Ярилцлага

"Үлдсэн ганц үр минь л амьдрах хүч, тэнхээ өгч байна”

Өнгөрөгч амралтын өдрүүдэд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулсан хөлбөмбөгийн тэмцээн болж өнгөрсөн. Үүнд хэвлэл, мэдээллийн салбарынхан оролцсон юм. Энэ үеэр О.Цэнгэлтэй тааралдаж, товч ярилцсанаа хүргэе. Тэр SPS телевизэд ажилладаг.

О.Цэнгэл 2019 оны долдугаар сард Цагаан давааны аймшигт ослоор ээжийгээ, нөхрөө, гурван хүүхдээ алдсан. Эл үйл явдлын талаар бид “ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Ослоор дөрвөн амь нь тэнгэрт дэвшиж, үлдсэн гурван зүрхээ аврахаар тэмцэж буй ГЭР БҮЛ” гарчигтай нийтлэл бичиж байсан билээ.

Болсон явдлаас хойш хоёр жил өнгөрөхөд О.Цэнгэл сэтгэлийн их ачааг үүрч, үлдсэн ганц үрийнхээ төлөө өөдрөг ажиллаж хөдөлмөрлөхөөр хичээж байна. Тэр энэ аймшигт осол, олон хүний аминд хэн нэгэн хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээж байв.


ҮЛДСЭН ГАНЦ ҮР МИНЬ ХАМГИЙН ИХ ХҮЧ ТЭНХЭЭГ НАДАД ӨГЧ БАЙГАА

-Аймшигт осол болсноос хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Таны бие сайн уу. Эмчилгээнүүд нь хийгдэж дууссан уу?

-БНСУ-руу хоёр удаа эмчилгээнд яваад ирсэн. Эхний удаа осол болсны дараахан, хамтдаа эдгэх юм шиг л санаад охинтойгоо явсан. Харамсалтай нь охинтойгоо буцаж ирээгүй. Өмнөд Солонгосын эмнэлэгт хагалгаанд орж, холбогдох эмчилгээнүүдээ сайн хийлгэж авсан. Тоног төхөөрөмж, эм тариа, эмчилгээний арга техник нь маш сайн юм билээ. Хоёр хөл дээрээ босож, дөрвөн мөч маань хөдөлдөг болоод Монголдоо ирсэн. Дараа нь хүү маань ч тодорхой хэмжээнд түлэгдсэн байсан учраас, мөн намайг цаг алдалгүй дахин ирж эмчилгээгээ үргэлжлүүлээрэй гэж захисан тул дахиад БНСУ-ыг зориод ирсэн байгаа. Эгч нь анх дөрвөн мөчөө боолгоод явж байсан бол одоо хоёр хөл дээрээ зогсоод, ажил хөдөлмөрөө хийж байна. Цаашид БНСУ-д гурван жилийн турш эмчилгээнүүд тасралтгүй хийгдэх ёстой байгаа. Ослоос өмнө гараа санаадгүй цохивол “Ёо ёо” гэж дуугараад л өнгөрдөг байсан бол одоо доош эвхрээд сууж байх жишээтэй, маш эмзэг болдог юм байна. Мөн наранд их явахгүй, арьсаа хөлдөөхгүй байх гээд зургаан төрлийн хатуу дэглэмийг сахих хэрэгтэй гэсэн.

Харин энэ бүхнийг туулж байхдаа улсынхаа эрүүл мэндийн салбарт сэтгэл их гонсойсон. Манай улс түлэнхийн эмнэлэггүй, баригдаж эхлээд 10 жил болж байгаа. Үүнээс болж ГССҮТ-ийн түлэнхийн тасаг маш хүнд ачааг дааж, авч явж байна. Нэг өрөөнд л 10 хүүхэд, тус бүрдээ сахиуртай эмчлүүлж байх жишээтэй. Тоног, төхөөрөмжөөр дутмаг. Хамгийн наад зах нь рентген зураг авахын тулд бидний шарх, боолтыг хөндөж, босгож зөөж байсан. Харин БНСУ-д бол хэвтэж байгаа орон дээр нь зөөврийн төхөөрөмж авчраад л рентген зургаа авчихаж байх жишээтэй. Миний баруун гарын урд хэсэг болон зүүн гарын долоовор хуруу огт хөдөлгөөнгүй очсон. Тэгтэл физик эмчилгээний тасагт нь гарын атгалтын хүч, хөдөлгөөний хурд тус бүрийг баруун, зүүн гараар нь хэмжээд, компьютерт оруулж,  зөвхөн надад тохирсон эмчилгээний арга барил, хийх дасгалуудыг гаргаад ирсэн. Долоо хоногийн дараанаас шууд үр дүн нь мэдэгддэг юм билээ. Бид маш мундаг, чадварлаг эмч нартай боловч тоног төхөөрөмж, технологи гэдэг их чухал юм байна. Бүтэн 10 жил болж байхад нэг эмнэлгийг яагаад ашиглалтад оруулж болдоггүй юм бол оо гэж гайхсан.

