Салхитын уурхайг хаахад 69 тэрбумыг зарцуулах ч нөхөн сэргээлтийн хяналт тодорхойгүй байна

Аливаа уурхайг нээсэн өдрөөс түүнийг хаах үйл явц давхар эхэлдэг билээ. Ингэснээр үйл ажиллагааны эхэн үед нийт зардлын хэмжээг багасгах боломж бүрдэхээс гадна уурхайн талбайн байгалийн унаган төрхийг нөхөн сэргээдэг.
Харин манай улсын хувьд уурхайг нээсэн цагаас түүнийг хаах бүү хэл хэзээ, хэдийд нөхөн сэргээлт хийх талаарх ойлголт үгүй. Тэгвэл Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр болов. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, Эдийн засаг, хөгжлийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамд, АМГТГ тэргүүтэй 23 тал оролцохоор байсан юм.
Уул уурхайн салбарын хувьд хаалтын менежментийг төлөвлөгөөг боловсруулах нь шинэ ахиц дэвшлийн нэг хэдий ч холбогдох нөлөө бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцоогүй билээ.
-Салхитын уурхайн талаар-
Эл уурхай нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг Зүүн хэмээх газар оршдог. "Эрдэнэ Ресурс Силвер" компани Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтыг 2019 онд эхлүүлж, үйл ажиллагааг нь 2020 оноос жигдрүүлсэн. Одоогоор жилд 600 мянган тонн хүдэр боловсрууладаг байна.
Харин уурхайн насжилтын хувьд 2021 оны ТЭЗҮ-ээр батлагдсан нийт нөөц нь 2025 онд бүрэн дуусаж, уурхайн хаалтыг эхлүүлэхээр тооцоолсон байдаг. Гэсэн хэдий ч нэмэлт геологийн хайгуул хийж буй нь нөөцийг нэмэгдүүлж, ордыг удаан ашиглахад чиглэж байгаа юм. Тус уурхайн ил уурхай нь урт 780, өргөн 400, гүн нь 50 метр байдаг.
-Гүний болон гадаргын усны бохирдлын үнэлгээ эрсдэл ихтэй гарчээ-
Уурхайн хаалтын төлөвлөлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ингэхэд дараах эрсдэлүүд хамгийн ихээр учирч болзошгүй байсан аж. Үүнд,
- Хаягдлын сангийн геотехникийн тогтворжилт
- Хөрсний бохирдол нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, ан амьтдад аюултай байх
- Гүний болон гадаргын усны бохирдол
- Үйлдвэрлэлийн ус болон хаягдлын сангаас үүсэх бохирдол зэргийг хамгийн их эрсдэлтэй ангилалд тооцсон байна.
Харин
- Ил ухшийн хананы геотехникийн тогтворжилт
- Элэгдэл эвдрэх
- Нөхөн сэргээлтэд ашиглах шимт хөрс хангалтгүй байх
- Хаягдлын сангийн бохирдол
- Ил ухаш нь хүн амын цаашдын хэрэглээнд аюултай байх
- Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх мэргэжилтнүүдийн дутагдал
- Дотоодын хууль тогтоомж өөрчлөгдөх, төрийн байгууллагын албан хаагчид эсвэл компанийн гүйцэтгэх удирдлага солигдох эрсдэл дундаж байгаа ажээ.
-Уурхайг хаахад 20 сая ам.доллар зарцуулна-
Уурхайг хаах нийт зардлыг 20 сая ам.доллароор тооцоолжээ. Монголбанкны ханшаар тооцоолбол 69 тэрбум төгрөгтэй тэнцэх юм.
Тэгвэл тус 20 саяыг юунд зарцуулахыг доор тооцоолон гаргая. Үүнд,
- Барилга байгууламжийг татан буулгах, тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэх - 1.78
- Техникийн нөхөн сэргээлт, газар хэлбэршүүлэлтийн зардал - 9.4
- Биологийн нөхөн сэргээлт - 2.24
- Нийгэм, эдийн засгийн шилжилт - 0.46
- Хаалтын дараах мониторинг болон арчилгаа, тордолгоо - 0.49
- Уурхайн хаалтын удирдлагын зардал 2.6
- Магадалшгүй ажлын зардал - 3.34 сая ам.долларыг тус тус зарцуулах юм байна.
Зардлыг бага хэмжээтэй байлгахын тулд олон улсын жишгээр уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тооцоолсон байх ёстой юм. Ингэснээр уурхайн үйл ажиллагаа, олборлолтоос уг зардлыг босгож, хуримтлуулдаг байна.
