СПОРТ

Олимпийн анхны медальтнаа өлгийдсэн түүхэн өдөрт зориулав: Их спортын “эрхий, долоовор” хоёр

Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш Чимэдбазарын Дамдиншарав гуай 1968 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 20-нд “Мехико-1968” олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-д хүрэл медаль авч, Монгол Улсын медалийн салхийг хамгийн анх хагалсан билээ.

Манай улс олимпийн анхны медальтнаа өлгийдсөн, мартах учиргүй түүхэн өдрийг тохиолдуулан Ардын багш Ч.Дамдиншарав гуай болон түүний дүү Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Чимидбазарын Насантогтох гуай нартай 2017 оны хоёрдугаар сарын 9-нд ярилцан, “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн ярилцлагаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

Монголын спортод гэр бүл, ах дүүсээрээ хүчин зүтгэж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийд дуурсгаж яваа олон тамирчин бий. Тэдний тэргүүн эгнээнд бичигдэх түүхэн амжилтын эзэд бол Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Ардын багш, Гавьяат тамирчин, олимпын анхны хүрэл медальт Чимидбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Чимидбазарын Насантогтох нар билээ. Ч.Дамдиншарав тэртээ 1968 онд Мехикогийн олимпоос хүрэл медаль хүртэн, олимпын медальт Монголын анхны тамирчин болсон бол түүний дүү Ч.Насантогтохын шавь Н.Түвшинбаяр “Бээжин-2008”-аас алтан медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан.

Монголын чөлөөт, жүдо бөхийн спортын үе үеийн түүхэн амжилт энэ хоёр эрхэмтэй салшгүй холбоотой. Ард түмэндээ Дамийл хэмээн хүндлэгдсэн Ч.Дамдиншарав олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа хүнд бэртэл авч, зодог тайлсан ч дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойшхи 46 жил (үүний дотор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 16 жил)-ийн хугацаанд Хөдөлмөрийн баатар Д.Цэрэнтогтох, улсын аварга Д.Хадбаатар, Д.Сумъяабазар тэргүүтэй улсын цолтон 20 гаруй, Гавьяат тамирчин 30 гаруйг төрүүлээд буй.

Харин Монголын жүдо, самбо бөхийн анхны мэргэжилтэн Ч.Насантогтох үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1973-2012 онд ажиллахдаа анхны гэх тодотголтой бүхий л түүхэн амжилтын эзэн болсон төдийгүй түүний шавь нараас Б.Бат-Эрдэнэ, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар Хөдөлмөрийн баатар, О.Балжинням, Ц.Дамдин нар Ардын багш, гавьяат цолтон 43 төржээ. Одоо ч тэрбээр Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллаж байгаа.

Аргуйн голын хөвөөнд дэрвэж өссөн, их спортын ноён оргилд нэрээ тамгалсан бахдам түүхийн эздийг “Ах, дүүс” булангийнхаа анхны дугаарт урьж, ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

-Монголын чөлөөт, жүдо бөхийн спортыг та хоёргүйгээр төсөөлөхийн аргагүй. Биенээ түшиж, их спорттой амьдралаа холбосон дурсамжаас тань ярилцлагаа эхэлье.

Ч.Дамдиншарав (Ч.Д): Бид багадаа хөдөөний бусад хүүхдийн адил үрээ, даага сургаж, ишиг хурга хариулан, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн. Манайхан эхээс наймуулаа, дөрөв нь эрэгтэй. Хоёр талаасаа бөхийн удамтай.

Манай суманд улсын арслан Г.Цоодол гэж алдартай бөх байлаа. Хүүхэд бүхэн түүн шиг мундаг бөх болно гэж мөрөөддөг байсан юм. Бид хоёр ч бас тэдний нэг. Манай Батдорж ах бид хоёроос хамаагүй илүү барилдаанч, уян, өөрөөс нь насаар ах, нуруулаг хэр баргийн хүүхдэд ойчдоггүй байсан шүү.

