Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ Г.Майцэцэг: Би Хятад гэх том үйлдвэрлэгч улстай өрсөлдөнө

EGUUR.MN Үйлдвэрлэгч буландаа Монголын анхны брендүүдийн нэг “Exclusive” брендийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгийг урьлаа. Тэрбээр “Монголд үйлдвэрлэв” гэх үндсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг байсан үндэсний үйлдвэрлэгчдийн дундаас “бренд” хэмээн өөрийн бүтээгдэхүүнийг зоригтойгоор зарлан, түүнийхээ төлөө тэмцэж, “асаж” ирсэн нэгэн.

Г.Майцэцэгтэй сэтгүүлчийн хувьд дөрвөн жилийн дараа дахин ярилцав. Үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй хөнгөн үйлдвэрийн төлөө тэмцэгч дүрээрээ хоногшсон энэ бүсгүй эдгээр жилүүдэд юу хийж бүтээж байв, өнгөрсөн хугацаанд хийж хэлж байсан зүйлсээсээ юу ухаарсан зэрэг олон сэдвийг тойрон ярилцлаа.

Би бол цэцэг юм. Би хэн ч тасдаж, дэвссэн жил бүрийн тавдугаар сард ургах цэцэг. Би бол Майцэцэг. Өвөө минь надад энэ нэрийг “Уулзсан хүн бүрдээ аз жаргал, баяр баясгалан бэлэглэж, инээмсэглэл тодруулаарай” гэж өгсөн.  

Г.Майцэцэг

БИ ТЭМЦЭГЧ БАЙХААСАА ИЛҮҮТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ

-Та бид хоёр дөрвөн жилийн өмнө мөн ярилцлага хийгээд сууж байж. Тухайн үед үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” бренд хүнд байдалд байлаа. Одоо энх цаг ч гэмээр үед ахин уулзсандаа таатай байна. Хүнд хэцүү үеэ хэрхэн даван туулсан талаар яриагаа эхэлье

-Тухайн үед нийгэмд их буруугаар ойлгогдсон үе байлаа. Буруугүй ч буруугаар ойлгогдоно гэдэг хэцүү. Бусад нийгмийн асуудлуудын хажууд энэ л миний хувьд асуудал байсан. Би зөвхөн хувцас л үйлдвэрлэдэг, дуртай зүйлээ л хийдэг жирийн нэг жижиг дунд үйлдвэрлэгч. Аливаа зүйлийг цаг хугацаа харуулна гэдэг. Тэр өдрөөс хойш дөрвөн жил өнгөрч, өнөөдөр ч цаг их өөр болж. Гэвч Майцэцэгт өөрчлөгдсөн зүйл үгүй, харин зорьсон зорилго илүү болж, илүү их ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Хүмүүс аливаа асуудлыг улс төржүүлэх дуртай. 2015 онд тэр үйл явдал болоход хүмүүс ойлгохгүй байгааг их гайхсан. Гэтэл дараа жил нь сонгууль болох байж. Үйлдвэрлэгч хүнд тэр үнэхээр сонин зүйл. Магадгүй нийгмийн анхаарлын төвд орох гэж янз бүрийн юм хийдэг хүмүүстэйгээ андуурсан байх.  

-Үйлдвэрлэлээ эрхлээд явахын оронд улстөржлөө гэж олон хүн таныг шүүмжилж байгаа харагддаг. Энэ шүүмжлэлийг та харж байсан байх?

