Гаднын хэвлэлд: Монголын гадаад аюулгүй байдал хувьсахын хэрээр эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй

"The Diplomat" сайтад манай улсын талаар нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг тойрсон аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байна. Улаанбаатар хот 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, бүс нутгийн хэмжээнд батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлсэн байна.
2022 онд Японы Батлан хамгаалах яам өөр нэг дээд амжилт тогтоосон батлан хамгаалах төсвөө танилцуулсан. Тэд өөрийгөө хамгаалах хүчинд 6.8 их наяд иен буюу 51.4 тэрбум ам.доллар хуваарилжээ.
Өмнөд Солонгос улс таван жилийн батлан хамгаалах төсвөө баталсан нь жил бүр 6.8 хувиар өсөж байна. Эдгээр нь тухайн улсын аюулгүй байдлын үүднээс авч үзсэн өндөр үзүүлэлт юм. Гэвч эдгээр үзүүлэлтийг БНХАУ болон АНУ-тай харьцуулах боломжгүй билээ.
Олон улсын стратеги судалгааны хүрээлэн Хятадын 2020 оны батлан хамгаалахын салбарын төсөв нь 12 тэрбум ам.долларт хүрсэн нь Азийн бусад бүх улсын батлан хамгаалахын төсвийн нэгдсэн өсөлтөөс их байсан гэдгийг мэдээлсэн. Үнэхээр ч АНУ, Хятадын батлан хамгаалахын төсвийн өсөлт нь 2020 онд дэлхийн батлан хамгаалах зардлын нийт өсөлтийн гуравны хоёрыг эзэлж байсан юм.
Хятад улс батлан хамгаалах зардалдаа 2022 онд 1.45 их наяд юань буюу 229 тэрбум ам.доллар зарцуулсан нь 2021 оныхоос 7.1 хувиар өссөн үзүүлэлт билээ. Энэ нь АНУ болон БНХАУ-ын хоорондох өрсөлдөөнөөс үүдсэн нь илт байв.
Тэгвэл Монгол Улсын талаар ярихад тус улсын аюулгүй байдлын нэн даруй анхаарах асуудал нь стратегийн түнш болох Орос, Хятад хоёр хөршийн тогтвортой байдал юм. Монгол Улс эх орноосоо дүрвэн гарсан Оросын бүх давхаргын иргэдийг хүлээн авсаар байна. Гэвч Улаанбаатарт дүрвэгсдийн урсгалыг тогтвортой байлгах эдийн засгийн чадавх байхгүй.
Монгол шиг жижиг улсуудын хувьд үндэсний эрх ашгаа тэнцвэржүүлэх, жолоодох, хамгаалах ээдрээтэй цаг үе тохиож буй. Тус улсын бодлого тодорхойлогчид гаднын олон аюул заналхийллийг хэрхэн хүлээж авахаас их зүйл шалтгаална.
Энэ улсын олон тулгуурт гадаад бодлого нь бүс нутгийн оролцогчдын хооронд хоёр талын хурцадмал асуудлаас зайлсхийх боломжийг олгодог.
Монгол Улсын гадаад бодлого дипломат яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх, хамгийн гол нь цөмийн зэвсгээс ангид байх статусаа хэвээр хадгалах нь чухал.
Гэвч Монгол Улс ч батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр тооцоолж байгаа. Батлан хамгаалах яамны тоо баримтаас харвал 2020, 2021 онд Монгол Улс батлан хамгаалахын төсвийг 283 тэрбум төгрөгөөр баталсан. 2022 онд Батлан хамгаалахын төсөв 296 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Тус улсын Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард Батлан хамгаалах яамны 2023 оны төсөвт 312 тэрбум төгрөг буюу 91.5 сая ам.доллар баталсан нь өмнөх оныхоос 5.4 хувиар өссөн байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын судлаач асан, доктор Р.Энхболдын хэлснээр гадаад аюулгүй байдлын асуудлаас гадна дотоод аюулгүй байдлын орчин багагүй хугацаанд өөрчлөгдөж байгаа ажээ.
Тэрбээр “Үндсэн хуулийн байгууллага, шүүх эрх мэдлийн хэвийн үйл ажиллагаа, хууль ёсны сонгууль, нийгэм, эдийн засгийн шийдэгдээгүй удсан асуудал одоо ард түмний дунд яригдаж байна. Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчин өөрчлөгдөхийн хэрээр хууль эрх зүйн баримт бичиг, тогтолцоо ч өөрчлөгдөх ёстой” гэлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын 2010 оны үзэл баримтлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны зургаадугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас боловсруулсан. Улмаар тус улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг бүрэн батлахаас өмнө парламент хянаж, батлах шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газар 1994 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахад олон намын тогтолцоотой, ардчилсан тогтолцоонд шилжсэн үе байв.
Энэ удаагийн шинэчилсэн найруулга нь Монгол Улс өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийг хэрхэн жолоодохыг хууль эрх зүйн орчноор зохицуулах хамгийн чухал мөчтэй холбоотой. Гол нь Монгол Улс үндэсний эрх ашгаа хамгаалж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хамгаалах ёстой.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болдог бол Өмнө Солонгос оос зэвсэг авч иж бүрэн шинэчлэх шаардлагатай, со зэвсэг сайн шүү, Америк л гэсэн үг, бас арай хямд