Нийгмийн

М.Оюунчимэг: Хуульгүй учраас электрон тамхинд татвар тогтоож, хориглож болохгүй байна

Манай сайт редакцын бодлогын хүрээнд электрон тамхины асуудлыг хөндөн РЕДАКЦИЙН ТУРШИЛТ: 15 настай хүүд дэлгүүрүүд электрон тамхи ЗАРЖ, онлайнаар захиалахад ХҮРГЭЛТ ХИЙЛЭЭ хэмээх сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Тус сурвалжилгаар дэлгүүрүүд насанд хүрээгүй хүүхдэд мансууруулах бодисын нэг болох электрон тамхийг хяналтгүйгээр худалдаалж, сурагчид сургууль танхимдаа татаж мансуурч байгаа тухай хөндөж нийтэлсэн билээ.

Бидний бэлтгэсэн сурвалжлагын дараа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос электрон тамхины асуудлаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болсон. Эл асуудлаар болон цаг үеийн сэдвээр ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-ДЭЛХИЙН УЛС ОРНУУДАД ХОРИГЛОСОН БАЙХАД МАНАЙД ЯМАР Ч ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ АЛГА-

-Электрон тамхины асуудал ноцтой байдалд хүрээд байна. Манай сайт энэ асуудлыг хөндсөн. Танай нийгмийн бодлогын байнгын хороо анхааралдаа авсан нь сайшаалтай байна?

-Энэ асуудлыг олон нийт одоо л анхаарч эхэлж байна. Манай охин арван жилийн сургуульд сурдаг. Электрон тамхийг хүүхдүүд татаад байна. Ингэж болдог юм уу ээжээ гээд хэлж байна. Тиймээс би үүнд анхаарал хандуулаад сая төсөв хэлэлцэж байх үед электрон тамхинд яагаад онцгой албан татвар тогтоож болохгүй байгаа юм бэ, ямар ч хяналт алга гэдэг асуудлыг хөндөж, Сангийн сайдад асуулт тавьсан. Электрон тамхи нөхөн үржихүйн насны охидоос авахуулаад хүүхэд багачууд, бидний ирээдүйд маш их хор уршиг, үр дагавартай. Дэлхийн зарим улс оронд бүр хориглочихсон. Гэтэл манай улсад ямар ч хуулийн зохицуулалтгүй борлуулж байгааг хөндсөн.

-Сангийн сайд ямар хариу өгсөн юм бэ?

-Сангийн сайд миний асуултад хариулахдаа Онцгой албан татвар оногдуулж болно. Гэхдээ электрон тамхийг хориглохтой холбоотой эрхзүйн зохицуулалт өнөөдөр байхгүй байна. Харьяалдаг салбар яамнаас нь хуулийн төсөл өргөн бариагүй. Бариагүй байхад бид онцгой албан татвар тогтоох юм уу хориглож болохгүй гэсэн хариулт өгсөн.

-Тэгэхээр ЭМЯ-наас хуулийн төссөл боловруулж байж шийдэлд хүрэх нь ээ?

-Эрүүл мэндийн яаманд электрон тамхийг эрүүл мэндэд хор хөнөөлтэй талаас нь хуулийн төсөл боловсруулж, өргөн барих чиглэлийг Нийгмийн бодлогын байнгын хорооноос өгсөн. Тиймээс ЭМЯ-нд электрон тамхи ямар хор уршигтай, ямар зохицуулалт хийх талаар хуулийн төсөл бэлтгэж байгаа гэж хэлсэн.

-САЛБАРЫН ЯАМНААС НЬ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЯАРАЛТАЙ ӨРГӨН БАРИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Хэсэг гишүүд бас Электрон тамхийг зохицуулах хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан гэж сонссон?

-Бид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг энэ асуудалд анхаарахыг хүссэн. Түүнчлэн П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа нарын гишүүд Электрон тамхийг хориглохтой холбоотой хуулийн төсөл санаачлаад, өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр хуулийн төслүүд байнгын хороонд орж ирэнгүүт цаг алдалгүй хамтатгаад хэлэлцье гэж бодож байгаа юм. Салбарын яам нь энэ талаарх хуулийн төслөө яаралтай өргөн барих хэрэгтэй байна.

-Хуулийн зохицуулалтгүй учраас электрон тамхи зарж буй аж ахуй нэгжийг буруутгах ямар ч үндэслэлгүй гэсэн үг биз дээ?

-Ямар ч хуулийн зохицуулалт алга. Зохицуулалт байхгүй учраас татвар ногдуулах боломж алга. Электрон тамхи оруулж ирж байгаа байгууллага, компанийг буруутгах аргагүй. Бизнесээ бодоод ямар ч татваргүй барааг оруулж ирээд борлуулаад байна. Хууль зөрчсөн асуудал байхгүй.

