Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Утаачин дарга нарын "ЗУУХНЫ ХЭРҮҮЛ" иргэдийнхээ амьжиргаанд тулаад зогссон нь

Хэдэн арван жил уугьсан утаа дунд амьдарч ирсэн улаанбаатарчууд хоёр, гурван жилийн өмнөөс сайжруулсан шахмал түлш гээчийг хэрэглэж эхэлсэн. Эхний нэг, хоёр жил утаагүй болж байгаа ч юм шиг санагдаж, ард иргэд ч сэтгэлээ баясгаж, сайд, дарга нар нь ч хөөрцөглөсөөр ирсэн. Гэтэл энэ жил өнөөх утаа гайхал нь нэмэгдээд, агаарын бохирдол гээчээс манай улс тийм ч амархан салчихгүй нь тодорхой болж байна.

Утаа, угаар, униар, тоос, тоосонцор нэмэгдэж, иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдэхтэй зэрэгцэн дарга нар нь гарч ирж, “Иргэд хямд нүүрс их түлж байгаа учраас утаа ихсээд байна” гэх мэт “тэнэг” тайлбарууд хийж эхэлснээр нийгмийн бухимдал ч газар авч, цаашлаад хэдэн дарга нараа тоглоом тохуу болгож суух жишээтэй.

-ДАРГА НАРЫН ЯРЬЖ БУЙГААР УТАА ҮҮСГЭЭД БУЙ ГУРВАН ХҮЧИН ЗҮЙЛ БИЙ-

Дарга нарын ярьж буйгаар манай нийслэлийн утаа, угаар гурван зүйлээс үүсээд буй.

  1.  Агаар бохирдуулагч айл өрхийн тоо тогтмол өсөлттэй байж ирсэн. 2021 он гарснаас хойш нийслэл хотод түр суурьшиж ирсэн айл өрхийн тоо 20 мянга байна. Ямар нэг хаягийн шилжилт хийгээгүй. Зургаан дүүргийн гэр хороололд гэсэн үг. Гэхдээ айл өрхийн тоо нэмэгдсэн ч сайжруулсан шахмал түлшний борлуулалт түүнийг дагаад нэмэгдээгүй нь тоон мэдээллээс харагдаж байна. Тухайлбал "Тавантолгой түлш" компаниас авсан албан мэдээллээр 2020 оны энэ үед буюу хүйтний эрч чангарсан оргил сард 3200 тонн түлш борлуулж байсан бол 2021 оны мөн үед 3500 орчим тонныг борлуулсан байна. Зөрүү нь 300 орчим тонн. Энэ тийм ч их зөрүү биш. Энэ нь албаныхны хэлж буйгаар хөдөөнөөс нүүж ирсэн айл өрхүүд утаа ихсэхэд нөлөөлсөн гэж шууд хэлэхэд учир дутагдалтайг харуулж байна.
  2. Автомашины тоо нэмэгдсээр байна. Тодруулбал нийслэл хотод орж ирсэн автомашины энэ оны арваннэгдүгээр сарын тоог 2019 оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн байна. Үүний 70 хувь нь бензин, 80 хувь нь арваас дээш жилийн насжилттай байсан аж. Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр юм.  Гэхдээ тийм их хувь эзлэхгүй. Нийт агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны ногдох эх үүсвэрийг хувиар нь илэрхийлсэн мэргэжилтнүүдийн тооцооллыг авч үзвэл 80 хувь нь гэр хорооллын яндангийн утаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс ялгарч байна гэжээ.
  3. Сайжруулсан шахмал түлшийг стандартын бус зууханд түлж байгаа нь агаарын бохирдол нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж байна гэж албаныхан үзэж байна. Өлзий, Хас, Дөл зуух нь сайжруулсан шахмал түлшийг бүтэн шатаадаг, агаарт хор, тоосонцор бага шатаадаг, гэр угаар багасгадаг. Гэтэл жил ирэх тусам стандарт зуух цөөрч байна гэх. Энэ нь агаарын бохирдол буурахгүй байх том шалтгаан болж байгааг гайхан шогширцгоож байна.