-Би Монголд ирээд 11 жил болчихлоо. Энэ хугацаанд хийж бүтээсэн минь өөрт чамлалтай, үүнээс илүү их боломж байсан, үүнээс илүү боломжийг ашиглах боломж ч байсан. Шулуухан хэлэхэд би өөрийнхөө төлөө тэмцэж дуугарсан хүн болохоос ард түмний нэрийг барьж дугараагүй. Хүн хамгийн түрүүнд өөрийнхөө төлөө л явдаг. Тиймээс ч болохгүй байгаа зүйлээ ил хэлж байсан. Үйлдвэрлэгч яагаад авлига өгөх ёстой юм, тухайн үед бизнесийнхэн 10 хувиа өгөөд сурчихсан, “өгөх юмыг нь өгөөд л явдаг шүү дээ” гэх хандлагатай байсан. Гэтэл миний төлөвшсөн газарт тийм зүйл байгаагүй. Би Польшд яг зөөлөн оёдлын салбарт найман жил ажилласан, түүнээс өмнө хүүхэд байхаасаа л наймаа хийж эхэлсэн. Монголоос өөр газарт ажил олгогч нийгэмд маш том хариуцлага үүрч яваа гэдгээрээ хаа хаанаа хүндэтгэлтэй ханддаг. Хүндэтгэл гэдэг долигонол биш. Бодлого нь зөв байхыг хэлнэ.

Яавал энэ бизнесийнхэн ашиг их олж, татвар сайн төвлөрүүлэх вэ гэдэг бодлогыг төр засаг гаргаж байдаг. Хүнд байсан үе бий. Мааяа шиг маш олон бизнес эрхлэгчид бий, тэднээс шантарч орхисон нь ч бий. Би юманд бууж өгөх дургүй, эцсийг нь үзэж байж санаа амардаг болохоор нэгийгээ үзье л гэж бодсон.

Монголоос гарвал очих газар олон бий. Угаас бид Азийн зах зээлд, Хятадад үйлдвэрээ нээх гээд ажиллаж байсан. Гэхдээ эх орондоо жаахан өөрчлөлт оруулахсан гэж зорьсон. Бид өнөөдөр монголдоо хийж бүтээгээгүй байж ясаа тавих гэж л “ирдэг”. Хоёр том хөршийн дунд жижигхэн зах зээлтэй Монгол улс хэзээ ч үйлдвэрлэгч орон байж чадахгүй гэж маш олон хүн ярьдаг. Ялангуяа эрх барьж буй дарга нар, нам төрийн бодлого нь хүртэл тийм. Гэтэл социализмын үед бид үйлдвэрлэгч орон байж чадаж л байсан шүү дээ. Өнөөдөр бид тийм ийм гэж цэцэрхэхийн оронд чаддаг чаддагаа л хамгийн сайнаараа хийх хэрэгтэй байна. Би одоо “Хятад гэх том үйлдвэрлэгч улстай өрсөлдөнө” гэсэн том зорилготой үзэж байна, чадаж байгаа ч гэж боддог.

-Тухайн үед хувцсаа иргэдэд тараана гэж шуугиан тарьж байлаа. Тэр бүрд үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй тэмцэгч эмэгтэйн дүртэй болсон байсан шүү дээ. Таны тэр тэмцэгч чанар, төлөвшилд хэн, юу тэгж их нөлөөлөв өө?  

-Хүний төлөвшилд гэр бүл чухал. Би эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ өвөө загнах нь хүртэл сургамжтай, зүйр цэцэн үгээр ухааруулна. Би айлын ганц хүүхэд, байгаа юмаа хүнд их өгөх дуртай хүүхэд байлаа. Ээж “Өглөгч хүн өөртөө хоосон” гэж байнга л загнана. Харин эмээ, өвөө хариуд нь “Үгүй, хүнд өгье гэснээ өгчихдөг өгөөмөр хүн” гэнэ. Өглөгч, өгөөмөр гэдэг хоёр үгийн ялгааг тэр жаахандаа өвөөгийнхөө хэлсэн үгнээс л ойлгосон байдаг. Бүх л зүйлээр хангалуун, бүхний анхаарлын төвд байна. Тэр хэрээрээ бүх хариуцлагыг ганцаараа нуруун дээрээ үүрдэг байв. Айлын ганц учир хэнтэй ч барьцахгүй. Энэ миний төлөвшилд их нөлөөлсөн. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг.

