НийгмийнЯрилцлага

Ардын зураач Ш.Чимэддорж: Би өөрийгөө сайн уран бүтээлээр шагнаж явдаг хүн

Түүнийг урлагийн тэр тусмаа дүрслэх урлагийн салбарынхан “Монгол зургийн Чимэддорж, “Морины Чимэддорж” гэдгээр нь андахгүй. Куратор Чан Цон Зун “Бэхэн зургийн хувьд гар, сэтгэлгээ хоёр нь ямар ч чөдөр тушаагүй хөдөлж, зураас болгоноос амьдралын эрч хүч, эрх чөлөө цацарна" гэж тодотгосон түүнийг Шагдаржавын Чимэддорж гэдэг.

Парисаас холгүйхэн орших “Музей де Шантилли” гэдэг нэртэй мориор дагнасан музейг үзэхээр өдөр бүр 2000 гаруй хүн зорьж очдог. Тэнд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн түүний бүтээл бүхий хэсгийг тусад нь тохижуулж, 100 гаруй зургийг нь дэлгэснээс Ш.Чимэддорж олон улсад хэр танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн зураач гэдгийг харж болно.

Үүний сацуу Хон Конгийн “Хан Арт” галерейн цуглуулгад Ш.Чимэддоржийн 200 гаруй бүтээл бий. Өнөө цагийн шилдэг, үнэтэй хурдан морьдын уралдаан болдог тус улсын галерей ийн түүний бүтээлээр цуглуулгаа баяжуулсан нь цаанаа их учиртай. Ерөөс Ш.Чимэддоржийн уран бүтээлийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Урлан дээрээ ирэхэд, шинэ бүтээл эхлүүлэхэд л “Санаагаа мориор төлөөлүүлж хэрхэн илэрхийлэх вэ” гэх бодол төрдөг, нэг мэдэх нь ээ морь зурчихсан сууж байдаг гэнэ.

 “Азийн Урлаг” сэтгүүлийн эрхлэгч Иан Финдли Браун “Баруунд ч бас монголчуудын нэгэн адил моринд дуртай, морьтой ойр хүмүүс цөөнгүй байдаг. Адууны тухай сэдэв уран бүтээлийн төвд нь байдаг уран бүтээлчид ч мөн цөөнгүй. Гэвч адуунд байгалиас заяагдсан галтай хийморийг бүтээлдээ шингээж чадсан нь тийм ч олон биш. Морины хүч чадал Чимэддоржийн уран бүтээлд гайхалтай яруу тансаг хүч өгч, түүний бүтээлүүдийг болоод өөрийнх нь хийморийг гэрэлтүүлдэг” гэж онцолжээ.

Хэдхэн хоногийн өмнө Ардын зураач хэмээх эрхэм цолоор шагнуулсан Д.Чимэддоржтой ярилцлаа.

-Тантай уулзахаар цаг товлоход “Ах нь урлан дээрээ түмэн завгүй сууна. Өглөөний 06.00 цагаас хойш хэзээ ч болно” гэсэн. Ер нь их эртэч бололтой.

-Би чөлөөт уран бүтээлч. Хүссэн цагтаа урландаа ирнэ, бүтээлээ хийнэ. Хүссэн цагтаа ажлаа дуусгаад харина. Ажлын, амралтын өдрүүдэд ч 06.00 цаг гэхэд аль хэдийнэ босчихсон урлан руугаа жирийлгэдэг юм. Энд ингээд урлан дээрээ, уран бүтээлээ хийгээд суух л миний жаргал.

Байнга хотод байна гэж юу байх вэ. Заримдаа ийш тийшээ явах ажил гарна. Энд ирэхгүй хэд хоночихоор урлангаа, уран бүтээлүүдээ их санана. Ерөөс миний хүүхдээс ялгаагүй шүү дээ.

Хүмүүс уран бүтээлийг минь үзэхээр ирээд “Таны онцлох, хайртай зураг аль нь вэ” гэдэг. Би уран бүтээлээ тэгж ялгах ёстой дургүй. Бүгдэнд нь хайртай. Бүгдээрээ л онцлох бүтээл.

-Хэдхэн хоногийн өмнө та Ардын зураач цол хүртсэн. Олон жил зурж, уран бүтээл хийж буй танд “Ардынх болчих болов уу” гэсэн хүлээлт байв уу?

-Тийм хүлээлт надад байгаагүй. Би ямар ч шагналыг хүлээдэггүй. Хүлээж байгаа ч үгүй. “Тийм шагнал авчих юм сан. Ийм цолоор шагнуулах цаг нь болсон” гэх бодол надад огт төрдөггүй. Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө чанартай, сайн уран бүтээлээрээ шагнаж явдаг хүн. Хүссэн юмаа хийн, ач гучаа тойруулж суулган, аз жаргалтай амьдарч яваа хүн тийм юманд дурлаад, хүлээдэггүй.