-ЗУУХ, ПИЙШИН ЯРЬЖ ТОЛГОЙГОО “ШААЖ” СУУГАА НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ӨӨРСДИЙНХ НЬ АЛДАА-

Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа зуухнаас болж утаа нэмэгдээд байгаа юм бол зуухыг хэрхэх талаар төр засгаас ямар бодлого барьж ажиллаж, иргэдээ зуухнаас салгах боломжийг эрж хайж, хичээл зүтгэл гаргаж байгаа эсэх талаар хөндлөө.

Хэдэн арван жил стандарт зуух, пийшиндээ түүхий нүүсээ овоолон чихэж, хоолой хорсом өтгөн утаанд амьдарч байсан нэг сая орчим иргэнтэй нийслэл, 150 орчим мянган гэр хорооллын иргэдтэй манай улс мөнгийг хэдэн арван тэрбумаар нь агаарын бохирдолд зарцуулаад ч тусыг эс олсон байв.

Үндэсний аудитын газраас гаргасан тайланд дурдсанаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд манай улс нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан боловч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэжээ.

Харин 2019 оноос Засгийн газар хатуу шийдвэр гаргасан нь түүхий нүүрсийг шууд хэрэглээнээс хасаж, сайжруулсан шахмал түлш хэрэглүүлж эхэлсэн явдал. Иргэд, олон нийт эл гэнэтийн шийдвэрт цочирдож хүлээж авсан ч, амьдралын эрхээр дасан зохицсон гэхэд болно. Гэхдээ хуучин муу пийшинтэйгээ.

Засгийн газрын гаргасан нэг алдаа бол сайжруулсан шахмал түлшиндээ хэт анхаарал хандуулж, пийшинг нь таг мартаж орхисон нь өдгөө зуух, пийшин ярьж толгойгоо шааж суух шалтгаан нь болж байна.

Б.БАТСҮХ-ОЧИР: ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ТҮЛШ БИШ СТАНДАРТ ЗУУХЫГ НЬ Ч ЗЭРЭГЦЭЭД СОЛИУЛАХ БАЙСАН

Зуух туршилтын лабораторийн эрхлэгч Б.Батсүх-Очир:

Манай лаборатори зуухны бохирдол, ашигт үйлийн коэффициентийг судалдаг. Мөн зуухнуудын стандартыг туршиж, шалгадаг. Зургаан төслийн зуух стандартын шаардлага хангаж байна гэж тэнцсэн. Гэхдээ хэрэглээнд нэвтэрч зарагдахгүй байх шиг байна. Учир нь энгийн уламжлалт зуухнаас илүү үнэтэй, өртөгтэй учраас иргэд үнийг нь дийлэхгүй байх шиг. Төслийн зуух дулаан багтаамж, керамик доторлогоо, дотор зохион байгуулалт нь уламжлалт зуухнаас огт өөр, зөв галлагааг дэмжсэн учраас үнэтэй. Тиймээс иргэд амьдралын боломждоо тааруулж уламжлалт зуухаа хэрэглэсээр байгаа  юм. Уг нь бол төр засгаас шахмалт түлшээ анх нэвтрүүлсэн шигээ стандарт зуухаа мөн адил дэмжээд, хоёуланг нь нэгэн зэрэг нэвтрүүлээд, ажил хэрэг болгосон бол үр дүн маш сайн байх байлаа. Гэхдээ Засгийн газраас зөвхөн түлшээ нэвтрүүлэхдээ анхаараад зуухаа бодолцоогүй. Түлшээ стандарт зууханд галлаад хэвшсэн бол агаарын бохирол буурахад маш их нөлөөтэй байсан. Уламжлалт зуух стандарт шаардлага хангадаггүй. Стандарт зуухнаас 3-4 дахин илүү утаа, тоосонцор гаргадаг гэдэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

-АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ БОДЛОГОГҮЙГЭЭР ТАРААСАН ТӨСЛИЙН ЗУУХАА ОДОО СӨХӨХ ХЭРЭГГҮЙ Б.ПҮРЭВСҮРЭН ДАРГА АА-

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн аль арван жилийн өмнө тараасан төслийн зуухаа одоо цаг үед холбогдуулан ярьж буй нь учир дутагдалтай байгаа юм. Тэрбээр 180-аад мянган зуухыг нийслэлийн айл өрхүүдэд 90 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тараасан юм билээ.

