Ярилцлага

Ж.Галбадрах: Бүхий л онц, сайн сурлагатнуудыг “Багш болцгооё” гэж уриалъя л даа

“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах саяхан Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаав. Боловсролын салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж байгаа сайн багш, сайн менежер түүнтэй Гавьяат болсон баярын тавгийн идээнээс нь амсангаа ярилцлаа.

-ТЭР ҮЕД ХҮЧТЭЙ МӨРӨӨДӨЛТЭЙ ХҮҮХДҮҮД ОЛОН БАЙСАН-

-Гавьяат багш гэдэг шагналыг гагц багш гэлтгүй боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан хүндтэй хүмүүст ч өгдөг. Гэхдээ таныг яг самбарын урд зогсоод, шохой бариад хичээл зааж байсан түүхээр хэр баялаг нэгэн юм бол гэж бодож байлаа?

-Сүүлийн 20-иод жил үргэлж удирдах албан тушаал хашсан ч миний ажил, хөдөлмөрийн гараа ерөөс самбарын урд зогсохоос эхэлж байлаа. 1985 онд МУИС-ийн Физикийн ангийг төгсөөд, Төв аймагт очиж багшилж байсан. Тэндээ 9-р ангийн сурагчдыг дааж, ангийн багшаар нь ажиллаж байлаа. Залуухан байж дээ, 22 настай. Физикээс гадна математик, орос хэл, химийн хичээлийг нь ангийнхаа хүүхдүүдэд давтлага өгч, заадаг байсан.  Дараа нь 1986-1990 оны хооронд Хөдөө аж, ахуйн дээд сургуульд багшлахдаа самбарын өмнө яс зогссон. Мөн 84-р сургуульд сургалтын менежерээр гурван жил ажиллахдаа сонгоны ангидаа физикийн хичээлийг нь зааж байлаа. Багшилж байх үед минь суралцсан олон сайхан шавь нар маань бий.

-30-аад жилийн өмнөх түүх сөхөгдөж байна шүү дээ. Тухайн үеийн нийгмийн тусгал болсон хүүхэд, залуустай та ажиллаж байж. Өдгөө олон үе солигдсоны дараа та мөн л шинэ залуустай тулж ажиллаж байна. Энэ бол нийгмийн оюун санааны өөрчлөлтийг шууд ажиглах боломжтой талбар. Хүүхэд, залуусын хандлага, сэтгэхүй яаж өөрчлөгдсөн мэт санагдаж байна вэ?

-Маш их өөрчлөгдчихлөө шүү. 25 настайдаа дөрвөн хүүхэдтэй байсан гэхээр би залуу насандаа ар гэрийн хувьд ихээхэн ачаалал үүрдэг байв. Иймд сурагчдын хандлага, сэтгэхүйг гярхай нүдээр, судалгааны хэлбэрээр ажиглаж байсан нь бага. Харин 2000 он гарч, өөрөө сургууль байгуулсан цагаасаа хойш хүүхдүүдийг арай өөр түвшинд харж, ажигладаг болсон.

1980-аад онд угаас социалист нийгэм байлаа. Багш, сурагч хаана хаанаа хүлээсэн үүргээ гүйцэтгээд л явж байдаг жишиг түгээмэл. Харин 2000 оноос хойших энэ 20 жилд үнэхээр их өөрчлөгджээ. Анх сургууль байгуулж байх үед хүний ач тусыг мэддэг, хүчтэй мөрөөдөлтэй хүүхдүүд олон байдаг байсан. 2010 оноос хойш материаллаг орчин асар хүчтэй хөгжиж, эд материал шүтэх хандлага түрээд л ороод ирлээ. Үүнийг дагаад хүүхдүүдэд бүхнийг мөнгөөр хэмжиж болдог ч юм шиг ойлголт сууж, нэг талаар нэлээд хөнгөн, хийсвэр болоод байна уу даа гэж харах юм.

-ЭРҮҮЛ БИЕ, САРУУЛ УХААН, САЙХАН СЭТГЭЛ-

-Бид багшийн мэргэжил мэдлэг л олгодог гэсэн уламжлалт ойлголттой. Уг нь багш сурагчдаа сэтгэлийн боловсролтой болгох тал дээр илүү анхаарч ажиллах ёстой санагддаг. Ингээд бодохоор өнөөгийн хүүхдүүдэд оюун санааны гэхээс сэтгэл зүйн асуудал нь илүү анхаарах шаардлагатай сэдэв болчихсон юм шиг анзаарагддаг л даа. Та 2000-аад онд хүчтэй мөрөөдөлтэй хүүхдүүд байсан гэлээ. Харин өнөөдөр мөрөөдөлгүй хүүхдүүд олон болчихсон ч юм шиг. Шинэ үеийнхний энэ онцлог талыг та хэрхэн харж байна. Танай сургууль энэ чиглэлд ямар алсын хараатай вэ?