-Гэхдээ хүүхдүүдэд зарж борлуулаад байгаа нь буруу шүү дээ?

-Энэ асуудлыг хууль хүчний байгууллагууд анхааралдаа авах ёстой. Насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдаалахыг хориглодог шүү дээ. Тиймээс электрон тамхийг бас хүүхдэд зарахыг хориглох журам ядахдаа гаргаач гэсэн саналыг эмэгтэй гишүүдийн зүгээс тавиад байна. Дэлгүүрүүд өсвөр, бага насны хүүхдүүдэд шууд худалдаалж байгаа бол энэ байж болохгүй асуудал. Үүнд Засгийн газар анхаараад, тодорхой журам, хууль гартал зохицуулалтын арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Сургуулийн орчинд ийм асуудал хамаа замбараагүй болсныг хүүхдүүд хэлж байгаа учраас эмэгтэй гишүүд асуудлыг хөндөж эхлээд байна.

-Онцгой албан татвартай болгочихвол хяналт тавьж чадна гэж үү?

-Ер нь онцгой албан татвар тогтоочихвол тэр бүр аж ахуй нэгжүүд оруулж ирээд, найман нэрийн дэлгүүрээр хамаа замбараагүй зарагдаад байхгүй шүү дээ. Эсвэл бүр хориглох хэрэгтэй. Гэхдээ судалгаануудад түшиглэх ёстой юм. Түүнээс биш хэн нэг нь дураараа хориглоё, онцгой татвар тогтооё гэж цээжний пангаар ярьж болохгүй.

-ОРОН НУТАГТ ЭХИЙН ЭНДЭГДЭЛ БУУРАХГҮЙ БАЙГААД ЭМЗЭГЛЭЖ БАЙНА-

-Өнгөрсөн баасан гарагт эхийн эндэгдлийн асуудлаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэг өрнөсөн. Эхийн эндэгдэл байсаар байгаа гэсэн сэтгэл эмзэглүүлэм судалгааны дүн ярьж байна билээ?

-Манай улс Алсын хараа 2030 гээд баталсан. Эхийн эндэгдлийг бууруулах зорилт тавьсан. 1000 амьд төрөлт тутамд ес буюу тодорхой хэмжээгээр бууруулах зорилт тавьсан. Бид энэ зорилтдоо хүрэх ёстой. Удахгүй 2030 он боллоо. Гэтэл эхийн эндэгдэл буурахгүй байна. Ялангуяа энэ цар тахлын үед эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг авч чадахгүй байдлаас, мөн хөдөө орон нутаг хүний нөөц дутмагаас болж эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй эх эндэж байна.Нийгмийн эмзэг байдал, ажилгүй, ядуурлын түвшин буурахгүй байгаатай холбоотой эхийн эндэгдэл орон нутагт ялангуяа их гарч байгаад үнэхээр эмзэглэж байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо цар тахлын үед ч гэсэн эх хүүхдийн асуудлыг нэг номерт анхаарах ёстой. Анхаарлаас гадуур байлгаж огт болохгүй  гэдэг байдлаар ЭМЯ-нд тодорхой үүрэг чиглэл өгөөд, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтраад тодорхой судалгаанууд гаргаад, түүндээ үндэслээд авах арга хэмжээнүүдээ ярилцаж байна.

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр бас хэлэлцүүлэг болох шиг боллоо. Амбицтай эмэгтэйчүүд л улс төрд ордог гэдэг ойлголт байгаад байна?

-Жендерийн тэгш байдлыг хангах асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн амбицлах асуудал огт биш гэдгийг нийгэмд ойлгуулах ёстой. Бид Норвеги, Скандинавын орнуудын хөгжлийг гайхаад байдаг. Тэр баялгийн сангийн туршлагыг Монголдоо нэвтрүүлэх юмсан гэж ярьдаг. Тэнд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш балансыг хэрхэн хангаж байгаатай холбоотой. Тэнд парламент, Засгийн газрынх нь 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүд эдийн засаг, нийгэмд, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. Энэ нь улс орны хөгжлийн бодлогод эмэгтэйчүүд ямар их давуу тал, боломж олгодгийг харуулж байна.

-ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АМБИЦЛАХ АСУУДАЛ ОГТ БИШ-

-Манайд улс төр дэх эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлын асуудал ахицтай байж чадаж байна уу?

