд сууж байсан. Аав маань надад Супер-69 машин авч өглөө. Одоо бодоход хүүгийнхээ сэтгэлийг л засаад байсан юм билээ.

Нутгаасаа гараад Улаанбаатар хот хооронд тааваараа хэсэг давхилаа. Аавын маань найзууд унага, тамганы найранд очсон юм аа. Тэнд дуулсан. Гэтэл аавын найзууд “Ийм сайхан дуулж байгаа хүүхдийг хөдөө байлгаад яах юм. Дуучин болго” гэж хэлснээр Үндэсний урлагийн их теарт анх бүжиг дэглээч С.Сүхбаатар багшид шавь оруулсан.

Тэндээсээ анх Дуламын Баасанжав багшид суралцаад нэг жил яваад сүүлдээ шантраад малаа маллая гээд аймаг буцчихсан. Тэгээд хойтон жил нь 2003 онд эргээд зориглоод хотод орж ирж байлаа. СУИС-д конкурс өгч тэнцээд сайхан багш нарын буянаар таван жил “Дуурийн дуулаач” мэргэжил эзэмшээд төгссөн. Гуравдугаар курсийн оюутан байхдаа 2006 онд анх “Хонгор чамдаа” дууг дуулж, түмэн олон маань халуун дотноор хүлээн авсанд их урам зориг орсон.

-ХУУЧНЫ САЙХАН ДУУНУУДААС НЭГИЙГ Л СЭРГЭЭЖ ДУУЛСАН НЬ ЭЭЖИЙН МААНЬ ХҮСЭЛ-

-“Дуурийн дуулаач” мэргэжлээр төгссөн хэр нь яагаад нийтийн дуу дуулах болсон юм бэ?

-Тухайн үед уртын дуу, дуурь, эстрадын дуулаач гэж байсан л даа. Миний хувьд уртын дуунд дуртай ч, дуурийн дууны ангид орсон. Дуурийн дууны анги төгссөн шилдгүүд нь яг мэргэжлээрээ, хоолойны өнгө чадлаа харж байгаад нийтийн дуу руу орж байсан. Яг дуурийн дуулаачаар явахад миний сонирхол, хоолойн өнгө, цаашлаад уран бүтээл туурвихад нийцэхгүй санагдаж байсан.

-Хамгийн анх олон хүний өмнө дуулах, тайзанд гарахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Үгээр илэрхийлэхэд хэцүү. Гайхамшигтай. Түмэн олны алга ташилт, чин сэтгэлийн урмын үгс, ялангуяа настай хүмүүсийн дуундаа уяраад сонсох тэр үеийн агшинг хараад тайзан дээр байх ёстой юм шиг л мэдрэмжийг авсан.

-Хүүгийнхээ дуулж байгааг анх харсан, сонссон ааж, ээж нь таниар их бахархсан болов уу?

-Аав, ээжийнхээ ачийг хариулах юмсан гэж их боддог. “Радиогоор хүү нь дуулж байна” гэж аавд маань нутгийнх нь хүн хэлэх. Тэр л хамгийн том бэлэг юм байна гэж би боддог. Магадгүй ээжийн маань мөрөөдөл байсан байх. Олон сайхан тоглолтын хойморт аав ээж хоёрыгоо гоёод торгон дээлтэй нь ихэрлүүлж суулгасан. Ээжийн маань нүдэнд нулимс хурахыг хараад их баярласан. Энэ бол хүн болгосны л ач тус юм. Аав ээж, түмэн олондоо чин сэтгэлээсээ талархаж, илүү сайн уран бүтээл хийх ёстой юм байна гэсэн л бодолд дарагдах болсон доо.

-Ээж нь их сайхан дуулдаг хүн гэсэн. Ямар дууг их дуулж өгдөг, түүнийг нь сонсож өссөн бэ?

-Олонд танигдаагүй ч ээж маань их сайхан дуулдаг хүн. Ээжийн талын ах дүүс ч мөн удам дамжсан сайхан хоолойтой хүмүүс байдаг шүү. Аав маань найзууддаа “Хүү маань ээжийгээ дуурайгаад сайхан дуулдаг болсон юм билээ. Намайг дуурайвал юу гэж сайхан дуулах вэ” гэж ярихыг сонссон юм байна. Намрын найрнаас хоёр гурав хоног хүмүүсийн дуулахыг сонсоход зүүдэнд хүртэл дуу эгшиглэж л байдаг.