-Миний бодлоор багш хүн хүний багш байх ёстой, харин зөвхөн нэг судлагдахууны багш байж болохгүй. Хичээл заах гэдэг багш хүний цогц үүрэг хариуцлагын нэгээхэн л хэсэг нь. Заадаг биш сургадаг. Ярьдаг биш үлгэрлэдэг багш байя гэж би багш нараа уриалдаг. Хүүхэд өөрийн гэсэн бодолтой, чигч шударга зантай, аливаад үл туйлширдаг хандлагатай болж төлөвшихөд багшийн үлгэр их чухал. Багш загнасан ч, магтаж урамшуулсан ч хэлсэн үг, үйлдэл нь зөрдөггүй, хүний зөв харилцааны жишиг, үлгэр болж байхаас л энэ бүхэн эхэлнэ шүү дээ. Хүүхдүүд өдгөө аав, ээжтэйгээ төдийлөн сайн ойлголцож, харилцаж чаддаггүй болчихлоо. Ийм үед багш нарын хүлээх үүрэг улам бүр нэмэгдэж байна.

Багш хүн хүүхдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох ёстой. Үүний зэрэгцээ бие бялдрын эрүүл чийрэг хөгжилтэй болгоход нь ч зайлшгүй анхаарах хэрэгтэй. Тэгээд мэдээж мэдлэг, оюуныг нь тэлэх чиглэлд ажиллана. Иймд “Эрүүл бие-Саруул ухаан-Сайхан сэтгэл” гэсэн алтан гурвалжингийн дагуу хичээлийн хөтөлбөр тогтох ёстой гэж үздэг. Япончуудын дундаж наслалт 80 гарсан. Тэд ерөөс иргэддээ хүүхэд байхаас нь юу идэж уух, хэрхэн бие авч явах талаар амин боловсролыг нь суулгаж өгдөг. Нөгөө талаас зүрх сэтгэлийн боловсрол гээчийг чухалчилж авч үздэг.

Эцсийн дүнд боловсрол гэдэг чинь өөрөө өөрийгөө аваад явах, амьдрах ухаантай болохыг л хэлж байгаа хэрэг шүү дээ. Харин зүгээр л нэг тест бөглөдөг, бодлогын хариу гаргадаг хүн амьдралд амжилтад хүрдэггүй.  

-Сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийг хэрхэн хардаг талаараа дэлгэрүүлж ярихгүй юу. Яагаад ч юм Z гэх үеийнхний сэтгэл зүйн онцлогийг судалдаг, хэлдэг хүн алга. Сургахад, залаад аваад явахад нэг тийм төвөгтэй маягийн үе түрж орж ирээд байх шиг?

-Интернет орчин хөгжсөн энэ үед гадаад хэлний жаахан зах зухтай л бол сурах гэдэг үйлийг ганц товч дараад л хийчхэж болохоор болчихлоо л доо. Ганц товч дараад болчих юмыг багш тайлбарлах гэж оролдоод байгаа нь хүүхдүүдийг залхааж байна. Тэгэхээр хичээл өөрөө сонирхолтой болох, нөгөө талаар тэдний сэтгэл зүйг нь ойлгож харилцах шаардлага эрхгүй гарч байна.

Чиний хэлдгээр, нэг тийм төвөгтэй хүүхдүүд бий болчихсон. Юм ярихаар “Мэднэ ш дээ” гэсэн байдлаар хүлээж авдаг ч юм уу. Өөрийгөө илэрхийлэхдээ нэлээд дотогшоо талдаа боловч өөртөө мангар итгэлтэй. Мөртлөө тэр мэддэг, чаддаг зүйлий хичээл зүтгэлээр биш, нэг товч дараад л олоод авчихдаг гэсэн өрөөсгөл ойлголттой байна. Ийм сэтгэхүйтэй хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэдэг тал дээр дэлхий нийтээрээ судалгаа хийж байна.