-Манай улсад өнгөрсөн 30 жилийг хараад үзэхэд дэд бүтэц, улс төрийн хөрөнгө оруулалт хийж ирсэн. Харин нийгмийн чиглэлийн эрүүл мэнд, боловсрол, сургууль, цэцэрлэг орхигдсон байсан. 2016 онд намайг УИХ-ын гишүүн болоход эдийн засаг маш хүнд байсан. Төсөв танагдахад боловрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын, гэр бүлийн ххүчирхийлэлтэй тэмцэхэд зарцуулах мөнгө бүгд хасагдаад ороод ирсэн байсан. Тэр үед 13 эмэгтэй гишүүн хүчээ нэгтгэж, эрэгтэйчүүдээ уриалж, хэдий болтол гурван ээлжээр хичээллэх вэ, хэдий болтол сугалаагаар цэцэрлэгт хүүхдүүдээ өгөх вэ гэж тэмцсэн. Ингээд 2016-2020 онд эмэгтэй гишүүд тэгш байдлыг бага ч гэсэн хангасны хүчинд гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар цэцэрлэгт авдаг байдлыг халж чадсан. Цаашдаа төсөв хэлэлцэх үед дотоодын нийт бүтээгдэхүүн, эрүүл мэнд, боловсролын салбарын  эзлэх хувь хэмжээг дэлхийн жишигт хүргэх хэрэгтэй. 2022 оны төсөвт эрүүл мэнд, боловсролын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хувь хэмжээгээр нэмж чадсан. Жендерийн тэгш байдлыг хангах, ядахдаа тодорхой хэмжээнд өсгөх асуудал ямар чухал байгааг энэ үйл явдлууд харуулж байна.

-Манай улс төрч эрчүүд жендерийн мэдэмж хэр байна вэ, ойлгож байна уу ер нь?

-Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой зүйл юм шүү гэдгийг  шийдвэр гаргах түвшинд кноп дарж байгаа эрчүүддээ ойлгуулах гээд  л ажиллаад байна. Дэлхийн түвшнээс эмэгтэй парламентчдын тоогоороо 21.9 хувиар доогуур үзүүлэлттэй байна. Өнөөдөр УОК дээр 30 хүн ажиллаж байхад гуравхан эмэгтэй. Тэр гурав нь бичиг цаасны ажил хийгээд явж байна. Гэтэл тэнд хүний эрхийн зөрчилтэй асуудал их гарч байна. Тиймээс УОК-т эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэдэг асуудлыг хөндсөн.

Онгоцны тээвэрлэлт, гадаадад хүлээж байгаа хүмүүс, эрүүл мэндийн салбарт хүний эрх зөрчигдөж байгаа бүх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ажлуудыг шат дараатай хийж, зарим хүмүүст хариуцлага тооцуулах гэх мэт УИХ дээр тогтоол шийдвэр гарах үед ковидын түр хорооны эмэгтэй гишүүд орж ирээд энэ асуудлуудыг хөнсөний үр дүнд нааштайгаар шийдэгдээд явж байна. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд бэлтгэх асуудал маш чухал байгааг онцлон хэлмээр байна. Аймаг, нийслэлийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хүн бараг алга. 21 аймагт Иргэдийн хурлын дарга хоёр эмэгтэй л байна. Хүүхэд хамгааллын мөнгийг малын өвс бэлтгэхэд зарцуулаад явж байгаа тохиолдол гарсан. Хүчирхийллийн эсрэг тэмцдэг, хүүхэд хамгааллын ажлитнуудыг өөр ажилд томилоод явуулчихдаг. Үндсэн ажлыг нь хийлгэдэггүй асуудал орон нутгийн түвшинд маш их байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-11-29 15:45

Та нар хууль гаргаж чадахгүй байгаа бол тараа. Иргэд бид чинь нэг юм болгох байлгүй дээ.

Зочин
Зочин
2021-11-30 10:59

Ээжээсээ ичдэг хүн, иргэдээ хуурч LV ороолт зүүдэг гишүүн л байсан д аа

Иргэн
Иргэн
2021-12-01 11:23

Архи хэтрүүлэн уугаад хордож үхэж байна
Газ хэрэглээд мансуурч байна
Утаат тамхи татаад хордож байна
Электрон тамхи хэрэглээд хордож байна гэнээ чааваас
Энэ та нарын шийдэж чадах асууд#### биш бас шийдэж чадах ч үгүй
Энэ бол хүний УХАМСАРЫН АСУУДАЛ
Аливаа юмыг хэртрүүлэн хэрэглэх нь угаасаа л хүний биед СӨРӨГ нөлөөтэй
Цаад үндсэн ухагдахуунаа бас сайн ойлгоно уу

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x