Top StoriesЯрилцлага

Нейромаркетер П.Чинзориг: Судалгаагаар монгол хүн гэрээ борцтой, банштай цайны үнэрээр төсөөлсөн, үүнийг борлуулалтад ашиглаж болно

Нейромаркетинг гэдэг нь хэрэглэгчдийн сэдэл, сонголт, шийдвэрийн талаар санаа оноо олж авах зорилгоор физиологийн болон мэдрэхүйн дохионуудыг нь хэмжих, ингэснээр крейтив зар сурталчилгаа бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үнэ тогтоох, маркетингийн бусад талбарт ашиглахыг ойлгодог.

Энэ удаад “Валюе плас” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, нейромаркетер П.Чинзоригтой ярилцлаа.

-Нейромаркетингийн талаар энгийн үгээр маш товчхоноор танилцуулаач?

-Нейромаркетинг гэдэг нь тархи судлалын шинжлэх ухаан дээр суурилж маркетингт ашигладаг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хүний тархинд ямар шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц процесс өрнөж байгааг хэмжээд судалж байгаа технологиудыг цогцоор нь нейромаркетинг гэж нэрлэдэг.

-Та бүхэн хэрхэн ажилладаг вэ. Монголд нейромаркетинг хэр хөгжиж байгаа вэ?

-Бид “Валюе плас” компаниараа дамжуулан үл хөдлөх хөрөнгийн контент үйлчилгээ үзүүлдэг. Тархи судлалын шинжлэх ухаан дээр суурилсан аргачлал бүхий борлуулалтын контент үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Агентууд, реалторууд ихэнхдээ сургалт, зөвлөгөө авна. Харин томоохон төсөл хэрэгжүүлэгчид бүр анхнаасаа концепцитойгоо орж ирдэг. Энэ байршилд тэдэн га газар ийм хотхон бариад тийм хэрэглэгчдийг зорьж байна. Олон нийтэд, хэрэглэгчдэд яаж зөв, хурдан хүрэх вэ гэдгээ цаасан дээр төсөл байхаас нь бидэнтэй хамтран ажиллаж эхэлнэ. Энэ бүхэнд нейромаркетингийн аргачлал ашиглана.   

-Ямар ямар хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг вэ?

-Манайх баг тухайн төслийг судлаад хамгийн түрүүн хэрэглэгчийн зан төлвийг харна. Судалгаан дээрээ үндэслэсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтээ зоогоод үндсэн концепцитойгоо уялдаад явчихна гэсэн үг. Бид орж ирснээр борлуулалтын 34 хувьд нөлөөлдөг гэсэн судалгаа бас бий. Тухайн хаус, хотхонууд яаж ялгарч худалдан авах шийдвэрийг хүний тархинаас гаргаж, buy товчийг даруулах вэ гэдэг асуултын хариуг гаргана. Үүний тулд шийдвэр гаргах хэмжээний контентийг хамтдаа боловсруулж хэрэгжүүлнэ.

-Худалдан авах товчийг даруулахын тулд та бүхэн юугаараа ялгарах вэ?

-Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын албуудыг анхаарч хардаг. Муу контент хийсэн бол утасны дуудлагын хамгийн эхний яриа бол “хаана вэ” гэж асуудаг. Аз жаргалтай орчныг бүтээнэ, тав тухыг бэлэглэнэ энэ тэр гэснээс үл хөдлөх хөрөнгийнхөө суурь мэдээллийг өгч чадаагүй байна гэсэн үг. Үл хөдлөх гээд байна шүү дээ. Хөдлөхгүй зүйлийн хамгийн чухал мэдээлэл бол байршил. Тэгэхээр хаана вэ гэж асуусан л бол муу контент хийжээ. Хаана гэдгийг мэдэхгүй хүн дараа дараагийн үзүүлэлтүүдийг асуухгүй.  Хэрвээ хамгийн чухал суурь мэдээллүүдээ контентоороо өгчих юмбол танд ирж буй дуудлага сайн санал болж хувирдаг. Бүх мэдээллээ авчихлаа, бартер оролцуулах уу, 80 хувийг нь бэлнээр төлөөд  20 хувийг нь тодорхой хугацаанд төлөх боломжтой юу гээд борлуулалтын дараагийн алхам руу шилжүүлчхэж байна. Та утсаар хаана гэдгээ тайлбарлахын оронд худалдан авах шийдвэрт нь дараагийн саналуудыг нэмж, борлуулалтын процесс өрнөөд эхэлнэ. Ингэж зөв эхэлсэн бол хэрэглэгч ирж үзэхдээ 50-60 хувийн шийдвэрээ гаргачихсан байдаг. Тэгэхээр энэ үзүүлэлтийг 80 хувь болгоод буцаах ёстой.