-Сүүлд тантай уулзахад амьдралын төлөө зүтгэж, итгэл дүүрэн амьдрахын тулд их хичээж байгаа нь мэдрэгдэж байсан. Энэ хүнд явдлын ард гарч, урагш алхахад юу хамгийн ихээр сэтгэлийн дэм болж байна  вэ?

-Үлдсэн ганц үр минь, хүү минь хамгийн их хүч тэнхээг надад өгч байгаа. Хүүгийнхээ төлөө би амьдралыг зайлшгүй тэсвэр, тэвчээр гарган туулах ёстой. Ээж нь сэтгэл санаагаар унаад л, амьдралд уйтгар гунигаар дүүрэн хандаад байвал миний хүү ямар хүн болж өсөх бол гэж бодсон. Харин инээмсэглэл дүүрэн, зоригтой ажиллаж хөдөлмөрлөж байвал хүү минь амьдралын тухай анхны ойлголтоо зөв авах болов уу.

Дээрээс нь миний хань яаж тэмцэж, хичээж, зориглож тэр галан дундаас хүүхдүүдийнхээ хамт гарч ирлээ. Аав хүний, хань хүний... юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэр их зориг, тэр их хайр, тэсвэр тэвчээрийн ард амьд үлдсэн надад амьдралд идэвхгүй хандаж суух шалтгаан байхгүй.

Мэдээж хамаатан садан, ах дүүс, ажлын хамт олон минь асар том дэмжлэг үзүүлж байгаа. Монголчууд маань үр бид хоёрыг амьдраасай гэж, асар олуулаа тусалсан. Энэ их хүмүүсийн итгэлийг би дааж амьдрах хэрэгтэй. Энэ хүчин зүйлс дээр л эгч нь өндийж байна.

Мөн энэ аймшигт үйл явдлын ард маш том хариуцлага яригдах ёстой. Зүгээр нэг осол биш, гамшгийн осол шүү дээ. Олон хүний амь настай холбоотой энэ асуудал шүүхээр шийдэгдэж, хэн буруутай нь хариуцлага хүлээх ёстой. Үүнийг Монголын ард түмэн харж, хүлээж байгаа.

-Хэрэгт холбогдох шүүх хуралдаан болсон уу. Хууль, хяналтын байгууллага нөхцөл байдалд ямар дүгнэлт хийсэн бэ?

-Хэрэг болсон шалтгаан нөхцлийг судлах ажиллагаа үргэлжилсээр энэ хавар дууссан. Ингээд наймдугаар сараас хойш дөрвөн ч удаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хойшилж, хойшилж дөрвөн удаа хэлэлцүүлэг хийгээд хамгийн сүүлд хэргийг буцаагаад прокурор луу шилжүүлсэн байгаа. Эзэн холбогдогчид нь тодорхой, шалтгаан нөхцөлийг нь мэргэжлийн байгууллага тогтоочихсон байхад нэг тийш шийдэгдэхгүй, олон дахин хойшилж, удаж байгаа нь сэтгэлдд их хүнд тусах юм.

Төрдөө, хуульдаа итгээд үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж найдаад явж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг бүрд орж, тэр явдлыг олон дахин санах ямар сайн байх вэ. Дагаад  бүх зүйлээ эргэн санана, гэвч тэр бүрдээ “Одоо шийдэгдэх болов уу” гэж найдна, хүлээнэ.

Ер анх нүдээ аних бүрд л гал харагддаг байсан. Одоо ч зарим үед шөнө унтаж чадахгүй юм. Ажлаа хийгээд явж байгаа ч орой болохоор ослын тухай бодогдож, хайртай хүмүүсийн минь сүүлчийн дүр зургууд нүдэнд харагддаг. Энэ бүхнийг дахин дахин санаад байх сайхан биш шүү дээ.

Бид ямар учраас дүрэм журам, стандарт гэж баталдаг билээ. Бүх л хувь хүн, байгууллага стандартаа барьж ажиллах гэж дээр дооргүй хичээж байгаа. Ослын тухайд, стандарт алдсан гэх тодорхой дүгнэлтүүд гарсан байгаа. Энэ талаар хуулийн байгууллагаас мэдээлэл өгсөн нь зөв байх гэж бодож байна. Тэр аюултай ачааг ямар ч үед стандартын дагуу л тээвэрлэж явах ёстой. Гэтэл жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хэн хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй байгаад их гайхаж байна.