Нөгөөтэйгүүр, Би 13 настайдаа Польш руу явснаа их хувь заяа гэж боддог. Магадгүй Польшд очоогүй бол яг л өнөөгийн бизнесийн салбарынхан шиг болохгүй, бүтэхгүй байгаагаа авлига өгөөд аргалчихдаг, боломжгүйг болгохын төлөө заль зохиож сурах байсан юм болов уу. Гэтэл сурч боловсорч, ажлын гараагаа эхлүүлсэн Польш их өөр. Хууль нь хүртэл хүнийхээ төлөө. Тэнд хувийн хэвшил гэдэг утгыг маш сайн ойлгодог, бизнес эрхлэгчдийгээ ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлдэг төрийн бодлоготой.

Гуравдугаарт, тэмцэгчийг хэн бий болгодог вэ гэвэл арчаагүй төр засаг. Би тэмцэгч байхаасаа илүүтэй үйлдвэрлэгч байхыг эрхэмлэдэг. Гэхдээ болохгүй зүйлийн төлөө өөрсдөө дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ? Тэмцэж хэлэхгүй л бол хэн ч бидний төлөө хөдлөхгүй. Хүн өөрөө өөртөө л итгэх ёстой.

2013 ОНД “ДАМПУУРЪЯ” Л ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХ ЁСТОЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОСОН

-Салбарын тань онцлог бас их нөлөөлдөг шиг?

-Тийм. Хувцасны бизнес эрхэлдэг хүмүүс их мэдрэмжтэй байдаг. Ирэх жил, дараагийн улиралд хүмүүс юу өмсөхийг загварын хүмүүс шийдэж, өмнө төлөвлөдөг болохоор тэр. Ер нь хувцас загварынхны түүхийг харахаар тэд их тэмцэгч. Дэлхийд нэгэн хэвийн байсан хувцас загварт зоригтой шийдлүүдийг хийж, нийгмийн оюун санааг өөрчлөх тэмцлүүдийг тэд хийж ирсэн. Тийм хүмүүс хүнд дарлуулаад байх дургүй. Учир нь хувцас гэдэг эрх чөлөө. Энэ бизнес хэзээ ч хэн нэгнээс хараат байдаггүй. Хэрэв миний үйлдвэрлэж буй хувцас танд таалагдах юм бол нам, шашин, яс үндэс, нас хүйс, нийгмийн гарал, удам угсаа харгалзахгүй худалдаж авдаг. Тиймээс бид дураараа ч юм уу, болохгүй бүтэхгүйг шууд хэлж тэмцэж чаддаг улс юм. Бидэнд алдаад байх зүйл байхгүй.

-Та одоо бүхий л өр зээлээ төлөөд дуусчихсан уу?

-Бүгдийг төлж дууссан.

-Брендийн түүх гэхээр танай брендийн өгсөлт, уруудалт бүгд олны нүдэн дээр ил явж ирсэн юм шиг. Гэсэн ч та  бизнесээ хэрхэн эхлүүлж байсан түүхээ хуваалцахгүй юу?

-Монголын зах зээл дээр үүсгэн байгуулагдаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд чамлангуй, нөгөө талаар том дүр зургаар харах юм бол Монголын бренд гэдэг зүйлийн түүчээ болж чадсандаа урамтай байдаг. Олон залууст үлгэр дуурайлал болж, булган сүүлтэй байсан гэж хэлж болох юм. Би Монголд 2008 онд ирсэн. Анх ирсэн зорилго, хүсэл тэмүүллээсээ өнөөдрийг хүртэл ухраагүй, шантраагүй. 2013 он хүртэл Мааяа “Exclusive” компанийнхаа төлөө ажиллаж амьдардаг байсан бол 2015 оноос хойш асуудлыг илүү томоор харах болсон. Хөнгөн үйлдвэрийн салбарын төлөө би дугарах ёстой юм гэх итгэл үнэмшилтэй болсон. Яг л тэр үед та бид хоёр ярилцлага хийж байсан. 2015 оны есдүгээр сар байсан.