-Хэрхэн яаж...?

-60 хувьтай хүмүүс төсөл дээр ирлээ. Ихэнх тохиолдолд загварын байр, хаус бэлдээгүй хоосон шинэ үл хөдлөх рүү очно. Тэнд реалтор биеийн хэлэмжээрээ орон зайг бий болгох ажил хийнэ. Тархи судлалын судалгаагаар үл хөдлөх хөрөнгө болон зарж байгаа хүн хоёр хоёулаа таалагдаж байж хэрэглэгч худалдан авалт хийдэг. Үл хөдлөх хэдий таалагдсан ч зарж байгаа хүн таалагдахгүй бол авдаггүй байхгүй юу.

-Реалтор өөрийнхөө таалагдаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

-Маш амархан. Ази хүмүүс хэзээ ч газар дээрээ 100 хувийн шийдвэр гаргахгүй, дотогшоо улс. Арван хүний нэг тийм шийд гаргавал тэр харин яарсан хүн нь байж болно.Тэгэхээр шийдвэрийг 80 хувь хүргэхийн тулд борлуулагч тэр хүний тархин дахь төсөөлөлд нь биеийн хэлэмжээрээ хоосон хаусыг тохижуулж өгнө. Зурагтнаас буйдан хүртэл 3 метр, 75 инчийн зурагт яг тохирно. Хэрэглэгч хэмжээ нь тодорхой болонгуут таашаадаг брэндээ бодно. Зочны өрөөнөөс гал тогоо хүртэл 4 метр энд бразиль чулуун тийм өнгөтэй тек хийвэл илүү тохирно. Энэ мэтээр бүх төсөөллийг биеийн хэлэмжээрээ бий болгоно. Хэрэглэгч сонсоод л яваад байна. Ингээд 14 минут өнгөрөхөд 15 дахь минутаас нөгөө хүмүүс чинь хоорондоо таны биеийн хэлэмжийг ухамсаргүйгээр дуурайна. Энэ нь тархины толь эс ажиллаж эхэллээ гэсэн үг. Үл хөдлөх ч, реалтор ч таалагджээ.

-Хамтдаа тохижуулаад эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Хайраа энд хоёулаа тийм брэндийн хивсийг дэвсвэл гоё юм байна гээд эхэлнэ. Тэдэнд арваад минут зарцуулсаны таны боди лангвижийг ухамсаргүйгээр дуурайж бие биедээ гаргаад эхэлвэл та тухайн хаусны талаар хамгийн боломжит саналыг тэр хүмүүсээс авна гэсэн үг. Дийлэнхдээ реалторууд хүнд зүгээр л сонголт өгөөд байдаг. Хэдэн метр квадрат, засалтай нь тэд, засалгүй бол тэд, нийтдээ 30 айлын хаус, бартерт газар, машин байж болно. Авах юмуу, яахын. Ингээд л болоо. Гэтэл тэр хүмүүс яагаад үл хөдлөхийг авах гээд байгааг буюу дарамтыг нь хүртэл оношилдог зарчим байна. Сэтгэл түгшилт, айдас хоёр хүнд дарамт болдог. Тэгэхээр энэ дарамтаа илааршуулах гээд зуслангийн хаус авах гээд байна шүү дээ.

-Дарамт гэдэг нь... ?

-Юу ч байж болно. Магадгүй нярай хүүхэдтэй, цэвэр агаарт сайн хаустай болох шаардлага үүсчхэж. Тэр хүний энэ дарамтыг илаашруулах хаус энэ мөн гэдгийг яриагаараа нотолно. Борлуулагч нар нотлох цаг хугацаа, орон зайг олгохгүй шууд л “Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай” гээд шүлэг уншаад араас нь yes or no гэдэг. Ийм тохиолдолд хүн бүр нөү л гэнэ.

