Сурвалжилга, НийтлэлЧөлөөт нйитлэлч

#Кена| Эсэргүүний хүүхдээс нэрт эрдэмтэн болсон Н.Содном

ОХУ-ын Дубна хот. 2023 оны тавдугаар сарын жирийн нэг өглөө. Хүмүүс ажилруугаа орохоор Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн гадна дугаарлан зогсоно. Заримдаа нэгэн зэрэг ажилдаа ирцгээсэн хэдэн зуу, мянгаар яригдах ажилтантай байгууллагын хувьд хүмүүс ийн дугаарлан зогсох нь хэвийн үзэгдэл. Тэдний дунд оны өмнөхөн ОХУ-ын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтэд албан томилолтоор ирсэн Т.Тогтохтөр зогсох бөгөөд тэр Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй эрдэмтэн судлаачид дундаа насаар ч, томилогдон ирсэн хугацаагаар ч хамгийн залуу нь билээ. Дубнад ажиллах эрдэмтдийн цуваа хаанаас эхлэлтэйг тэр нэг удаа сониучирхан асуусан нь өнөөдрийн энэ бичвэрийг бичүүлэхэд хүргэсэн юм.

Тайлбар нь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Цацрагийн Биологийн Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Тогтохтөр “Н.Содномын өргөн чөлөө”-нд

1956 оны есдүгээр сар, намрын урь орсон тэр л өдөр гуч гаруйхан настай ч Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд Физик, математикийн ухааны доктор хамгаалсан залуу эрдэмтэн Намсрайн Содном Дубна хотноо Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Нейтроны Физикийн Лабораторид ажиллахаар ирж байжээ. Москвагаас унаагаар хоёр цаг гаруй явсаар их ойн дундах жижигхэн хотод ийнхүү хожмын том зорилготой ирснээ тэр дотроо баримжаалж байсан болов уу гэж бодогдмоор. Учир нь тэрээр ОХУ-ын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийг байгуулах хуралд биечлэн оролцож дүрмийг нь батлахад гарын үсэг зуралцсан цөөн хүний нэг хэмээн өнөөг хэр хүндэтгэлтэйгээр дурсагддаг билээ. Нэрийг нь сонссон хэн ч сүрдэм энэ хүний амьдралын түүх замнал өөрөө арвин баялгаар тогтохгүй.

Хүний амьдралын зам дардан шулуун байдаггүйн адилаар Содном бага насандаа аавыгаа алдаж, “Эсэргүүний хүүхэд” хэмээн дуудуулж, сургуулиасаа хөөгдөн хэлмэгдүүлэлтийн хатуу он жилүүдийн шуурганд нэрвэгдсэн удаатай.

