СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний экспортыг АВАРЪЯ гэвэл боомтуудын ложистик тогтолцоог ШИНЭЧИЛЬЕ

Есдүгээр сарын сүүлээр Гашуунсухайтын боомтод чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо. Ингэснээр нүүрсний экспортыг саадгүй, бүтээмж өндөртэй хийх боломж бүрдэж буй. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа энэ үеийг ашиглая л гэвэл бид хилийн боомт дээр чингэлэг тээврийн терминал, жолоочгүй тээврийн систем зэрэг инноваци шингэсэн шинэ техник, технологиудыг хөгжүүлэх шаардлагатай байна.

БНХАУ ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЛҮҮДИЙГ ХЭВШИЛ БОЛГОЖ БАЙНА

2021 он гарснаас хойш БНХАУ-ын талаас шийдвэр гаргаж, нүүрс тээвэр хийгддэг хилийн боомтуудын үйл ажиллагааг хэд хэдэн удаа хязгаарласан. Бүтэн сарын нийт экспорт нь 0 үзүүлэлттэй үе ч тохиож байв, зарим боомтод. Үүнээс шалтгаалж бид улсын төсөвт төвлөрүүлж болох орлогын багагүй хувийг алдсан.

Уг нь БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байна. Нүүрсний салбарын гол түншлэгч улс болох Австралитай харилцаа хурцаж, коксжих нүүрс импортлохоо зогсоох агуулгаар мэдэгдэл гаргасан. Улмаар ОХУ, Монгол зэрэг орнууд Австралийн үүсгэсэн зах зээлд тоглох боломж гарсан юм.

Үүний араас БНХАУ-д нүүрсний эрэлт өсөж, бидэнд нэн таатай гадаад худалдааны орчин бий болоод байлаа. Товчоор хэлэхэд, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад нүүрсний зах зээл ер бусын өөдрөгөөр манай улсыг  “ивээж” байна. Харин цар тахлын нөхцөл байдал тийм ч дээрдээгүй нь үнэн. Үүнийг дагаад эрх баригчдад олон тийш самгардах асуудал багагүй л гарч буй.

Хэдийгээр цаг зуурын бэрхшээл тохиолдож байгаа ч хилийн боомтууддаа техник, технологийн шинэчлэл хийхээс алгуурлаж болохгүй юм. Учир нь, БНХАУ-ын талаас наанадаж коронавирусийн эрсдэлээс сэргийлж, цаанадаж шинэ тутам терминал техникийг хэвшил болгохоор тэмүүлж байна. Энэ нь ч хэд хэдэн удаа хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарласан шалтгаан, мессеж нь байж мэднэ.

Шинэ тутам хэвшил гэдэгт, нийтлэлийн эхэнд дурдсан чингэлэг тээврийн терминалыг нэрлэж болно.  Жолооч бууж, суухгүй, тээврийн хэрэгсэл нүүрсээ ачих гэж зогсохгүй давуу талтай. Мөн жолоочгүй, автомат тээврийн системийг ч урд хөрш хэдий нь нутагшуулаад эхэлжээ. Коронавируст халдвар дамжих цаг үеийн эмзэг шаардлагыг дагаж, экспорт-импортын терминал ч шинэчлэгдэх шаардлагатай болсон нь энэ.

ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ ЖИЛД 8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО

Засгийн газрын 185-р тогтоолоор хоёр боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах чиглэл өнгөрсөн долдугаар сард өгсөн юм. Энэ дагуу эхний бүтээн байгуулалт дуусч,  Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт эрчимжих үүд хаалга нээгдлээ. Гашуунсухайт боомтод ашиглалтад ороод буй чингэлэг тээврийн терминалыг “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжилт босгож, бүтээн байгуулжээ.

Терминалын бүтээн байгуулалт нийт 30 га талбайг хамарна. Нийт 8100 чингэлэгт, 259,200 тонн нүүрс агуулах боломжтой. Дээр дурдсанчлан нүүрс экспортыг эрчимжүүлэхээс гадна өдрийн нийт ачаа эргэлт 27 мянган тонн байх юм байна. Жилийн дүндээ 8 сая тонн нүүрс экспортлох тооцоо гарчээ.

Чингэлэг тээврийн терминалын давуу тал ийм юм. Удалгүй Шивээхүрэнгийн боомт ч энэ шинэчлэлтэй мөр зэрэгцэнэ, тэнд бүтээн байгуулалт хийгдэж байна.

Гаалийн бүрдүүлэлт зэрэг бүхий л холбогдох шат дамжлагууд цахимаар, хүн хооронд хавьтал үүсэхгүй хийгдэх зохион байгуулалттай нь чингэлэг тээврийн нэг онцлог. Хамгийн энгийнээр хэлбэл, тээврийн хэрэгсэл хилээр орж ирээд, хоосон чингэлгээ буулгаж, зөрүүлээд дүүрэн чингэлэг аччихаад, буцаад хилээр гарна гэсэн үг. Тээвэрлэлтийн үйл явцыг өдрийн болон шөнийн цагийн хуваариар зохион байгуулах аж.

ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ШИНЭЧЛЭЛЭЭС АЛГУУРЛАЖ БОЛОМГҮЙ НЬ

УУХҮ-ийн сайд Г.Ёндон ярилцлагадаа “Нүүрсний экспорт маш их тасалдсан. Энэ чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь чингэлэг тээврийн терминал. Терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт мэдэгдэхүйц сэргэнэ” гэж онцолсон байна.

Ер нь уул уурхайн түүхий эдээ экспортлох тээвэр, ложистикийн асуудалд бид бахь байдгаараа хандаад байж болохгүйг эл үйл явдал батлах шиг. Алгуурлаж болохгүй, биднийг төсвийн орлогын алдагдлаас гадна гадаад нөхцөл байдал ч шахаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “БНХАУ хүний оролцоо бага тээвэр, ложистик хөгжүүлэх бодлого барьж байна. Манай уул уурхайн гол түнш орон бол БНХАУ. Иймд тэдний баримталж буй бодлоготой өөрсдийнхийгөө уялдуулах шаардлагатай. Чингэлэг тээврийн терминалаас гадна жолоочгүй тээвэр, агаарын тээвэр, 47 км төмөр зам гээд олон шийдлүүд бий. Алийг нь ашиглаж болох вэ гэдэг дээр Засгийн газар түргэн шийдвэр гаргах хэрэгтэй. Хугацаа алдах тусам эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэж тодотгожээ.

Цаашлаад тээвэр ложистикийг шинэ шатанд гаргахад Хятадын талаас бүрэн дүүрэн дэмжиж, тусална гэдгийг БНХАУ-аас Монголд суух Элчин сайд Цай Вэньруй “Эрдэнэс Монгол” ХХК-д хийсэн уулзалтын үеэр хэлсэн байдаг. Одоо араас нь боломжит шийдлүүдийг эрэлхийлж, нүүрсний гол экспортлогч БНХАУ-ын шаардлагад нийцүүлж, ложистикийн боломжоо шинэчлэх шаардлага буй. Хуучинсаг, хойрго хандсаны уршгаар ихийг алдсан. Нүүрс экспортоо аврах, гадаад зах зээл дэх боломжийг ашиглахын тулд ханцуй шамлаад л зүтгэх хэрэгтэй байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button