Олны дуунаас ээжийнхээ дууг таньдаг, сонсох дуртай байлаа. Үнэхээр сайхан мэдрэмж шүү. Одоо ч чихэнд дуулддаг. Одоо ч ээжийнхээ дуулахыг сонсох дуртай. Би хуучны дуунуудаас ганц л дууг сэргээж дуулсан байдаг юм. “Чи минь битгий мартаарай”. Яагаад дуулсан бэ гэхээр ээж маань надад “Энэ их сайхан дуу шүү. Хүү минь дуулаарай” гэж захиж байсан. Тиймээс бодож яваад энэ дууг сэргээн дуулсан.

-Дуугаа бичүүлсний дараа хоолойгоо анх сонсоход ямар санагдаж байсан бэ?

-Үнэндээ их эвгүй байсан. 2006 оны намар анх “Хонгор чамдаа” дуугаа бичүүлчхээд болохгүй ч байгаа юм шиг, эвгүй байсан. Дуугаа ФМ-үүдэд өгчхөөд гэрийнхэн рүүгээ залгаад "За, яг одоо миний дуулсан дуу гарна шүү. Сонсоорой” гэж хэлчхээд байж байтал эгч ярьж байна. “Хүүе, их хөөрхөн дуу байна л даа. Гэхдээ чи ямар сонин хөгшин хоолойтой юм бэ” гэх нь тэр. Би уг нь урам өгөх нь гэж бодохгүй юу.

Тэгэхэд ёстой сонин санагдаж байсан. Хөгшин биш өвөрмөц, дахин давтагдашгүй, өөрийн өнгөөр эгшиглэсэн юм байна гэж би өөрөөрөө бахархаж суудаг юм. Анх сонсоход гэхдээ их сайхан. Би гандангаас СУИС хооронд микро автобусаар хичээлдээ явж байлаа. Тэгэхэд миний дуу гарч эхэллээ. Жаргаад сонсоод явж байхад буух буудал болчихлоо шүү. Буудалд буух боллоо. Гэтэл дуу маань дуусдаггүй. Тэгэхээр дуугаа дуустал дахиад нэг буудал яваад очиход хичээлээсээ хоцорчихсон. Хожимдож очоод багшдаа зэмлүүлж л байлаа.

-Оюутны амьдралаасаа эргээд дурсаач?

-Хичээнгүй сайн оюутнуудын нэг байсан шүү. СУИС-ийн хананд тухайн үед онц төгсөгч гээд нэр маань байдаг байлаа. Бүх хичээлээ дандаа 90-ээс 100 дүнтэй өгдөг байсан. Их сургуульдаа хэдэн ч удаа сургуульдаа хоносон юм бэ дээ, тоогоо алдсан байх. Пирошки бэлэн гоймонгоор жижүүрээ найраад л, гэрэл унтраалттай харанхуйд хичээлээ бэлддэг байсан.

Ялангуяа төгөлдөр хуурын хичээлээ бэлдэх гэж их зүтгэсэн. Багш маань миний гарыг үзээд “За энэ нөхөр модон гартай. Төгөлдөр хуур сурч чадахгүй” гэхэд би хамгийн түрүүнд нотоо сураад, шалгалтаа сайн өгч байлаа. Оюутан нас үнэхээр сайхан шүү. Намайг сүүлд дуулж эхэлсэн болохоор залуу гэж хүмүүс боддог юм шиг байгаа юм.

-Танд багаасаа нөхөрлөсөн сайн найзууд хэр олон байдаг вэ?

-Нутгийн болон их сургуулийн найзууд бий. Гэхдээ ер нь бол найзууд олон биш. Олон байхаас чанартай сэтгэлтэй, ядарсан үед ирж байдаг ганц нэг л найзтай юм билээ.

-Осолд орсны дараа хажууд тань хамт байсан найзуудыг хэлж байна уу?