Нөгөө талаар уран бүтээл хийн, зургаа зураад түмэн завгүй суудаг надад шагналын талаар бодох зав, сөхөө байдаггүй. Уран бүтээлч бид цаг хугацааны дотор амьдардаг улс. Аяндаа цаг нь болвол шагнуулах байх гэхээс “Би одоо Ардынх болъё, гавьяагаа үнэлүүлье” гэж ер бодохгүй.  

Ерөнхийлөгч шагнал гардуулсны яг өмнөх өдөр нь нэг уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оччихоод гэртээ байж байсан юм. 23.00 цагийн үед нэг дугаараас залгаад “Чимэддорж гэдэг хүн мөн үү. Ардын жүжигчин болж буй танд баяр хүргэе” гэхгүй юү. Тэгэхээр нь гайхаад “Би жүжигчин биш зураач хүн” гэсэн чинь “Өө, уучлаарай. Ардын зураач цол хүртэж байгаа юм байна” гэдэг юм байна. Тийм орой 23.00 цагт залгаад, тэгж андуурахаар нь эхэндээ хэн нэгэн надаар тоглоом, наргиа хийж байна гэж бодлоо.

Манайхан нэгнээрээ их тоглодог. Нэг нь л надаар тоглож байна гэж бодохгүй юу. Ерөнхийлөгчийн Тамгын газраас дахиад залгаад хэлэхээр нь л итгэсэн. Шөнө болчихсон байдаг. Шагналаа авахдаа өмсөх хувцсаа бэлдэх, баярт мэдээгээ хайртай, дотны хүмүүстээ хэлэх гээд их яарлаа, догдоллоо. Би нэг их костьюм өмсдөггүй. Нөгөөдүүл нь багадчихсан, дэлгүүр хаачихсан ёстой нэг сандардгүйгээрээ сандарлаа.

-Баярт мэдээгээ хэнд хэлэх сэн гэж хамгийн их яарав?

-Тухайн үед хань минь эмнэлэгт хэвтчихсэн байсан юм. Баярт мэдээгээ ханьдаа л хурдан хэлэх сэн гэж яарлаа.

-Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж аван, Ардын зураач болоод зогсож байхад юу бодогдож байв?

-Би өнөөг хүртэл зөндөө юм хийсэн. Ёстой хүссэнээ зурж, бүтээсээр өдий хүрсэн. “За, Ардын зураач болчихлоо” гээд ханаж болохгүй. Цолондоо яаж эзэн байх вэ, дараа нь яах вэ гэдэг чинь том хариуцлага байхгүй юу. Олон жил ажилласан, хөдөлмөрлөсөн хүнд л зөвхөн өгдөг шагнал биш. Дүрслэх урлагт бодитой хувь нэмэр оруулсан, дэлхийн төдийгүй Монголынхоо урлагт шинэ үзэгдэл болсон хүнд өгдөг шагнал байхгүй юу, Ардын зураач цол.

Дүрслэх урлагийн салбартаа юу хийх вэ, залуучуудад яаж зөв үлгэр дууриалал болох вэ. Илүү сайн уран бүтээл хийе гэх зэрэг олон, олон юм бодогддог юм билээ. Энэ шагнал намайг зогс гэсэн тормос биш. Улам хичээгээрэй, хөдөлмөрлөөрэй гэсэн ташуур.

Намайг шагнал авсан өдөр урлагийн салбараас хөдөлмөрийн баатар, гавьяатууд төрсөн. Сүхбаатарын талбай дээр урлагийнхан, жүжигчид олноороо байх юм бодохгүй юу. Би өмнөх орой нь нэг их олон хүнд хэлж, дуулгаж чадаагүй. Шагналаа аваад, Төрийн ордноос догдолсоор гарч ирэхэд гэр бүлийнхэн, уран бүтээлчид, зураачид бөөнөөрөө угтан, хүлээж авахад нь бүр огшчихсон.

-Тантай хамт Г.Дунбүрээ Ардын зураач болсон. Нэг өдөр хоёр Ардын зураач мэндэлсэн нь ховор тохиолдол. Таны баяр дээр баяр нэмсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Манай дүрслэх урлагийн салбараас Ардын цолтон олон жилийн зайтай төрдөг. Энэ удаа Г.Дунбүрээтэйгээ хамт энэ эрхэм цолыг хүртсэндээ үнэхээр их баярлаж байна.