-Уурхайг хаасны дараа ямар арга хэмжээ авах вэ-
Салхитын уурхайн газрын дээрх барилга байгууламж, ажилчдын хотхон, тэсрэх материалын агуулах, засварын газар орчмын байгууламжууд, уурхайн талбай дахь зам, газрын доорх ус, цахим шилэн кабелийн шугам зэргийг хаалтын зорилгод нийцүүлж, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нөхөн сэргээх ажээ. Үүнд,
Ил уурхайн ухаш малталт:
- Хаалтын газар хэлбэршүүлэлтийг хүн ба мал зэрлэг амьтдад аюул учруулахгүй, эргийн хэлбэршүүлэлт хийж нуур үүсгэнэ
- Ил уурхайн орц хэсэгт тээврийн хэрэгсэл нэвтрэхээс сэргийлэн хамгаалалтын хөмсөг барьж байгуулах, түүнчлэн ил уурхайн дотоод зам дагуу үүсмэл нуурын мандал хүртэл гадаргын ус урсах шуудуу татна.
Хаягдлын сай:
- Зориулалтыг өөрчилж, дахин ашиглахаас бусад барилга байгууламжуудыг буулгаж, нүүлгэн шилжүүлнэ
- Газрын доорх инженерийн шугам сүлжээ, барилгын суурийн төмөр бетон хийцүүдийг буулгаж, ухаж ачна
- Баяжуулах үйлдвэр орчимд гадаргын ус зайлуулах суваг шуудууг байгалийн гуу жалгуудтай нийцүүлэн хэлбэршүүлнэ.
Хаягдал чулуулгын овоолго:
- Олборлолтын явцад 30 м өндөр, 488,667 ам.дөрвөлжин, 226,897 ам.дөрвөлжин талбай бүхий хаягдал чулуулгийн овоолгууд үүснэ. Уурхайн хаалтын механ сэргээлтийн шатанд овоолгын баруун хойд, урд хэсгийг 16.70 налуу, дээд хэсгийн усыг хураах зориулалтаар зүүн урд хэсгийг 100 налуутайгаар хэлбэршүүлнэ
- Овоолгыг бүхэлд нь 0.25 м гүн шимт хөрсөөр хучна
- Гадаргын урсац зайлуулах чулуун хуягт ус зайлуулах суваг байрлуулж, эвдрэлээс үүдэлтэй хурц ирмэг, гүн ховил асгаас зэрэгт сэргийлнэ. усны элэгд элэгдэл, эвдрэл үүсэхээс сэргийлнэ.
Баяжуулах үйлдвэр:
- Зориулалтыг нь өөрчилж, дахин ашиглахаас бусад барилга байгууламжуудыг татан буулгаж, нүүлгэн шилжүүлнэ
- Газрын доорх инженерийн шугам сүлжээ, барилгын суурийн төмөр бетон хийцүүдийг буулгаж, ухаж ачна
- Баяжуулах үйлдвэр орчимд гадаргын ус зайлуулах суваг шуудууг байгалийн гуу жалгуудтай нийцүүлэн хэлбэршүүлнэ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: 2024 оноос эхлэн явцын нөхөн сэргээлт, 2029 оноос уурхайн хаалт, 2035-2044 онд хаалтын дараах мониторинг, арчилгаа тордолтыг хийхээр хаалтын зардлыг тооцоолсон. Тэгвэл ирэх жилээс эхлэх нөхөн сэргээлтийн ажлаас 2044 он хүртэлх арчилгаа тордолтыг хэн, хэрхэн хариуцаж ажиллах нь тодорхойгүй байна. Товчоор бол өмнөх Засгийн газрынхаа ажлыг ч үргэлжлүүлдэггүй, дөрвөн жилийн настай төрд ирэх 21 жилийн уг арчилгаа, нөхөн сэргээх явцыг хэрхэн хянаж, хэн хариуцан ажиллах нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Тусгай ажлын хэсэг, "Эрдэнэс Силвер Ресурс" ТӨХХК эсвэл харьяа яам хянаж явах эсэх нь тодорхойгүй. Дарга нь солигдсоноор ажилчид нь солигддог ужгирсан тогтолцоотой байдлын улмаас уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлуудыг орхигдуулах эрсдэл бий.
Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээс хаалтын төлөвлөгөөг давхар хүлээн авч, нөхөн сэргээх үйл ажиллагааг нь ч хянаж эхлэх хэрэгтэй. Цөлжилт эрчээ авч буй энэ үед ногоон байгууламж, хөрсний асуудлаа шийдэх бидний гол зорилгыг салбар яамд орхигдуулж болохгүй. Юутай ч дараа дараагийн уурхайн төслүүдэд жишиг болж чадах эсэх нь Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөөнөөс илрэх биз. Нөхөн сэргээх ажлыг эхлүүлэх эсэхэд шаардлага тавьж, хянаж, төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлж буйг ирэх жилээс харах үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.