-Сайн контент, сайн борлуулагч, лам гурав худалдан авалт товчийг даруулдаг-

-Нөгөө талд таны бэлдсэн хүмүүсийн дараагийн алхам юу хийж байх вэ?

-Хоорондоо хаусаа тохижуулсаны дараа нөгөө хүмүүстэйгээ хаана амьдардаг, юу хийдэг, хэдэн хүүхэдтэй гэх мэтээр яриа өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ үл хөдлөх хөрөнгө таны дарамтыг арилгах зүйл мөн гэдгийг яриагаараа нотолно. Тэр цагт нөгөө хүмүүс шийдвэрээ гаргаж 80 хувь болдог.

-20 хувийн шийдвэр хаана, яаж гарах вэ?  

-Энд нийгмийн сэтгэлзүйн онцлог гарч ирнэ. Яах вэ гэхээр ламаасаа асууна ш тээ. Лам тэнд бас борлуулалт хийнэ. Чиний буян хишгийн зүг байна, сайхан байр байна. Шинэ байранд өөр юу байхын, тэгээд ав л биз дээ. Ингээд 100 хувь болоод ирэхээр эргээд залгана. Танай төслийг хэрэгжүүлсэн захирал ямар жилтэй билээ. Тэгж хүртэл асуудаг байхгүй юу. Энэ нь бид нарын нийгмийн сэтгэлгээний онцлог, хэдэн зуун жилээр салшгүй явж ирсэн, дүрэм журам болчихсон зүйл.  

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт дээр тоглож байгаа агент, реалторуудын хэдэн хувь нь ийм тактикаар тоглодог бол? Харамсалтай нь хэдэн хувь нь “Унага” шүлэг уншиж байгаа мэт аашилдаг бол?

-Дийлэнх нь шүлгээ уншчих гээд байна. Үл хөдлөх хөрөнгийг зарахын тулд нейромаркетингийн аргачлалуудыг ашиглах ёстой. Яагаад гэвэл бүх хүний тархи ижилхэн ажилладаг. Олон улсын судалгаанаас харахад худалдан авах товчийг дарах ч процесс ч яг адилхан. Миний яриад байгаа 10-20 хувь дээр л нийгмийн сэтгэлгээний онцлог нь орж ирдэг. Энэ бол салшгүй зүйл.  Гэтэл хэрэглэгч энийг авснаар ямар асуудлаа шийдэж, сэтгэл хангалуун байхыг олж харахгүйгээр хоосон хаусыг л зарна гээд зогсоод байгаа юм. Энд алдаа бий.  

- Та нарын хэдүүлээ ажилладаг вэ. Тухайн төслийн борлуулалтын ажилтанг бэлдэж байна уу?

-Бид зөвлөх үйлчилгээ өгөөд менторын зарчмаар явдаг. Долоо хоногт яаж ажиллав, үр дүн хэр байв, хэрэглэгч чинь юу гэж хэлсэн буцаагаад менторын үйл ажиллагаа руу шилжихгүй бол шинэ шинжлэх ухаан учраас хэрэгжүүлдэггүй. Хаях л юмбол  уламжлалт арга барил руугаа орчихдог.

-Контентийг нь бүтээж өгөх юм байна?  

-Томоохон хэмжээний борлуулалт хийдэг хүмүүс бид нартай хамтарч ажилладаг. Таван тэрбумын хаус, 10 тэрбумын агуулах обьект зарж байгаа хүмүүс сургалт авдаг ч том обьект дээр контент хийнэ гэдэг боломжгүй зүйл юм байна. Танайхаар хийлгэе гэдэг. Нэг, хоёр өрөө байр бол реалторгүй байсан ч зарагддаг байхгүй юу. Ийм тохиолдолд агент өөрсдөө контентоо өөрсдөө бэлдээд явуулчихдаг. Илүү том борлуулалт хийж байгаа хүмүүс бидний тусламжийг авдаг гэсэн үг.

-Танд сонин содон амжилтын түүх бий юу?

-Бэлхэд би таван хаус зарж дуусгасан. Жижигхэн газар дээр таван хаус барьчихсан. Газаргүй таван байшин гэсэн үг. Тэрийгээ дэлхийн талыг эзэлсэн нийгмийн сэтгэлгээний онцлогтой монголчуудад зарна гээд боддоо.

-Яана гэсэн үг вэ?

