СПОРТ

Үндэсний бөх үзэгчгүй, наадмаас бусад барилдаанд зодоглох бөхгүй болох нь

Бөхөд хорхойтой нэг ах маань “За, нээлтийн барилдаан хурдан болоосой. Баянзүрх хайрхны хишиг барилдаан ч чансаатай, шимтэй болдог доо. Энэ жил улсын наадмаар шинэ цол авсан бөхчүүд бэлтгэл сайтай, барилдах гээд догдолж суугаа байх. Цол дагаж бяр нэмэгддэг гэдэг. Нээлтийн барилдаанд хэн түрүүлэх бол. Хуанли хаана байна, хэд дэх өдөр тохиох нь вэ. Ажилтай давхцаад үзэж амжихгүй болох вий дээ. Наадмаас хойшхи анхны барилдаанаа Бөхийн өргөөнд үзэж, бөхчүүдийнхээ барилдааныг шимтэхээс илүү сайхан юм гэж юу байх вэ” хэмээн бараг л долоон хоногийн өмнөөс догдолсон.

Хүсэн хүлээсэн аравдугаар сарын 6 болж, ах маань Бөхийн өргөөнд бөх үзэхээр яаран явав. Гэтэл Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёроос өөр том цолтой бөх зодоглосонгүй. Бүр улсын заан цолтой ганцхан (Б.Батмөнх), улсын цолтой 19-хөн бөх барилдаж, бөхийн хорхойтнуудыг гонсойлгов.

Нээлтийн барилдаанд зодоглосон улсын цолтой бөхчүүд:

1.Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс
2. Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
3. Улсын заан Батзоригийн Батмөнх
4. Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий
5. Улсын харцага Бат-Очирын Одгэрэл
6. Улсын харцага Хүрэл-Очирын Гантулга
7. Улсын харцага Мягмарын Бадарч
8. Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо
9. Улсын начин Чулуунбаатарын Батчулуун
10. Улсын начин Чинчулууны Хөхчирэнгэр
11. Улсын начин Лхагвасүрэнгийн Гантулга
12. Улсын начин Баатарын Амарзаяа
13. Улсын начин Бадамсамбуугийн Ганхуяг
14. Улсын начин Батсайханы Дэлгэрсайхан
15. Улсын начин Лутын Батзориг
16. Улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэн
17. Улсын начин Шоовдорын Дарханбат
18. Улсын начин Батбаярын Даваа-Очир
19. Улсын начин Баянзулын Цэдэнсодном

Хэд хоногийн өмнөөс тус барилдааныг хүлээсэн ах орой нь нэлээд баргар ирснээ “Монголчууд бид бөхчүүдээ хэчнээн их хайрлаж, хүндэлдэг билээ. Гэтэл тэд биднийг хүндэлдэггүй бололтой. Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгс хоёр зодоглоогүй бол ганц ч аварга, арслан цолтонгүй барилдаан болох байж” гээд санаа алдав.

Тэгснээ “Хэд хоногийн дараа болох барилдааныг зурагтаараа үзье. Баахан түгжирч, ажлаа хойш нь тавин байж Бөхийн өргөөнд бөх үзэх дэмий юм билээ. Том цолтой бөхчүүд барилдахгүй биз” хэмээн нэлээд гомдонгуй өгүүлсэн.

Нээрэн ч ахын таамагласан зөв байж. Дөрвөн хоногийн өмнө болсон Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойд зориулсан барилдаанд мөн л улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболдоос өөр том цолтой бөх барилдсангүй. Яг өмнөх шигээ улсын цолтой 19-хөн бөх барилдан, бусад нь монгол түмнээ хүндэлсэнгүй. Ийм байхад хэн чамгүй үнээр тасалбар аван байж Бөхийн өргөөнд бөх үзэх билээ.

Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойд барилдсан улсын цолтой бөхчүүд:

1.Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс
2. Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
3. Улсын заан Баттулгын Соронзонболд
4. Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий
5. Улсын харцага Бат-Очирын Одгэрэл
6. Улсын харцага Мягмарын Бадарч
7. Улсын харцага Оргихын Хангай
8. Улсын начин Чинчулууны Хөхчирэнгэр
9. Улсын начин Лхагвасүрэнгийн Гантулга
10. Улсын начин Баатарын Амарзаяа
11. Улсын начин Цэдэнбазарын Одбаяр
12. Улсын начин Бадамсамбуугийн Ганхуяг
13. Улсын начин Батсайханы Дэлгэрсайхан
14. Улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан
15. Улсын начин Балганы Хишигбаатар
16. Улсын начин Бердимуратын Серик
17. Улсын начин Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
18. Улсын начин Шоовдорын Дарханбат
19. Улсын начин Батбаярын Даваа-Очир