-Тийм ээ. Ер нь л том бага гээд олон бэрхшээлүүд хүнд тохиолддог. Найз гэсэн хүн рүүгээ л хүн ярьдаг шүү дээ. Магадгүй зарим руу нь санааг нь зовоох вий гээд хэлээгүй байхад мэдчихсэн ирэх, эсвэл сонссон байгаад сонсоогүй юм шиг аашлах хүн гээд л. Найз тоотой байх хэрэгтэй гэж бодогдох болсон. Хүний гэр бүл, эцсийн цэг нь хүний хань. Би хань гэдгийг энэ амьдралыг дуустал нэгэн бие болж, нэг зүгт харах хүн юм байна гэж ойлгосон.

-ГУРВАН ХҮҮХДЭЭ ТӨРӨХӨД НЬ ЭХНЭРИЙНХЭЭ ДЭРГЭД БАЙЖ ЧАДААГҮЙ-

-Оюутан болоод хотод ирэхдээ хаана амьдарч байсан бэ?

-2003 онд хотод ирээд дүү нартайгаа Ганданд айлын байшингийн нэг өрөөг түрээсэлдэг байлаа. Дараа нь жаахан дээшлээд дүү нартайгаа айлын хажуу өрөө, дараа нь нэг өрөө байр түрээслээд 2007 онд ханьтайгаа танилцаад тусдаа гарч байсан.

-Ханьтайгаа хэзээ, хаана учирч байв аа?

-2005 онд шар айрагны рекламны зураг авалтад найзуудтайгаа орчхоод, дүүгийнхээ дуудлагаар нэг караокед орсон юм. Шар айрагнаасаа багахан уучихсан бөөндөө давхиад очтол дүү маань хоёр гурван бүсгүйтэй сууж байсан. Тэндээс анх эхнэрээ олж хараад, танилцсан л даа. Удалгүй эргээд холбоо тасарсан байж байгаад 2007 онд дахиад уулзсан. Эхнэр маань СУИС-ийн дэргэдэх ресторанд ажилладаг байсан. Ойр ойрхон уулзсаар байгаад л тусдаа гараад нэг гэрт орж байлаа.

-Хэр хугацаанд болзож, эхнэрийгээ "найрсан” бэ?

-Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг л юм билээ. Хоёр жил холбоо тасарсан ч эргэн уулзаад амьдралаа босгоод өнөөдөр дөрвөн сайхан үрийн аав, ээж болсон байна.

-Тэгэхээр хожуу аав болжээ?

-Тэгэлгүй яах вэ. 2007 он гэдэг чинь 28 насандаа анхны охиноо өлгийдөн авсан байна.

-Аав болсон мэдрэмжээсээ хуваалцаач?

-Аав болох мэдрэмж... Анхны хүүхэд төрөх үед би оюутан байсан. Хажууд нь ч байж чадаагүй. Гэхдээ мэдээж баярлалгүй яах вэ. Хоёр дахь хүү маань хөдөө 21 аймгийн тоглолтоор явж байхад төрж байсан. Би бас л байгаагүй. Гурав дахь хүүхэд мөн л тоглолтын үеэр төрөөд, хамт байж чадаагүй. Тэгэхээр ямар аав байна. Гэхдээ дөрөв дэх хүүгээ төрөхөд яг хамт байсан. Цар тахалтай, дээр нь тоглолтоор явах ч боломжгүй байсан л даа.

Тэгэхэд нэг л зүйлийг ойлгосон. Хамгийн ихээр хайр хүрдэг юм байна. Ээжийгээ бүр эхээр хайрладаг аж. Эх, үр эсэн мэнд амаржина гэдэг хамгийн гайхамшигтай зүйл. Цаг хугацаа зогссон мэт л санагдсан. Хамгийн агуу хүн эх хүн. Тиймээс залуус маань ээжийгээ хайрлаж хамгаалаарай гэж хүсэх байна. Тэд үрийнхээ өмнөөс амьдралаа, амиа өгөх чадалтай хүмүүс. Осолд ороод хэвтэрт ороход ээж маань байнгын үүрээд эмчилгээг минь хийлгэдэг байсан шүү дээ.