Дунбүрээ маань маш алдартай уран бүтээлч. “Хоёулаа Багшийн дээдийг төгссөн, Төв аймгийнх. Нэг өдөр Ардынх болоод ёстой гоё байна шүү” гэхэд нь сэтгэл их хөдөллөө. Дунбүрээгээрээ бахархаж байна.

-Та түрүүн дүрслэх урлагаас Ардын цолтон олон жилийн зайтай төрдөг гэлээ. Та хэд дэх Ардын зураач вэ?

-Монголын дүрслэх урлаг 80 жилийн түүхтэй. 14 юм уу 15 дахь Ардын цолтон нь би юм болов уу. Яг тодорхой сайн мэдэхгүй байна. Лав Дунбүрээ бид хоёрын өмнө До.Болд 2012 онд Ардын зураач болсон.

-Тэгэхээр түүнээс хойш есөн жилийн дараа та хоёр Ардын цол хүртэж. Ардын зураачдаас одоо амьд сэрүүн байгаа нь та гурав уу?

-Тийм ээ. Саяхан алдарт Чогсом багш маань өөд болчихлоо, хөөрхий минь.

-Та түрүүн “Дүрслэх урлагийн салбарт шинэ үзэгдэл болсон эрхэмд Ардын зураач цол олгодог” гэлээ. Та, таны уран бүтээл Монголын дүрслэх урлагт ямар шинэ өнгө, үзэгдэл болсон бэ?

-Би тэгсэн, ингэсэн гэвэл өөрийгөө магтсан болно. Хийгээгүй юм байхгүй шахам юм л ярих гээд унана. Үүнийг урлаг судлаач хүн тайлбарлавал илүү зохистой. Яг мэргэжлийн дүгнэлт гарна.

-Ямар үед бүтээлийн шинэ санаа илүү төрдөг вэ?

-Янз бүр. Унтаж байхад, сайхан амарч, аз жаргалтай явахад эсвэл хүнд хэцүү зүйлийн ард гарсны дараа ч юм уу. Тиймэрхүү зүйл хүнд их сэрэл өгдөг, унтаа байдлыг арилгадаг.

-Та “Мөнх тэнгэр” бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн. Тус бүтээлийн санаа, шийдлийг хэрхэн олов?

-Нэг удаа би Бээжинд очсон юм. Таксинд суусан чинь “Хөөх, монгол хүн байна. Би монгол дуу тавьж өгье” гэсэн. Тэгээд “Монголын үнэртэй салхи” дууг тавьж өгсөн юм. Хүний нутагт Монголынхоо тухай тийм сайхан дууг сонсонгуут надад шууд цэнхэр тэнгэрт соёмбо үсэг төсөөлөгдсөн. “Мөнх тэнгэр” бүтээлийн минь санаа тэгж төрсөн түүхтэй. Тэр бүтээлээрээ би 2005 онд Төрийн шагнал авсан юм.

Юм гэдэг их учиртай. Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит олон улсын фестиваль энэ намар болсон. Тэнд би тэргүүн шагналыг нь авсан, одоо Ардын зураач болчихсон сууж байна. Өндөр Гэгээн Занабазар хүн төрөлхтний урлагт асар том нөлөөтэй, гавьяатай агуу хүн. Шүтдэг болоод ч тэр үү , миний уран бүтээлд их нөлөөлдөг.

-Та ер нь бүтээлээ тоолж байв уу. Одоогоор хэд болоод байгаа бол?

-Би ёстой тоолж байгаагүй.

-Барагцаа бий юү?

-Байхгүй. Би хамгийн олон уран бүтээлтэй монгол зураач гэвэл нэг их буруудахгүй, өөрийгөө магтсан болохгүй байх. Агуу Пикассо 3000 орчим бүтээлтэй гэдэг. Бүх уран бүтээлийг нь тоолвол түүнээс их тоо гарах нь мэдээж.

Би өдөр бүр 06.00 цагт босоод, дунджаар 10 бэхэн зураг зурчихдаг. Тэгээд бодохоор ямар тоо гарах нь тодорхой. Хүн үнэмшхээргүй тоо гарна. Дэлхийн маш олон газар миний бүтээл бий. Францын “Музей де Шантилли”, БНСУ, АНУ, Япон, Хон Конг зэрэг олон музей галерейд миний уран бүтээл олны сонорыг мялааж байгаа.