Өөрөөр хэлбэл, 2009 онд манайх анх Монголын зах зээл дээр гарч ирээд ашгийн төлөө ажиллаж байсан. Ямар ч бизнес ашгийн төлөө байдаг. Ашиггүй бол тэр бизнесийг хийгээд хэрэггүй. Угаас Монголд өрсөлдөгч байхгүй зах зээл санаанд минь дэндүү багтаж байсан. Би өөрөө олон улсын зах зээл судлаач мэргэжлээр төгссөн. Польшд 14 наснаасаа эхлээд л наймаа хийчихсэн, ирэхээсээ  өмнө найман жил Европын зах зээл дээр яг энэ оёмол бүтээгдэхүүний салбарт амжилттай ажиллачихсан хүн. Харин 2013 онд “Дампууръя” л гэж бодож байвал Монголд бизнес эрхлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Учир нь манай бодлого үйлдвэрлэлийг биш худалдааг дэмжсэн эдийн засаг, бодлоготой. Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэхээс илүү гаднаас бараа бүтээгдэхүүн импортолж оруулж ирээд худалдаалах нь хамаагүй амар. Үүнийг өөрчлөөсэй гэж хүсээд байна.

Бас Мааяа мөнгөний хойноос ач холбогдол өгөхөө больсон байна. Мөнгө бол олддог ч, хаягддаг ч зүйл. Эцсийн эцэст би хов хоосноос л бизнесээ эхлүүлж, тэр олон жилийн турш хүний нутагт хөдөлмөрлөж олсон бүхнээ Монголын хөнгөн үйлдвэрийн салбарт хийсэн. Ингэж яваад “шатсан” уу гэвэл шатсан. Бизнесийнхэн үргэлж сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байдаг тул унасан ч шороогоо гөвөөд л босдог. Энэ зарчмаараа л үзсэн дээ. Харин наадмаас эхлээд “Exclusive” “Талархлын үнэ” гэж гаргасан. Үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том хөрөнгө бол ард түмэн. Тиймээс анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл, хүнд хэцүү үед ч хамт байсан хэрэглэгчдэдээ үргэлж талархаж явдгаа илэрхийлж талархлын үнээ гаргасан.

БУСДЫН ТӨЛӨӨ УЙЛЖ ЧАДНА ГЭДЭГ ХҮН БАЙХЫН ШИНЖ ГЭЖ ӨВӨӨ ХЭЛДЭГ

-70, 80 мянган төгрөгийн хувцас бүтээгдэхүүнээ 30 мянган төгрөг болтол хямдруулсан байх юм. Үндэсний үйлдвэрлэл их үнэтэй гэдэг, ийм хямдаар үйлдвэрлэх боломж байдаггүй юу?

-Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэхээр ч үнэтэй байдаг. Гэхдээ яавал энэ эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаднаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үнэтэй болох вэ гэдэг бодлогыг төр засаг гаргаж байх ёстой юм. Өнөөдөр манайд нэг метр даавуугаа үйлдвэрлэж чадахгүй, оёж буй утас зүүнээс эхлээд бүгдийг гаднаас авдаг. Үнэд нөлөөлөх маш олон хүчин зүйлийг бодлогоор зөв дэмжээд өгч чадвал бид өрсөлдөж чадна гэдгийг “Exclusive” харуулж байна.

-Дөнгөж үйлдвэрлэл эрхэлж эхэлж байсан Майцэцэг 10 жилийн дараа их хэрсүү болсон шиг. Та өнгөрсөн үйл явдлуудаас юу ойлгож, дүгнэв?