Гэтэл энэ зуухнаас 50 мянга орчим нь л байна. Бусад нь орон нутаг руу зарагдсан. Өөрөөр хэлбэл үнэгүй шахам зуух өгөөд байхад иргэд нь хайр даахгүй байна гэх утга бүхий зүйлс ярих. Түүний ярьсан зүйлсээс 100 хувь дэмжүүстэй нь “Стандарт зуухны хэрэглээг нэмэгдүүлэхгүйгээр дараа жил, түүний дараагийн хэдэн арван жилд ч агаарын бохирдлыг багасгаж чадахгүй” гэх үгс.

Нийслэлчүүдэд тараасан 180 мянган төслийн зуух хэдэн оны үйл явдал вэ гэдгийг сөхье. 2013-2014 оны үед төр засгаас гэр хорооллын утааг бууруулах зорилгоор олон тэрбум төгрөг зарж хийсэн ажлуудын нэг энэ. АНУ-ын “Мянганы сорилтын сан”, “Цэвэр агаар” төсөл хамтран сайжруулсан зуух тараасан явдал юм. 158 мянга гаруй зуухыг 93 хувийн татаастай үнээр гэр хорооллын айл өрхөд худалдсан байдаг. Түүнчлэн 2013 оноос Дэлхийн банкны “Цэвэр агаар” төслийн хүрээнд 40 гаруй мянган зуухыг тараасан байдаг. Гэвч энэ бол өдгөөгөөс арван жилийн өмнө буюу одоогийн сайжруулсан шахмал түлш сураг ч үгүй, нийслэлчүүд түүхий нүүрстэйгээ зууралддаг байх үеийн хэрэг явдал.

Тэр үед түүхий нүүрс түлэх боломжгүй тэр төслийн зуухыг ямар ч бодлого, төлөвлөлтгүй тараасан нь ёстой хамгийн тэнэг шийдвэр байсан гэж хэлж болно. Түүхий нүүрстэй хэдэн зууныг элээсэн монголчууд яг үнэндээ тэр төслийн зуухных нь учрыг олж чадаагүй юм. Хэн ч зааж өгөөгүй юм. Тэгээд л тэдгээр зуух хөдөө орон нутгийг “зорьсон”, зарагдсан хэрэг. Зүгээр л тараачихаад хаячихсантай хүн бүр санал нийлэх нь дамжиггүй.

Харин тэртээх арван жилийн өмнөх тэнэглэл, олон арван тэрбумыг салхинд хийсгэсэн тэр зуух тараах төсөл нь өнөөдөр л бидэнд хэрэгтэй байгаа юм. Монгол төрийн ажлын уялдаа холбоо, ажил хийе, үр дүнд хүрье гэдэг сэтгэл, санаачлага ямар байсан, ямар байгаа нь үүнээс л харагдаж байна.

-ИРГЭДЭЭ ЧИЧИЛСЭН ТӨР, АМЖИРГАА НЬ ХҮРДЭГГҮЙ АРД ИРГЭД-

Наанаа телевизийн эфирээр иргэдээ пийшингээ буруу галаад байна, стандарт зуухаа авчихаж чадахгүй арчаагүй байна гэж өөлцгөөх дарга нар. Нөгөө талд бүтэн сая гаруй төгрөгийн стандарт зуух байтугай зургаан мянган төгрөгөөр атгахан шуудай мод худалдаж авч хүч хүрэхгүй амжиргаатай болсон ард иргэд хоорондын тулаан, тэмцэл өрнөх.

Сурвалжилгын үеэр орсон гэр хорооллын таван айл бүгд уламжлалт зуух хэрэглэдэг байж таарлаа. Таарах ч юу байх вэ. Дийлэнх нь хэрэглэж буй нь үнэн билээ.