Би ер нь бараг мэдээ орсон цагаасаа хойш зураг зурсан. Зав л гарвал зурна. Тэгэхдээ дандаа морь зурдаг байлаа. Яг мэргэжлийн түвшинд зурж эхэлсэн минь 1984 он. 1980 оны олимпод зориулсан уралдаанд би “Өвгөн партизаны яриа” найраглалаас сэдэвлэсэн уран бүтээлээрээ түрүүлж байлаа.

-Олон улсад үзэсгэлэнгээ гаргасан анхны монгол зураач та бил үү?

-Тийм ээ. 1991 онд хөрөнгөтөн орон болох Голланд, Германд үзэсгэлэнгээ Монголоос анх удаа дэлгэж байлаа. Түүнээс хойш гадаадад үзэсгэлэнгээ олон удаа гаргалаа. Томоохон галерей бүтээлийг нь худалдаж авна гэдэг зураач хүнд маш том шагнал. Олон улсын томоохон музей, галерей худалдаж авсан уран бүтээл надад олон бий.

-Таны уран бүтээлийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Морийг яагаад онцолдог вэ. Таны хэлэхийг хүссэн санаа, агуулгыг морь бүрэн илэрхийлж, гаргаж чаддаг уу?

-Хүн төрөлхтнийг морьгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэр тусмаа монголчуудыг бүр ч их. Машины моторын хүчийг хүртэл “Тэдэн морины хүчтэй” гэж хэмждэг. Морь бол гоо сайхны дээд үзүүлэлт. Монгол морины өвөрмөц шинж чанар нь ухаад, ухаад барагдашгүй эрдмийн ажил. Хүч тэнхээ, өвөрмөц шинж чанар нь тэс ондоо. Ямар ч нөхцөлд амьдарч чаддаг тэсвэр хатуужлаараа ялгардаг. Морь ярьдаггүй л болохоос яг хүн шиг. Тэр бүхнийг уран бүтээлдээ илүү гоё, уран тансаг гаргахыг хүсдэг.

-Бүтээл бүхэндээ морийг дахин давтахгүйгээр дүрслэх амаргүй.  

-Ёстой тийм шүү. Морины араншин их өвөрмөц. Эх хүн хүүхдээ яаж хайрладаг билээ. Морь яг тийм. Хавар гүү унагалах ямар гоё агшин гэж санана. Унага нь хөл дээрээ тэнцээд, хөхөө хөхөн, дэргэдүүр нь араатан амьтан, тас шувуу нисээд л. Боломж олдвол унагыг нь идчих гээд, азарга нь үрээ хамгаалан, тойрч давхиад. Яг роман уншиж буй мэт дэндүү гоё агшин.

-Бүтээл бүхнийг тань хүн, хүн өөр, өөрийнхөөрөө харж, ойлгодог. Нэг хүн дөрвөлжин гэж харж буй зүйлийг өөр нэг нь гурвалжин гэж ойлгож ч болно. Хэлэх гэсэн санааг тань бүрэн ойлгохгүй байх үе гарах юм уу?

-Урлагийг, уран зургийг заавал бүрэн гүйцэд ойлгох албагүй. Өөр, өөрийнхөөрөө хараад, гоё мэдрэмж авах нь өөрөө чухал. Хүн эхлээд харахдаа “Ямар гоё зураг вэ” гэж боддог. Юуны тухай зураг вэ гэж асууна. Хариулсны дараа “Нээрэн анзаарах нь ээ тийм юм байна” гээд эргэцүүлнэ, тунгаана.

“Нарны унага” зургийн тань тухай онцолж асуумаар байна. Охиндоо зориулж зурсан гэж сонссон, үнэн үү?

-Тийм ээ. Би зурах авьяастай, хөөрхөн охинтой байсан юм. Зургаан настай байхад нь согтуу жолооч ухраад дайрчихсан, үнэхээр харамсалтай. Охин минь миний санаанаас ямар ч үед гардаггүй. Охиноо бодож, охиндоо зориулж, “Нарны унага”-ыг зурсан юм. Аавдаа юм хэлдэг, түүнийг нь би зурдаг ч юм шиг санагддаг.  

-Дээр нь сараачсан зүйлсийг та өөрөө зурсан уу. Эсвэл жаахан хүүхдээр бичүүлсэн юм уу?

-Би өөрөө бичсэн. Охины минь зурсан зургуудаас санаа аваад, дуурайлгаад зурсан хэсэг ч бий. Охин, бид хоёрын мөрөөдөл энэ зурганд шингэсэн.

Заримдаа би хүүхэд болчихдог юм байлгүй дээ. Охиныхоо сэтгэлгээгээр зурмаар санагддаг. “Ээж, ааваа, Үжи” гэж бичсэн байгаа биз. Охиныг минь Үжин гэдэг байсан юм Уран бүтээлч хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг зурдаг. “Охин минь хэзээ нэгэн цагт аав, ээждээ хүрээд ирээсэй” гэсэн хүсэл, санасан сэтгэлийн минь илэрхийлэл юм уу даа.