Ч.Насантогтох (Ч.Н): 1962 оны хавар манайх нүүгээд, би хонио тууж явсан маань санаанаас ер гардаггүй юм. Тэртээ холоос хоёр морьтой хүн ирж явна аа. Ах маань УАШТ-ээс мөнгөн медаль хүртчихээд, манай ангийн Дангаа гэдэг хүүхэдтэй хамт ирж яваа нь тэр. Тэгж анх манай суманд чөлөөт бөхийн улсын аваргын медальтан ирж байлаа. Хоёр жилийн дараа буюу 1964 он дөнгөж гартал хүмүүс олимпын наадмын тухай шуугиад байна аа.

Нэг өдөр аав минь “Хүмүүс ахын чинь тухай л яриад байх юм. Хэдүүлээ радиотой болъё” гээд 30 төгрөгөөр “Эх орон-52”-ыг авлаа. Тэгэх нь ээ радиогоор “Токиогийн олимпод Монголоос 21 тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Чөлөөт бөхийн 52 кг-д 19 настай Ч.Дамдиншарав оролцоно” гээд зарладаг юм байна. Тэгж л ах маань төдийгүй Монгол Улс олимпод анх удаа оролцож байлаа. Токиогийн олимпод зодоглож ирснийх нь дараа бид ахыг ч ёстой нэг шалгаасан даа.

Ах маань энэ тэндхийн уулзалт, арга хэмжээнд уригдаад бидэнд олдох нь ховор. Олимп бол тив тивийн шилдэг тамирчид өрсөлддөг, энх тайвны бэлгэдэл их том баяр, Япон гэж тийм орон байдаг гэж сонсоод, төсөөлөхөд их сонин байж билээ. Олимпизмын хөдөлгөөн, их спортын үнэрийг анх авсан маань тэр. Би сумандаа долдугаар анги төгсөж, нийслэлд ирснийхээ дараа ахыгаа дуурайн, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Чамлахааргүй амжилт гаргаж, залуучуудын УАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байлаа.

-Ч.Насантогтох багш 1968-1973 онд ОХУ-ын Биеийн тамирын дээд сургууль төгсөж, жүдо, самбо бөхийн Монголын анхны мэргэжилтэн болсон. Таныг гадаад руу явуулахгүй гэж гэрийнхэн тань нэлээд эсэргүүцсэн гэдэг бил үү?

Ч.Д: Тэгсэн шүү. Насаа багын даруу, дөлгөөн ааштай, ёстой л дасгалжуулагчийн буурьтай хүүхэд байсан. Би дүүгээ дасгалжуулагч л болгоё гэж бодоод байлаа. Гэтэл аав, ээж хоёр маань “Хол газар, хүний нутагт юу ч болоо билээ. Ахтайгаа хамт бэлтгэл хийгээд, чөлөөтөөр хичээллэж болохгүй юм уу” гэж дургүйцээд, зөвшөөрдөггүй.

Үнэнийг хэлэхэд гэрээсээ хол, хотод байр түрээсэлж амьдардаг байсан бидэнд хоёулаа нэг спортоор хичээллэн, амжилт гаргах амаргүй. Тиймээс тал талаас нь учирлаж, ятгасаар байгаад гэрийнхнээрээ зөвшөөрүүлсэн.

Ч.Н: Ч.Дамдиншарав ах “Миний дүү уян, зөөлөн сэтгэлтэй. Барилдаад шальтай амжилт гаргаж чадахгүй ээ. Харин гадаадад мэргэжил эзэмшин, дасгалжуулагч болбол улсад маань ч хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Одоо бодох нь ээ, ах их холыг харсан юм билээ.

-Аливаа зүйлд анхдагч байх сайхан ч бас хэцүү гэдэг. Чөлөөт бөхөөр чамгүй амжилт гаргасныхаа дараа номын дуу сонсохоор алс холыг зорих амаргүй байсан болов уу.

Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд сурах гарцыг хэрхэн олсон бэ?