Иргэд ярихдаа “Дээр үед төслийн зуух гээд тараахад нь авч л байсан. Тухайн үед шахмал түлш энэ тэр байсан биш. Түүхий нүүрс түлж болдоггүй, зориулалтын түлш түлэх ёстой гэсэн заавартай ирж байсан санагдаж байна. Тэгээд ашиглаж чадаагүй. Зориулалтын түлш нь ч тухайн үед үнэ ихтэй, ховор байсан”

“Төслийн зуухаа ашиглаж чадаагүй, хороо, хориноос нь суурилуулахыг нь зааж зааварчлаад өгчихөөгүй юм болов уу даа. Тухайн үед амжиргаатай, амьдралын чанар сайтай цөөхөн хэсэг нь суурилуулаад хэрэглэсэн байх. Ихэнх нь хөдөө рүү зарсан гэж үнэн байх шүү. Миний танил хэд хэдэн хүн зарсан сураг дуулддаг. Тэр төслийн зуух нь их ч үнэтэй эд юм билээ”

“Төслийн зуух гэж мэдэхгүй ээ. Хүн болсноосоо хойш уламжлалт зуухаа хэрэглээд ирсэн. Солъё гэж бодож байгаагүй юм байна”

-ИРГЭДИЙГ ГАЛ ГОЛОМТОО БАДРААХ ЗУУХ, ПИЙШИНГЭЭ ХУЛГАЙН ҮЙЛДЛЭЭР АВДАГ БОЛГОСОН НЬ ЭМГЭНЭЛТЭЙ-

Бид эл асуудлаар үргэлжлүүлэн Хархорин худалдааны төв орж, зуухны худалдаачидтай ярилцах гэж үзлээ. Наймаачид сэтгүүлчдийг харахаараа эвэртэй туулай харсан мэт үргэдэг цаг үе ирээд буй. Энэ жишгээр тэд ярилцлага өгөхөөс эрс татгалзаж, биднийг угтав.

Эхлээд зуух сонирхож яваа энгийн иргэн болон жүжиглэж, уламжлалт зуух байна уу хэмээн сураглахад “Байгаа шүү. Гэхдээ өөр газраас авч ирж өгнө. Энд тавьж зарж болдоггүй юм. Зарахыг хориглочихсон. 130 мянга гэж байгаа шүү. Үзэх үү” хэмээв. Мөн стандарт гэх Туркээс ирсэн зуухнууд зарж байх бөгөөд хуучин хэрэглэж байсан нь 500 мянгаас дээш, шинэ нь нэг саяас дээш үнэтэй байлаа. Өөрөөр хэлбэл иргэдийг хэрэглээндээ нэвтрүүл гээд байгаа стандарт зуух дийлэнх айл өрхийн хэрэглэдэг уламжлалт зуухнаас арав дахин үнэтэй зарагддаг байх юм.

Харин сэтгүүлчийн хувиар худалдагчаас нь иргэд аль зуухыг илүүтэй худалдан авдаг талаар асуухад “Стандарт зуухнуудыг асуухаас цаашгүй дээ. Бараг авдаггүй. Үнэтэй учраас. Улсаас хориглосон учраас энгийн уламжлалт зуух зардаггүй” хэмээн хээв нэг худлаа хэлэв.

Өөрөөр хэлбэл ямар ч зохицуулалт хийгээгүй, гаргалгааг нь олж өгөөгүй, иргэдийнхээ санхүүгийн чадвар нь хүрэх эсэхийг тооцоолохгүйгээр энгийн зуухаа стандартаар соль гэх шаардлага тавьж, уламжлалт зуухыг заруулахгүй байх шийдвэр гаргаснаас болж Нарантуул, Хархорин гэх мэт томоохон захуудад зуухны хулгайн, хууль бус наймаа “цэцэглэжээ”. Иргэд гал голомтоо худалдаж авахдаа хэн нэгнээс айж хулгаж, хулгайн сэдлээр авдаг болсон нь эмгэнэлтэй санагдаж байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

-УЛААНБААТАР ХОТ УТААТАЙГАА ДАХИАД ХЭДЭН АРВАН ЖИЛ БОЛОХ ДҮР ЗУРАГ-

ДҮГНЭЛТ: ИРГЭД: Утаа ихсээд байна.

ДАРГА НАР: Стандарт зуухаа л хэрэглэ.

ИРГЭД: Мөнгө, амьдрал хүрэхгүй байна.

ДАРГА НАР: Бидэнд дахиж зуух тараах мөнгө байхгүй, пийшингээс салгах тактик алга.

ШИЙДЭЛ: Улаанбаатар хот утаатайгаа дахиад хэдэн арван жилийг дамнана.