-Хүн үхэн үхтлээ суралцдаг гэдэг үнэн. Тухайн үед татварын асуудал дээр би нуусан юм огт байгаагүй. НӨАТ-ын паданаас болсон л асуудал. Яг над шиг тийм байдалд орсон ч хэдэн саяаар нь идсэн хүмүүс өршөөлийн хуульд хамрагдаад цагаадчихаж байгаа юм. Над шиг мөнчгөрөөрөө ажиллаад явж байгаа хүмүүс хохирчихож байгаа юм. Би знесийнхээ эрсдэлийг би тооцсон. Гэхдээ авлига гэдэг эрсдэлийг би үнэхээр тооцоогүй юм билээ, уучлаарай. Хүмүүс “юмыг нь өгөөд ажлаа явуул” гэдэг. Би үнэхээр тийм юмыг тэвчихгүй. Тэдэнд би “Та нар ямар хүчиндүүлж хандаггүй юм бэ” гэж хэлдэг. Нэг хүчиндүүллээ ахиж хүчиндүүлдэггүй л юм. Хүн өмдөө татаад босдог учиртай.

Тухайн үед тэмцээд дугарч байсан үе бий. Гэхдээ хэн нэгэн төрийн албан хаагч руу давшилсан гэдгээ ойлгосон. Угаасаа л байгаа төрийн тогтолцоо нь тийм байж. Би байцаагчид маш их гомдоллож байсан. Би угаас ууч хүн, хөмхийгөө зуугаад бодоод яваад байдаггүй. Алдаа оноо надад ч, тухайн төрийн албан хаагчид ч байсан. Төрийн албан хаагч дээрээс нь ирсэн хууль журмын дагуу л явж байгаа, хэрэгжүүлэгч. Тиймээс бид төрийн албан хаагчид руу давшилж болохгүй. Харин зөв бодлого, системийн өөрчлөлтийг л хүсэх хэрэгтэй.

-“Жидүүчид”-ийн хэрэг эрчээ авч байх үед та хэвлэлийн хурал хийх үеэрээ уйлсан байдаг. Энэ бас л их шуугиан, шүүмжлэл дагуулж байлаа. Таныг яагаад уйлсан гэдгийг тань асуугаагүй л байх?

-Бусдын төлөө уйлж чадна гэдэг хүн байхын шинж гэж өвөө хэлдэг. Би өөрийнхөө төлөө эсвэл ЖДҮ-ээс зээл авъя гэж уйлаагүй. Хэвлэлээр хүнийг яаж ч мушгиж, яаж ч муухай харагдуулж болно. Гэхдээ миний бачимдсан зүйл бол ЖДҮ хөгжиж байж улс орон хөгжинө, бүх юмны суурь нь ЖДҮ байхад тэд үүнийг бас л хулгайлсан. Өнөөдрийн утаа, ажилгүйдэл, салалт, хүчирхийлэл, бурангуй ёсзүйгүй нийгэм ЖДҮ хөгжөөгүйтэй л холбоотой. ЖДҮ-ийн сан 1999 оноос эхлэлтэй. Сүүлийн 20 жил энэ зүйл яг очих ёстой эздэдээ очсон бол хөдөө орон нутагт ажлын байр олноор бий болж, дээр дурдсан бүх зүйл үгүй л байх байсан. Улс төржлөө л гэх юм. Өнөөдөр төрийн эрхийг тэд барьж, бодлогоор өрсөлдөхийн оронд биенийхээ хийснийг л үгүйсгэдэг болчихсон. Би ЖДҮ ярьснаараа 60 тэрбумчин болсон. Ийм л сонин, асуудлыг хардаггүй, улс төржүүлдэг. Талцахаа л больчихмоор санагдана.

БИ ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ БАЙСАН, ХЭЗЭЭ Ч ХАРАМСАХГҮЙ

-Танай бренд улирал бүрт зорилтот бүтээгдэхүүнүүд гаргаад явж байна. Брендийн төлөвлөлт, маркетингийг хэрхэн хийж байна вэ?  