-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт жил гаруй бэлтгэл хийн, Биеийн тамирын дээд сургуульд сурч байсан маань надад их нэмэр болсон. Олон шалгуур, шалгалтыг давсны эцэст тэнцэн, ОХУ-ыг ганцаараа зорьж байлаа. Уг нь чөлөөт бөхийн чиглэлээр сурахаар хойд хөршийг зорьсон юм.

Гэтэл Е.Чумаков багш маань “Монголчууд барилдах авьяастай. Танай улсад дөнгөж хөгжиж эхэлж буй жүдо, самбо бөхөөр чи суралц. Энэ чиглэлийн мэргэжилтэн Монголд алга. Би чамд зааж өгье” гэж зөвлөснөөр нэгдүгээр дамжааныхаа хагасаас энэ спорт руу урваж байлаа. Тэр шийдвэр миний амьдралыг эрс өөрчилсөн. Тэгж анх жүдо, самбо бөхийн Монголын анхны мэргэжилтэн болсон түүхтэй.

-Эх орондоо ирэнгүүтээ үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон байх аа?

Ч.Н: Тэгсэн. Тухайн үед Биеийн тамирын төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ш.Магван гуай “Хаана ажилламаар байна” гэхээр нь “Залуучуудыг дасгалжуулъя” гэсэн юм. Гэтэл “Анхны мэргэжилтнээ луугаруудтай ажиллуулна” гээд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томилчихдог байгаа. Жүдо, самбо бөхийн спорт Монголд хөгжиж эхлээд удаагүй, дасгалжуулагчийн арга барил, тамирчдын барилдаан монгол бөхийн суурьтай байсан үе л дээ.

Хорин гуравхан настай байсан надад туршлага дутах үе гаралгүй яах вэ. ОХУ-д мэргэжил эзэмшиж, олон мундаг багш нарынхаа буянаар хүнд үеийн ард гарч чадсан. Тэгж жүдо, самбо бөхийн спорттой амьдралаа холбож байлаа. Цаг хугацаа их хурдан юм. Нэг мэдэх нь ээ л 44 жил болчихож.

-Ч.Дамдиншарав гуай “Мехико-1968”-аас хүрэл медаль хүртэн, олимпын медальт Монголын анхны тамирчин болсон. Таны амжилт булган сүүлтэй байж, тэр олимпоос манайх дөрвөн медаль авсан шүү дээ.

Монголчууд бид Ч.Дамдиншараваар, та ахаараа их бахархсан нь мэдээж.

Ч.Н: Би тэр үеийг өчигдөр болсон мэт тодхон санаж байна. Ах маань олимпын өмнө 62 кг-аас 52 кг хүртэл хасаж, жиндээ орсон. Бүхэл бүтэн 10 кг хасна гэдэг их хэцүү шүү дээ. Би олимпын өмнө ахынхаа бэлтгэлийг хангалцсан. Ах хэвтээ барилдаанд Монголд тасархай, дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэдийнэ хүрчихсэн байсан.

Жиндээ л дажгүй орчихвол олимпын медаль ойрхон санагдаж байсан шүү. “Манай тамирчин Ч.Дамдиншарав хүрэл медаль авлаа. Монгол Улс олимпоос анх удаа медаль хүртлээ” хэмээхэд би юу хийх, яах учраа олохгүй уйлж билээ. “Монголын ард түмэндээ баяр баясал бэлэглэж, түүхэн амжилтын эзэн болсон хүн нь миний ах шүү дээ” гэж бодохоор үнэхээр их бахархсан.

Баярт мэдээ сонссон даруйдаа аав ээж, ах дүү нар маань хөдөөнөөс чавхдаад ирсэн. Ах хурдан ирээсэй, олимпын медаль ямар байдгийг харах юм сан гэхээс нойр хүрдэггүй байж билээ (инээв).