Монгол Улс 50-иас доош настай улсын аварга цолтой найм, улсын арслан долоо, улсын гарьд 10, улсын заан 15, улсын харцага 31, улсын начин цолтой 115 бөхтэй. Тэгэхээр улсын цолтой нийт 186 (бүгд 50-иас доош настай) хүчтэнтэй гэсэн үг. Улсын цолтой, барилдах боломжтой, ид эрэн дээрээ яваа ийм олон бөхтэй мөртлөө наадмаас хойшхи хоёр ч барилдаанд 19-хөн бөх зодоглосон нь үнэхээр чамлалттай тоо, арай ч дээ гэмээр ирц.  

Улсын цолтой бөхчүүдийн нэр:

О.ХАНГАЙ: ҮЗЭГЧГҮЙ БОЛОХООР БАРИЛДАХАД УРАМГҮЙ БАЙДАГ

Үндэсний бөхөд хорхойтой, бөхчүүдээ хүндэлдэг ч зурагтаар үзэхийг илүүд үзэх болсон хэчнээн хүн байгаа бол. Тэр хэрээр үндэсний бөхийн спорт үзэгчдээ алдаж байна. Ер нь ойрын жилүүдэд Бөхийн өргөөнд бөх үзэх иргэдийн тоо эрс цөөрсөөр байгаа. Цолны найраа, барилдах идэвх, допинг, МҮБХ-ны хагарал зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байгаа нь мэдээж. Том цолтой, чансаа өндөртэй аль болох олон бөх барилдах тусам тухайн барилдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой болно. Тэр хэрээр бөхийн хорхойтнуудын сонирхлыг татна. Тэгэхгүй ингээд л улсын цолтой хэдхэн бөх дуртай үедээ барилдан, монгол түмнээ хүндлэхгүй бол алсдаа үзэгчгүй болоход ойрхон байна.

Ямар ч спортын амин сүнс нь үзэгч, хөгжөөн дэмжигчид. Бөхийн өргөөнд олон хүн бөх үзвэл МҮБХ-нд ашигтай, бөхчүүдэд урамтай. Бөхийн өргөөнд бөх үзэх иргэдийн тоо цөөрсөөр байгаад бөхчүүд ч санаа зовж байгаа бололтой. Үүнийг улсын харцага О.Хангай цахим хуудсандаа “Үзэгчгүй болохоор барилдахад урамгүй юм. Бөхчүүд бид түмэн олноо баясуулан цэнгүүлэх үүрэгтэй, үндэсний өв уламжлалаа тээж яваа хүмүүс. Үзэгчгүй болохоор юуны төлөө барилдаад байгаа юм бүү мэд. Ингэж байгаад монгол үндэстний маань дархлаа алдагдаж, үндэсний бөх устах вий гэхээс санаа зовж байна. МҮБХ-ноос үзэгчдээ татах ямар нэг менежмент хийх цаг нь болсныг сүүлийн хэдэн барилдааны үзэгчийн тоо хэлж байна” хэмээн нийтэлснээс бэлхнээ харж болно.

ЗАРИМ БӨХ НААДМААС БУСАД БАРИЛДААНЫГ ТӨДИЙЛӨН ТООДОГГҮЙ

Ер нь зарим бөх улсын наадмаас бусад барилдааныг төдийлөн тоодоггүй нь гашуун боловч үнэн. Улсын наадмаар найраагаар хэдэн төгрөг өвөртөлчихөөд бусад үед хувийн бизнесээ эрхлээд явдаг хүчтэн цөөнгүй. Заримдаа Монголынхоо гэхээс илүү ӨМӨЗО-д зохион байгуулдаг, өндөр шагналын сантай барилдаанд зодоглохыг илүүд үзээд байх шиг.

Хоёр жилийн өмнө болсон Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд яалаа даа. Тэр жил тус барилдаан, ӨМӨЗО-ны “Алтан бүс”-тэй давхацсан. Гэтэл Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улсын аварга Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Батмөнхөөс өөр том цолтой бөх зодоглоогүй. Тэднээс бусад том цолтнууд Чингис хааныхаа мэндэлсэн өдөрт зориулсан барилдааныг бус Бээжин хотод төвтэй “Эрин зууны ажнай” компанийн ивээн тэтгэдэг “Алтан бүс” хэмээх өндөр шагналтай тэмцээнийг чухалчилсан.