-Маркетинг гэж хүнд хүрэхийг хэлэх болов уу. Хамгийн энгийн маркетинг бол байгаа юмыг байгаагаар нь л хүргэх гэж миний сурсан газарт заасан. Энэ бол маркетингий А үсэг. Сошиалд гоё зураг тавьчихаад хүрч ирэхэд нь сэтгэлд нь нийцэхгүй бол Европын орнуудад энэ нь гэмт хэрэг болдог. Хэрэглэгчийг хуурсан гэдэг зүйл анги үүсэхээр. Манайх их энгийн. “Хөөх энэ чинь зурган дээрхээсээ ч гоё юм байна шүү дээ” гэдэг үгийг би байнга л сонсдог. “Exclusive” зурган дээрхээсээ ч гоё байдаг. Энэ нь өөрөө манай маш том маркетинг байх.

-Харьцангуй жижиг зах зээлтэй улсад хувцас загварын бизнес эрхлэхийн онцлог юу байдаг вэ?

-Манайх Монголынхоо зах зээлд зориулж чаддаг. Хятад шиг хэдэн тэрбум хүн амтай бол нэг бүтээгдэхүүнийг хэдэн жил хийсэн ч болно. Гэтэл манай улсын энэ салбар ээдрээтэй. Бид энэ жижиг зах зээл дээр байнга шинэ юм гаргадаг, нэг гаргасан загвараа “Энэ амжилттай сайн борлуулагдсан шүү” гээд ахиж хийгээд байдаггүй. Адаглаад л цөөхөн хүн бие биетэйгээ адилхан юм өмсчихөөд таараад байвал тухгүй, таагүй. Бид загварын чиг хандлага трендийг деталь болгож оруулдаг ч хэрэглээ талдаа илүү ач холбогдол өгдөг.

Азаар дэлхий өөрөө Ази стиль рүү орж байна. Тухайлбал, өнөөдөр манайд Итали жуулчин орж ирээд миний өмсөж байгаа энэ хүрмийг доторх платьтай нь хосоор нь авсан. Эхнэр нь Ази стилийн хувцас захисан гэнэ. Товч шилбэ нь гараар оёсон тул бүр илүү их ач холбогдол өгсөн. Учир нь гараар оёсон зүйлийн хатгалт бүрт хүний сэтгэл шингэсэн байдаг. Надад маш сайхан санагдсан. Энэ “хаялагыг” бид зөв ашиглаж чадах юм бол дэлхийн зах зээл дээр масс үйлдвэрлэлээр гарах боломжтой. Мэдээж боловсон хүчнээс эхлээд асуудал бийг мэднэ.

-Их л үндсэрхэг хүн шиг. Хүүхдийн биеийн тамирын хослол хийсэн ч төрийнхөө далбааг шигтгээд өгчихсөн байгаа харагдсан.

-1995 онд анх Хятадад очиход сургуулийнх нь хүүхдүүд Хятадын төрийн далбаатай, нэг их томдсон хувцас өмсчихөөд л явдаг байсан. Тэр үед төрийн дуулал явахад хоол идэж байсан Хятад хүмүүс босож хүндэтгэл үзүүлдэг. Одоо гэтэл Монголынхоо хүүхдүүд хардаа. Тавдугаар ангийн нусаа ч авч чадахгүй хүүхдүүд улсаа шүүмжлээд л, Монголоо шүүмжлээд л шүлэг хүртэл бичиж байна. Уг нь бид эх орноороо бахархаж, Монгол гэдэг нэр үнэт зүйл минь байх ёстой. Гэтэл Хятадууд тэр дорой байх үедээ ч Хятад гэдгээрээ омогшиж байсан. Үзэл суртал гэдэг айхтар. Үндэсний дархлаатай байхаас л бид эхэлнэ гэж боддог. Манай дэлгүүр дээр зарагдаж байгаа хүүхдийн цагаан пудболк дээрх төрийн далбаа, улаан цэнхэртэй өнгө жаахан хүүхдүүдийн нүдэнд хоногшоосой гэж би хүссэн. Яагаад АНУ, Британийн далбаа гоё харагдаад хүмүүс тэр улсын далбаатай цамц хүртэл өмсөөд яваа юм. Бүр бренд болгоод нүдэнд хоногшуулчихсан байна шүү дээ. Манай улсын далбаа гэтэл нүдэнд хоногшиж чадахгүй байна. Мөнгөөр үнэлж баршгүй маш олон зүйлийн нэг нь эх орон минь юм шүү дээ.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Би үзэл бодолдоо үнэнч байсан, хэзээ ч харамсахгүй. Дугарах үедээ дугарч чадаагүй хүмүүс л харин харамсана. Би өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй. Харамсахгүйн тулд би өнөөдөр дугарч, үр хойчийнхоо өмнө нүүр бардам байна.