Ч.Д: Бид олимпын өмнөх бэлтгэлээ Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд базаасан нь их нөлөөлсөн шүү. Зөвхөн би гэлтгүй үе үеийн олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрхныг шүтэж, дээдэлж явдаг. Олимпоос ирээд аав, ээж хоёртоо үнсүүлэх хамгийн сайхан байсан. Монгол Улс олимпоос медаль хүртсэний 50 жилийн ой ирэх онд тохионо.

-Та 1972 оны олимпоос ч бас медаль авах нөөц, боломжтой байсан нь гарцаагүй. Харамсалтай нь, айхавтар бэртсэн тань зодог тайлахад нөлөөлсөн үү?

Ч.Д: Монгол, Японы нөхөрсөг тэмцээний үеэр гарын шөрмөс тасарчихсан. Сар гаруй эмчилгээ хийлгээд ер эдгэдэггүй. Бүр гурван удаа шөрмөс залгах хагалгаа хийлгээд ч тусыг эс олсон. Гараа атгачихсан юм шиг таван хуруу тэнийхээ больчихсон юм. Уйгагүй эмчилгээ хийлгэж, додомдсоны эцэст одоо эрхий хуруунаас бусад нь овоо тэнийдэг, атгадаг болсон. Гарын шөрмөс тасарсны дараа миний амжилт эрс буурсан л даа. Гэхдээ тэр үед зодог тайлахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бий.

Биднийг олимпоос медаль аваад ирэхэд гавьяат цол олгоогүй. Тэгэхэд миний урам их хугарсан. Цол дагаж бяр гэж үнэн юм билээ. Тамирчны амжилт, хөдөлмөрийг халуун амьсгаан дээр нь үнэлэх их зүгээр. Тухайн үед намайг Хөдөлмөрийн хүндэт медаль, 3000 төгрөгөөр шагнаад өнгөрсөн. Мотоцикл 5000 төгрөгийн үнэтэй байсан гээд бод доо.

Амжилтын үнэ цэнийг ойлгохгүй, үнэлж мэдэхгүй тийм л хэцүү үеийн тамирчин, би. Надад гурван жилийн дараа Гавьяат тамирчин цол олгосон. Би ч бас гайгүй ээ. Надтай хамт олимпоос хүрэл медаль хүртсэн Т.Артаг маань бүр 1990 онд Гавьяат тамирчин болсон юм шүү дээ.

Миний шавь олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Оюунболд хүртэл 10 жилийн дараа гавьяат цол хүртсэн нь харамсалтай. Хэрвээ алт, мөнгөн үеийн бөхчүүдийг халуун амьсгаан дээр нь шагнасан бол олимпын аварга 1990 оноос ч өмнө төрөх байсныг үгүйсгэх аргагүй. Олон тамирчин амжилтыг нь цаг тухайд нь үнэлээгүй төр, засагт гомдож, их спортоо орхисон.

-Та бол алтан үеийн тамирчин, мөнгөн үеийн дасгалжуулагч хүн. Олон жил зүтгэсэн тамирчны замналаа өндөрлөж, дасгалжуулагчийн албанд шилжих шийдвэр гаргах амаргүй байсан нь лавтай.

Ч.Д: Гарын бэртэл ер илааршихгүй, аргагүйн эрхэнд дасгалжуулагч болсон. Нөгөө талаар миний жинд доороос олон сайн бөх гарч ирсэн. Хойлогдорж гэхэд л 1971 онд ДАШТ-д анх удаа оролцоод мөнгөн медаль хүртсэн. Тэгэхээр 1972 оны олимпод эх орноо төлөөлөн оролцох, медаль хүртэх боломж надаас илүү түүнд байсан нь үнэн.

1972 оны олимпод Хойлогдоржийн бэлтгэл хангагчаар очин, сонгомол бөхийн төрөлд оролцож ирснийхээ дараа “Алдар нийгэмлэг”-ээс дасгалжуулагчийн гараагаа эхэлж билээ. Дүүтэйгээ хамт жүдо, чөлөөтийн дасгалжуулагчийн албанд зүтгэн, алдаа оноогоо ярилцан, санал бодлоо хуваалцаад явах сайхан байсан.