-УТАА ШАХМАЛ ТҮЛШНЭЭС БОЛООГҮЙ ГЭХ МЕССЕЖНИЙ ЦААНА ҮЛДСЭН “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН ХӨӨ ТОРТОГ-

Улаанбаатарын утаа шахмал түлшнээс болоогүй, зуухнаас л болоод байгаа гэх энэ мессежний цаана гэмгүй нэгэн болж үлдсэн шахмал түлшний тухайд.

Улаанбаатар хотын баруун бүс, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж, үйл ажиллагаа явуулаад дөрөв дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэр цагаас тэр хавийн айл өрхүүд тэр үйлдвэрийн өдөр тутмын процесс, үйл ажиллагаанаас агаарт дэгдэж буй хөө тортог, угаар утаанд дарлуулж байгаагаа ярьж, хэлсээр өдийг хүрч байна.

Хотын зүүн бүсэд амьдардаг, баруун зах руу төдийлөн очдоггүй сэтгүүлч миний хувьд тус хорооны нутаг дэвсгэр, шахмал түлшний үйлдвэрийн ойр орчимд очиж хоёр цаг ажиллахдаа нөхцөл байдал ямар хүнд байгааг биеэр мэдэрч, гайхаж мэгдсэнээ энд дурдая.

Хоёрхон цаг зогссон машин хар хөө тортогт дарагдсан байв. Шахмал түлшний үйлдвэрийн ойролцоо байдаг компанийн ажилчдын машин бололтой. Зогсоол дүүрэн машин хөө тортогт дарагдаж, цөхөрсөн зарим нэг жолооч машинаа угаалгаагүй асар удсан дүр зураг харагдаж байв. Зарим хөө нь бүр дагтаршиж, зузаарсан байдалтай байх. Байнгын хөдөлгөөнтэй байдаг машины дүр зураг ийм байхад тэнд насаараа амьдарч буй айл өрхийн гэр орон, өмсөж зүүж буй хувцас, хамгийн гол нь амсгалж буй агаар нь ямар аймшигтай байгааг хэлээд илүүц биз.

Өнгөрсөн хоёр жил тус үйлдвэрийн нүүрс бутлах хэсэг ил задгай байсан учраас хөө тортог маш их хэмжээгээр агаарт дэгддэг байсан гэх. Харин энэ жил үйлдвэрийг зүүн тийшээ нүүлгэх ажил хойшилсон учир нүүрс бутлах хэсгийг битүүлж, өөр горимоор ажиллуулж буй талаар албаны хүн дараах тайлбарыг өглөө.

 Ц.ЧОЙЖИЛСҮРЭН: ХӨӨ ТОРТГИЙГ БАГАСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Тавантолгой түлш ХХК-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Чойжилсүрэн:

Өнгөрсөн хавар Шадар сайдын захирамжаар Эрчим хүчний сайдаар толгойлуулсан баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх ажлын хэсэг гарсан. Ковидын нөхцөл байдлын үүднээс бүхэлд нь нүүлгэх боломжгүй гэж үзээд дараагийн онуудад шат дараатай нүүлгэхээр болсон. Өнгөрсөн зун, намар тухайн үйлдвэрийн орчин дахь тоосонцрыг бууруулах шат дараатай арга хэмжээ авсан.

Тухайлбал нүүрсний алхат бутлуурыг импакт бутлуураар сольсон. Мөн шат дамжлага бүхий зарим тоосонцор үүсгэдэг конверүүдийг газар доогуур битүүмжлэлтэй явуулдаг болсон. Мөн агаар сэлтгэлтийн явцад тоосонцрыг барьж авах техникийн шийдэл хийсэн. Мөн салхины хаалтууд хийснээр тоосонцрыг тодорхой хэмжээнд буулгаж байгаа гэж үзэж байна. 100 хувь гэж хэлж чадахгүй. 50 хувиар бага тоосонцор үүсгэж байгаа. Аль болох тоос, тоосонцрыг багасгах арга хэмжээг боломжийн хэмжээнд аваад явж байна. Удирдлагын шийдвэр гарангуут үйлдвэрийг нүүлгэнэ.