Тэр жил улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар бэртсэн, С.Мөнхбат ар гэрт нь ажил явдал гарсны улмаас Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд зодоглоогүйг нь ойлголгүй яах вэ. Харин үндэсний бөхийн өнөө цагийн өнгийг тодорхойлж буй улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших тэргүүтэй бөх яагаад их түүх, өв соёлоороо бахархах энэ өдрийг үл тоосон юм бол. Эсвэл Монгол бахархлын өдрийн барилдааныг мартчихсан юм болов уу. Ерөнхийлөгчийн Тамгын газраас улсын аварга, арслан, гарьд, заан цолтой болон өндөр чансаатай 22 бөхөд “Төрт ёс, их хаанаа хүндэтгэн барилдана уу” гэсэн утга бүхий урилга албан ёсоор хүргүүлээд байхад үл тоон, шагнал өндөртэй “Алтан бүс”-ийг зорьсонд олон түмэн таагүй хандсан. Тэд Ерөнхийлөгчийнхөө бус бэл, бэнчинтэй харийн компанийн урилгыг хүлээн авч, зорьсон нь иргэдийг ихэд бухимдуулсан билээ.

Жирийн нэгэн барилдааныг өнжсөн бол өөр хэрэг. Мэдээж өнөөгийн нийгэмд хоёр идэхгүй хоосон хонохгүй, хүнээс дутахгүй амьдрахад мөнгө хэрэгтэй. Тогтмол орлогогүй, бэлтгэл, барилдааны хажуугаар ар гэрээ нуруундаа үүрч яваа бөх олон. Омогших түүх, бахархахгүй байхын аргагүй өвөг дээдсээ хүндлэх нь монгол хүн болж төрсний нэг утга учир баймаарсан.

Ер нь ингээд тоочвол иймэрхүү жишээ олон. Одоо бид яах вэ. Яавал Бөхийн өргөөнд бөх үзэх үзэгчдийн тоо, наадмаас бусад барилдаанд зодоглох бөхчүүдийн идэвхийг нэмэх вэ. Үүнд хамгийн их анхаарч, тодорхой ажил хийх учиртай байгууллага бол МҮБХ. Тус холбооноос энэ асуудалд анхаарч, чамгүй олон ажил санаачилсаар өдий хүрсэн. Гэхдээ яг одоо нүдэнд харагдаж, гарт баригдах тоймтой ажил хийхгүй байгаа нь харамсалтай.

БӨХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖУРМЫГ СЭРГЭЭЕ

МҮБХ-ноос хоёр жилийн өмнө улсын цолтой бөхчүүдийн барилдаанд оролцох идэвхийг нэмэх, дэмжих зорилгоор шинэ журам баталж, тэр ч бүү хэл мөнгөн урамшуулал олгохоор болсон. Эл журмын дагуу тус холбооноос баталсан тухайн жилийн барилдаанд 30-34 настай бөх 50, 29-өөс доош настай бөх 70 хувьд нь зодоглосон байх үүрэгтэй. Үүний сацуу дээрх болзлыг хангасан аварга цолтон 330.000, улсын арслангууд 220.000, гарьдууд 110.000 төгрөгийн мөнгөн урамшуулал жилд нэг удаа хүртэнэ.

Тус журмыг 2017 оны есдүгээр сарын 30-наас мөрдөж эхэлсэн. Улмаар бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмын хэрэгжилтийг 2018 оны хоёрдугаар сарын 13-нд танилцуулахад ийм дүн гарсан.

БӨХЧҮҮДЭД ТАВЬСАН ШААРДЛАГА

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоосон.

-35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.

-30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувьд буюу 10 барилдаанд барилдана.

-29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувьд буюу 14 барилдаанд барилдана.

Харин Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй гэж заасан.

ЖУРМЫН ДАГУУ ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Жил бүрийн 9-11-р сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

Жил бүрийн 9-11-р сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

Цагаан сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7-р сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоо заан өгч барилдуулна.

Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, ивээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана гэхчлэн журамлажээ.

Харамсалтай нь, Бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг өдгөө хэрэгжүүлэхгүй байгаа. Тус журмыг сэргээх зайлшгүй шаардлагатай. Үүний сацуу чансаагаараа өнгөлж яваа, улсын том цолтой бөхчүүдийг наадмаас бусад барилдаанд заавал барилдуулдаг больё. Тэгвэл бөхчүүдийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдэх нь дамжиггүй.

