Нийгмийн

Х.Бодьсайхан: Отор, нүүдэл хийхдээ мал эмнэлгийн байгууллагаасаа зөвлөмж авч сурцгаая

Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхантай мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар ярилцлаа.


-Шүлхий өвчнөөс сэргийлэх масс дархлаажуулалт эхэлчихсэн яваа юм билээ. Хэчнээн толгой малыг дархлаажуулах вэ?

-2022 оны өвлийн тооллогоор улсын хэмжээнд 5,020,000 үхэр байсан. Бид хаврын дархлаажуулалтаар 4,900,000 үхрийг вакцинжуулсан. Шүлхийн вакцин зургаан сар хамгаалдаг. Тэгэхээр хавар дархлаажуулсан малаа ч вакцинжуулна. Нийт тоологдсон үхэр дээр энэ жилийн төл болох 1,300,000 тугал нэмэгдэнэ. Багцлаад харахаар бид нийт 6,320,000 үхэр вакцинжуулна. Үүн дээр гахай, цаа буга бүгд нэмэгдэнэ.

3.6 сая тун вакциныг орон нутагт хүргэсэн. Дархлаажуулалт есдүгээр сарын 15-нд эхэлсэн. Аравдугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөж байгаа.

-Шүлхийн хэчнээн тун вакцины нөөцтэй вэ, манай улс?

-Одоо 2.5 сая тун вакцин байна. Дараагийн ээлжинд хэрэглэнэ. Дэлхийн банкны санхүүжилтээр 5, 6 сая тун вакцины худалдан авалтын хийгдэж байгаа.

-Зөвхөн бод малыг вакцинжуулж байгаа гэж ойлголоо. Бог малыг вакцинжуулах уу?

-Бог малын тухайд: Өвчлөл гарсан бүс нутагт голомтыг хумих, хязгаарлахаар яаралтай дархлаажуулалт хийсэн. Энэ зарчмаараа шаардлагатай тохиолдолд дархлаажуулалтыг яаралтай хийгээд явна.

-Одоо ямар, ямар аймаг сумдад шүлхий өвчний тохиолдол батлагдсан байна вэ. Тэдгээрт ямар, ямар арга хэмжээ авч байгаа юм бол?

-Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 20 аймгийн 197 суманд шүлхий бүртгэгдсэн. Бид хаврын дархлаажуулалтыг нэгдсэн байдлаар яаралтай эхлүүлж голомтын хүрээг хумьж чадсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн аймгийн долоон суманд хорио цээрийн дэглэмтэй байна. Тэдгээрийг танилцуулбал,  

  • Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцогц,
  • Архангай аймгийн Их тамир, Өндөр-Улаан, Хотонт,
  • Завхан аймгийн Их уул,
  • Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд бог малаас шүлхийн өвчлөл бүртгэгдсэн.

Дээрх аймаг, сумдын бог малд яаралтай дархлаажуулалт хийсэн.

Манайд гарч буй өвчлөлүүд малын хөдөлгөөнөөр дамжиж байна. Өвчлөлтэй бүс нутгаас өвчлөлгүй нутаг руу. Өвчлөлгүй нутгаас өвчлөлтэй бүс нутаг руу отор, нүүдэл хийдэг. Хяналтгүй энэ мэт хөдөлгөөнөөс болоод л малын өвчлөлүүд олон бүс нутгийг хамраад байна.

Тиймээс малчид маань отор, нүүдэл шилжилт хөдөлгөөн хийхдээ мал эмнэлгийн байгууллагаасаа зөвлөмж авдаг байх хэрэгтэй. Мөн мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй дур мэдэн бүү нүүгээрэй.

-Шүлхий туссан малыг гаднаас нь хараад малчид хэрхэн таньж болох вэ?

-Бог мал: Доголох нь шүлхийн шинж тэмдэг. Олноороо доголоод эхэлбэл, малын эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Бод мал: Үхрийн шүлс нь гоожно. Хэл нь хуурна. Халуурах шинж тэмдэг илэрнэ. Халуурсан малыг гаднаас нь харахад андашгүй. Үс нь бүрзийнэ, тэжээл усандаа дургүй болно. Үхэр ч мөн ялгаагүй энэ өвчний үед доголж болно.