Ер хичээж, чармайж, зүтгэл гаргаж байж тэр мэдлэг, чадварыг өөрийн болгодог гэдгийг ойлгуулах ихээхэн чухал болж. Сурахын, эрдмийг эрхэмлэхийн ач тусыг ойлгох гэхээс илүү шууд ажил дээр гараад л инженер болчихно гэдэг, зарим нь “Их сургуульд сурч биеэ зовоох хэрэг байна уу?” гэсэн хандлага руу орчхоод байх шиг. Би хүүхдүүдэд “Сурсан, сураагүйн ялгаа ирээдүйд гарна шүү” гэж их хэлдэг. Нөгөө талдаа үүнийг дагаад багш нар нь ч хичээл заахдаа хэлбэр талыг илүү анхаардаг болжээ. “Хүүхдүүдэд би яг юу өгөх вэ” гэхээс илүү ямар үзүүлэн тавьж үзүүлэх вэ гэдэгтээ л илүү анхаардаг болчихсон санагдаад байгаа юм /Инээв, Сурв/.

-САЙН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛЖ БАЙГААД ҮЗЭЖ ТАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Зүрх сэтгэлийн боловсрол гэдэг үгийг сонсоод олон хүн гайхаж хүлээж авах байх. Уг нь хамгийн зөв өнцөг энэ болсон. Улс орныг үе, үеийн зүрх сэтгэлийн боловсролтой залуус үүрч явдаг. Харин тэр үеийг бэлтгэнэ гэдэг боловсролын салбарынхны л гол үүрэг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд ийм үеийнхнээ муу бэлтгэснээс өнөөдрийн зарим асуудал үүссэн байх гэж боддог. Тэгэхээр 10, 20 жилийн дараа улс орноо авч явах залуусыг бэлтгэх тал дээр ямар так-тикээр ажиллах ёстой юм бол. Танд итгэл үнэмшил ер нь хэр байна вэ?

-Үнэхээр боловсролын асуудлын хүрээнд зүрх сэтгэл гэдэг үгийг хэлэхээр тоодог хүн маш ховор л доо. Ний, нуугүй хэлэхэд ийм чанаргүй боловсролыг залуу үедээ олгосон хэвээр байх юм бол ирээдүйн тал дээр надад итгэл үнэмшил муу байна. Уг нь манай хүн амын 50 хувь нь дөнгөж 26 хүртэлх настай. Япон шиг хөгшин хүнээр дүүрчихсэн, төрөлт нь багасчихсан бусад нийгэмтэй харьцуулахад бидний ирээдүй галтай, гэрэлтэй. Иймд маш сайн бодлого, сайн стратеги боловсруулж байгаад үзэж тарах хэрэгтэй байна.

Гэхдээ ном уншуулах, шууд номлох маягаар үүнийг хийхгүй л дээ. Зүрх сэтгэлийн боловсролын талаар дэлхийн жишигт зөндөө олон гоё аргачлал бий. Жишээлбэл, нийгэмд ч юм уу, сургууль дээр сайн, муу үйл явдал тохиолдоход хувь сурагч үүнийг юу гэж дүгнэсэн, ямар сэтгэгдэл төрснөө бичдэг “Сэтгэлийн дэвтэр”-ийн арга байна.

Харин манайхан боловсролоор маш их тоглож байгаа. Улс төрчид л тоглодог. Үе, үеийн сайд дарга нар гарч ирээд судлаачдын үгийг ер сонсолгүй шийдвэр гаргадаг. Мань мэт нь очоод ярихаар “Та нар хувийн сургууль ш дээ. Та нартай бол төрийн өмчийн сургуулийг харьцуулах аргагүй” гээд ам таглачихдаг.

Ер нь Монголын боловсролын системийг туйлдуулж байгаа зүйл бол хөтөлбөр. Хөтөлбөрийг жил болгон шахуу өөрчилсөөр ирсэн. Сүүлийн хэдэн жилд л нэг хөтөлбөрөө арай гайгүй тогтвортой баримталж байна уу гэж харагдаж байна. Гэтэл Японд дөрвөн жилийн өмнөөс эрдэмтэд, судлаачдын дунд маш халуун маргаан, мэтгэлцээн өрнүүлж хөтөлбөрөө батлаад, сурах бичгээ гаргачхаад, түүнийгээ дор хаяж 10 жил барьж хэрэгжүүлдэг.  Харин манайд зун нь гэнэтхэн “Намраас энэ ч хичээлийн цагийг хасна, нэмнэ” гээд шинэ хөтөлбөр баталдаг. Наймдугаар сард хэдэн багш суулгаж, семинар хийгээд л шинэ хөтөлбөрөө тулгачихдаг. “Сурах бичиг нь яах юм бэ?” гэхээр “Одоо гарч байгаа” гэдэг. Нөгөөх нь хичээлийн жил бараг дуусаж байхад хэвлэгдэж, сурагчдад очдог. Тэр нь мөн бизнес маягийн болчихсон.