Тавантолгой түлш мэргэжлийн хяналтын тогтмол явуулдаг лабораторийн шинжилгээ болон бусад шинжилгээний үр дүн, стандартыг нэг ч удаа зөрчөөгүй. Стандартын дагуу үүргээ хүлээж түлш үйлдвэрлэж байгаа. Барьцалдуулагч бодисыг хоёр эх үүсвэрээс авч байна. БНХАУ-аас болон дотоодын үйлдвэрлэгч нараас. БНХАУ-аас эрдэнэшишийн барьцалдуулагч импортлодог. “Баргил Тех” гээд монгол компани тендерт ялсан. Энэ сараас албан ёсоор цементэн суурьтай барьцалдуулагч бодис нийлүүлж эхлэхээр ажиллаж байна. Одоогоор 40 хоногийн барьцалдуулагчийн нөөцтэй байна.

Б.ОЧИР: ШАХМАЛ ТҮЛШНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙГАА НЬ ХҮХЭРЛЭГ ХИЙ ИХТЭЙ БАЙНА ГЭСЭН ҮГ

Тавантолгой түлш ХХК-д барьцалдуулагч нийлүүлэгч “Баргил Тех” компанийн захирал Б.Очир:

Тавантолгой түлш ХХК-иас барьцалдуулагч бүтээгдэхүүн дотоодоос худалдаж авна гээд тендер зарласан. Тендерт ялаад эхний ээлжинд 1500 тонн барьцалдуулагч нийлүүлэх гэрээ байгуулсан. Өнгөрсөн ес, аравдугаар сард манай барьцалдуулагчаар туршилтын үйлдвэрлэл явуулсан. Дүгнэлтүүд нь гарсан. 11,12-р сард нөөц бүрдүүлэх ажлаа хийсэн. Нэгдүгээр сараас эхлээд нийлүүлж эхлэхээр бэлтгэлээ хангаж байна. Манай эко барьцалдуулагчийн хувьд импортынхоос давуу талтай. 93 хувь нь цэвэр шохой. Нүүрсэн шахмал түлш шатах явцад ялгарч байгаа хүхэрлэг хийг шохой өөртөө шингээж авдаг онцлогтой. Үнс нь энгийн барилгын гипс болж хувирдаг гэсэн үг. Цэвэр гидратын шохой. Шохойг хөвөнгийн гаралтай цардуултай хольдог. Үүнийг нэмж байгаа нь наалдамхай чанарыг сайжруулах үндсэн дээр хийдэг. Олон шатны туршилтаар баталгаажсан. Хүхэрлэг хийн хэмжээг 2-4 дахин бууруулж байгааг баталсан. Мөн чанарын хувьд тогтмол шинж чанараа барих боломжтой. Ирэх жил гэхэд шахмал түлшний барьцалдуулагчийн 30 хувийг хангана гэж бодож байна. БНХАУ-аас импортолж буй эрдэнэшишийн барьцалдуулагч байгалийн шавар суурьтай энгийн хүнсний цардуул хольсон гэсэн үг. Хор нөлөөгүй. Шахмал түлш түлэхээр өмхий үнэртэж байна гэдэг. Энэ бол дутуу шаталтаас үүсэж байж мэднэ. Мөн хүхэрлэг хий ялгарахаар үнэртдэг. Шохой суурьтай барьцалдуулагч хэрэглэснээр яндангаар цацагдах хүхэрлэг хийн агууламж багасна гэсэн үг.

Э.БУЯНЖАРГАЛ: ЗАМ ШҮҮРДЭХЭД ХӨӨ, ТОРТОГ Л БАЙДАГ

Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хавьд замын цэвэрлэгээ, үйлчилгээ явуулдаг ТҮК-ийн ажилчин Б:

Бид өглөө 06:00 цагт ажилдаа гардаг. Өглөө маш их утаа, тортогтой. Зам шүүрдэхэд хөө тортог л байдаг. Түлшний машинууд ачаагаа сайн баглахгүй, машин нь нэг донслоход  л тэр чигээрээ асгараад замаар нэг хөө, тортог, хог болгоод явдаг. Гэхдээ өнгөрсөн жилийнхээс энэ жил утаа гайгүй болсон юм болов уу гэж хардаг. Би өөрөө Содон хорооллын ойролцоо гэр хороололд амьдардаг. Тэнд ч адилхан тортог унадаг. Гэр дээрээ гарч шүүрдэж цэвэрлэдэг. Манайх "Өлзий" зуух хэрэглэдэг. Гэхдээ бас л тортог, хөө, утаа гаргадаг. Энгийн зуух амыг нь онгойлгоод дэгээ төмрөөр үнсийг нь унагадаг. Өлзий зуух ширмийг нь авахгүй, төмрөөр үнсийг нь цохиж унагадагаараа давуу талтай юм болов уу.