Дээрээс нь нарны гэрэл буугаад унаган дээр тусаж буйгаар дүрсэлсэн хэсэг бий. Энэ нь охин минь надад илгээдэг онгод ч юм уу. Энэ зураг надад их таалагддаг. Доогуур нь байгаа морьдыг хүлээсэн, бодлогоширч буйгаар дүрсэлсэн. Амьдралд мэдэрч буйгаас мэдрэхгүй байгаа зүйл олон, миний бодлоор.

-Олон жил зурж байгаа ч дуусгаагүй зураг бий юү?

-Байгаа. Зөндөө бий. Буруу харуулаад тавьчихсан зураг олон. Гурван минутад зурсан ч зураг бий. Бүр болохгүй, яаж дуусгах вэ гээд санаа алдаж суугаа зураг ч надад хэд хэд байгаа. “Нэг л болохгүй байна” гээд дуусгаж чадахгүй байгаа зургийг “Ёстой гоё болж” гээд хүн аваад явчих нь ч бий.

-Хэрвээ нууц биш бол, хамгийн өндөр үнэ хүрсэн уран бүтээл тань аль нь вэ?

-Би бараа зардаг бус өөрийнхөө дуртай юмыг хийж яваа хүн. Би захиалгаар зураг зурдаггүй. “Тийм зураг зуруулъя. Өндөр хөлс өгье” гэж хүмүүс надад их ханддаг. Би татгалздаг. Яагаад гэвэл би “Тийм л юм хийе, зуръя, бүтээе” гэж надад төрсөн бүтээлийг л урлах дуртай. Тэр миний аз жаргал, энэ мэргэжлийг сонгосны кайф. Зөвхөн өөрийн хүссэн, мэдэрснээрээ уран бүтээл хийнэ, шингээнэ гэдэг жинхэнэ аз жаргал. Хамаг юмнаас, орчлонгоос салж байгаад хийсэн уран бүтээл цаанаа өөр. Дуучин хүн тайзан дээр гараад, олон хүний алга ташилтаас их урам авдагтай л адил.

-Зураач мэргэжлээс, уран бүтээлээсээ авдаг хамгийн гоё мэдрэмж тань юу бол?

-Зургаа зурж дуусгачихаад “Ёстой сайхан бүтээл шүү” гэж бодоод суух сайхан.

-Ойрын хугацаанд бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бий юү?

- Би хэн нэгэнд таалагдахын төлөө бус өөрийнхөөрөө, эрх дураар амьдарч, бүтээлээ хийж буй уран бүтээлч. Яг тодорхой төлөвлөсөн юм алга. Би энэ урландаа бүтээлүүдээ дэлгэчихсэн байгаа. Заавал ийш, тийш нь зөөж, ажил удахгүйгээр эндээ хүмүүст үзүүлье гэсэн бодолтой сууна.

Д.ЧИМЭДДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛЭЭС:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 10:00

Хөдөлмөрч мундаг хүн бна шүү. ийм хүмүүсээ төр засаг минь улам илүү их дэмжээд өгөөсэй

Зочин
Зочин
2021-12-06 10:08

Урлаг бол тухайн уран бүтээлчийн дотоод мэдроэмжийг гадагшуулдаг зүйл гэж би хувьдаа боддог. тэр хүмүүс хэн нэгэнд ажиллах бус өөрсдийнхөө дотоод хэлийг гаргаж байгаа тийм байхад энэ хүмүүст мөнгө төлж захи�##�гаар бүтээл туурьвиулахыг би лав хувьдаа ойлгодоггүй. тэр захи�##�гын бүтээлд тухайн уран бүтээлчийн сэтгэл мэдрэмж хэр их шингэх вэ бас тухайн уран бүтээлчийн чөлөөт сэтгэхүйг хааж боосон зүйл хэмээн боддог. Үнэхээр мундаг уран бүтээлчдээ амжилт хүсэе .

Зочин
Зочин
2021-12-06 10:40

энэ хүний оронд өөрийгөө тавьж үзхэд уран бүтээлээ хийж байх явцдаа ямар их хэмжээлшгүй их жарг�##�ыг мэдэрдэг болоо

Зочин
Зочин
2021-12-06 12:02

Танд эрүүл энх сайхан сайханыг хүсье.
Олон сайхан бүтээл туурвиарай. Бийрийн үзүүр тань уран байг ээ

Холбоотой мэдээ

Back to top button