-Дэлхийн талыг эзэлсэн хаадын үр удам яадаг вэ гэхээр гүзээтэй залуучууд бууж ирээд гараа алдлаад ярьдаг байхгүй юу. Хүүхдүүд маань тоглоод, наадаад гэх мэтээр өргөн уудам орон зайд ярина. Гэтэл газар маш бага. Энэ тохиолдолд контентоосоо эхлээд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ үүсч байгаа юм. Гоё хаусны зурагтай тухайн уулын бэлийг бүгдийг нь оруулаад тавьчихаар өөр хүлээлттэй ирээд гараад алдлаад ярьж байна. Том газар төсөөлж ирсэн учраас ундууцна. Тийм учраас би зөвхөн таван хаусаа контентоороо гэрэлтүүлж онцлоод бусад хэсгийг өөр өнгөөр хийж харуулсан. Хэрэглэгчийн хүүхэн харааг хаус төсөл рүүгээ л татна. Зөвхөн энэ шүү гээд гэрэлтүүлээд өгөхөөр ухамсаргүйгээр тэр таван ширхэг хаус дээр хүүхэн хараа нь томорч, анхаарал нь төвлөрнө. Анхаарлыг нь барьсны бүх суурь мэдээллээ өглөө. Тэгээд шийдвэр гаргалт  50, 60, 80, 100 хувь болоод зарагдана. Гэтэл ахиад асуудал үүссэн. Хэдэнтээ сануулж захиж хэлсэн боловч аравдугаар сард голын хаусыг бэлэн мөнгөөр хүн авсан чинь  0,7 га газар, үл хөдлөхийн бичиг баримт нь гараагүй. Тэгэнгүүт мэдээж 50 хувиа л төлөөд орчихлоо. Төслийн эзэнтэйгээ хоёулаа явлаа. Үйлчлүүлсэн нотариатын газар нэг хүн санал болгоод холбогдтол 7-10 хоногт гэрчилгээг нь гаргаад өгье 10 сая гэлээ. Төслийн эзэн өгчихлөө. Гэтэл зургаан сар байхгүй. Энэ хооронд үнэхээр дарамтад орсон. Нөгөө гэрчилгээ гаргах хүнтэйгээ хөөцөлдөнө, араас нөгөө худалдан авагч залгана. Шинэ байшинд жижиг сажиг асуудал гарна. Эхнэр нь бүтэлгүй юм хийлээ, нэг өдөр гэрчилгээтэй айл нүүгээд ирнэ гээд итгэхгүй.  дарамт. Ингэж явсаар байгаад хавар дөрөвдүгээр сарын 22-ны өдөр залгаад бичиг баримтаа аваарай гэсэн. Бараг л уйлаад дэрлээд хоносон доо. Энэ тохиолдолд бичиг баримт аваачиж өгөөд үлдсэн төлбөрөө авья гэвэл өнгөрсөн хугацаанд өрнөсөн жижиг сажиг асуудал яригдана. Тэгэхээр нь нейромаркетинг ашигласан. Мөнгөнзавьяагаас мөнгөн аяга аваад ахынхаа нэрийг гэр бүлд аз жаргал хүсье гэж бичүүлж ааруул дүүргээд хадагтай бариад орсон доо. Цай хийж өгөх зуур та сайхан өвөлжив үү гэлээ. Ах “Сайхан өвөлжлөө, сайхан байшин байна” гэж байга. Монгол хүний нийгмийн сэтгэлгээний онцлогт нь тохируулж тэр аргачлалыг хийсэн. Энэ хүндэтгэл, бэлэг дэмбэрэл өнгөрсөн хугацааны жижиг сажиг асуудлыг бүгдийг арилгасан. Шууд л үлдэгдэл төлбөрөө хийсэн.  

-Үүнээс хойшхи бүх л төслүүд амжилттай явна уу?

-Ихэнхдээ улаан гэрэл нь ассан төслүүд холбогддог. Бид нар энэ уулын аманд ийм хөрөнгө оруулалтаар барьсан чинь борлуулалтгүй болчихлоо. Энэ хамгийн буруу. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид анхнаасаа цаасан дээр байхаас нь л мэргэжлийн экспертүүдтэй хамтрах нь зөв. Тэгж байж төсөл амжилттай болно. Барилгын хүмүүс баричихлаа, одоо зарья гэдэг. Анхнаасаа хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн концепци тусгаагүй бол хэрэглэгч авахгүй. Өөрийнхөө өнцгөөс хараад, өөртөө үнэ цэнэ бүтээгээд гоё хаус барьсан ч  хэрэглэгч талаас харахаар тэр нь таалагдахгүй.