-Чулуу ихтэй нутагт намар догол их гардаг. Үүнийг шүлхийн догол уу, эсвэл ердийн үеийн догол уу гэдгийг малчин гаднаас нь хараад ялгах арга зам бий юу?

-Олон нөхцөл байдлаас болсон байж болно. Бороо хур ихтэй жил бог мал доголдог. Байгаль цаг уур, орчны нөхцөлтэй холбоотой догол гарч болно. Гэхдээ олноороо доголоод байгаа бол шүлхий байх эрсдэлтэй. Тиймээс мал нь олноороо доголох, зарим тохиолдолд шүлс нь гоожих, халуурч, номойрох тохиолдол ажиглагдах юм бол малын эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Мэдэгдэх нь малчны үүрэг. Эмчид мэдэгдэхийн өмнө шинж тэмдэг илэрч буй малаа тусгаарлан хаших хэрэгтэй. Эмч газар ирээд ямар нөхцөл байдлаас болоод доголох шинж тэмдэг илэрснийг шалгана. Эзнээс нь асуумж авна. Газар дээр нь очиж хийсэн үзлэгээр шүлхийн шинж тэмдэг мөн болох нь батлагдвал холбогдох дээжийг авч, Улсын мал эмнэлгийн лаборатори руу илгээдэг.  

-Батлах шинжилгээг Улаанбаатарт л хийдэг гэсэн үг үү?

-Тийм. Газар дээр нь шуурхай шинжлэх түргэн тест гэж бий. Шүлс, эдийн дээжээр нь үзэх боломжтой.

-Түргэн тестийн нөөц сумын мал эмнэлгүүдэд хэр их байдаг юм бол?

-Манай улс лабораторийн оношлуураа бүгдийг нь гадаадаас худалдаж авдаг. Жилд нэгдсэн байдлаар тендерийн худалдан авалт хийж, түүнийгээ эрсдэл бүхий аймгууд руу хуваарилдаг. Аймгууд сумдууд руугаа хуваарилагддаг. Өвчний нөхцөл байдлаас шалтгаалаад нэг аймаг руу 1-2 цомгийг илгээдэг. Нэг цомог дотор 20 ширхэг түргэн тест байдаг.

Манай улсын тухайд шүлхий туссан малыг тусгаарлаад, шинж тэмдэг нь арилах хүртэл хүндрэхээс сэргийлсэн эмчилгээний арга хэмжээнүүдийг авдаг. Бүр амьдрах чадваргүй болсон малыг бол устгадаг.

-Он гарснаас хойш шүлхийгээр өвчилсөн хэчнээн малыг устгалд оруулсан бэ?

-Энэ жил шүлхий дээр устгалын арга хэмжээ хэрэгжүүлээгүй. Вакцинжуулсан малыг зааварт заасны дагуу 21, 28 хоногийн дараа дархлаа тогтсон гэж үздэг. Тухайн малын шинж тэмдэг арилсан бол буцаагаад сүрэгт нийлүүлдэг гэсэн үг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-29 09:27

mongolchuud hezee neeh haashaa nuuhee ed naraas asuudag boltsiin nutgaa meddeg hun dagasan ni hamaagui deer bizdee

Зочин
Зочин
2022-09-29 17:49
Reply to  Зочин

Ингээд х##дварт өвчин тараадаг, эсвэл х##дварт өвчинтэй газар очдог шүү

Зочин
Зочин
2022-09-29 09:37

enuunees asuuna gej yu baihavdee

Зочин
Зочин
2022-09-29 10:55

Тэр нь зөв өө

Иргэн
Иргэн
2022-09-29 11:06

Эхлээд м##аа эмчил . Дараа нь зөвлөгөөгөө өг.

Зочин
Зочин
2022-09-29 12:35

Хөөх м## доголох нь шинж тэмдэг байжээ

Холбоотой мэдээ

Back to top button