-ЗАЛУУСЫГ АТРЫН АЯН ШИГ “БАГШ БОЛЪЁ” ГЭЖ УРИАЛЦГААЯ Л ДАА-

-Ёжилж хэлэхэд “Шинэ Монгол” сургууль сайн захиралтай, хүүхдүүд нь боломжтой бас азтай байна. Гэтэл энэ чинь улс орны асуудал шүү дээ. Үүгээр хувийн болон төрийн өмчийн сургуулийн асуудлыг хөндөж байна л даа. Бүх хүүхдэд адил боломжийг олгох нь зөв юм шиг. Гэхдээ нөгөө талаар ийм цэгцрээгүй улс төртэй байгаа үед хэсэг хугацаандаа төрийн өмчийн сургуулиас юм хүлээгээд нэмэргүй байна. Үүн дээр ямар гаргалгаа байж болох вэ?

-Юун түрүүнд бид эргэлт, буцалтгүйгээр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Ийм нийгмийн гол үзэл санаа нь ямагт хувийн хэвшлээ дэмждэг. Харин чи намайг сайн захирал гэлээ. Би хариуцлагаа л үүрч яваа хүн байхгүй юу /Инээв, Сурв/. Би хүүхдийн ар, гэрээс төлбөр авч байгаа бол сайн л сургах ёстой. Номыг нь сургаагүй, хүмүүжлийн дутагдалтай хүүхэд төгсгөвөл түүн шиг нүгэл байхгүй гэж боддог.

Өнөөдөр хувийн сургуульд манай нийт сурагчдын дөнгөж 7 хувь нь л сурдаг.  Гэхдээ үнэхээр хувийн, төрийн өмчийн сургууль хооронд ялгаа гараад байна. Аав, ээж нь хэн байснаас, ямар амьдралын боломжтой буйгаас шалтгаалж хүүхэд хүссэн боловсролоо олж авч чадахгүй байна. Үүнээс гол бухимдал үүсэж байгаа. Харин төр үүн дээр асар өндөр хариуцлага үүрэх ёстой.

Төр маань боловсролын салбарын хувьд даанч арчаагүй менежер. Гутааж өгч байна шүү дээ. Гол гаргалгаа нь ерөөс төрийн өмчийн сургуулиудыг л чанаржуулъя. Хэрэв төрийн өмчийн сургууль чанаржаад ирвэл хувийн сургуулиуд аяндаа шахагдана.

2015-2020 оны хооронд 142,000 хүүхэд шинээр сургуульд элсэж орсон байгаа юм. Тэгвэл үүнийг дагаад сургуулийн тоо хэдээр нэмэгдэх вэ гэдэг асуудал тавигдана. 140 сургууль ядаж барих шаардлагатай болно. Гэтэл төр 35-хан сургууль барьсан байсан. Одоо дахиад 250,000 хүүхэд нэмэгдэх гэж байхад хэдэн сургууль барихаа ядаж шийдээд, төсвөө баталж, барилгаа бариад эхлэх хэрэгтэй юм л даа.

Нөгөө талаар амжилттай төгсөж байгаа сурагчид сайн багш болоосой. Багш болох гэж тэмүүлдэг байгаасай гэж боддог. Багшийн сургууль төгссөн хүүхдэд урамшуулал өгөөд хөдөө, орон нутгийн сургуульд ажиллуулж болно шүү дээ. Иймэрхүү зүйлс дээр төр зоригтой мөнгө хаяж чаддаг байх хэрэгтэй.

Багшийг сэлгээнд оруулж, ажиллуулдаг загвар байна. Японд гэхэд гуравдугаар сарын үеэр багш нар нь “Энэ жил хаашаа сэлгээнд явах бол” гэж бодоод сууж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн аймаг, мужийнхаа сургуулиудыг сэргээж, эрч хүч нэмэхийн тулд өөр сургуулийн сайн багш нарыг аваачин, сэлгэж ажиллуулдаг гэсэн үг. Ингэж очиж байгаа багш нарт урамшуулал юмыг нь маш сайн өгдөг. “Тэр сургуулийн тэр багш тийшээ сэлгээнд явлаа” гэж сонин дээр бахархалтайгаар нийтэлдэг. Багш хүн ингэж нэр хүндээрээ амьдардаг.

-Бид сэдвийнхээ хүрээнд ярилцаж дууслаа. Сүүлд нь асуухад, Монгол Улсын Гавьяат багш гэсэн шагналыг та өөртөө ямар үнэ цэнтэй, утга учиртай зүйл гэж хүлээж авсан бэ?

-Би Гавьяат багш болохын төлөө зорьж боловсролын салбарт ажиллаагүй. Монгол Улс минь хөгжөөсэй, улс эх орныхоо хөгжлийг үүрч явах сайн сайхан залуус төрж гараасай гэж энэ салбарт зүтгэсэн. Сургууль маань ч олон сайхан амжилт гаргасан.