Бренд бүрийн зорилго өөр ч “Exclusive” нэг ч гэсэн хүнд ажлын байр бий болгохсон, нэг ч гэсэн нэмүү өртөг шингээж, чанартай материалаар боломжийн үнэтэй зүйл хэрэгцээтэй цагт нь гаргаж өгөх. Цаашид ч энэ чигээр байх болно.  

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэрэглэгч
Хэрэглэгч
2019-08-27 13:02

мундаг хүн шүү. Дээр очоод юм авахад том төр бэлэглээд, хүүхдэд маань цамц бэлэглэсэнд маш их баярласан шүү. сайхан сэтгэлт сайхан бүсгүй минь. үнэ хямд, чанар сайтай бүтээгдэхүүнийг монголчууддаа хүргэхийн төлөө хичээж ажиллаж байгаагаар тань бахархаад ханашгүй нь.

ikea
ikea
2019-08-27 16:30

Олон жилийн өмнөөс мэднэ маш хөдөлмөрч, Польшд үйлдвэртэй ,Варшавт дэлгүүр ,бөөний төвтэй л бсан .Угаасаа мөнгө танил ихтэй хүн дээ.Бээжингийн олимпийн үеээр польшууд Хятад дахь төлөөлгчөө хийлгэж бсан шиг санаж бна

Нямаа
Нямаа
2019-08-31 07:14

Уг нь бол дайчин гэхдээ хүн чанар бол тааруу гэж боддог. Айлын ганц ёстой эмээ өвөө ээждээ ээжийнхээ дүү нарт эрхэлж өссөн. Ээжийнхээ ядарсан дүүгийнх нь байрыг хулхидаж хөөрхий эмэгтэй нас барсанг сонссон. Түүнээс хойш хаоахаас дургүй болсон. Сараа эгчийн тухай бичлээ

sdkfhjsldkjhf
sdkfhjsldkjhf
2019-09-12 09:33

Ene teneg kuukniii zagvar muutai iim huvtsasiig umnsdug hun bn auu ai arail haragdaj bna daa, dandaa uurtuu zoriulaad hiitsen zagvar neg ch hunii tuluu hiisen zagvar alga daa

анхдагч
анхдагч
2019-12-03 18:54

МАШ ЧАДАЛТАЙ МАШ ИХ БОЛОВСРОЛТОЙ УДАМ САЙТАЙ АЙЛЫН ГАНЦ ОХИН ГЭДЭГ ҮНЭХЭЭР ҮНЭН ИЙМ ЗАВААН УЛС ОРОНД НЭГ Ч ГЭСЭН ГАЛ ЦОГ ШИГ ДҮРЭЛЗЭЖ БАЙГАА БҮСГҮЙ БАЙГААД БАХАРХАЖ БАЙНА МАНАЙ МАЙТИ ЧАДНА Л ГЭСЭН БОЛ ЮУГ Ч ЧАДНА ИЙМ САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙД УРАМ ХАЙРЛАЯ

