Нийгмийн

1000$-ын дундаж цалин: ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ АРХИТЕКТУР

БАРИЛГЫН АРХИТЕКТУР

Барилгын гоё сайхан архитекторын ур чадвараас хамаарна. Байшин маань элэгдээд уначихдаггүй эсвэл ойрмогхон болоод буй газар хөдлөлт мэтэд нурчихдаггүй, хугарчихдаггүй байхын тулд таталцал, түлхэлцэл, даацыг тооцож стандарт, хэм хэмжээг хангуулах хэрэгтэй болох. Иймээс тооцоолол, шинжлэх ухаанч ажлыг нугалдаг инженерүүд эрхгүй тэг дөрвөлжин бетон босгох руу шахдаг. 

Гэтэл түүний цаана бусдаас тэс өөр онцгой төлөвлөлт /landmark/, орчинтойгоо уялдах хийгээд ялгарах шийдлийг хэрэглэгч, захиалагч хүсдэг. Огтлолцоход төвөгтэй энэхүү тооцоолол, хүсэл 2-ыг огтлолцуулан барилгыг төлөвлөх үе шатыг ерөнхийд нь архитектур гэж нэрлэх. Зүйрлээд хэлбэл заавал байх хэм хэмжээ, стандарт дээр зах хязгааргүй хийсвэрлэл, тэмүүлэл, мөрөөдлийг шингээж гоо зүй, тав тух, орон зайг төлөвлөх процесс гэх юм уу? даа. 

Байшин гэлтгүй, хот, улс ямар харагдах нь энэ архитектураас хамаарна. Барилгаар тогтохгүй технологи, программд ч архитектур гэж чухал ажил байх. 

ЭДИЙН ЗАСГИЙН АРХИТЕКТУР

Яг үүн шиг улсын хувьд ч, байгууллагын хувьд ч архитектур нь хэр сайн байгаа вэ? гэдэг нь нэгж хоорондын уялдааг нь хэр зөв хангасан бэ?, орон зай, нөөцөө яаж зохицуулан төлөвлөсөн бэ? гэдгээс харагдана. Манай улсын, манай эдийн засгийн архитектур тэгвэл таныхаар ямар вэ? Энэ асуултыг архитектурыг зурсан, зурж буй архитекторууд болох үе үеийн ЕС, Сангийн сайд, сайдууд, гишүүдээс асуумаар санагдах. Бас тэдний зурж, төлөвлөсөн зургийг даган төлөвлөлт, гүйцэтгэлээ хийн зүтгэж буй инженерүүд гэж болох бизнесменүүд, хувийн хэвшлийнхнээс, иргэдээсээ ч эрхгүй асуумаар санагдах. Барилгаар, хотоор зүйрлэвэл манай эдийн засаг ямар вэ? 

Надад бол татах гоо зүйгүй, тав тухтай орон зайгүй оохор, будгаар л өнгөлсөн, уул уурхай унавал нурахад бэлэн суурьтай, оршин суугчид нь боломж олдвол байшингаасаа гараад зугтчих хүсэлтэй нэг тийм байшин санаанд орох. Оршин суугчдынхаа сэдэл-тэмүүллийг сорчихдог залхуурч, лазагнасан замбараагүй төлөвлөлтийг агаар сэлгэлт муу гэж тайлбарламаар юм уу? Бүгд мэдэх ачааны лифтэн дэх процессыг энд ярих нь бүр илүүц биз. 

МАНАЙ АРХИТЕКТОРУУДЫН НИЙТЛЭГ ШИНЖ

Хийсвэрлэл-тэмүүлэл буюу уран сайхан, тооцоолол-боломж буюу чадавхийн зөв хослол дээр сайн архитектур хийгдэх ёстой. Гэтэл өнгөрсөн 30 жилийн үүх түүхийг харахад манай улс төрийн архитекторуудын уран сайхан нь хэтийдчихжээ. Улаан будаг нялайтал цацаад нөөц, чадавхи, зах зээлээ үл тооцоод “Атрын аян” гэж нэг нь орилно. Араас нь нөгөө нь 5 суварга босгоод, сүржин реклам дэлхийгээр нэг цацчихвал цүнхэндээ хувцсаа бэлдчихсэн хэдэн сая жуулчин ороод ирнэ гэж хөөрөлхөнө. Ингэж эв дүйгүйгээр овоолсоор суурь муутай, сүр багатай, үзэмж муутай архитектуртай эдийн засгийг бид бий болгожээ. Манай улс төрийн архитекторууд тооцооллоо сулхан хийж, сууриндаа багахан анхаарсан ч түүнээсээ хэтийдсэн том барилга босгож, хий хүлээлт, хоосон сүржигнэлээр уран сайхнаа хэтрүүлчихсний гор нь өнөөдөр гарч байна. 