Ч.Н: Спорт ийм л хатуу. Барилдах боломжгүй боллоо гэхэд тэс өөр ажил хийх юм уу, эсвэл дасгалжуулагч болохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Ах минь хатуу, бэрхэд бууж өгөөгүй ээ. Ахтайгаа хамт жүдо, чөлөөтийн шигшээ багийг удирдан, олон олимп, ДАШТ-д оролцож явснаараа бахархдаг.

Аль хэдийнэ хийдгээ хийчихсэн, миний эрэмбэнд байх ёстой л хүн шүү дээ, ах минь. Хөдөлмөрийн баатар цол олгоосой гэх хүлээлт ард түмэнд байдаг юм билээ.

-Та бүхэнд 1971 он олон сайхан дурсамжийг түүчээлж явдаг байх. Учир нь Ч.Дамдиншарав гуай Гавьяат тамирчин цол хүртэж, УАШТ-ий шигшээд өрсөлдсөн хоёр ахынхаа барилдааныг Та шүүсэн шүү дээ.

Ч.Н: Тэр жил Төв цэнгэлдэхэд болсон Бүх ард түмний спартакиадын нээлтийн үеэр Дамдиншарав ахад Гавьяат тамирчин, Батдорж ахад спортын мастер цол олголоо. Хоёр ах нэг жинд барилддаг байлаа. Учраа бүрээ ялсаар шигшээд шалгарсан хоёр ахынхаа барилдааныг би шүүсэн юм. Их хэцүү юм билээ (инээв).

Дэвжээн дээр гарч ирэх мөчид сэтгэл их догдолсон. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж билээ. Гурвуулаа дэвжээн дээр уйлж зогссоноо ер мартдаггүй. Монголын спортын түүхэнд хамгийн сайхнаар дуурсагдах, түүхэн үйл явдал энэ мөн байх.

Ч.Д: Ах маань миний цол, амжилтыг хүндэтгээд барилдаагүй. Бас болоогүй ээ, олон хүнийг уруу татаад, уйлуулчихсан шүү, бид гурав. Улсын заан “Том” Санжаа хүртэл тэгэхэд уйлчихсан зогсож билээ. Төрсөн ах дүү гурав улсын аваргын дэвжээн дээр хамтдаа уйлж зогсохыг хараад сэтгэл нь их хөдөлсөн байх.

-Насаа багшийг жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхад Н.Түвшинбаяр олимпын аварга болж, монголчууд бидний олон жил хүлээсэн хүслийг биелүүлсэн.

Нэг нь олимпын медалийн салхийг хагалж, нөгөө нь олимпын аварга төрүүлсэн сайхан түүхийн эзэд бол та хоёр мөнөөсөө мөн шүү дээ.

Ч.Н: -Ахтайгаа хамт анхдагч болсноороо бахархахгүй байхын аргагүй. Олимпын аваргатай болохыг монголчууд олон жил хүлээсэн. Ард түмнийхээ хүсэл, мөрөөдлийг Бээжинд биелүүлж, шавь Н.Түвшинбаяр маань олимпын аварга болсон нь амьдралын маань хамгийн сайхан, аз жаргалтай мөч.

Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэвэл амьдрал хүнийг шагнадаг юм билээ. 1973 оноос хойш үндэсний шигшээ багийг дасгалжуулан, ялалт, ялагдлын хором мөч бүхэнтэй хамт байж, хөдөлмөрлөснийхөө үр шимийг тэгэхэд хүртсэн.

Монгол хүн амны билгээр гэж бодоод “Бээжин-2008”-д явахынхаа өмнө “Алтан медаль авна. Монголын олимпын анхны аваргыг төрүүлнэ” гэж их зоригтой хэлсэн юм, би. Гэхдээ Н.Түвшинбаярыг алтан медалийн болзол ханган, дэвжээнээс буух хүртэл “Хэрвээ аварга болохгүй бол ард түмнийхээ нүүрийг яаж харна аа” гэх айдас байсныг нуугаад яах вэ.