ЭЦСИЙН ЭЦЭСТ БҮХ ЗҮЙЛ БӨХЧҮҮДЭЭС ШАЛТГААЛНА

Монголчууд бид үндэсний бөхөө хэрхэн хайрлаж, бөхчүүдээ ямар их хүндэлдэг билээ. Гэтэл бөхчүүд маань төр, түмнийхээ хүндлэлийг бүрэн хариулж чадаж байгаа бил үү. Найраа, допинг, дэвжээн дээр зүй зохисгүй авирлах гээд үндэсний бөхийг, бөхчүүдийг муухай харагдуулж байгаа зүйл олон. Энэ бүхэн үндэсний бөхийн спортын, бөхчүүдийн нэр хүндийг унагасаар байна. Тэр хэрээр Бөхийн өргөөнд бөх үзэх сонирхолтой иргэд цөөрсөөр байгаа нь үнэн. Одоо тэгэхээр яах вэ. Энэ бүхэн эцсийн эцэст бөхчүүдээс л шалтгаална. Бөхчүүд монгол түмнээ хүндлэн, уран хурц дайчин барилдаж, элдэв найраа хийхгүй, хоройтой бодис хэрэглэхгүй байхад л болно. Тэгэхэд монгол түмнийхээ хайр хүндлэлийг аяндаа татах нь баараггүй.  Тэгэхгүй бол МҮБХ-ноос азтай үзэгч төчнөөнийг шалгаруулж, хэдэн ч барилдаан зохион байгуулан, хэр баргийн шинэ зүйл санаачлаад нэмэргүй.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Бөх үздэг хүмүүсийн насыг харв#### 30 аас дээш насныхан дийлэнх бараг 90 хувь нь байгаа шүү. Нэг сайн шинэчлэл шударга байд#### ёс зүйг хэвшүүлэхгүй бол 10 биш 5 жилийн дараанаас наадмын үзүүр түрүүний бөхийг ч үзэх хүнгүй болно шүү.

  2. төрийн өмчит компаниуд, төсөвт байгууллагын нэрийн өмнөөс сул ц####ин, хангамж авдаг бөхчүүдийг болиулах хэрэгтэй. шударга биш бна. заав#### том цолтой бөх барилдуулах гэж туйлшрах хэрэггүй байхаа. монгол улсаа, үзэгчдээ хүндэтгэсэн бөхчүүд нь барилдаж л байг даа. том, жижиг цолтой гэж ялгарч чадахаа больсон шүү дээ.з####уу бөхөө хүндэтгэе.сул ц####ин хангамж аваад байхаар бийлэгжүү болоод томроод байгаа бөхчүүдийг үзэхээс дургүй хүрээд байдаг юм.юу болоод дулааны цахилгаан станцын бөх, ####дарын бөх, гацууртын бөх, бас тэгээд хувийн компаниудын бөх гээд дампаараад байгаа юм бэ?

  3. Ид үедээ бгаа том цолтонгууд барилдахгүй болохоор дэмжигчид яаж бөх үзэх вэ дээ. Цолныхоо үнэ цэнэ хариуцлагыг ойлгохгүй бөхөөр нэр ####дарт хүрснээ мэддэггүй бөхчүүд том цолтонгууд дунд их бна. Тэгээд нэх допинг ярих дуртай. Барилддаггүй аварга допинг яриад яах юм.

  4. хэн эртэй бяртай нь давна гэж бодоод үзэж суух уу хэн илүү допинг хэрэглэсэн нь давна гээд үзэх юм уу

    1. Барилддаггүй ,үзэгчидээ хүндэлдэггүй, бөхөөр хоолондоо, нэр ####дарт хүрснээ ойлгох чадваргүй цолтонгууд өрөвдөлтэй. Өөрийгөө нэх томд бодцон. Яг үнэндээ хэн юм бэ. Монголоос гараад хэн ч танихгүй нэг муу одонцор. Өөрөөсөө илүүд өвдөггүй мэт, өөрөөсөө доогуурт газар хардаггүй мэт явдаг нөхдүүд бас маш олон

  5. Тавилттай жүжиг үзэх сонирхолтой хүн ховордсон доо…####ийн болгон найраа үзэж суух вэ дээ

  6. Zaluu uy buyu 30 aas doosh nasniihan buh huniig haraad buh hun bna geheed tsaash medehgui. 30 aas deesh nasniihan l buh uzej baigaa. Buh yavaandaa uzegchgui boloh ni todorhoi. Zaluuchuud buhuur bish tarkhiar yavhiig husej bna. Uls turd buh hun orood hezee ch bolovsroltoi zaluu huudtai tsentsehgui. Yaagaad gevel ter hun tarkhiig bish bieiig hugjuulsenees yalgaagui gej bi boddog, yag l Gladiators shig.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button