-Таны ажилласан үл хөдлөх худалдааны харилцаа дээр хамгийн түрүүн юу гэж асуудаг бол?

-Яриа хаана вэ гэж хэзээ ч эхлэхгүй. Нөхцөлүүдээ ярина. Шийдвэр гаргалаа 60 болно, очоод 80, ламаасаа асуугаад 100 болно.

-Энгийн амьдрал дээр нейромаркетинг ямар тустайв?

-Амьдралын бүхий л салбартаа уялдах боломжтой шинжлэх ухаан. Хүний тархи өдөр болгон ажиллаж, бид өдөр бүр их бага итгүүлэх хэлэлцээрт орж л байдаг.

-Судалгааны арга нь юу байхав?

-Судалгааны арга нь АНУ-ын нэг компанитай хамтарч ажилладаг. Саяхан бид хамтын ажиллагааны хүрээндээ “Итгүүлэх код” нэртэй ном гаргасан. Эндээс маш сайн мэдээлэл авах боломжтой. Нейромаркетингийн шинжлэх ухааныг технологитой хослуулж гаргадаг. Тухайн контент хүнд таалагдаж байгаа эсэхийг хүүхэн харааны хэмжээс, пульс, тархинаас ялгарч буй долгионоор тодорхойлно. Бид алдаж оноод нутагшуулаад явж байна. Хүн төрөлхтөн тархины хувьд яг адилхан ажилладаг ч нийгмийн сэтгэлгээний онцлогтойгоо уях нь бидний ажлын онцлог болно. Мөнгөн аяганы кэйс шиг. Жишээ нь, япон хүмүүст нэрийн хуудасны соёлыг нь нийгмийн сэтгэлгээний онцлог гэж харж болно.  Нэрийн хуудас нь өөрийг нь 50 хувь илэрхийлдэг гэж үздэг. Би нэг үл хөдлөхийн хөрөнгө оруулагч япон эмэгтэйтэй уулзаад нэрийн хуудсаа солилцлоо. Ярианы явцад би нэг мэдэхнээ нэрийн хуудастай гараа гуян завсараа хийчихсэн сууж байсан. Энэ бол бүтэлгүйтэл. Олон сая долларын уул уурхайн хэлцэл энэ тэр дээр бол асар том азгүйтэл ирэх магадлал өндөр. Учир нь  япон хүмүүсийн нийгмийн сэтгэлгээний онцлог байхгүй юу. Тэгэхээр бид АНУ-ын технологийн тусламжтайгаар судалгаа хийж үүнийгээ нийгмийнхээ онцлогт тохируулан боловсруулаад ажиллаж байна.  

-Манайд аль салбарт түлхүү ашиглаж байна вэ?

-Манай холбоо  болон бусад судлаачдын хувьд уул уурхайн салбарт консалтинг өгч байна. Бид нар бол үл хөдлөх хөрөнгө дээр илүү нутагшуулж байна. Хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа бол маш чухал. Өөр ч олон хүчин зүйл дагаж явдаг.

-Таван тэрбумын хаусыг 30 настай жүжигчин хоолойгоо шахаад сурталчлахад жинхэнэ хэрэглэгч итгэдэггүй-

-Монгол хүний онцлог юу вэ?