-Та өмнө нь “Зарга авах нь чухал биш. Хүүгээ том болоход “Аав нь буруутай үйлдэл хийж осолдоогүй юм шүү” гэсэн шүүхийн шийдвэр үзүүлэх л чухал байна” гэж ярьж байсан. Нөгөө талд хүмүүс ял авч үлдэнэ. Хэргийг шүүхээр даруй шийдвэрлүүлмээр байгаа шалтгаанаа та тодотгохгүй юу?

-Тийм аймшигтай явдал тохиолдсоноос хойш олон л зүйл юм бодогддог юм байна. Эдгээрээс хамгийн чухал нь хариуцлага байсан. Найман хүн амь насаараа хохирч, долоон хүн хүнд, хөнгөн зэргээр гэмтсэн байхад энд яг хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал тавигдана шүү дээ. Хүний амины үнэ цэнийг юугаар хэмжиж, хохирлыг нь яаж барагдуулах юм бэ. Хүү нь ааваа гэж дуудах, ахаа, эгчээ, эмээ гэж дуудах, өсч, торних, сурах гээд бүхий л амьдралын цаг хугацаанд хамтдаа хуваалцах байсан тэр баяр хөөртэй мөчүүдийг юутай харьцуулж, юугаар хэмжих вэ. Энэ асуултад хариулж болохгүй байх. Гэхдээ хуулийн байгууллага үнэн зөв шийдвэр гаргахыг зөвхөн би ганцаараа хүлээгээгүй болов уу гэж боддог. Миний ойр дотнын хүмүүсээс гадна болсон явдлыг цочирдон хүлээж авсан монголчууд нийтээрээ хүлээж байгаа. Тэр дундаа байж болох хамгийн эрхэм хүмүүсээ нэг дор алдахад ямар сайн байх билээ. Ээжийгээ, ханиа, төрүүлсэн үрсээ нэгэн зэрэг алдахад ямар хүнд байх вэ.

Хариуцлага гэж зүйл байдгийг төр, улсын хууль харуулж байж цаашид олон салбарт дүрэм журам, стандарт мөрдөгдөж ажиллана гэж бодож байна.

-Дүгнэлтээр нөхцөл байдлыг хэр илэрхий тодорхойлсон нь анхаарал татаж байна л даа?

-Хуулийн байгууллагын дүгнэлтийн тухайд холбогдох байгууллагууд нь мэдээлэл өгвөл зүйтэй гэж бодож байна. Тухайн жолооч дээр ч, байгууллага дээр ч буруутгах үндэслэлүүд бол гарсан байсан.  

-Харин та бүхний хувьд буруутгагдсан үндэслэл байсан уу?

-Байхгүй.

Энэ бүх хугацааны дараа нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. Тэр өдөр наадмын сүүлийн өдөр таарсан учраас замын хөдөлгөөн ачаалалтай байсан. Хань маань ч “Өглөө эрт гарахгүй бол их ачаалалтай байх юм байна даа” гэж ярьж байсан юм. Хотын түгжрэл ямар байдаг билээ, яг тийм нөхцөл байдалтай байсан. Ийм үед улаан цайм шатахуун замаар нэг асгарчихсан байхад дайрч явсан зүйл огтхон ч байхгүй. Сүүлд мэдэхэд, тэр замаар цагт 500-гаад машин явж өнгөрсөн юм билээ. Тэгэхээр ямар ачаалалтай байсан нь ойлгогдох байх.

Сүүлд авсан тэр зураг дээр дэлбэрэлт болчихсон учраас зам тэр чигтээ харлаж харагдсан, тэр нь шатахуун яг тэгж асгарсан байсан юм шиг хүмүүст санагдсан байх. Секунд биш долиор хэмжигдэх цаг хугацааны дотор болоод өнгөрсөн. Тийм богино хугацаанд л болоод өнгөрчихсөн.

Бид “Цагаан даваан дээр их осол гардаг” гэж өөр зуураа яриад л байдаг. Тэгсэн мөртлөө тэр давааг засаж янзалдаггүй, ядаж камер тавьчихдаггүй шалтгааныг хожим нь бас л их бодсон. Яриад байдаг хэр нь ээ ямар ч арга хэмжээ авдаггүй. Камерын бичлэг үлдсэн бол бүх зүйл илэрхий болох байлаа шүү дээ.

-ОСОЛ БОЛСНЫ ДАРАА ЖОЛООЧ Ч, ТУХАЙН БАЙГУУЛЛАГА Ч ХОЛБОО БАРИАГҮЙ-

-Шатахуун тээвэрлэж явсан жолооч та бүхэнтэй хожим нь холбогдсон уу?

-Үгүй ээ. Осол болсны дараа жолооч ч, тухайн байгууллага ч бидэнтэй холбоо бариагүй. Яг үнэндээ гайхаж л байгаа л даа. Монгол хүмүүс шүү дээ. Нэг ч удаа утсаар яриагүй, холбоо бариагүй байгаа.