Хүүхдээ өсгөж, өндийлгөхөд их цаг хугацаа ордог. Хань маань их ядарч байсныг сүүлийн он жилүүд л ойлгуулж байна даа. Өнөөдрийг хүртэл намайг амжилттай, сайн сайхан яваа нь ханийн маань ач тус юм аа. Хүмүүсийн нүдэнд ил амьдарна гэдэг их үүрэг хариуцлага, золиос шаарддаг. Ялангуяа хүмүүсийн хэл ам их учир сайн л хамгаалалт хэрэгтэй юм билээ.

-БҮЖГИЙН СПОРТ, БӨХИЙН СПОРТООС ӨӨР ГЭДГИЙГ ШОУНД ОРОХДОО МЭДЭРСЭН-

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Өвөө маань их номтой лам хүн. Тиймээс ч биднийг дандаа бурхны нэрээр нэрлэсэн. Миний нэр Намсрайноров. Төвдөөр орчуулбал, Баян-Эрдэнэ гэсэн үг л дээ. Эгчийн, дүүгийн нэр ч цөмөөр бурхны нэр. Тиймээс бага зэрэг буддын шашинтай. Гэхдээ хүний хамгийн ойрын бурхан бол ерөөсөө л ээж, аав шүү дээ. Эх дэлхийд байгаа амьтай, амьгүй бүхий л зүйлсийг хайрлаж хамгаалах нь чухал. Хүүхдүүдээ ч гэсэн хичээл номоор нүдээд байхаас илүү зөв, зөөлөн хүн болгож өсгөхийг хичээдэг.

-Хүүхдүүдээс нь таны авъяасыг өвлөсөн, дуулах авъяастай хүүхэд байдаг уу?

-Ер нь бүгд л дуулна гэдэг шүү. Эмэгтэй хүүхэд уран бүтээлч байх хэцүү гэж би охиндоо хэлдэг юм. Гэхдээ хүүхдийнхээ хүслийг боогоод, хаагаад байж болохгүй. Ерөнхийд нь л сүлээд явъя гэж боддог. Том болоод ямар байх нь уу, тухайн үедээ сайн ярилцана.

-Ихэнх залуу хос амьдралаа тэгээс эхэлсэн гэдэг. Та амьдралаа хаанаас эхэлсэн бэ?

-Нэгээс гэх юм уу. Зарим хүмүүс хэлдэг л юм. Бүх хонио авч ирээд хотоо харлуулаад уран бүтээлч болсон гэж. Энэ бол оргүй биш. Аавынхаа хөрөнгөөс эхэлсэн. Аливаа зүйл эхтэй байх ёстой. Гэр бүл тусдаа гараад аав ээжийгээ зовоохгүй, өөрсдөө зүтгээд хөдөлмөрлөөд явсан. Өнөөдөр хүний дайтай яваа минь тэдний маань л ач юм. Амьдралд бас их хангалуун байх дэмий. Яг сайхан таарсан л байх чухал шиг. Сэтгэл санаа таагүй үед гэртээ ирээд, хүүхдүүдээ үнсээд, ханийнхаа хийсэн гурилтай шөлийг идээд унтахад л маргааш сайхан эрч хүчтэй сэрдэг. Амьдрал өөрөө сайхан даа.

-Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийж байна вэ. Таны хувьд бүжиглэх шинэ авъяас, хоббитой болсон болов уу?

-Одоогоор гэр бүлтэйгээ тайван сайхан амьдарч байна даа. Бүжиг, шоуны тухайд дэлхийн контент шүү дээ. Анх шоунд оролцох урилга аваад татгалзсан. Чадахгүйдээ биш. Дэлхийд гарах зүйлийг арай өөр байх ёстой байх гэж бодоод боломжгүй гэх хариуг өгсөн. Хамт олноос дахиад санал тавиад, ерөнхий агуулга танилцуулсан. Ингээд орохоор болсон. Багийн ажил гэдгийг их ойлгосон. Миний хувьд бөхийн өргөөнд 10-аад тоглолт, 21 аймагт дөрвөн удаагийн аялан тоглолт, 333 суманд гэхээр 400-500 орчим тоглолт тавиад, түүнээсээ их урам зориг авсан байна.