-Нийгмийн сэтгэлгээний онцлогийг л ярина. Жишээ нь, Америкт үл хөдлөхийн борлуулалт дээр жигнэмсэг ашигласан кэйс бий. Тухайн хауснуудын нэгнийх нь шарах шүүгээнд  жигнэмэг жигнээд орхичихсон. Дараа нь хэрэглэгч сонголт хийх гээд харьцуулсан чинь жигнэмэг үнэртсэн байшин таны гэр шүү, гэртээ ирээч гэсэн мэдрэмж өгсөн. Үнэр бол нийгмийн сэтгэлгээний онцлог. Америкт жигнэмэг гэдэг бол гэрийн үнэр. Монголчуудын хувьд ямар үнэр гэрийг мэдрүүлэх вэ гээд 1000 хүнд сургалт ороод асуухад  70 хувь нь нэг үнэр дээр буусан. Амралтын өдрийн борцтой, банштай цайны үнэр. Энэ бол монголчуудын хувьд гэр гэдэг үнэр. Үүнийг бид борлуулалт дээрээ жигнэмэг шиг ашиглаж болно. Хаалга татангуут борцтой, багштай цай үнэртээд, нөгөө мөнгөн аягандаа хийж өгөөд уух зуур төслөө танилцуулна. Тэр хүн худалдан авалт хийхгүй байж болох ч найздаа, танилдаа санал болгоно. Гэтэл манайд нийтээрээ хаана алдаад байна вэ гэхээр хэрэглэгч орж ирэхэд үнэртэй ус аймаар ихээр үнэртүүлсэн хүүхэн сууж байдаг. Би тэр үнэртэй усанд дургүй байж болно. Тэр үнэр намайг тавгүйрхүүлж байна. Хаус таалагдаж байсан ч тэрийг үнэртэн барин мэдээллийг авах шаардлага байхгүй, гараад л явна. Энэ жижиг зүйл хэдий ч шийдвэр гаргалтад нөлөөлдөг гэдгийг хэн ч ойлгохгүй байна.

-Монгол хүний тархийг уншихад ямар ямар момент дээр шийдвэрийг илүү хурдан гаргаж байна вэ?

-Анхнаасаа төсөөлөлд сайн суулгаад өгчихвөл аль хэдийн нүүгээд оччихсон байна. Жишээ нь хэмжээг нь тавиад өгчихнө. Технологийн тусламжтайгаар дотоод заслын сонголт өгнө. Таван тэрбум төгрөгөөс дээш үнэтэй хауст хүн заавал өөрийн гэсэн вкус дотоод заслыг шингээж байж сэтгэл дүүрэн амьдарна. Тэгэхээр нь хоосон хаус дээр дотоод интерьер засал шийдлийг төхөөрөмжөөр хараанд суурилуулаад өгнө. Үзэх зуур нь чихэвч зүүлгэж гадаа нь хүүхдийн тоглох дууг сонсгоход тэр хүнд ач, зээгээ төсөөлөн бодно. Төсөөллөө авчихлаа. Хэдэн төгрөгт бартер байж болох вэ гээд асууж байвал борлуулалтын зөв зарчим байхгүй юу.

-Биед нь төхөөрөмж ашиглахад хэрэглэгч дургүйцдэг уу?

-Зорилтот хэрэглэгч нартаа л зүүж өгнө. Тухайн төхөөрөмж заавал гэхдээ бус ухамсаргүйгээр ямар процесс өрнөж байгааг мэддэг. Маркетаруудын хувьд фэйсбүүкийн гүүгл аналитик дээр донтсон байдаг. Тухайн контентийг хэрэглэгч үзэх, эс үзэхээс үл хамаарч бүүстийн үр дүнд сэтгэл ханаж байсан ч борлуулалтад тэгтлээ нөлөөлөөгүй. Гэтэл 2016 онд фэйсбүүк үүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэгэнгүүт бид нар хэнд итгэх вэ гээд явсан чинь хариулт нь нейромаркетинг байсан байхгүй юу. Яагаад гэвэл энэ шинжлэх ухаан. Шинжлэх ухаантай хэн ч маргахгүй. Нотлогдсон зүйл учраас үүнийг технологитой хослуулья. Судалгаатай учраас хүлээн зөвшөөрөгдсөн. Том групп компаниуд спонсор зардлаа татаж нейромаркетингт зарцуулж эхэлсэн.  

-Та бүхэнд одоо үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэрэглэгчийн зан төлөв, зан үйлийн судалгаа байгаа юм байна, тийм үү?