Н.Содном бага насандаа

Намрын сүүл сарын сэрүү татсан жихүүн шөнө үл таних хүмүүс хаалгыг нь нүдэж хүүгийн нүдэн дээр аавыг нь баривчлах бичиг үзүүлжээ. Амнаасаа унагасан үг нь аюул болчихож мэдэх хатуу цагийн босгыг аавгүй, ээжгүй, аль хайртай нэгнээ алдсаар арайхийн давсан түүх түүнийг ч тойрсонгүй. Намрын тэр шөнө аав нь духан дээр нь ганц үнсээд, ээжийнх нь үсийг илбээд гарснаас яг арван хоногийн дараа буун дуу тасхийжээ. До яамныхан гэрийг нь нэгжиж, өнгөтэй өөдтэй бүхнийг нь хуу хамаад явсан ч төдөлгүй дахин ирж хашаа байшин, авдар сав юутай ийтэй нь бүгдийг нь битүүмжилж бага дөрвөн ханатай гэр, хэдэн авдартай зүйл өгсөн нь Москвад хэвлэгдсэн хатуу хавтастай орос номноос өөр юмгүй байв. До яамныхны өгснийг аваад хашаанаасаа нүүхийг албадсан тул хаачихаа ч үл мэдэх хэцүүхэн нөхцөлд унажээ.Аавынх нь нэрийг “НАМСРАЙ” хэмээн том модон үсгээр бичиж өлгөсөн тэр л хашаанаасаа ядуу гуйланч амьтан шиг хөөгдөнө гэж яахин санах билээ. Хавийн хүмүүс, хамаатан садан нь нэр холбогдохоос айж цэрвэж танихгүй хүмүүсийн нөмөр нөөлгөөр айлын хашаа бараадан суух болов. Аавыгаа алдаад зогсохгүй амьдралын хатуу буулганд ээжтэйгээ айл айлын хашаа дамжиж амьдрахаас гадна “эсэргүүний хүүхэд, эсэргүүний ар гэр” гэсэн тодотгол тужид дагах нь нийгэмд хавчигдан гадуурхагдах нэг шалтгаан болж байлаа. Нас өндөр ээжийгээ тэтгэж, асрах хариуцлага хүүхэд насанд нь ирсэнд гомдож, цөхөрсөнгүй ажил эрж Залуучуудын соёлын ордонд ажиллах болов. Нүүдлийн амьдрал тасрахгүй хэвээр байсаар дунд сургуулийн найз Балжиннямын хашаанд бууж, эсэргүүний ар гэр гэж адлалгүй халуун гараа сунгаснаар нүүдлийн амьдрал нь хэсэг тухжив. Өнөөх л хэцүү тодотгол дор ажлаасаа хөөгдсөн ч мөчөөгөө өгөлгүй давж заалдаад заргаа авсан ч эргүүлэн ажилд нь авсангүйд Содном ажилгүйджээ. Ажлын сураг чимээ холдож, бүтэлгүйтэж байсан талаараа тэрээр хожмоо нь өөрийн тэмдэглэлдээ “Эсэргүүний ар гэрийнхэн хазгай гишгэж ч болохгүй” хэмээн товч бөгөөд сэтгэл гогдом бичиж үлдээсэн байдаг. 1939 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн Хэл бичгийн тасагт судлаач эрдэм шинжилгээний дэд ажилтнаар орж нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл нарын удирдлагаар дунд сургуулийн ахлах ангийн уран зохиолын номын орчуулгыг хийж, уран зохиолын орчуулгын талаар өгүүлэл хэвлүүлсэн нь Содномд урам зориг болоод зогсохгүй эрдмийн хүн болох эхлэл нь болсон байна. 1942 онд Монгол Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулагдсан даруйд оюутнаар элсэн орж онц сурахад л  шамдана. Онц сурвал цалинтай тул ээждээ ч амьдралд нь ч нэмэртэй хэмээн бодсоных биз. Хүн зөв газрынхаа үүд хаалгыг татаж чадвал зөв зам нээгддэг ээ хэмээн хаа нэгтээгээс сонссоны биелэл Содном гуайд тохиожээ гэлтэй. Сургуулийнхаа анхны онц төгсөгчдийн нэг болоод зогссонгүй хоёрдугаар дамжааны оюутан байхаасаа физикийн тэнхимийн лаборантаар ажиллаж, төгсөх ангид байхдаа бэлтгэл ангийнхандаа физик зааж, багш нарын оройн дээд сургууль болон доод ангиуддаа математик анализ, алгебрийн хичээл заахуйц хэмжээнд өөрийгөө дайчлан, боловсруулж байв. Сурах, эрмэлзэхийн сайханд автсан Содномын амьдралд гэнэтхэн аадрын үүл нөмрөх шиг ээжээсээ хагацлаа. Ээжийгээ оршуулахаар морин тэрэг дээр хэвтүүлээд хоёр найзтайгаа хөдөөлүүлжээ. Хүний ганц хүү байхын хэцүү нь энэ байсан болов уу даа.

Н.Содном, 1945 он

Содномын хичээл зүтгэл, аливаад шамдангуй, илтэд гоц байдлыг анзаарснаар түүнийг МУИС-д багшаар томилуулан үлдээжээ. Оюутан ахуйд нь математик анализийн хичээлийг нь заадаг байсан Б.И.Вейцман багшийнхаа хичээлийг хүнд маш ойлгомжтой аргаар заадаг өвөрмөц арга барилыг өөртөө ч үлгэрлэн авав. Өөрөө ч хичээлдээ онцгой дуртайгийн сацуу матанализийг анх удаа монгол хэл дээр зааж байсан гэдэг. Матанализ түүнд хүнд байсангүй. Эрдэм номын амьдралд эргэлтгүй орсон ч ахуй амьдралыг умартсангүй. Гэндэнгийн Цэрэндулам гэх даруухан атлаа шаламгай, эмч бүсгүйтэй 1945 онд гэр бүл болцгоож, хамтын амьдралаа эхлүүлжээ. Монгол Улсын ес дэхь Ерөнхий сайд агсан П.Гэндэнгийн ганц охин тэрээр мөн л хүүхэд ахуй насандаа аавыгаа хэлмэгдүүлэлтээр төрийн цаазад алдаж, ээжтэйгээ өнчрөн үлдсэн. Хүний ганц хүүхдүүд, “эсэргүүнийхэн” гэж дуудуулах тодотгол ижлийн цаана биенээ ойлгож учирсан нь тэр ээ. Өнөр өтгөн айл болж, Содномынх гэдэг нэгэн халуун бүл ийн голомтоо бадрааж байжээ.