Тоглолт зохион байгуулахад 150 гаруй хүмүүс ажилладаг. Гэтэл бүжиг өөр юм билээ. Авъяас гэхээс илүү маш их хичээл зүтгэл гаргах ёстой болсон. Миний бөх барилддаг бие галбир, майга хөлтэй зэрэг нь хамаа алга. Хүмүүс нэгэнт л мэдэж байгаа. Дэлхийн тайз гэдэг утгаараа л их эмээсэн. Монгол улсын нэр харагдах учир хичээх ёстой гэж бодсон. Тэнд хөлс урсаж байгаа, жаахан алжааж байгаа нь чухал биш. Тэгж бодож л их хичээсэн.  Бүжиг их сайхан зүйл байдаг юм билээ. Ялангуяа бүжиг бүжгийн дотроо венийн вальс их сайхан. 300 гаруй хүн цаг, секунд тутам л ажилладаг байхад би өөрөө хөдөлмөрч, хичээнгүй байх ёстой шүү дээ.

-Бүжиглэх бөх барилдахаас огт өөр байна уу?

-Шал өөр юм билээ. Маш нарийн торгон мэдрэмжтэй, уян налархай байх ёстой гээд л яривал их. Би анх бүжиглэж байхдаа яг барилдах гэж байгаа мэт л байдаг байлаа шүү дээ. Сүүлдээ сайхан болсон. Энэ цаг хугацаанд байх ёстой газраа байлаа гэж бодсон. Намайг дэмжсэн бүхий л хүмүүст баярлаж байна даа. Хүмүүс гэртээ байгаа хугацаанд дархлааг нь дэмжиж, эерэг энерги өгсөн байх гэж бодоод байна.

-ДУУНУУДАА ТӨРӨЛЖҮҮЛЖ, БҮХ СЭДВЭЭР ДУУЛАХ ЗОРИЛГО ТАВЬСАН-

-Шоу эхлэхэд үзэгчдээс багагүй шүүмжлэл ирж байсан. Оролцогчид хоорондоо хэт наалдаад, тэврэлдээд байна аа гэж?

-Бүжиглэж л байгаа учир ойрхон байх ёстой юм билээ л дээ. Тэр шүүмжээс хойш нийтдээ бүгд тас тэврэлдээд байснаа сулруулсан шүү дээ. Яг л барилдаж байгаатай л адил хөлс урсана, эрчим хүч гарна. Бүжгийн хугацаанд хоёр тийшээ хараад байвал мэдээж хүмүүст сайн хүрэхгүй. Түүнийг л ойлгох ёстой.

-Бүжгийн бэлтгэлийн ард юу өрнөв өө?

-100 хоногт их зүйлийг мэдэж, сурч авсан. Олон сайхан залуустай мөр зэрэгцлээ. Аливааг өөр нүдээр харлаа. Есөн бүжиг сурсан байна. Хүмүүст жаргал бэлэглэсэн дэлхийн контентод оролцсондоо их баяртай байлаа.

-Моана хүүхэлдэйн киноны Маогийн дүр бяцхан шүтэн бишрэгчдэд их таалагдсан байсан?

-Тийм ээ. Дүрээ, бүжгээ бүтээхийн тулд хүүхдүүдтэйгээ хамтдаа сууж байгаад хүүхэлдэйн киног нь үзсэн. Ер нь хөөрхөн болсон гэж боддог шүү. Том охинтойгоо нэлээн ярилцаад, “Заавал тэнцэнэ шүү” гэдэг амлалт аваад түүндээ хүрсэндээ баяртай байдаг.

-Шоуны хугацаанд нүдний өмнө илтэд турсан. Хэчнээн кг жин хассан бэ?

-10 кг жин бол хассан шүү. Хөдөлгөөн л байдаг юм байна. Хөдөлж л байвал эрүүл байдаг. Жин сайн хасаад, галбиржаад ирдэг. Шоу өндөрлөсөн ч долоо хоногт нэг удаа бүжиглэдэг байя гэж бодсон шүү.

-Таны хувьд төлөвлөсөн олон ажил байгаа болов уу?