-Тийм ээ. Бид үл хөдлөх хөрөнгөтэй холбож илүү судалсан. Шийдвэр гаргалтад нийгмийн сэтгэлгээний онцлог л ороод ирдэг. Америк, монгол хоёр эр хүнд морины зураг харуулахад нэг морь гэдэг амьтан, нөгөө нь молор эрдэнэ, хийморь сүлд гэж хардаг. Үүнийг борлуулалт дээр ашиглана. Найман тэрбумын обьект сонирхож байгаа хүнийг судлахаар морь уядаг хүн байна. Өөрөө амьдрал уяхгүй л дээ. Түрүүлээд ирэхээр нь амыг нь барьж амьсгаадаад аав нь, ээж нь тийм угшилтай гэж ярьдаг моринд дуртай мөнгөтэй хүн гэсэн үг. Тэр хүнийг ирэхэд борлуулагч морины зурагтай футболка өмсчихсөн байна. Обьектоо танилцууллаа, нөгөө хүн ухамсаргүйгээр морины зураг руу харна. Сонирхол нь тийм юм чинь. За танилцуулга дууслаа, ажил хэргийн шугам үүсчихлээ. Үүний дараа  “дүү хүү морь сонирхдог уу” гэх асууүлтаар өөр лайн үүсээд эхэлнэ. Энэ үед гарт нь ямар хөзөр байгааг нийгмийн сэтгэлгээний онцлогт тулгуурлаж гаргаж ирнэ. Морины зурагны тусламжтайгаар гаргаж ирсэн харилцааны дараа ах нь тавыг нь бэлэн өгье, гуравт нь нэг үйлдвэрийн обьект байгаа тэрийг сонирхох уу.

-Хэн ч байсан ашиглаад л байвал ямар үр дүн гарах вэ?

-Зөв шийдвэр гаргадаг болно. Үндсэн тархи ухамсаргүй шийдвэр гаргалтын 95 хувийг эзэлдэг. 14-16 цагийн хооронд хүн хамгийн буруу шийдвэр гаргадаг. Учир нь тэр үед тархи түр амсхийдэг. Бид фэйсбүүкт итгэж шийдвэр гаргаад байна. Өнгөцхөн л хандаад байна. Уламжлалт маркетинг дээр жишээ нь энэ усыг аваарай гээд уугаад үзүүлэх хэнд хэрэгтэй юм бэ. /ууж байсан Экос усаа үзүүлэв/

-Та нар оронд нь байсан бол яахын?

-Анхнаасаа хэрэглэгч нь хэн байхыг судална. Зарчим руу ороод дарамтыг оношилно. Хэрэглэгчийн дарамтыг контент бүтээж оношилдог, илааршуулдаг гэдгийг ойлгуулна. Зөөлөн ус хэнд хэрэгтэй вэ гэдгээр нь хийе. Ходоодны хүчиллэг байдал ямар эрсдэлтэй вэ, тэгэхээр өдөр тутамдаа зөөлөн ус хэрэглэе. Таван тэрбумын хаусын рекламд 30 настай жүжигчин тоглуулчихдаг. Аймаар суучихсан хоолойгоо шахаад миний гэр бүлийн аз жаргал, миний сонголт энэ тэр гээд. Тэр хаусыг хэн авахын гээд судлаад үзэхээр 30 настай залуугийн үгэнд хэзээ ч итгэхгүй хэрэглэгч байдаг. Алдаа нь энэ товчхоноор хэлэхэд.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-19 12:19

Үнэхээр сонирхолтой з##илагч байна

Зочин
Зочин
2023-01-19 12:19

Яагаад нууцаа ил ярьж байгаам

Одонхүү
Одонхүү
2023-01-19 20:51

За . Нөгөө 30 жил боловсорсон зэрлэг капит##измийн бүтээгдэхүүнүүд эхнээсээ гарч ирлээ. Сүнсээ түймэрдсэн ,нинжин сэтгэл хүн чанараа гээсэн үндэстэн дамнасан луйварчид.Ичих нүүр, ичих булчирхайгүй … хэлэх Монгол үг олдохгүй байна. Монгол хэлний үгийн сан бузартана.

зочин
зочин
2023-01-19 22:19

Сүртэй нэр томъё өгхийн ер нь бол сэтгэл судл##ыг маркетигд л ашиглах ухаан.нууцсаад байх юмгүй юманд сэтгэлээсээ хандхад д болох зүйл.

Зочин зочин
Зочин зочин
2023-01-22 11:14

Боловсон луйварчин буй болж байна ухаантай иргэд Минь ийм содон нэр томъёотой новшнуудтай бүү харьц з##илан луйвар мэхлэлт ийн эх үүсвэр ийм юмнуудаар тархи ухаанаа жолоодуулах болохнээ янз нь

Зочин
Зочин
2023-01-23 06:00

Аргат шар үнэгийг барах уу

Холбоотой мэдээ

Back to top button