Оохор будаг нь ихдэж, онгирч сагсуурах нь дэндсэн ч бодитой, тооцоотойгоор бодит байдал, боломжоо зэрэгцүүлэн дүгнэсэн нь дутмаг он жилүүд өнгөрчээ. Оюу толгойг эс тооцвол ямар ч гоё ландмарк болох төсөл сүүлийн 30 жилд хөдөлсөнгүй. Ухаж гаргаснаа уралдан тарааж, улаан цэнхэр шараар өнгө хослуулан будахыг сайн архитектур хийлээ гэхгүй. Их будаг цацснаар, удаан сууснаар ч сайн архитекторч болохгүй. Ийм гоо зүйгүй, бат суурьгүй эдийн засгийн архитектураа өөрчлөн сайжруулж, өнгөлөн тордох шаардлага аль хэдийн үүсчээ. 

ЯМАР АРХИТЕКТУР ХИЙХ ВЭ?

Тийрэлтэт өсөлт үзүүлэх иргэд, бизнесүүдийн оролцоог хангасан хүртээмжтэй бодит төслүүд; ойлгомжтой зорилго, тэмүүлэл бүхий бодит хүлээлттэй уран сайхантай шийдэл бидэнд хэрэгтэй. Тэр нь 1000 долларын цалин, 10,000 долларын орлогын тэмүүлэл гэж үзэж байна. Урлаг нь хэтийдсэн улс төрийн архитекторуудын ч, бодит тооцоолол, ажлын фронтод зүтгэж буй бизнесүүд, захирлуудын ч ажлын хэмжүүр нь энэ 2 байх саналыг дэвшүүлж байна. 

Нэг хүнд ногдох орлого /ДНБ/-оо 10,000$ хүргэх бүтээмжийн хувьсгал хийх цаг аль хэдийн өнгөрсөн. Үүний тулд экспортыг хараалж, хөдөлмөрийн төрөлжилт, үндэсний брэндинг, технологи нутагшуулал, менежмент-инновацийг дэмжихийг төрийн бодлогоор урамшуулна. Энэ цагт бизнесүүд тэлэн томорч, дундаж цалинг 1000$-т хүргэж чадна. Ингэж байж л уул уурхайн коммунизм-халамжийн системийг цохин унагаж, хөдөлмөрийн насны иргэдийнхээ гадагш тэмүүлсэн их урсгалыг зогсоож, газар бүрт, байгууллага болгонд тулгарсан ажил хүчний хомсдлын асуудлаа шийдэж чадна. Ажиллах хүслийг төрүүлэх арга нь ч, халамжийг ялах зам нь ч бүтээмжийн хувьсгал, 1,000$/10,000$-ын тэмүүлэл болохоос захиргаадалт биш. 

Энэ архитектурыг Монголд цор ганц Ардчилсан нам л хийж чадна гэдэгт итгэж байна. 10 тэрбумын эдийн засгаа 40 болгож, нэг хүнд ногдохыг нь 10,000 долларт хүргэх, дундаж цалинг зах зээлийн өөрийнх жам, өсөлтөөр 1000 долларт аваачих тийрэлтэт өсөлтийн бодлого, тэмүүлэл зорилго бидэнд байна. Энэ зорилго тэмүүллээ хэрэгжүүлэхийн тулд, ард иргэдийнхээ алдагдсан боломжуудыг эргүүлэн авчирч ахуй, амьжиргааг нь өөрчлөхийн тулд АН буцан бүтэн болж, зогсолтгүйгээр урагшилна. 

О.Цогтгэрэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button