-Сүүлийн хоёр жил шахам ард түмэндээ дуугаа хүргэсэнгүй. Гэхдээ зүгээр амраагүй. Дөрөв дэх цомгийнхоо шинэ дуунуудаа бэлдээд 80 хувьтай явна. Дулаан орохоор шинэ цомгоо гаргаад, дуунуудаасаа дүрсжүүлэх, цаашдын тоглолтын санаа гэх мэт бодсон олон зүйл байгаа.

Мөн дуунуудаа төрөлжүүлэх санаа байна. Миний хувьд ихэнхдээ гэгээлэг хайрын дуунууд дуулсан байдаг. Ээжийн тухай “Санах тусмаа дуулаарай” гэж дуу бий. Нутаг усны бас хэдэн дуу байгаа. Гэхдээ тоотой.

-Удахгүй “Эх үрсийн баяр”, түүний дараа наадам болно. Таны хувьд ирэх баяруудад уран бүтээл төлөвлөсөн байгаа юу?

-Түмний хүүхдүүдэд, хүүдээ, охиндоо гээд дуунууд бодсон. Удахгүй хүргэх болно. Эх үрсийн баярын хувьд манай гэр бүлийн хувьд түүхэн баяр байх болно. Учир нь хань минь энэ өдөр “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаалгах юм. Тиймээс маш их догдлон хүлээж байна. Баяр наадмын хувьд ч мөн цаг сайхан болвол бодсон олон зүйлс бий. Наадмын тухай ярихаар олон сайхан дурсамж сэргэдэг. Мэдээ орсон цагаасаа л аавынхаа уясан хурдны морийг унаж, олон сумын наадмуудад морь манаж, эмээл дэрлэж явлаа. Морь эр хүний чимэг л дээ.

Аав маань аймгийн алдарт уяач хүн. Наадмаар сайхан нутагтаа очихыг л их хүсэж байна даа. Сайхан байгаль, нутгийн тухай дуу гаргахыг хүсдэг. Одоо бол эх нутаг, аав ээж, гээд сэдэв өргөнтэй дуу дуулахыг хүсэж байна. Энэ зун түүхэн 100 жил болно. Өвчин зовлон хол үлдэж, сайхан наадам болох байх л гэж бодож байна.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд тань баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
аа
аа
2021-05-14 12:50

Өө хамтран бүжиглэгч хөөрхөн мундаг бүжигчин охиныхоо тухөй дурссангүй ээ

амжилт
амжилт
2021-05-14 13:44

уха�##�аг сайн з�##�уу байна амжилт

уншигч
уншигч
2021-05-14 13:45

эхлээд муу байснаа өөрөө их хичээсэээн. Хөдөлмөр хүн байх

ҮНЭН
ҮНЭН
2021-05-14 20:15

ХАМГИЙН ГОЛ НЬ ХӨМСӨГ ХАХА

Зочин
Зочин
2021-05-14 22:44

Энэ нөхөр ямар дуу дуулдагийг мэдэхгүй. Гэхдээ их биеэ тоосон нөхөр байна лээ. ШТС дээр түгээгч нарыг загнаж, дээрэлхэж байгааг харсан. Муугаа мэдэхгнүй бас элдэв хүүхэн машиндаа суулгачихсан, ядарсан хүмүүст дээрэлхүү хог байна лээ.

хүннү
хүннү
2021-05-15 05:07

Түвшинзаяа энэ баавгай шиг болих нөхрийг чирсээр байгаад 9 бүжгийн ард гаргасан. Мундаг охин чамд Намсрайноровын өмнөөс баярллаа гэж хэлэе. Дугаар бүр дээр л “заа нөгөө Намсрайноров яах бол?” гэж бодогддог байлаа. Гэтэл дажгүй мундаг байсан. Энэ бол бүжигчин охины гавьяа, Намсрайноровын зүтгэл байсан.

zortilo nrel
zortilo nrel
2021-09-26 01:52

I would like to thank you for the efforts you have put in writing this blog. I am hoping the same high-grade site post from you in the upcoming as well. In fact your creative writing skills has encouraged me to get my own blog now. Actually the blogging is spreading its wings fast. Your write up is a great example of it.

Холбоотой мэдээ

Back to top button