С.ДАВААСҮРЭН: ТҮЛШ ЧИЙГЛЭГ ИХТЭЙ БАЙГААГААС УУГИЛЖ, УТАА НЭМЭГДЭЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

Түлш уугилт, утаа ихтэй байна гэдэг түлшний чийглэг их байгаатай холбоотой. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн. Бид лабораторийн шинжилгээнд дээж өгчихсөн. Хариу нь удахгүй гарах байх. Түлшний илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан.Стандартаар илчлэг 4800 байх ёстой ч 6000 гаруй байсан. Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5000 руу орсон. Энэ нь “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаа удаадгаас болж байна. Тиймээс 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байна. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна. 60 гаруй мянган айлд шалгалт хийхэд 29 мянга гаруй нь энгийн зуухтай байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 09:12

zuuhand uchir bga l bh ghdee ternees iluu ene deer bga humuusiin bodlogod uchir bnaa

Зочин
Зочин
2022-01-12 09:14

хэдхэн хүмүүсийг утаагүй амтдруулж чадахгүй арай арай төртэй манайх шиг улс байдаг юмуу тэгчээд том том тэнгэрийн юм яриад байна

Зочин
Зочин
2022-01-12 09:17

тэнэг Юмнууд зуух түлш 2руу чихээд байхын иргэд чинь дулаахан хонож байв�##� харин ч сайн юм бишүү. утаанаас илүү хүмүүсийнхээ аж амьдр�##�д санаа тавиасай

Зочин
Зочин
2022-01-12 09:21

энд амьдарч байгаа хүмүүст ямар ч эрүүл мэндийн бат�##�гаа �##�га. утаагүй байя гээд түлшээ түлэхгүй байж болохгүй ямар ч хэцүү юм дээ. Монгол энэ байд�##�тайгаа хэдий хол явах юм болдоо

Зочин
Зочин
2022-01-12 09:29

ene humuusiin amisgaliin zamiin erhtenguud bvr yu ch gvv bolood duuslaa yana daa. tor zasag n harj bgan bolow uu daa

Зочин
Зочин
2022-01-12 09:40

Ард иргэдээ буруутгахаас урьтаад бусад гарцуудаа судлаад мэдчихээсэй энэ дарга нар. Ер нь бол чийг ихтэй түлш байтугай түлээ ч уугиж утаа гардаг ш дээ

Зочин
Зочин
2022-01-12 10:35

bi bol neg vyee bodwol utaa tortog ggvi bolson l gj bodoj baina

Зочин
Зочин
2022-01-12 10:41

Эээ арчаагүйдээ л төслийн зууханд г�##�аа түлж чадахгүй байгаа нь үнэн ш дээ. Үнэндээ төслийн зуух энгийн зуухыг бодвол түлш бага ордог, г�##�лагаа ч цөөн хийгддэг ш дээ. Дулаанаа удаан барина. Өглөө г�##�лаад өдөржин явчихаад орой ирэхэд гэр дулаахан сайхан л байдаг гээд олон давуу т�##�тай. Гэтэл яаж г�##�лахаа мэдэхгүй байна гэсэн эргүүнүүд дүүрэн байдаг.

TUBAzochinAN
TUBAzochinAN
2022-01-12 11:31

oalsin haraatai baitsgaaya odoo naad zuuh yandangaa boliod uur arga zunduu bn daa tsahilgaan halaalt ene ter geed

Зочин
Зочин
2022-01-12 23:33

Түлшний компанийг чаддаг хүнээр удирдуулаачээ. Ажилаа хийж чадахгүй нөхрийг �######�уулаач.

del
del
2022-01-13 06:37

ямар нэг шатахад утаа гарна шүү дээ утаанд ямар нэг шүүлтүүр хэрэглэх юм бол байд�##� арай өөр бусад үед зуухны бизнес дэмжсэн болоод өнгөрнө

Холбоотой мэдээ

Back to top button