Н.Содном лабораторийн хичээл удирдаж байгаа нь

Матанализад дурлавал автаад л байхаар санагдсанд Содном 1948 онд Москваг зорьжээ. Ном товхимолын авторт л нэрийг нь уншиж байсан тэр л мундагчуулаар хичээл заалгах хувь тохиов. Цоо шинэ орчинд, шинэ багш нарын хичээлүүд, тэдний заах арга барил, сургалтын арга зүй нь үнэхээрийн өөр байсанд ганцхан жил мэргэжил дээшлүүлэх бус цаашид аспирантурт сурах нь зөв гэж шийдэхэд хүргэв. Удирдагч багш олно гэдэг яггүй даваатай нүүр тулсан ч геофизикийн сэдвүүд сонгон Газар хөдлөлийн тэнхимд хувиарлагджээ. Хүний газар өөрийгөө хэн бэ гэдгийг харуулна, батлана гэдэг амьдралын нэг яггүй сорилт. Содном нэгэнт эргэлзэлгүй сонгосон зүйлдээ үнэхээр гоц байж чаддаг байв. Ийн залуу эрдэмтэн Содномын бусдыг манлайлах ур чадварыг орос, монголгүй мэдэх болсон тул Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт байгуулагдах сургаар түүнийг илгээж, анхны үүсгэн байгуулагч улсын тоонд Монголыг багтаах завшаан тохиосон байна. Мөн залуу физикчдийг илгээн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгүүлэхээр томилсон гэдэг. Содном тус байгууллагад эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдож Нобелийн шагналт, акамдемич И.М.Франкийн лабораторид ажиллах болов. Төдөлгүй түүнийг институтын дэд захирлаар сонгож, ерөнхий захирал академич Н.Н.Боголюбовын удирдлага дор ажиллах болжээ. Содном зөвхөн өөрийн хувийн ажил мэргэжлийн амбицийг хөөх бус салбарынхаа хөгжил дэвшил болоод улсынхаа олон улсад эзлэх байр суурьт нөлөөлөхүйц хэмжээнд үр бүтээлтэй ажиллаж байсныг түүний хийж бүтээсэн эрдмийн ажлуудаас харж болно. Монголд цөмийн физикийг хөгжүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулж байсны ердөө нэг нь гэхэд л электроны хурдасгагч микротрон МТ-22-ыг ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дэргэд байгуулах зөвшөөрлийг тухайн үеийн Засгийн газраар гаргуулж ажиллуулах томоохон төслийг удирдаж байсан бөгөөд энэ нь Монголд цөмийн судалгааны төв байгуулах бааз суурийг бий болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Намсрайн Содномын хэвлүүлсэн судалгааны өгүүллүүд дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдээд зогсохгүй 1991-1994, 1996 онуудад Англи улсад хэвлэгдсэн “Дэлхийд хэн нь хэн бэ?”, “Азид хэн нь хэн бэ?”, 1983 онд Орост хэвлэгдсэн “Дэлхийн физикчдийн намтар” зэрэг нэр хүндтэй номуудад намтар нь багтсан нь түүний эрдэмтний чансааг илтгэж байлаа. Хүндтэй эрдэмтнээс гадна хүнтэй ярилцах, аливааг таниулан ойлгуулах, манлайлан зохион байгуулах чадвартай Содномын уугуул чанар нь түүнийг олон ч удаа дэлхийн томоохон хурал, семинарт эх орноо төлөөлүүлсэн.

Улс төр, нийгмийн салбарын дэлхийд алдартай хүмүүстэй ч мөн уулзаж, санал бодлоо солилцож, эх орныхоо талаар хамгийн цэгцтэй ончтой үгийг хэлж явсан нь Содномыг цөмийн физикийн салбарын “Ренчин гүүш” гэж зүйрлэхээр хэмжээнд байсан нь үнэн. МУИС-ийн оюутнаас багш, багшаас ректор, ОХУ-ын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтад эрдэм шинжилгээний ахлах ажилтнаас дэд захирал, БНМАУ-ын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын Улсын хорооны дарга, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч гээд түүнд оноосон үүргийг ял биш шагнал мэт хүлээн авч үргэлж давуулан биелүүлдэг ер бусын идэвх, хичээл зүтгэлтэй хүн байсныг нь үе үеийн хамтран ажиллагч, шавь нар нь дурсан ярьдаг билээ. Академич Намсрайн Содном өөрийн ухамсарт амьдралаа шинжлэх ухааны салбарын хөгжил болоод Монголын дээд боловсрол, техник мэргэжлийн болосвролын системийг төлөвшүүлэхэд бүрнээ зориулсан юм.

