Гаалиар нүүрсэн яндангүй автомашинууд орж ирэх болжээ

Автомашины нүүрсэн яндан солих, зориулалтын бусаар ашиглах нь агаар дахь хүхрийн агууламж өсөхөд нөлөөлдөг тухай судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Өчигдөр /2023.11.22/ нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр зохицуулалт хийнэ хэмээн мэдэгдсэн.
Нүүрсэн яндан энгийнээр хэлэхэд автомашинаас ялгарах хорт утааг шүүх үүрэгтэй ч манай улсад ихэнх нь хулгайд алдагдсан. Нүүрсэн янданд 3-7 грамм цагаан алт, 2-7 грамм паллади, 1-2 грамм роди элемент агуулагддаг байна. Алтны агууламжтай тул орж ирээд бүү хэл сүүлийн үед гаалиар орж ирэхдээ нүүрсэн яндангүй байдаг гэх мэдээлэл гарч байна. Түүнчлэн дээрх шийдвэр хэрэгжиж эхэлбэл Улаанбаатарт явах машин бараг байхгүй гэцгээв.
БОАЖЯ-наас нүүрсэн яндангүй "Приус" автомашиныг журамлуулах арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандаж байсан. Мөн жил бүр "Утаа" нэгдсэн арга хэмжээний үеэр нүүрсэн яндангийн асуудал сөхөгддөг. Гэвч тухайн машинд нүүрсэн яндан байгаа эсэхийг энгийн байдлаар харж мэдэх боломжгүй учраас авто үзлэгт орохдоо л жолооч нар мэддэг байна.
Хулгайд алдагдсан нүүрсэн янданг хаана хэнд өгөхөөсөө шалтгаалсан үнэ ханштай. Гэвч үүний цаана шүүлтүүргүй буюу үйлдвэрийн бус яндантай автомашин агаар, орчинд асар их хор хөнөөл учруулж, иргэдийн эрүүл мэндийг хохироож байгаа нь асуудал бөгөөд агаарын бохирдлын 25-30 хувийг автомашины яндангаас гарч байгаа утаа эзэлдэг.
Нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг Монголоос гадна хэд, хэдэн улсад бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, Их Британид 2019 онд энэ төрлийн 3000 орчим гэмт хэрэг бүртгэгджээ. Ийнхүү дэлхийн бусад оронд ч “зөөлөн” яндангийн эрэлт ихэссэн нь катализаторт ордог газрын ховор элементүүдийн үнэ өссөнтэй холбоотой байх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд ордог цагаан алт болон газрын ховор элемент болох палладигийн үнэ огцом өссөн.
Одоогоос 4-5 жилийн өмнө 800 орчим ам.доллар байсан палладигийн үнэ 2018-2019 оны хооронд 2000 ам.долларт хүрлээ. Харин цагаан алтны үнэ 2018 онд 800 орчим ам.доллар байсан бол одоо 1200 ам.доллар болжээ. Ийнхүү металлын үнэ өсөхтэй зэрэгцээд нүүрсэн яндан ч олон улсад болон дотоодод өндөр үнээр худалдаалагдаж эхэлсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө манай улсад нүүрсэн янданг 300 мянган төгрөгөөр худалдааж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 300,000 - 2,000,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Олон улсын цахим худалдааны хаягаас харахад одоогоос 4-5 жилийн өмнө 300-500 ам.доллараар зарагдаж байсан нүүрсэн яндан одоо 2,000 хүртэлх ам.долларт хүрсэн байна.
Автомашины нүүрсэн яндан хулгайлсан бол дараах ял шийтгэлийг хүлээнэ.
ХУЛГАЙЛАХ буюу бусдын эд хөрөнгийг САНААТАЙГААР ХУЛГАЙЛСАН бол
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Харин хулгайн яндан гэдгийг мэдсээр байж худалдаж авсан бол МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт холбогдоно.
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арчаагүй муу наймаачид
Эрүүл байхаа бодохгүй мөнгө хэрэгтэй болжээ. Аминаас үнэтэй цагаан oлт
Нүүрсэн яндангүй машины үнэр нь ойлгомжтой.
Шуналтай наймаачид мөнгөний төлөө юу ч хийнэ
Хэдэн приустэнгүүдээс болж хотын бид эрүүл мэндээрээ хохироод явмааргүй байна. Нямбаатараа !