Би бол зөвхөн менежер хүн. Энэ хүрээндээ багш нарынхаа суух өрөөг тохижуулахаас эхлээд л анхаарсан. Харин үүн дээр манай сургуульд багш нарын хүчтэй баг бүрэлдсэн. Эргээд харахад 10 сая гаруй ам.долларыг төгсөгчдөдөө тэтгэлэг хэлбэрээр олгуулсан байна.

Тэгэхээр төр маань миний боловсролын салбарт, ялангуяа хүнд оруулсан хөрөнгө оруулалтыг маань үнэлж гэж бодож байгаа. Иймд маш их баяртай байгаа. Шавь нар маань миний өмнөөс, надаас ч их баярлаж байна. Багш нар маань өөрөө шагнуулчихсан юм шиг л баярлацгааж байна. Тэгэхээр хийсэн ажлынхаа үр дүнг үзлээ л гэж хүлээж авч байна. Дагаад их эрч хүч мэдэрсэн.

Би долоон хүүхэдтэй, 10 зээтэй өвөө хүн л дээ. Ийм болохоор хүүхдүүд маань “Та одоо амар аа” гэж хэлдэг. Харин том охин маань саяхан надад хандаж, “Аав, мориндоо мордоод чүү!” гэсэн. Цаашид хийх ажил их л байна.

Ний нуугүй хэлэхэд, өөрөө дотор нь байгаа мөртлөө гавьтай өөрчлөлт хийж чадахгүй байгаадаа их бухимдаж, шаналж явна. Японд “Нийгмийн өмнө хариуцлага хүлээх” гэдэг үг бий. “Нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах” гэдгээс ондоо. Ирээдүйд “Та тэр үедээ дуугарахгүй, хийхгүй яасан юм” гэж хойч үе хэлнэ шүү дээ.

Ажиллангаа төр засгийг шүүмжлэхээр эргээд манай сургуулийг элдвээр боох, хаах асуудал гардаг. Иймд хурдхан тэтгэвэртээ гарч, сургуулиасаа хамааралгүй болчхоод хэлдэг, шүүмжилдэг биш хийдэг байдал руу оръё гэж бодсон.

Нэгэнтээ атрын аянд залуусыг уриалж байсан шиг сайн сурагчдыг “Багш болоорой” гэж уриалъя л даа. Яагаад ингэж уриалан зохион байгуулж, гал цогийг нь бадрааж, ажиллах орчин нөхцөл, шагнал урамшууллыг нь бий болгож болохгүй гэж. “Багш үндэстэн болцгооё” гэж уриа дэвшүүлье л дээ.

Гавьяат багш болсноос хойших анхны ярилцлагаа ингэж чамтай хийлээ, баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аргалсүрэн
Аргалсүрэн
2021-11-16 12:14

УЛам илүү хичээ л дээ чи чадна ш дээ

Зочин
Зочин
2021-11-16 17:33

Ойрын 30 жил дандаа нойлын ногоон тэгүүд багш болсон шүү энэ бол ёстой амьдр�##� дээр батлагдсан.Нойл сурч байгаад багш болсон авгай нар хичээлдээ сайн хүүхдэд туйлын дургүй бүүр үзэн яддөг

Зочин
Зочин
2021-11-17 01:59

Хуучин цагт ч онцууд багш, эмч болдог байсан тул сайн сайн багш эмч нар олон гарсан. Орчин цагт ч онцууд нь эдийн засагч, хуульч, програмист их болж байх шив. Дүүгийн хуулийн ангид дандаа онц төгссөн хүүхдүүд байна лээ, тийм хүүхдүүд уг нь толгой сайтай инжeнeрүүд одоо болвол сайнсан

Зочин
Зочин
2021-11-17 15:10

Үнэхээр мундаг менежер.Хоосон газар япон маягын анхны сургууль байгуулна гэдэг тийм амархан биш шүү.Өөрөө их сайхан хүн.Танд амжилт хүсье.Би лав энэ хүнийг �##�ь эрт гавьяат гэж бодож байлаа.

Иргэн
Иргэн
2021-11-20 06:42

Танай сургууль бүхий л сайн хүүхдүүдийг сонгон авдаг биздээ ,танай төгсөгчдийг бүгдийг нь багш болгоё оо

Багш
Багш
2021-12-11 11:57

Надаас хуулдаг бсан шоучин нойлын ногоонууд арын ха�##�гаар багш болоод би шударга үлдэв

Холбоотой мэдээ

Back to top button