Дубна хот дахь Олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн дэд захирал академич Н. Содном /1966-1973/

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн цайны цаг. Нейтроны Физикийн Лабортори руу алхах замд Т.Тогтохтөр урьд нь нэрийг нь сонсож асан тэр л хүнийхээ нэрэмжит өргөн чөлөөнд ирэв. Өдгөө салбарынх нь гарын авлага болсон ном товхимол, эшлэл болсон томоохон судалгаа шинжилгээний өгүүллээс л нэрийг нь харж явсан “Намсрайн Содномын өргөн чөлөө” энд бий. Өдгөөгөөс 67 жилийн өмнө түүний үүсгэн байгуулалцсан Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт өнөөдөр 5000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтантай, долоон лабораторитой нүсэр том байгууллага болж өргөжин тэлжээ. Дубнад залуу эрдэмтдийг бэлтгэх, туршлагажуулахад Намсрайн Содномын эхлүүлсэн замаар олон зуун эрдэмтэн залуус ирж ажилласаар буйн нэгэн жишээ нь залуу судлаач Т.Тогтохтөр болон бусад монгол эрдэмтэн, инженерүүдийг хэлж болно оо. Цацрагийн Биологийн Лабораторид Математик модель загварчлалын группт Монгол Улсын ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс Эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон ирсэн залуу ажилтан Т.Тогтохтөрын хэтийн зорилго тэртээ олон жилийн өмнө Дубнад томилогдон ирсэн Намсрайн Содномынхтой ч ижил биз ээ. Ирээдүйн эрдэмтэн, зүтгэлтний хүсэл зориг жирийн даруу нэгэн хүүгийн цээжинд багтаж л явдаг аа.

“Эсэргүүний хүүхэд” гэж дуудуулж явсан жаалхан хүү өөрийн бүтээсэн, үлдээсэн бүхнээрээ өнөөдөр Шинжлэх ухааны салбарын нэрт зүтгэлтэн болж нэрээ мөнхөлжээ. Энэ жил Намсрайн Содном гэх эрхэм эрдэмтний мэндэлсний 100 жилийн ой тохиож буй билээ.

Н.Содном А.Г.Беловын хамт ШНИ-ийн электроны хурдасгуур МТ-25 дээр туршилтанд бэлтгэж байгаа нь
ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ХУРАЛ, ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН ЧУУЛГАН ДЭЭР (1974 ОН )
Академич Н. Содном академич Г.Н. Флёровын хамт
Академич Н. Содном Нобелийн шагналт
академич И.М. Франкын хамт
1978 онд Далай Ламын Арван дөрөвдүгээр дүр Монголд анх залран ирэхэд Монголын энх тайвны хорооны даргын хувьд албан ёсоор хүлээн авав.

ОХУ-ын Дубна хот

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-05-25 08:27

хүү Бэхээ найздаа мэнд хүргьё

Зочин
Зочин
2023-05-25 09:53

Сайхан нийтлэл уншлаа

зочинзочин
зочинзочин
2023-05-25 11:02

Аавын минь найз, байрны ах Содном гуайг тодхон санадаг. Нилээд өндөрдүү нуруутай, том шил зүүсэн, огт үрчлээгүй магнайтай, их зөөлөн дөлгөөхөн, байнга инээмсэглэдэг хүн байв. Тухайн үед багш гэхээс том эрдэмтэн гэж мэддэггүй, машинд нь сууж үзээд гүйж явсан. Байрны х�##�тар хүүхдүүдтэй том хүн шиг ярилцаж, инээлдэж зогсдогсон.

Фариа
Фариа
2023-05-25 16:14

Ямар ч мундаг хүн байгаав дээ

Bujin
Bujin
2023-05-26 03:45

Dolgion,Munkhbat 2iin uvuu ni,mundag hun bjee,

Зочин
Зочин
2023-05-26 15:49

Монголын ойрын ирээдуй цомийн эрчим хуч гэдэг байв. Тор засаг цомийн станц барьв�##� мороодол нь биеэлнэ

Зочин
Зочин
2023-05-30 14:39

Saihan mundag mongol hun baijee

Зочин
Зочин
2023-05-31 15:31

ЖИРИЙН САЙХАН ЭРДЭМТЭН БАЙЛАА. ӨНӨӨГИЙНУЛС ТӨРИЙН БААСНУУД ШИГ БИШ ЭРДМЭЭРЭЭ ГАЙХУУЛЖ ЯВСАН ХҮН

Холбоотой мэдээ

Back to top button