монголМОНГОЛ
монголМОНГОЛ
2019-12-12 12:35

ЭНД СӨРӨГ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭН ХҮҮХНҮҮД АТААРХАЖ ҮХЭХ НЬ ЭЭ ККККК ХЯТАДЫН ЧАНАР МУУТАЙ ЦААСАА ӨМСӨӨД ГҮЙГЭЭРЭЙ КККК

Зочин
Зочин
2019-12-13 08:32

Юу вэээ заваан орон ч гэх шиг харин энэ авгай майцэцэг чинь харин заваан биздээ ЁСӨН ЗУУН ТАВИН САЯ ТӨГРӨГ УЛСААС АВЧААД ЮУН ОЛОН ЮМ ЯРИАД ДОНГОСООД ДАЛДАГНААД БАЙДАГ ЮМ БЭ ЗҮГЭЭР Л ИДЭЖ УУГААД БОЛСОН БОЛ ҮЛДСЭН ЖААХАН МӨНГӨӨРӨӨ ЮМ ХИЙСЭН БОЛООД ДУУГАЙ БАЙВАЛ БОЛОО ЮМ БИШҮҮ. ТӨР ЗАСАГ ТҮМЭН ОЛНЫГ ҮЕ ҮЕ ГАРЧ ИРЖ ЗАГНАДАГ ЭНЭ АВГАЙ ЮУ ЮМ ДЭЭР НЬ МОНГОЛ ОРНЫГ ЗАВААННААР ДУУДДАГ та нар хэн юм бээ харин авсан идсэн ёсөн зуун тавин саяа хурдан төлөарэй хөөөө

зочин
зочин
2020-03-03 18:42

ш�##� мэдрэл муутай авгай танихгүй ч гэсэн ярьж бга нь ш�##� худлаа татвараа төлөх хэрэгтэй ш дэ тэнэг чавганц

Зочин
Зочин
2020-03-05 17:39

Хувцасны хийц хэлбэр зүгээр юмаа. Баяр хүргэе. Худ�##�да�##�даг дэлгүүрүүд чинь хаана байна вэ. Түүнийгээ хэлэх хэрэгтэй юм.

Би мангуу
Би мангуу
2020-11-23 08:49

Хэрэглэж байгаа түүхий эд даавуу, туслах матери�##�, шошго нтр ээ монгол ул�####�а үйлдвэрлэж байж л хятад улстай өрсөлдөнө. Түүнээс хараат байдлаар өрсөлдөөд бут цохино гэж юу бол. Санаа нь сайхан юм. Даанч хэрэгжих нь юу л бол. Үсэрч дэвхцэж шоудлаа гээд мөрөөдөл биелэхгүй. Хчтад улс даавуу матери�##�ыг нь хилээр хориглочихвол Майцэцэг гуай эсгийгээр комтюм, дээл оёх юм байхдаа. Бодох л асууд�##�

Би
Би
2020-11-23 08:50

Хэрэглэж байгаа түүхий эд даавуу, туслах матери�##�, шошго нтр ээ монгол ул�####�а үйлдвэрлэж байж л хятад улстай өрсөлдөнө. Түүнээс хараат байдлаар өрсөлдөөд бут цохино гэж юу бол. Санаа нь сайхан юм. Даанч хэрэгжих нь юу л бол. Үсэрч дэвхцэж шоудлаа гээд мөрөөдөл биелэхгүй. Хчтад улс даавуу матери�##�ыг нь хилээр хориглочихвол Майцэцэг гуай эсгийгээр комтюм, дээл оёх юм байхдаа. Бодох л асууд�##�

mongol
mongol
2021-12-26 16:06

DAICHIN VANGIIN HOSHUUNII MASH DAICHIN HUDULMURCH ANHDAGCHIIN ULGII NUTGIIN UDAM SAIT OHIN MASH SAIN BAINA YU CH HIIDEGGUI HUMUUS CHAMD ATAARHAJ UHEH NI EE OD GYALALZDAGAARAA GYALALZANA OLBI OGOTNUUD UHDEGEEREE UHNE

Холбоотой мэдээ

Back to top button