Шавийн маань амжилт булган сүүлтэй байж, монголчууд бид олимпын хоёр аваргатай болсон нь намайг бүр ч их баярлуулсан. Ах бид хоёрын шавь нар дундаас олимпын хос медальт Н.Түвшинбаяр, олимп, ДАШТ-ий анхны хос медальт Д.Оюунболд, Х.Цагаанбаатар тэргүүтэй олон анхдагч төрснөөр нь их бэлгэшээж явдаг.

Ч.Д: -1968 оны олимпоос хойш 40 жилийн дараа Н.Түвшинбаярыг аваргын алтан медаль хүртэхэд дүүгээрээ үнэхээр их бахархсан. Тэгэхгүй байхын ч аргагүй. Би тамирчин байхдаа олимпын аварга болох юм сан, дасгалжуулагч болсныхоо дараа олимпын аварга төрүүлчих юм сан гэж зорьсоор өдий хүрлээ. Зөвхөн миний төдийгүй монголчуудын хүслийг дүү минь биелүүлсэн.

Их баярласнаас болоод ч тэр үү, хэлэх үг олдоогүй. Тэр үед би Өвөрмонголд дасгалжуулагчаар ажиллаж байсан л даа. Өвөрмонголчууд баярлаад, хоёр хоног лав унтаагүй. Түвшээ аварга, дүү хоёр маань зөвхөн монголчуудын төдийгүй монгол туургатны бахархал болсон.

-Та хоёр 2008 онд Ардын багш цол хүртсэн. Ах дүү хоёр нэг жил ийм том цол хүртэнэ гэдэг бас л ховор хувь заяа юм даа.

Ч.Д: Тэгэлгүй яах вэ. Бид Ардын багш цол хүртсэнийхээ дараа сумынхаа сургуулийн ойд очлоо. Дэрвэж явсан ангидаа орон, дэгдэж өссөн голынхоо хөвөөнд очихоор сэтгэл их хөдөлдөг юм билээ. Гучин-Ус сумын сургуулийн захирал “Ардын багш, гавьяат цолтой ах, дүү хоёр. Монголчууд бидний бахархал. Олон олимп, дэлхийн аваргыг бэлтгэж, амжилтад хүргэсэн алдартан, түүхэн амжилтын эзэд” гэхэд нь өөрийн эрхгүй уйлсан.

Ч.Н: Биднийг өдий зэрэгтэй явахад өвөг дээдсийн минь буян заяа, нутгийн зон олны сайхан сэтгэлийн хүч тэнгэрээс харж, ивээдэг гэдэгт итгэдэг. Миний өвөө Эрдэнэ мэргэн Содномцэрэн Монголын тамгатай 13 хутагтын нэг нь. Харамсалтай нь, өвөө минь 1937 онд хэлмэгдэн, цаазаар авахуулсан л даа. Аав ч бас хувилгаан хүн байлаа.

Цаг төрийн ороо бусгаа үеийн балгаар цөөнгүй удаа шоронд хоригдон, хэлмэгдсэн. Гэвч аав минь олонтойгоо хүн байлаа, манайхаас хүний хөл татрахгүй. Жилийн дөрвөн улиралд шон дүүрэн тэмээ, морь багширч, өвчин зовлон тохиолдсон, мал сүргээ алдсан хүмүүс аавыг зориод ирнэ. Т

эр үед яалаа гэж тэгж болох билээ. Аавыгаа хүн үзэж байхад нь цагдаа сэргийлэхийнхэн мэдчих вий гээд л гадаа харуулдаж, зогсдог байлаа, бид хоёр.

-Тамирчин, дасгалжуулагч хүний жаргал, зовлонг сайн мэддэг болохоор таныг их зөв албан тушаалд томилсон гэж би бодож байна.

Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

Ч.Н: -Риогийн олимпын дараа Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Манайд тан шиг туршлагатай хүн хэрэгтэй байна. Токиогийн олимп хүртэл хамтарч ажиллах боломж байна уу” гээд санал тавьсан.

Тухайн үед БНХАУ-тай хийсэн гэрээ дуусаагүй байсан ч би татгалзаагүй ээ. Юуны түрүүнд шигшээ багийг зөв бүрдүүлэх нь чухал байна.

-Ч.Дамдиншарав гуай өдгөө 72 настай ч өсвөрийн хүүхдүүдийг дасгалжуулж байгаагаар нь бахархмаар. Ядарчихна гээд гэрийнхэн нь хориглох юм уу?

-Хорилгүй яах вэ. “Та ядарчихна. Гэртээ сайхан амарч байгаач” гэдэг л юм. Би тэгж гэртээ зүгээр хэвтэж чадахгүй ээ. Сураагүй ганц юм нь тэр. Шавь нар маань суурийг нь зөв тавиад өг гээд хүүхдүүдээ надад өгдөг. Илжиг модон хударгандаа гэгчээр долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийж байна.

Нуруу л жаахан өвддөгийг эс тооцвол бусдаар алзахгүй. Хүүхдүүдэд мэх, техник заан, ийш тийшээ дэгдэж байтал нэг мэдэх нь ээ л хоёр цаг болчихсон байдаг юм. Ц.Нацагдорж гавьяаттайгаа хамт өсвөрийн хүүхдүүдийг тав дахь жилээ дасгалжуулж байна.

Харамсалтай нь, Нацагаагийн маань бие жаахан чилээрхээд энэ ажлаасаа больчихсон. Би залуучуудад заавар зөвлөгөө өгч, туслах их дуртай. Алдаж, онож явсан өөрийнхөө залуу насыг тэднээс хардаг юм. Надаас зөвлөгөө аваад, алдаагаа засахад нь чихэр авч байгаа хүүхэд шиг л баярладаг.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та хоёр шиг түүхэн амжилтын эзэн болох юм сан хэмээн зорьж яваа хүмүүст хандан сургаалаа хайрлана уу?

Ч.Д: Туулж өнгөрүүлсэн амьдралаа дүүтэйгээ хамт эргэцүүлэхэд сэтгэл их хөдөлдөг юм байна. Үе үе нулимс унагаж л суулаа. Ахмад үеийнхнээсээ суралцах зүйл их бий шүү. Өнөөгийн залуус ахмадынхаа үгийг сонсох тал дээр тааруу, үгүйсгэх нь ихсээд байна уу даа гэж анзаардаг.

Эв эеийг эрхэмлэж яваарай. Өнөөдөр үүссэн жижигхэн үл ойлголцол өдрөөс өдөрт томорч, бугшсаар байвал сүүлдээ харамсаад ч баршгүй гарз хохирол болох гэмтэй. Тиймээс аль болох ярилцан, учир зүйгээ ололцож байгаарай гэж спортын залууст захья.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-20 12:50

judo boh geed odoo baihgui shuu. judo-do nertei karate-do urlagiin salbar shijileh uhaan bolosn. kbantoni armee nuuts said sato hajashi mongold nutsar irjee.
eja hamirda nilka

Зочин
Зочин
2020-10-20 12:50

iga silkawa tago nokiwa

Зочин
Зочин
2020-10-20 12:53

tokio silka nokuwa sakura toshino hapitawa sakawa suntawa

Зочин
Зочин
2020-10-20 12:53

ulaanbatar sunowa egowa tuniwa tupinawa sogota sogoota nukano

Зочин
Зочин
2020-10-20 12:54

tusman, talisman hamtan dragonia tan lunia

Зочин
Зочин
2020-10-20 12:57

tokio hampildana noko

Зочин
Зочин
2020-10-20 12:58

nishimo nkara

Холбоотой мэдээ

Back to top button