-Та сошиал ертөнцөөс бас их хүнд цохилт авсан байх. “Явж болохгүй гэж жолооч нь зангаад байхад өөрсдөө дайрч ороод...” гэж буруутгасан хандлага их байдаг шүү дээ?

-Жолоочийн даллаад байгаа бичлэгийн сүүлд олж үзэхэд замын Архангай тал нь байна билээ. Харин бид нөгөө талаас нь ирж байсан. Яаж ч бодсон хүн даллаад гүйгээд байхад явчихсан зүйл байхгүй. Хэдхэн долийн дотор болоод өнгөрсөн үйл явдал шүү дээ. Яг тэр үед хүмүүсийн “Тэгчихгүй, ингэчихгүй” гэж ярьдаг шиг амар, боломжит нөхцөл бидэнд байгаагүй.

-Шүүхийн шийдвэр нэгэнтээ гарчихвал энэ үйл явдлыг дахин дахин дурсаад байхааргүй нэг нөхцөл үүсэх юм даа?

-Мэдээж энэ ослыг бүрэн дүүрэн мартана гэж хэзээ ч байхгүй. Харин хариуцлага хүлээх ёстой тал нь хариуцлагаа хүлээлээ гэдэг шийдвэр нь  сэтгэлийн шаналлыг минь тодорхой хэмжээнд багасгах байх. Хайртай хүмүүсээ яаж зовж, шаналж, амьсгал хураасныг би насанд туршдаа мартаж чадахгүй.

-Хүүгээ том болохоор ослын талаар яаж тайлбарлаж, хэлнэ гэж боддог вэ?

-Ёстой хэцүү асуулт байна. Би мэдээж хүүгээ л бодно. Цаг хугацааны тохироо нь таарвал хэлэх л байх. Гэхдээ заавал хэлэх ёстой юу үгүй юу гэдэг бодох асуудал. Тухайн нөхцөл байдлаа л харж байгаад болох байх. Том хүн биш хүүхэд учраас сэтгэлд нь юу үлдэхийг таашгүй.

-Ослоос хойш та анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Олон нийтэд дамжуулж, дайж хэлэх үгс байна уу?

-Монголчууд маань ээж нь хүүтэйгээ, хүү нь ээжтэйгээ хамт байгаасай гэсэн халуун сэтгэлийн үүднээс маш их хандив өгч, тусалсан. Үүнд маш их баярлалаа гэдгээ дахин дахин илэрхийлмээр байна. Дөрвөн мөчөө ч хөдөлгөж чадахгүй байсан би өнөөдөр хөл дээрээ босоод, ажил хөдөлмөрөө хийгээд явж байна.  Хүү маань эрүүл саруул өсөж бойжиж байна. Халуун дулаан сэтгэлээр тусалсан бүх хүнд маш их баярласнаа хэлмээр байна. Маш олон хүн тусалсан учраас нэг бүрчлэн нэрлэхэд хэцүү, орхигдуулж магадгүй. Нийт монголчууддаа баярлалаа. Ээж нь аз жаргалтай байж гэмээ нь миний хүү амьдралыг зөв нүдээр харж өснө. Цаашдаа бид ирээдүйн төлөө зөв сайхан амьдраад явна аа, чадах болно оо гэж хэлье.

Мөн эл хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа учраас бодлоо л доо. Монгол Улсын иргэний хувьд  Ерөнхийлөгчдөө болон Улсын дээд шүүх, Хууль зүй дотоод хэргийн яаманд өргөдөл хүсэлтээ өгөхөөр шийдсэн. Үнэхээр найдаад хүлээж байгаа хэдий ч жил гаран хүлээлээ. Өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гарахгүй байгаа учраас ингэж бодлоо.  Түүнчлэн үгийг маань дамжуулж өгч байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ингээд таарна гэж бодсонгүй ээ. Холбогдох хүмүүс энэ ярилцлагыг маань уншаад асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн ажлаа хууль ёсны дагуу шуурхай хийж эхэлнэ гэдэгт найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сэлэнгэ
Сэлэнгэ
2021-11-29 10:33

Сэтгэлийн тэнхээтэй, мундаг эмэгтэй юм аа.

Зочин
Зочин
2021-11-29 17:28

Um ma ni bad me hum

Зочин
Зочин
2021-11-29 17:57

Хүчтэй байгаарай. Хүний амьдр�##�д тохиолдож болох хамгийн том уй гашуу. May God bless you!

ZOCHIN
ZOCHIN
2021-11-30 17:12

Eruul saruul baij eleg buten amidrax ni ene xorvoogiin xamgiin tom az zavshaan nandin zuil shuu
ERCHTEI XUCHTEI EREMGII ZORIGTOI BAIGAARAI

Холбоотой мэдээ

Back to top button